Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Мөнгөө алдвал Мөнхжингийн буруу биш

Нэг минут хүрэхгүй хугацаанд 20 гаруй мянган хүн 30 тэрбум төгрөгөөр IHC коиныг худалдан авсан нь Монголын санхүүгийн ертөнц дэх хамгийн богино хугацаанд хөрөнгө татан төвлөрүүлсэн үйл явдал болон тэмдэглэгдэн үлдэх нь тодорхой боллоо. 

Сошиал орчинд залуусын дунд танигдсан дөрвөн залуу нийлж IHC (Inflation Hedging Coin) хэмээн нэрлэсэн коиныхоо анхдагч зах зээлийн арилжааг 2021 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 11.00 цагт хийлээ. Энэхүү коины арилжаа нийгэмд хангалттай хүлээлт үүсгэсэн байсан. Коин богино хугацаанд амжилттай арилжигдана гэж хүмүүс таамаглаж байсан. Богино хугацаа гэдгийг ихдээ 10 минут гэж таамаглаж байсан ч минут хүрэхгүй хугацаанд явагдаж дууслаа. Коиныг хорид насны дөрвөн залуу хамтран гаргаж байгаа юм. Эдгээр залуусын заримыг, тухайлбал, О.Мөнхжинг форексийн арилжааны зах зээлд оролцдог гэдгээр нь мэддэг, форексийн арилжааны талаарх лекцүүдийг залуус сонирхон худалдан авдаг. Тиймээс ч энэ коиныг “Мөнхжингийн коин” хэмээн нэрлэсэн биз. 

Крипто валют, форексийн арилжаа сонирхдог хүмүүсийн дунд энэхүү коины зар эрт түгсэн. IHC  коины white paper буюу албан ёсны танилцуулга анхдагч зах зээлийн арилжаа явагдахаас долоо хоногийн өмнө танилцуулагдсан. Англи хэл дээр бичигдсэн 15 бүлэг бүхий 111 хуудас уг танилцуулгад дурдсанаар IHC коин нь инфляцаас хамгаалж, дифляцийг бий болгох, мөн DeFi-ийн гол зарчмуудыг агуулсан санхүүгийн хэрэгсэл болгох зорилготой.  

Залуус нийт нэг их наяд IHC коин гаргах бөгөөд нийт коины 10 хувь буюу 100 саяыг наймдугаар сарын 25-ны өдөр арилжлаа. Нэг коиноо 30 мөнгөөр үнэлэн санал болгосон бөгөөд энэ өдөр 30 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх зорилго тавьсан нь хэдхэн хормын дотор 100 хувь биелсэн. Анхдагч зах зээлийн арилжааг дотоодын криптовалютын дөрвөн биржээр нэгэн зэрэг хийсэн. Ингэхдээ нэг оролцогчийн арилжаанд оролцох хөрөнгийн дээд хэмжээг 15 сая төгрөг хэмээн хязгаарласан юм.

Наймдугаар сарын 25-ны өдөр юу болов? 

Арилжаа тухайн өдрийн 11.00 цагт товлогдсон. Арилжааны өмнөх өдөр гэхэд дөрвөн биржийн захиалгын цонх коин авах хүсэлтээр хахсан байсан. Эдгээр захиалгын цонхыг харахад л маргааш өдрийнх нь арилжааны дүр төрх ойлгомжтой байсан ч нүд ирмэх зуур 30 тэрбум төгрөг босоод ирнэ гэдгийг төсөөлөөгүй.

Захиалгын эрэлтээ дэд бүтэц нь харин дааж чадалгүй гацсан. Энэ оны эхээр буум болж, хамгийн олон хэрэглэгчтэй болсон гэдгээ зарлаж байсан DAX бирж гэхэд нэгэн зэрэг хандсан 90 мянган хандалтыг даасангүй. 11.00 болж арилжаа эхлэхэд дөрвөн биржийн ганц нь л буюу Coinhub л саадгүй арилжаагаа хийж чадсан. Арилжааг бирж тус бүрээр авч үзвэл:

Coinhub- Бирж арилжаагаа товлосон цагтаа эхэлж ердөө 30 секундэд ямар ч саадгүйгээр 2,860 хөрөнгө оруулагчийн захиалгыг гүйцэлдүүлсэн байна.

DAX: Их ачааллаа даалгүй биржийн сервер гацсан. Биржийн зүгээс арилжааг 11.40 болгон хойшлуулсанаа мэдэгдсэн. Товлосон цагт арилжаа эхэлж, 11 секундэд дуусчээ. 

Trade.mn: Монголын хамгийн анхны крипто бирж 130 мянган хүний захиалга авсан байсан ч арилжаа эхлэхэд мөн систем нь гацсан ч арилжаагаа амжилттай хийсэн.

CompleX: мөн их ачааллаа дийлэлгүй сервер гацсан ч захиалгуудаа гүйцэтгэж чадсан.

IHC коин гаргагчдын зүгээс нийтдээ 20 орчим мянган хөрөнгө оруулагч 100 сая коиныг 30 тэрбум төгрөгөөр худалдан авчээ. Албан бус эх сурвалжийн мэдээллээр дөрвөн бирж дээрх нийт захилагын дүн 663 тэрбум төгрөг хүрчээ. 

Ашиг, алдагдал

Наймдугаар сарын 25-ны өдөр хэнд ашигтай, хэнд алдагдалтай байсан талаар арилжаанаас өмнө ч, дараа ч хүмүүс маргалдсаар байна. Мэдээж хамгийн том ашиг коин гаргагчдад очно. Тэр өдөр тэд оргүй хоосноос 30 тэрбум төгрөг босгосон. Дараагийн ашиг биржүүдэд очно. 30 тэрбум төгрөгийн үнэ бүхий 100 сая коиныг 20 орчим мянган захиалагчид арилжсан гэдэг 20 орчим мянган гүйлгээ хийгдсэн гэсэн үг. Гүйлгээ бүрээс тодорхой хувь биржид шимтгэл болон үлдэнэ. Биржүүдийн гүйлгээний шимтгэл хэт зөрөөгүй боловч харилцан адилгүй. Хамгийн өндөр шимтгэлтэй нь DAX. Захиалгын хүсэлтээ өгсөн ч арилжаанд оролцож чадаагүй хүсэлтүүдийг буцаан эзэд рүү шилжүүлэхэд суутгасан шимтгэл банкуудад үлдсэн.

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа криптобиржүүд

 Эх сурвалж: LemonPress

Наймдугаар сарын 25-ны арилжаа бол анхдагч зах зээлийн арилжаа, харин хоёрдагч зах зээлийн арилжаа есдүгээр сарын 13-ны Даваа гаригт болно. Энэ өдөр 30 мөнгөөр авсан коиноо багаар бодоход 60 мөнгө, 90 мөнгө, цаашлаад гурван төгрөгөөр зарна гэж тооцоолж арилжаанд оролцсон хүмүүс энэ өдрийг хүлээж суугаа. Харин наймдугаар сарын 25-нд арилжаанд оролцох аз дутсан хүмүүс, бас мөнгөө өсгөх сонирхолтой хүмүүс энэ өдөр арилжаанд оролцоно. 30 мөнгөний коин хэд дахин өсөх үү, эсвэл өсөхгүй юу гэдэг одоо ид анхаарал татаж байна. Гэхдээ олон хүн нэг зүйлтэй санал нэгдэж байгаа нь наймдугаар сарын 25-ны өдрийн арилжаагаар коин авсан хүн яаж ч байсан ашиг хийнэ гэдэг. Гол үндэслэл нь анхдагч зах зээлийн арилжаа ямар байхаас шалтгаалж хоёрдогч зах зээлийн арилжаа хэр байх нь тодорхойлогддог гэсэн бичигдээгүй дүрэм санхүүгийн салбарт байдаг ажээ. Энэ дүрэм эвдэгдэхгүй гэж үзвэл ашиг гарна.
Өөр нэг субъектив хүчин зүйл нь IHC коин гаргагч дөрвөн залуу сошиал ертөнцөд багагүй нөлөөтэй, сошиал сүлжээнд дагагч олонтой. Тэдний Instagram сүлжээн дэх дагагчдын тоо давхардсан тоогоор 705K. Коин гаргагчид нэгэнт эхэлсэн бизнесээ /гэхдээ бизнес гэж хэлж болох эсэх нь эргэлзээтэй/ амжилтад хүргэхийн төлөө байгаа боломжоо тултал ашиглах нь ойлгомжтой.

Мөнгөө алдвал Мөнхжингийн буруу биш 

Мөнхжингийн коин Монголын нийгмийн дахин талцууллаа. Нийгмийн уур амьсгалыг харахад сөрөг тал нь давамгай байна. Хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө өгөөд алдсан иргэдийн гашуун түүх, пирамид үүсгэн мөнгө залилдаг сүлжээний золиос болсон жишээг эдгээр өдрүүдэд хангалттай эш татаж, Мөнхжингийн коинд мөнгөө оруулсан хүний ижил төгсгөл хүлээж байгаа гэсэн байр суурийг олон иргэд илэрхийлжээ. 

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс энэ арилжаанд төрийн зүгээс хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдлээ. Энэ төрлийн арилжаа, гүйлгээг зохицуулсан хууль, эрх зүйн орчин Монголд байхгүйг тэд онцолж байна. Өөрөөр хэлбэл, мөнгөө алдвал Мөнхжингийн буруу биш, таны л буруу. 2021 оны эхээр АРД коины буум болоход мөн ижил сэрэмжлүүлэг гаргаж байсан. Ганц Монгол улс ч биш дэлхийн олон улс орон коины талаар болгоомжилсон байр суурийг хадгалсан хэвээр байна. Коины гүйлгээ нь төвлөрсөн бус системд суурилсан, дундын зуучлагчгүй хийгддэгээрээ санхүүгийн ертөнцөд томоохон өөрчлөлтүүдийг авчирч, хязгаарыг тэлж, хүртээмжийг нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрч байгаа ч хөрөнгө оруулагчийн мөнгөнд баталгаа гаргах эзэнгүй, эрсдэлд орсон нөхцөлд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийг хамгаалах тогтолцоо бүрдээгүй учраас энэ чиглэлийн үйлчилгээг залилан мэхлэх зорилгоор ашиглах боломжтой. Тиймээс ямарваа нэг эрсдэл учрах нөхцөлд иргэн оруулсан хөрөнгөөрөө хохироод үлдэнэ гэдгийг анхааруулсаар байна. Монгол улсын хувьд криптовалют, виртуал хөрөнгийн үйлчилгээ хяналт, зохицуулалтгүй байгаа. Виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль дөнгөж УИХ-д өргөн баригдаад буй. Гэхдээ виртуль хөрөнгө, цахим мөнгө, коин бүгд өөр өөр зүйл гэдгийг ялгаж салгаж ойлгож байгаа нь цөөн байна.

Сенсаац болсон IHC коины хувьд бусад коиноос ялгарах давуу талтай хэмээн эзэд нь тайлбарлаж байна. Тухайлбал, нийт коиноос АНУ-ын инфляцын түвшинтэй адил хэмжээний хувийг шатааж, IHC коины зах зээлийн үнэлгээ нийт токен эзэмшигчийн тоотой тэнцүү болтол шатаасаар байх юм. Мөн IHC коин нь аль нэг блокчэйн дээр суурилахгүйгээр нэг блокчэйнээс нөгөө блокчэйн рүү хөрвөх боломжтой аж. Ингэснээр жил болгон үр ашигтай, зардал хэмнэх боломжтой блокчэйн рүү хөрвөж, токен хэрэглэгчдийг илүү найдвартай нөхцөлөөр хангах ажээ. Гэхдээ энэ бол зөвхөн онолын түвшиний амлалт. 30 тэрбум төгрөгөөр IHC коин худалдан авсан 20 орчим мянган иргэн энэ үр шимийг хүртэх гэж хөрөнгө оруулсан уу, эсвэл богино хугацаанд ашиг хийгээд гарах сэдэлтэй байсан уу гэдгийг есдүгээр сарын 13-ний өдөр харуулна.
IHC бол Монголын дөрөв дэх коин. DAX-ын АРД коин, trade.mn-ийн TRD, Coinhub-ийн CHB коинууд арилжаалагдаж байна. INC арилжаалагддаг өдөр АРД коины ханш бага зэрэг өсөөд буурсан. TRD коины арилжаа IHC-гээс ердөө долоо хоногийн өмнө эхэлсэн. Нэгжийн үнэ нь нэг төгрөгөөр эхэлж, эхэлсэн өдрийн дээд ханш 56 төгрөг хүрээд буурсаар зургаан төгрөг дээр тогтворжсон. Нийтдээ 20 тэрбум ширхэг койн байгаагаас 39%-ийг олон нийт эзэмших аж.

2021 оны наймдугаар сарын 15-ны байдлаар АрдКойн (ARDX) эзэмшигчдийн тоо 509 саяд хүрчээ. 2020 оны сүүлээс арилжигдаж эхэлж, Цагаан сарын хөл хорионы үеэр оргил үедээ хүрсэн. INC арилжаалагдах үед АРД коины ханш 190 төгрөг байлаа. Ид оргил үедээ ханш нь 300 төгрөг хүрч байсан юм. Коин эзэмшигчдийн бүтцийг харвал 38%-ийг АРД-ын компаниуд, 40%-ийг олон нийт, 11%-ийг биржүүд, үлдсэн 11% нөөцөд байгаа аж. 

АРД коин нь АРД санхүүгийн нэгдлийн урамшууллын оноогоо криптотой уяж гаргасан бол Coinhub биржийнхээ арилжааны шимтгэлийн орлогын 70%-ийг хуваалцах CHB койныг,TRD-ийг ICT group-ийн хувьцаагаар баталгаажуулан trade.mn дээр гаргасан.

Д.Нарантуяа