Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

“Дэлхийн усны өдөр” өнөөдөр тохиож байна

“Ус, биологийн олон янз байдлын тогтвортой менежмент-цаашид авах арга хэмжээ” техникийн семинар өнөөдөр Корпорэйт Конвейшн зочид буудалд  эхэллээ. Уг семинарыг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Сайн дурын кодексын Ажлын албаны зөвлөх Д.Мөнхбат нар хэллээ. Үүний дараа БОАЖЯ-ны мэргэжилтэн Д.Сайханжаргал “Төрөөс усны талаар баримталж буй бодлого”, Усны засаглал төслийн газрын доорх усны мэргэжилтэн Ц.Алтангэрэл “Газрын доорх усны нөхөн сэргээлт”, судлаач, доктор Д.Чандмань “Усны хэрэглээ, ашиглалт, менежмент”, судлаач Г.Даваа “Усны нөөц, түүнийг хамгаалах тухай” зэрэг сэдвээр илтгэлээ. Үдээс хойших хуралдаан “Усны тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал”, Ус ба уур амьсгалын өөрчлөлт” гэсэн сэдвүүдээр өрнөх юм. Хоёр өдөр үргэлжлэх тус семинарыг өнөөдөр тохиож буй Дэлхийн усны өдөр тохиолдуулан зохион байгуулж буйг зохион байгуулагчид онцолж байна.   

2021 оны байдлаар Монгол оронд гидрогеологийн эрэл хайгуул, судалгаа хийх нөөцийг баталгаажуулсан газрын доорх усны 406 орд байна. Газрын доорх усны нөөц, чанарын хяналт-шинжилгээний байнгын, тасралтгүй, шинэ дэвшилтэт технологид суурилсан хяналт-шинжилгээний нэгдсэн сүлжээг байгуулж нийт 309 цэгийг сүлжээнд холбоод байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийт газар нутгийн 14.9 хувьд 1:200000 гидрогеологийн зураглалын ажил хийгдээд байгааг судлаачид онцоллоо. 

УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан эрхэм 9 зорилгын нэгд “Байгаль орчин” хэмээн “Ус үнэт баялаг” үндсэн зорилтын хүрээнд нийт 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлсон. Монгол Улсын Алсын хараа урт хугацааны бодлого, Шинэ сэргэлтийн бодлого зэрэгт бодлогын баримт бичгүүдэд гадаргын усны хуримтлал бий болгож, урсацын тохируулга хийх замаар усны нөөцийг нэмэгдүүлэх “Хөх морь” төслийг хэрэгжүүлэхээр холбогдох газрууд эрчимтэй ажиллаж байгааг семинарт оролцогчид онцолж байна.

Семинарын маргаашийн хэлэлцүүлгээр биологийн олон янз байдлын чиглэлээр хэрэгжүүлж буй туршлага, бэрхшээлийн талаар аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл илтгэх юм.

Г.Идэр