Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

"Оюутолгой" 2021 онд татвар, төлбөрт 681 сая доллар улсад төлжээ


 

-Олон улсад өрсөлдөхүйц аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ бататгав

-Хүдэр боловсруулахад ус зарцуулалтыг доод түвшинд хадгалж ажиллав

-Өнгөрсөн онд үндэсний худалдан авалтад 606 сая ам.доллар, Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдэд 216 сая ам.доллар зарцуулснаар худалдан авалт дээд үзүүлэлтэд хүрсэн жил боллоо

-Татвар, хураамж, бусад төлбөрт 681 сая ам.доллар улсад төлсөн

-Төсөлд цар тахлын хязгаарлалтаас үүдэн өнгөрсөн онд 175 сая долларын нэмэлт зардал үүссэн

-Гүний уурхайн Материал/хүдэр тээвэрлэх систем 1-ийг барьж дуусгалаа

 

“Оюутолгой” компани 2021 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явц болон цар тахлаас сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ (2022.01.21) танилцууллаа.

2021 онд Оюутолгой үйлдвэрлэлээ амжилттай үргэлжлүүлж, гүний уурхайн бүтээн байгуулалтаа ахиулан ажилласан байна. Үүний зэрэгцээ компани цар тахлаас үүдэлтэй сорилтуудыг үр дүнтэй зохицуулан ажилласнаас гадна Монгол Улсын эдийн засагт ч томоохон хувь нэмэр оруулжээ. “Оюутолгой” компанийн 2010-2021 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 13.4 тэрбум ам.доллар буюу 29 их наяд төгрөгийг давсан бол 2021 онд татвар, хураамж, бусад төлбөрт 681 сая ам.доллар төлсөн.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй шилдэг, онцлох аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “Энтрепренер-2021”, Меркурий цом гардуулах ёслолын ажиллагаанаас “Оюутолгой” компани оны шилдэг 10 аж ахуйн нэгжийн нэг төдийгүй оны онцлох дотоодын ханган нийлүүлэгчийг дэмжигч Энтрепренер шагналыг хүртсэн. Тус компани 2010 оноос хойш үндэсний худалдан авалтад 4.1 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгийн 74%-ийг мөн үндэсний компаниудад төлсөн төлбөр эзэлж байна.

“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Оюутолгойчууд аюулгүй ажиллагаа, байгаль орчин, үйлдвэрлэлийн шилдэг гүйцэтгэлдээ тулгуурлан 2021 онд өндөр бүтээмжтэй ажиллалаа. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг ахиулан ажиллаж, Материал/хүдэр тээвэрлэх систем 1-ийг барьж дуусгалаа. Энэ бүх амжилтад цар тахал болон зах зээлийн сорилтуудтай зохицон ажиллаж ажилтнууд, нутгийн иргэд, гэрээт компани, ханган нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдийнхээ хамтаар хүрсэндээ бид бахархалтай байна. Бидний өмнөө тавьж буй дараагийн гол зорилт бол огтлох малталтыг эхлүүлэх явдал юм. Оюутолгойн үр ашгийг талуудад, тэр дундаа Монголын ард түмэнд бүрэн хүргэхийн тулд шаардлагатай бүх шалгуурыг хангасан даруйд бид агуйлах олборлолтыг эхлүүлэхэд бэлэн байна” гэв.

Компани аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, ажилчдынхаа эрүүл, аюулгүй байдлыг хангахаар хяналтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Дөрөвдүгээр улиралд Монгол Улсад цар тахлын тархалт нэмэгдсэнтэй холбоотой БНХАУ-ын хилийн хязгаарлалт үргэлжилсэн. “Оюутолгой” ханган нийлүүлэлтийн сүлжээ тасрах эрсдэлийг зохицуулахын тулд Монгол, Хятадын эрх баригчид болон худалдан авагч талтай нягт хамтран ажиллаж байгаа ажээ. Зэсийн баяжмалыг илүү их хэмжээгээр аюулгүй, үр ашигтай тээвэрлэх зорилгоор БНХАУ руу хил дамнасан тээвэрлэлтийг сэргээсэн боловч Монгол Улс дахь цар тахлын халдварын түвшинтэй холбоотой тодорхойгүй байдал үргэлжилсээр байгааг тодотгосон байна. Иймд өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зарласан “давагдашгүй хүчин зүйл бүхий нөхцөл байдал”-ыг хэвээр үргэлжлүүлж байгааг тэмдэглэжээ.

Үйл ажиллагааны тайлан

-Аюулгүй ажиллагааны тухайд гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.14 байлаа.

-Нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 шоо метр ус нөхөн сэлбэлтээр хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байгааг харуулна. Энэ хугацаанд ашигласан усаа дунджаар 88.29%-ийг дахин боловсруулж, 80%-д хүргэх зорилтоо давуулан биелүүлжээ.

-Нийт ажилтны 96% нь монголчууд байна.

-Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 681 сая ам.долларыг 2021 онд төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 3.6 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана.

-Дөрөвдүгээр улирлын байдлаар 864 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 540 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 71%-ийг үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулжээ.

Үйлдвэрлэлийн мэдээлэл

-Ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9%-иар өссөн. 2021 оны эхний хагаст үүссэн геотехникийн хүндрэл, цар тахлаас үүдэлтэй хүн хүчний дутагдалтай байдлыг үйл ажиллагааны сайжруулалт, тээрмийн бүтээмжийг нэмэгдүүлснээр нөхөж ажиллав.

Эх сурвалж: "Оюутолгой" ХХК

Гүний уурхайн агааржуулалтын урд, хойд амны ашиглалтад орох хугацаа 9 сараар хойшилсон

 

Техникийн үйл явц

-Цар тахлын хязгаарлалтууд нөлөөлж буй хэдий ч гүний уурхайн огтлох малталтыг эхлүүлэхэд техникийн болон үйл ажиллагааны талаас бэлэн болсон. Уурхайн талбар дээрх орон байрны зохицуулалт, ажиллах хүчний түвшин өнгөрсөн улиралд сайжирсан буюу төлөвлөгөөт шаардагдах түвшний 60-70%-д хүрэв. 2021 оны арванхоёрдугаар сарын төгсгөлийн байдлаар төсөлд цар тахлын нэмэлт хязгаарлалттай холбоотой 175 сая долларын нэмэлт зардал үүссэн байна. Гүний уурхайн олборлолтын чухал хэсэг болох Налуу амыг үндсэн уурхайтай холбох ажлыг гүйцэтгэж, материал тээвэрлэх нэгдүгээр системийн барилгын ажлыг амжилттай дуусгасан бөгөөд ойрын хэдэн долоо хоногт багтаан улсын комисс хүлээн авна гэсэн тооцоололтой байна.

-Агааржуулалтын хойд амын нэвтрэлтийг аравдугаар сард эхэлж газрын гадаргаас доош 148 метрийн нэвтрэлт хийжээ. Агааржуулалтын урд амын нэвтрэлтийн бэлэн байдлыг хангах ажил үргэлжилж байгаа бөгөөд нэвтрэлтийн тоормосны системийн нэгт гарсан төлөвлөөгүй засварын ажлаас үүдсэн саатлыг үл харгалзан бэлтгэл ажлыг 2022 оны нэгдүгээр улиралд дуусгах хүлээлттэй байна. Агааржуулалтын урд, хойд амын ашиглалтад орох хугацаа өнөөг хүртэл мэдэгдэж буй цар тахлын нөлөөллөөс үүдэн есөн сараар хойшлохоор байна.

Бусад мэдээлэл

-"Рио Тинто"-гийн мэдээлснээр хувь нийлүүлэгчдийн хэлэлцээ бүтээлч хэлбэрээр, эерэг үр дүн гарган урагшилж байна. Бүх оролцогч тал төслийг урагшлуулах, хэлэлцэж буй асуудлуудад урт хугацааны шийдлийг олохыг эрмэлзэж буйгаа мэдэгдсэн.

-Арванхоёрдугаар сард нөөцийн тодотгол тайланг холбогдох хууль, журмын хүрээнд бүртгэж, 2022 оны уулын ажлын төлөвлөгөөг хүлээн авсан. Шинэчилсэн ТЭЗҮ (OTFS20)-ийг Засгийн газрын холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

-Цар тахлын нөлөөлөл, огтлох малталтын техникийн бус шалгуур үзүүлэлтийг хангах зэргээс огтлох малталтыг эхлүүлэх хугацаа хамаарах тул гүний уурхайн анхны тогтвортой үйлдвэрлэл 2023 оны нэгдүгээр сараас өмнө эхлэх боломжгүй болж байна. Огтлох малталтыг дуусгах болон цар тахлын хязгаарлалтын хугацаа тодорхой болж байж цаашид төслийн нэгдсэн төсөвт үзүүлэх нөлөөг бүрэн тооцоолох боломжтой болно.

-Гүний уурхайн олборлолтыг (огтлох малталт) эхлүүлэхийн тулд хийх ёстой бусад ажлуудад: Гүний уурхайн төслийн санхүүжилтийг 6.75 тэрбум ам.доллар болгохыг батлах, тухайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлах болон Оюутолгойн уурхайг урт хугацааны, найдвартай дотоодын эрчим хүчээр хангах шийдлийг олох хүртэл одоо байгаа эрчим хүчний гэрээг сунгах ажил багтана.

 

Эх сурвалж: "Оюутолгой" ХХК