Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Оюутолгой: Сүүлийн 10 жилд 914 мянган модны суулгац бэлтгэж, нөхөн сэргээлтэд ашиглажээ

“Оюутолгой” ХХК 2021 онд байгаль орчны чиглэлд хийж бүтээсэн ажлаа өнөөдөр /2021.12.01/ танилцууллаа

Тус компанийн Байгаль орчны асуудал хариуцсан менежер Н.Эрдэнэбаяр “Байгаль орчинд ээлтэй байх нь манай компанийн үндсэн зорилгын нэг. Энэ хүрээнд олон улсын стандарт дүрэм журмыг мөрдөж байгаа. Оюутолгой төслийн талбайгаас гадна үндсэн дөрвөн дэд бүтцийн байгууламж байдаг. Гүний хоолойгоос ус татах шугам хоолой, “Ханбумбат” онгоцны буудал, хил хүртэлх засмал зам болон цахилгаан өндөр хүчдэлийн шугам үүнд багтаж байгаа. Уурхай нь 8500 га талбайг хамарч байгаа. Үүнд ил уурхай, хаягдлын сан, баяжуулах үйлдвэр зэрэг олборлолтод шаардлагатай барилга байгууламжийг барьсан байдаг юм. Энэ хүрээнд байгаль орчны манай нөлөөлөл тодорхойлогдоно. Нөлөөллийг хөндлөнгийн шинжээч судлаачид гаргадаг. Одоогоор манай компанид байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан 43 үнэлгээ хийгдсэн байна. Байгаль орчны үнэлгээ, гүйцэтгэлийн талаарх мэдээлэл манай компанийн сайт дээр тавигдсан байгаа. Бид нөхөн сэргээлтийг эрчимтэй явуулж байгаа. Одоогоор 1700 га орчим га газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн байна. Бэлчээрийг сэргэтэл нь нөхөн сэргээлт явуулдаг. Ургамалжилтыг бий болгохын тулд мод үржүүлгийн газрыг ажиллуулж байгаа. Эндээ нутгийн унаган ургамлын тарьцыг бэлтгэж, эдгээр тарьцыг нөхөн сэргээлтдээ ашиглаж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 914 мянга орчим тарьц, суулгац бэлтгэж, нөхөн сэргээлт, орчны тохижилтод ашиглалаа. Мөн 200 мянга орчим мод, ургамлыг орчны тохижилтод ашигласан. Мөн хоолны хог хаягдлыг 2021 оноос бордоонд ашиглаж эхэлсэн. Өмнийн говийн хуурай сэрүүн нөхцөлд бордоо үйлдвэрлэхэд амаргүй байсан ч олон судалгаа шинжилгээний үр дүнд амжилттай болсон. Мөн арваннэгдүгээр сард “Говийн гайхамшигт-6“ эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулсан” гэсэн юм.

Хоол болон бусад био хаягдлаар компост бордоог хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхэд ашиглах боломжтой бөгөөд нөхөн сэргээлтийг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм байна. Мөн бордоог ашиглах болсноор 4-6 ажлын байр бий болж, цаашид бордоо ялзмаг худалдан авах зардлыг хэмнэнэ гэж үзэж байгаа аж.  

-Оюутолгой нь өндөр эрдэсжилттэй, газрын 150-400 метрийн гүнд орших усыг үйлдвэрлэлд ашиглаж байгаа юм.

-2021 оны аравдугаар сарын 31-ны байдлаар ус ашигласны төлбөрт 124.9 тэрбум төгрөг төлжээ.

-Үйлдвэрлэлд ашиглаж байгаа усны 88% гаруйг нь дахин ашигладаг.

-Нэг тонн хүдэр боловсруулахад сард дунджаар 0.46-0.52 шоо метр ус хэрэглэдэг нь бусад баяжуулах үйлдвэрээс 3 дахин бага ус аж.

-2021 оны III улирлын байдлаар 9.770м3 усыг нөхөн сэргээлт болон ургамал үржүүлгийн газарт ашигласан. Харин уурхайн талбар дахь усан хангамж болон ажилчдын унд ахуйн хэрэглээнд 275.374м3 ус хэрэглэжээ.

 

Р. Ренчин