Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын төв банк эдийн засгийн өсөлтийг дэмжихээр зээлийн хүүг бууруулав

Хятадын төв банк голлох зээлийн хүүгийн түвшинг бууруулах шийдвэрээ танилцуулсан (2022.01.20) байна. Тодруулбал тус улсын арилжааны банкуудаас олгодог нэг жилийн хугацаатай зээлийн хүүг 0.1%-иар буюу 3.80% байсныг 3.70%, таван жилийн хугацаатай зээлийн хүүг 4.65% байсныг 4.60% болгож бууруулжээ. Нэг жилийн хугацаатай зээлийн хүүг өнгөрсөн арванхоёрдугаар сард буулгасан бол таван жилийн хугацаатай зээлийн хувьд өнгөрсөн 2020 оны дөрөвдүгээр сараас хойш хүүг доошлуулсан анхны тохиолдол боллоо. Хятадын арилжааны банкуудын шинэ зээл олголтын хүүгийн түвшин төв банкнаас тогтоосон нэг жилийн хугацаатай (LPR) зээлийн хүүний хувиар тооцогддог байна. Харин таван жилийн хугацаатай зээлийн хүү нь ипотекийн зээлийн хүүгийн түвшинг тогтооход суурь болдог ажээ.

Хятад улсын хувьд өнгөрсөн онд 8.1%-ийн эдийн засгийн өсөлттэй гарсан нь сүүлийн арван жилийн дээд дүн боловч улирлын дүнгээр буюу оны дөрөвдүгээр улиралд 4%-ийн тэлэлтийг харуулсан. Энэ нь сүүлийн нэг жил хагасын хугацаан дахь доод үзүүлэлт юм. Тодруулбал өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд үл хөдлөх салбарын борлуулалт, барилгын салбар төдийгүй хэрэглээ/жижиглэнгийн худалдааны өсөлт саарсан нь гол шалтгаан болжээ. 2021 оны гуравдугаар улиралд тус улсын эдийн засгийн өсөлт 4.9%-тай гарч байжээ.

Одоогийн байдлаар Хятадын эдийн засагт өсөлт саарах эрсдэл харьцангуй том хэмжээнд байгааг шинжээчид анхаарууллаа. Үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эд, бараа материалын үнэ өсч, хэрэглээ/худалдан авалт хумигдсан нь жижиг бизнесүүдэд амаргүй тусч, зарим нь хаалгаа барихад хүрчээ.

Өнгөрсөн даваа гаригт Хятадын төв банк бодлогын хүүгээ 0.1%-иар бууруулж 2.85% болгосон юм. Залгуулаад голлох зээлийн хүүгийн хэмжээг бууруулах шийдвэрийг ийн гаргаж байна. Цаашид оны эхний хагаст тус улсын төв банк арилжааны банкуудын нэг жилийн хугацаатай зээлийн хүүгийн хэмжээг 0.1-0.2%-иар дахин бууруулах болов уу гэсэн төсөөллийг шинжээчид өгч байна.

Хятадад эдийн засгийн өсөлтийг дэмжихээр мөнгөний зөөлөн бодлого явуулах өнгө аяс мэдрэгдсэнээр зах зээлд зэс тэргүүтэй түүхий эдийн ханш нэмэгдсэн төдийгүй тус улсын голлох биржүүдийн индекс өсөх маягтай болж ирлээ.

 

 

Б. Төгс