Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ГЕГ: Нүүрсний экспорт хоёрдугаар сард 674 мянган тоннд хүрэв

Гаалийн ерөнхий газраас энэ оны эхний хоёр сарын гадаад худалдааны үзүүлэлтийг танилцууллаа. Мөн хугацаанд манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.22 тэрбум орчим ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 1.7%-иар буурчээ. Энэ дотроо экспорт 1.18 тэрбум ам.доллар, импорт 1.037 тэрбум ам.долларыг тус тус эзэлсэн байна. Тодруулбал экспорт өмнөх оны мөн үеийнхээс 11.6%-иар буурсан бол импорт 12.5%-иар өссөн дүнтэй гарлаа. Гадаад худалдааны тэнцэл эхний хоёр сард 142.5 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 65.4%-иар буурав.

Экспортын дийлэнхийг бүрдүүлдэг ашигт малтмалын салбарын гадаад худалдааны үзүүлэлтийг авч үзвэл эхний хоёр сард зэсийн баяжмал орлогоор хошуучилсан байна. Мөн хугацаанд зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 212.3 мянган тонноор илэрхийлэгдсэн нь 6%-иар буурсан боловч орлого 441.6 сая доллартай тэнцэж 1.1% өсчээ. Зэсийн баяжмалын экспорт буурахад төмөр замын задгай тээвэр оны эхний сард зогсонги байсан нь голлон нөлөөлсөн. Тунгаасан зэсийн экспортын биет хэмжээ оны эхний хоёр сард 80 орчим хувь буурч 0.36 мянган тоннын дүнтэй гарчээ.

Нүүрсний тухайд орлогоор хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Оны эхний хоёр сард нүүрсний экспорт 330 орчим сая долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 27%-иар буурсан. Оны эхний хоёр сард ердөө 1.3 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 3.2 сая тонноор буурсныг илтгэнэ. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн хоёрдугаар сард нүүрсний экспорт биет жингээр 674 мянган тоннд хүрсэн нь нэгдүгээр сарынхаас ялимгүй өсөлттэй ч өмнөх оны мөн үеийнхээс 66.7%-иар бууралттай гарчээ.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Алтны экспорт оны эхний хоёр сарын байдлаар хамгийн их өсөлттэй гарч байна. Мөн хугацаанд манай улс 4.35 тонн алт экспортолж 259 сая долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеийнхээс жин болон үнийн дүнгээр даруй 9-10 дахин өссөн үзүүлэлт боллоо.

Төмрийн хүдрийн экспорт эхний хоёр сард огцом бууралттай хэвээр байна. Учир нь төмөр замын задгай тээвэр оны эхний сард бүрэн зогсонги байсан. Хэдийгээр нэгдүгээр сарын 27-ноос тээвэрлэлт хэсэгчлэн сэргэсэн ч төмрийн баяжмалын экспорт хэвийн хэмжээнд хүрэх болоогүй нь статистик үзүүлэлтээс харагдана.

Төмөр замын тээврийн асуудал мөн цайр, жоншны экспорт үлэмж буурах шалтгаан болсон. Гэхдээ хоёрдугаар сард цайрын баяжмалын тээвэрлэлт харьцангуй жигдрэх хандлагатай байгаа бол жоншных огцом бууралттай хэвээр байна.

Нефтийн ханш өсөөд байгаа энэ үед манай улсын газрын тосны экспорт он гарсаар тэг зогсолттой хэвээр байгаа юм.

Экспортын орлого өсөлттэй түүхий эдүүдийн тоонд алтнаас гадна молибденын баяжмал, хар тугалга, гянтболд зэрэг эрдэс түүхий эд орж байна.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

 

Б. Төгс