Төсвөөс гадуур 2 их наяд төгрөг зарцуулжээ

2021-12-24

Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдээр дамжуулан төсвийн гадуурх зарцуулалт хийж буй байдлыг цэгцлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэж судлаачид үзжээ.

Нээлттэй нийгэм форумаас Монгол Улсын уул уурхайн салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудаас Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөр дамжилгүйгээр гаргаж буй зардал, тэдгээрийн процесс, хууль эрхзүйн орчинд дүн шинжилгээ хийжээ. Уг судалгаагаар цар тахлын үеийн бодлоготой холбоотойгоор 2020-2021 онд уул уурхайн салбарын төрийн өмчит хуулийн этгээдээр дамжуулсан төсвийн гадуурх зарцуулалтыг шинжлэн судалсан байна. Судалгаагаар “Эрдэнэс Монгол ХХК-иас бонд гаргах замаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс төлсөн болон КОВИД-19 цар тахлын үед бизнесийн үйл ажиллагаа, иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор эрчим хүч, ус, энгийн хог хаягдлын төлбөрийг чөлөөлөх талаарх Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар дамжуулан гүйцэтгэж буй төлбөр гэсэн хоёр кейсийг дэлгэрүүлэн авч үзжээ. Судалгааны дүнгээс харахад Засгийн газар нь “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар дамжуулан 2020-2021 онд урьдчилсан тооцоогоор хоёр их наяд төгрөгийг төсвийн гадуур зарцуулахаар байгаа аж.

Түүнчлэн уг судалгаагаар төсвийн зарцуулалтад УИХ-ын зүгээс тавих хяналт болон Засгийн газрын эрх хэмжээний өнөөгийн зохицуулалтын хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэжээ. Учир нь, Засгийн газраас төрийн өмчит хуулийн этгээдийн ирээдүйд олох орлого, төрд ногдох ногдол ашгийг барьцаалан үнэт цаас гаргах, нэмэлт орлогыг нь дайчлах замаар төсвийн зарлагыг санхүүжүүлснээс тодорхой харагдаж байгаа аж. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар УИХ-д олгогдсон бүрэн эрхэд Засгийн газар халдсан явдал, мөн Төсвийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн судлаачдын зүгээс үзэж байна.

Мөн Засгийн газрын шийдвэрүүд нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай тул Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу төсвийн алдагдал, орлогын бууралттай холбоотойгоор төсөвт тодотгол хийх ёстой байсан ч Монгол Улсын Үндсэн хуулийн 25.7 дахь заалтаар төрийн санхүүгийн бодлого, чиглэлийг тодорхойлох, улсын төсвийг батлах бүрэн эрхийг зөвхөн УИХ-д олгожээ. Иймд Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдээр дамжуулан төсвийн гадуурх зарцуулалт хийж буй байдлыг цэгцлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр судлаачид зөвлөмж гаргажээ.

Уг судалгааны дэлгэрэнгүйг эндээс харна уу.

Р.Ренчин

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ