Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятад улс нүүрсний ханшийг тогтворжуулахад анхаарна

Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо болон Үндэсний эрчим хүчний газар хуралдаж, цаашид нүүрсний ханшийг тогтвортой барих тухай уулзалт хийсэн (2022.02.10) байна. Тус улсад уурхайн аман дээрээс борлуулах эрчим хүчний нүүрсний ханшийг (5500 ккал илчлэгтэй) тонн тутамд нь 700 юань (110 ам.доллар)-д барихаар төлөвлөж байна. Харин эргийн боомтууд дээр 900 юань/тонн-оос дээшгүй байхаар уулзалтаар хэлэлцжээ. Уг уулзалтад нүүрс олборлолтын гол бүс нутаг болох Шанси, Шэнси, Өвөрмонгол зэрэг мужийн эрчим хүчний газрын төлөөллүүд болон China Energy Investment, China Coal Energy, Hebei Port Group –ийн удирдлагууд оролцжээ.

Өнгөрсөн мягмар гаригийн байдлаар Хятадын эргийн боомтууд дээр нэг тонн эрчим хүчний нүүрсний ханш 1150-1200 юаньд хүрсэн нь өмнөх оны эцэстэй харьцуулахад даруй 40%-иар нэмэгдээд байна. Ийнхүү ханш өссөн нь тус улсын дотоодын олборлолт буурч, импорт ч хумигдсантай холбоотой гэж шинжээчид тайлбарлалаа. Хятадын голлох есөн боомтын агуулах дахь нүүрсний нөөц 15.34 сая тоннд хүрсэн нь (2022.02.10-ны байдлаар) нэгдүгээр сарын 28-ны үзүүлэлтээс 3.4%-иар буурсан ажээ.

Ингээд уулзалтаар нүүрсний компаниудад борлуулалтын үнээ хөөрөгдөж өсгөхгүй байх анхааруулгыг өгсөн байна. Нөгөөтэйгүүр уурхайнууд нүүрсний нийлүүлэлтээ тогтвортой хэмжээнд барихад чиглэсэн ажлуудыг авч хэрэгжүүлэх тухай хэлэлцжээ. Өөрөөр хэлбэл уурхайнууд ямар нэг дутагдал, зөрчлөө тухай бүрд нь засч залруулаад явахад анхаарч ажиллана гэсэн үг.

Харин орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд уурхайнуудад хийх хяналтыг сайжруулахын сацуу нүүрсний борлуулалтын ханшийг зохих түвшинд нь барих асуудалд илүү анхаарахаар болжээ. 

Б.Төгс