Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Х.Нямбаатар: Монголын талын 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бууруулах саналыг “Рио Тинто” илэрхийлсэн

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн  асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Уг хуралдаанд “Рио Тинто” компаниас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн албан захидлыг Оюу толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулжээ. Энэ талаар Оюутолгойн асуудлаар хэлэлцээр хийх Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.  

“Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компанийн  удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр албан захидал ирүүлсэн. Нэгдүгээрт, Оюутолгой төслийн менежментийн багийг удирдаж байгаа “Рио Тинто”-гийн зүгээс “Ковид-19” цар тахлын халдвар дэгдсэн,   эдийн засгийн хүнд цаг үед   гүний  уурхайн бүтээн байгуулалтыг хойшлуулсандаа  уучлал хүссэн. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газарт  төлж буй  АМНАТ, суутган тооцох бусад татвараас гадна  3 жилийн хугацаанд 1 их наяд төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж, төсөвт нэмэлт орлого оруулах саналаа уг захидлаар илэрхийлсэн.

Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд “Оюутолгой” компаниас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-д төлөх ногдол ашгийн хугацааг наашлуулан хөрөнгө оруулалтад ногдох өрийн хэмжээг бууруулах  хүсэлтэй байна. Энэ чиглэлд хоёр талаас байгуулагдсан Ажлын хэсэг хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газар Оюутолгой төсөлд эзэмшиж буй 34%-даа ногдох өрийн бичилтийг  “Рио Тинто” хийх юм. Одоогоор  нийлмэл хүү, нийлбэр  дүнгээрээ 2.3 орчим тэрбум ам.долларын өр бичигдсэн байна. Үүнийг бууруулах тал дээр хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа “Рио Тинто”-гийн талаас албан ёсоор илэрхийлсэн гэж хэлж болно.  Үүнтэй холбогдуулан хэлэхэд УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хавсралтад дурдсанчлан цаашид “Эрдэнэс Оюутолгой”-той холбогдох хувь ногдлын асуудлыг “Рио Тинто”-той ярьж болно шүү гэсэн давхар утга харагдаж байгаа юм. Тодруулбал, нэг талдаа 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бууруулах чиглэлээр хэлэлцэхэд бэлэн, нөгөө талдаа 34%-иа хэрхэн шийдвэрлэхийг ярилцаж болно гэж бид ойлгосон.  Хэлэлцээрийг бүх талаар үргэлжлүүлэхэд бэлэн байна.  Амжилттай үргэлжлэх ёстой. Лондонгийн Арбитрын шүүхэд Монголын талаас гаргасан сөрөг нэхэмжлэхийг түр хойшлуулж маргааны асуудлаа царцаах  саналыг “Рио Тинто”-гийн зүгээс мөн  илэрхийлсэн байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлж, дуусгахын тулд нөөцийн тодотгосон тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулах хэрэгтэй,  гүний уурхайн ТЭЗҮ-ийг  эргэн хянуулах хүсэлтээ бидэнд илэрхийлсэн гэдгийг энд дурдая.  Монгол Улсын Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдаж  уг  асуудлыг  том Ажлын хэсэгт танилцуулна.  “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд тэргүүтэй төлөөллүүд Монголд ирсэн. Тэдэнтэй ойрын үед уулзах товоо зарлаж, хэлэлцээрээ үргэлжлүүлнэ.

Г.Идэрээ  
 

Сэтгэгдэл (1)