Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Уул уурхайн салбарын гол эвентийн нэг “Mongolia Mining-2021” үзэсгэлэн нээгдлээ   

“Mongolia Mining-2021” олон улсын уул уурхайн үзэсгэлэн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр /2021.09.22/ нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн нь уул уурхайн салбарын текник тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, засвар сэлбэгийн үйлчилгээ үзүүлэгчдийг нэг дор цуглуулдаг уламжлалт арга хэмжээ юм. 2011 онд анх зохиогдсоноос хойш жил бүр тасралтгүй зохиогдож ирсэн ч өнгөрсөн 2020 онд цар тахлаас шалтгаалан зохиогдоогүй юм. 

Энэ удаагийн үзэсгэлэн нь 10 дахь удаагийн тэгш ой гэдгээрээ онцлог гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. “Mongolia Mining-2021” үзэсгэлэнд уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлдэг “Гранд Майнинг Экуйпмент” ХХК, “Хера Экуйпмент” ХХК, “Новел” групп, “Цбон” ХХК, “Юнайтед Белаз Машинери” ХХК, “Соёолон Интернэшнл” зэрэг гадаад, дотоодын 130 гаруй компани оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.

“Mongolia Mining” үзэсгэлэн бол уул уурхайн салбарын ханган нийлүүлэлтийн маркетинг, худалдааны орчныг тодорхойлдог салбарын гол эвентийн нэг. Уул уурхайн салбарт санхүүгийн шууд хөрөнгө оруулалт авчрахаасаа илүү техник, технологи нийлүүлэх гэрээ хэлцэл хийх гол суваг болдог.

Үзэсгэлэн есдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд үзэсгэлэнгийн үеэр шинэ техник тоног төхөөрөмж, үйлчилгээг танилцуулахаас гадна уул уурхайн салбарын тулгамдсан асуудлуудаар хэлэлцүүлэг, семинар зохион байгуулагдана. Тухайлбал, есдүгээр сарын 22-ны нээлтийн өдрийн хэлэлцүүлэг “Эрдэс баялгийн орлогоор эдийн засгийн хөгжлийг дэмжих нь” сэдвийн хүрээнд боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт “Уул уурхайн салбарын өнөөгийн байдал” илтгэлийг УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар, “Төрийн өмчит компаниудын ашигт үйл ажиллагааг нэмэгдүүлэх” илтгэлийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваа, “Монгол улсад ашиглагдаж буй уул уурхайн тоног төхөөрөмжүүд” илтгэлийг Ашигт малтмалын газраас тавьж, хэлэлцүүллээ. 

Есдүгээр сарын 23-ны пүрэв гаригт “Уул уурхайн компаниудын худалдан авалтын бодлого” семинар зохиогдоно.