Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Б.Лхагважав: Хөрөнгө оруулалтын, Иргэний, Эрүүгийн хуулиуд хэрхэн өөрчлөгдөхийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна 

Р.Ренчиндулам

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт ид маргаан дагуулж байна. Үүнтэй холбоотойгоор эдийн засагчийн хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?

Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважав:

-2012 оны аравдугаар сарын 25-нд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн үр өгөөжийн шилжүүлэг явагдаагүй. Харин энэ хуультай холбоотойгоор хэд хэдэн хүнийг шоронд явуулсан. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд нар. Үүнийг хүмүүс мэддэггүй юм. 2011 онд Монголын эдийн засаг 17%-иар өссөн. Үүний дараа 2012 оны зургадугаар сард УИХ-ын сонгууль болж, Засгийн эрх солигдсон. Удалгүй мөн оны наймдугаар сараас уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ унаж эхэлсэн. Ингээд шинээр бүрдсэн Засгийн газар Оюутолгой, Тавантолгойн төслийг зогсоосон. Үүний улмаас 2012 оны аравдугаар сард дөрвөн тэрбум ам.долларт хүрч байсан хөрөнгө оруулалт 100 сая ам.доллар болтлоо унасан. УИХ-ын цөөнхийн бүлэг нь байгуулагдаж амжаагүй, сөрөг хүчингүй болсон үед АН-ынхан энэ хуулийг баталж, гаргаж ирсэн юм. Уг хуулийн гол шаардлага нь уул уурхайн хөрөнгө оруулалтыг 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж байсан. Ашигт малтмалын тухай хуулийн алдагдсан хоёр заалт буюу 29 дүгээр заалтаар Тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурах, 30 дугаар зүйлээр Хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурдаг байсан. Энэ хоёр заалтаар ганцхан Оюутолгой л гэрээ хийсэн. Удалгүй энэ нь буруу юм байна, Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ, Засгийн газар тэр дундаа яам, агентлаг нь мэдэх ёстой юм байна гэж үзээд 29, 30 дугаар заалтыг 2012 оны аравдугаар сарын 25-нд хүчингүй болгосон. Ингээд Ашигт малтмалын тухай хамгийн гол хоёр заалт алга болсон. Энэ асуудлыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулахаар өөрчлөлт оруулсан.

Ингээд Тавантолгойн төслийн хөрөнгө оруулалт дээр Ерөнхий сайд асан М.Энхсайхан ажиллаж, холбогдох хуулийн төслийг оруулж ирснээсээ болоод шоронд суусан. 
Мөн уг хуультай холбоотой  хөрөнгө оруулалт нь зогссон байсан Оюутолгойд дахин хөрөнгө оруулагч олохын тулд Дубайн нэмэлт гэж хийсэн юм. Энэ ажлыг Да.Ганболд, Б.Баямбасайхан нар ахалж явуулсан. Үүнээс болоод эдгээр хүмүүс шоронд суусан. u
Ингэж хөрөнгө оруулалтыг татах гэж хууль оруулж ирсэн хүмүүсээ шоронд суулгаад, хөрөнгө оруулагчдаа үргээчихээд байна. Энэ өнцгөөс харах юм бол Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл нь маш том асуудал. Одоо яриад байгаа шиг зөвхөн 100 мянган ам.долларыг 50 мянган ам.доллар болгосонтой холбоотой асуудал биш. Хуулийн төслийг боловсруулсан, гэрээ хийсэн, хөрөнгө оруулалт татсан хүмүүсээ шоронд явуулаад байгаа асуудлыг ярихгүй байна. Тийм байхад энэ хуульд хэн ойртох юм бэ? Хөрөнгө оруулагчдадаа ч, хөрөнгө татагчдадаа ч тэр чигтээ айдастай хууль болчихоод байна шүү дээ. Тиймээс 2012 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хөрөнгө оруулалт, санхүү, эдийн засаг гээд бүх талаас нь маш сайн дүгнэх хэрэгтэй.  

Энэ хуулийг хэрхэн зөв голдиролд оруулах вэ, хөрөнгө оруулагчдыг татах зөв гаргалгаа байна уу?
Б.Лхагважав:

-Хуулийн төслийг зөвхөн 50 мянган ам.доллар гэж яриад, хөрөнгө оруулагч татах уу, татахгүй юу гэдэгт дүгнэлт хийгээгүй байна гэж харж байна. Нэгдүгээрт, Ашигт малтмалын тухай хуулийн 29, 30 дугаар заалтаа хасчихсан нь хамгийн том алдаа. Тиймээс гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчдад эрх зүйн эргэлзээ бий болж байгаа юм. Хоёрдугаарт, уул уурхайн өмчийн асуудал одоо ч шийдэгдээгүй. Өнгөрсөн 2020 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийн 6.1-д зааснаар төрийн, нийтийн хамааралтай өмчийг дагаад 1997 онд батлагдсан Төр болон орон нутгийн өмчийн тухай хууль өөрчлөгдөнө. Түүнээс өмнө төрийн, нийтийн хамааралтай өмчийн зохицуулалтыг бид 27 жилийн туршид хийгээгүй байсан юм. Үндсэн хуулийн 6.1-ийг дагаад өмчтэй холбоотой зохицуулалтыг хийхдээ Иргэний хууль, Эрүүгийн хууль хэрхэн өөрчлөгдөхийг гаднынхан хараад, хүлээгээд хоёр жил болж байна.

Уг хуулийн өөрчлөлттэй холбоотой  ашиглалтын 1000, хайгуулын 3000 лицензэд том хөдөлгөөн орно. Энэ 4000 лицензтэй холбоотой  Монгол Улсад 30 жилийн хугацаанд 28-29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн байдаг. Үндсэн хуулийг дагасан өөрчлөлттэй холбоотойгоор өмчлөл хэрхэн өөрчлөгдөхийг хөрөнгө оруулагч нар анхааралтай гэгч нь харж, хүлээж байна. Ашигт малтмалын, Хөрөнгө оруулалтын болон бусад хууль нь эрсдэлтэй, эрх зүйн орчин нь бүрдээгүй байгаа болохоор   одоогийн нөхцөлд Монголд хөрөнгө оруулалт хийх хувь хүн олдохгүй байгаа юм.

Тиймээс ажлыг нь зүгээр хийлгэдэг хуультай болгохын тулд УИХ бүрэлдэхүүнээ дайчилж, Төр болон орон нутгийн өмчийн тухай хуулиа өөрчилж, өмчийн эрхийг хуулиар хамгаалаад, өмнөх тоглогчид ямар дүрэм мөрдөхийг нь тодорхой болгох хэрэгтэй. Үүний дараа л хөрөнгө оруулалт орж ирнэ. Одоогоор хөрөнгө оруулалт хийсэн бол түүнийгээ алдах, Хөрөнгө оруулалтын хуулийг нь өөрчилсөн бол шоронд орох магадлалтай.   

Гэхдээ аливаа зүйл хоёр талтай байдаг. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн давуу тал нь юу вэ?
Б.Лхагважав:

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд зааснаар найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах юм бол 10 жил татвараас чөлөөлж байгаа. Татварын тухай хуульд холбогдох зохицуулалт байхгүй гэх шалтгаанаар энэ хууль хойшлогдож байсан ч энэ заалтыг ашигладаг дотоодын хөрөнгө оруулагч компани олон бий. Миний мэдэхийн энэ хуулийн заалтаар 30 гаруй компани татварын хөнгөлөлт эдэлсэн. Давуу талыг ашиглаад татвараас чөлөөлөгдөж, томоохон бүтээн байгуулалт хийж байгаа газрууд бий. Гэхдээ улстөрчдөд халгаатай зүйл л болчихоод байгаа юм.