Ухаахудаг ба “монгол брэнд”

2021-06-11 16:35

 Нүүрс баяжуулах үйлдвэрийн шав тавих ёслол. 2009.11.28

 

The Mongolian Mining Journal 2011.07

Г.Идэрхангай

“Энэ ч мөн аварга амьтан юм аа”

Говийн пүнхийсэн халуун өдрүүдийг Ухаахудагийн ажилсаг залуус үл ажран хөдөлмөрлөнө. Чухамдаа тэдний хөлс, хүчээр босч буй үндэсний томоохон бүтээн байгуулалттай танилцахаар зорьж очсон юм. “Энержи ресурс” компаниас зохион байгуулсан  “Нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлттэй өдрүүд” арга хэмжээний энэ удаагийн зочид нь ШУТИС-ийн багш, судлаач, сэтгүүлчдээс бүрдсэн баг. Хоёрхон жилийн дотор хийж гүйцэтгэсэн ч гэлээ  санаанд багтамгүй их ажилтай бүгдтэй нь танилцана гэдэг санаан  зоргоор зүйл биш аж. Гэлээ ч хагас өдрийн томилолтын хугацаанд боломжийн мэдээлэлтэй буцах нь гарцаагүй билээ. Бидний хамгийн түрүүнд очсон газар Ухаахудагийн уурхай. 435 сая тонн нүүрсний нөөцтэй энэ уурхайг дор хаяж 25 жил ашиглана хэмээн геологич залуус тайлбарлав. Өнгөрсөн жил 3,9 сая тонн нүүрс олборложээ. Тэгвэл энэ онд үүнээс нэг дахин их буюу долоон сая тонн нүүрс олборлохоор зорьж байгаа бөгөөд 4 орчим сая тонныг нь угааж, баяжуулан экспортод гаргах аж. 

Уурхайн гурав, дөрөвдүгээр давхаргад маш шахуу төлөвлөгөөтэй олборлолт ид өрнөж байна. Геологич А.Цолмонгийн хэлснээр сардаа 2.9 сая тонн уулын цул бүхий хөрс хуулалт хийгдэж,  550 мянган тонн нүүрс олборлох гэнэ.
“Энэ ч мөн аварга амьтан юм аа. Хэдэн тонн нүүрс ачдаг  вэ?” зэрэг сониучирхсан асуулт бүрт залуу инженерүүд уйгагүй тайлбар өгнө. Уурхайн тээр дороос хар тоос манаруулан давхих “Том шар мангас”-ууд цаанаа л нэг сүр бараатай, аргагүй л хурд хүчтэй агуу техник юм. Дэлхийн уурхайчид “Катерпиллар”-ын CAT 793 D автосамосвалыг ийн нэрлэдэг аж.   2438 морины чадалтай гэж байгаа. Ганц автосамосвалын ачаа нь 60 тоннын даац бүхий дөрвөн вагонтой тэнцэнэ. Монголчуудын хөлөглөж сурсан ЗИЛ-130 автомашин таван тоннын даацтай. Гэтэл  CAT 793 D автосамосвал  48 ширхэг ЗИЛ-130 машины ачааг ганц удаагийн явалтаар ачих боломжтой гэнэ. Дэлхийн техник, технологийн сүүлийн үеийн шийдлүүд Монголын өмнийн зэлүүд говьд нутагшсанд итгэмээргүй. Тэр бүү хэл,  жирийн малчин залуус уг техникийг “эзэгнэж” байгаа нь гайхамшиг биш гэж үү.    


240 тоннын даацтай CAT 0793 D автосамосвал дэлхийд 2000 гаруй байдгаас дөрөв нь  Ухаахудагийн уурхайд бий. Уг автосамосвалуудад зориулж Германы Либхер групп 996 эксковатор бүтээжээ. Цагт 1000 литр буюу нэг тонн түлш зарцуулдаг 996 эксковатор нэг хутгалтаар 30 шоо метр буюу 60 тонныг хутгах хүчин чадалтай хэмээн “Энержи ресурс”-ийнхэн  тайлбарлав.   
Уурхайд нэг ээлжиндээ дөрвөөс зургаан CAT 793 D автосамосвалын засвар үйлчилгээг хийх боломжтой Засварын төвийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулсан нь салбартаа анхдагчид тооцогдох үйл явдал болжээ. Ийм засварын төвийг дахиад барих төлөвлөгөө ч байгаа гэнэ.  

Нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлтийн ёслол. 2011.07

Шинэ цагийн үйлдвэрүүдийн эхлэл

Говь нутаг үйлдвэржиж эхэллээ. Тодруулж хэлбэл уул уурхайн шинэ цагийн үйлдвэрүүдийн эхлэлийг Ухаахудагийн Нүүрс баяжуулах үйлдвэр тавилаа. 
“Монгол”-оор овоглох  коксжих нүүрс  дэлхийн “хар алт”-ны зах зээлийн ширүүн өрсөлдөөн дунд орж,  өөрийн үнэ цэнээ ахиулах асар том боломжийг Нүүрс баяжуулах үйлдвэр нээж байгаа юм. Үйлдвэр ашиглалтад ороод удаагүй болохоор их хэмжээгээр нүүрс экспортлоогүй хэмээн Ц.Баярмагнай инженер онцолсон.  

Гэхдээ бага хэмжээний коксжих нүүрсийг туршилтын шугамаар Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Герман руу зах зээлийн үнээр гаргажээ. Эдгээр улсын гангийн үйлдвэрүүд “Энержи ресурс” компанийн баяжуулсан нүүрсийг үйлдвэрийнхээ горим, технологид таарах эсэхийг шалгаж үзсэн ба   эхнээсээ “Сайн чанарын нүүрс байна” гэсэн үнэлгээг өгч эхэлжээ. 
Танилцах аяллын багийнхан  Нүүрс баяжуулах үйлдвэрийн засвар, үйлчилгээний өдөр нь таарч очсон учир аюулгүй ажиллагааны улмаас дотогш орж, нүүрс хэрхэн баяжуулдгийг үзэх боломж олдоогүй юм. Монгол шиг нүүрсний асар их нөөц баялагтай улс хэчнээн жил түүхийгээр нь гадагш зөөх вэ. Нүүрсээ угааж, баяжуулаад экспортлохын үнэ цэнийг Ухаахудагийн шинэ үйлдвэр нээж өгч байна. Монгол инженерүүдийн ур ухааныг дэлхий хүлээн зөвшөөрөх цаг ирлээ.    

 

“Улаанбаатар хотын  хамгийн том усан сан  6000 шоо.метр”

“Тэгвэл манай хоёр усан сангийн зөвхөн нэг нь 28 мянган шоо.метр гэхээр ямархуу том эд болох нь мэдэгдэнэ” хэмээн Ухаахудаг уурхайн Ус хангамжийн ерөнхий инженер Ч.Баярсайхан  ярив.  Баяжуулах  үйлдвэр төдийгүй сумынхны усан хангамжийн асуудлыг шийдэхийн тулд 21 километрийн зайтай 12 гүний худгаас тусгай шугамаар татан нийтдээ 56 мянган шоо метр ус цуглуулах хүчин чадал бүхий хоёр санг мөн л монгол инженерүүд байгуулчихаж. Энэ сангууд таван метр гүнтэй.  
Усаа дээш нь ууршуулчихгүй, доош нь нэвчүүлэхгүйн тулд зузаан “резинэн” хучаас тавьжээ. Говь нутгийн хатуулагтай усыг шүүж зөөлрүүлэн уурхайн хотхон болон Цогтцэций сумыг ундны цэвэр усаар хангах бүхэл бүтэн цогц системийн шавыг ноднин хавар  тавьж билээ. Бүтээн байгуулалтын хурд эрчтэй байна.  

Говьд ус ховор эрдэнэ. Баяжуулах үйлдвэр гэхэд цагт 2700 шоо метр ус ашиглах нормтой. Тэгвэл баяжуулах болоод цахилгаан станцад хэрэглэсэн усны  94-96 хувийг үйлдвэр дотроо буцааж ашиглах шилдэг технологи энд бүрджээ. Канадын усан хангамжийн технологиудыг Монголын хөрсөнд нутагшуулсан нь энэ юм. 
Ч.Баярсайхан инженерийн хэлснээр бол Наймантын хөндийн усны ордын зөвхөн 30 хувийг л ашиглах хуультай.  Яг энэ хэмжээгээр ашиглахад 20-25 жилийн усны нөөц илрээд байгаа  аж. 

Чемодан, ганц нэг сав суулгатайгаа ороход л...

Цогтцэций суманд бүтээн байгуулалтыг урин дуудсан шав тавих ёслолууд ойр ойрхон болжээ. Усан сангийн шав тавих  ёслолоос ердөө хоёр сар гаруйхны дараа буюу зуны халуун өдрүүдэд “Цэций” хорооллын барилгын суурийн эхний ажил өрнөсөн юм.  “Зэлүүд бөглүү газар гээд төв рүү дайждаг байсан иргэд маань говь нутгаа гэсэн сэтгэлтэй болж эхэлж байна. Гоё сайхан хороолол удахгүй сүндэрлэн босно” хэмээн “Энержи ресурс” компанийн төсөл хариуцсан Дэд захирал Ц.Баасандоржийн The Mongolian Mining Journal-д ярилцлага өгснөөс  хойш яг жилийн ойн дээр 48 айлын хоёр орон сууц баригдаад дуусч байна. “Хөөх, өрөөнүүд нь ямар аятайхан юм бэ. Энд  ирж амьдарвал ч сайхан байна даа” хэмээн шинэхэн барилгын үүдээр хөл тавьсан танилцах багийнхан “дуу алдаж” байлаа.  

“Будаг нь ханхалсан шинэ сууцандаа ердөө чемодантай хувцас, ганц нэг сав суулгаа бариад ороход  л болно доо” гэж Ц.Баяраа захирал бяцхан тайлбар хийв. Өрөө бүрт  орчин үеийн тавилгууд угсарч өгөх гэнэ.  “Цэций” хорооллын бас нэг онцлох шийдэл нь орон сууцнуудын нэгдүгээр давхарт “Хүүхдийн цэцэрлэг” байрлана. Ажилчдынхаа гэр бүлээрээ тав тухтай  амьдрах боломжийг “Энержи ресурс” ийнхүү хангаж байна.  
Хэдхэн жилийн дараа “Цэций” хороололд 5000 айл суурьшин амьдрах тооцоо гарчээ. 2011 онд 150-180, түүний дараа жил 200 гаруй айлын сууц  баригдахаар төлөвлөгдсөн байна.  

 

 

 

Гурван аймгийг цахилгаанаар хангах чадалтай Станц

Гагнуурын алхны үзүүрт очис үсрэн, аварга станцын “араг яс”-ыг босгох ажил мөнхүү  түрүү жилийн  зуны халуунтай зэрэгцэн өрнөж байхтай таарч билээ.  18 мегаватт гэдэг тийм ч бага хүчин чадал биш. Даланзадгадын цахилгаан станц хүчин чадлаа удахгүй 9 мегаваттад хүргэх гэж байгаа. Тэгвэл Ухаахудагийн цахилгаан станц дор хаяж гурван том аймгийг гэрэл цахилгаанаар бүрэн хангах хэмжээний чадалтай байх юм. 
“Монголдоо анх удаа дотоодын чадварлаг инженерүүдийн ур ухаанаар босч буй энэ станц говь нутгийн байгалийн онцлогт тохирсон агаарын хөргөлтийн усны “0” хэрэглээ бүхий технологи, утааны хийд байгаа нарийн ширхэгтэй тоосонцрыг барих цахилгаан шүүлтүүртэй гээд олон давуу талтай. Нийслэлийн станцууд шиг нүүрс голохгүй, тортог утаа гаргахгүй” гэж инженерүүд тайлбарлав. 

Ухаахудагийн цахилгаан станцын нийт 12 мегаваттын хүчин чадал  бүхий эхний хоёр иж бүрдэл монголчуудын Баяр наадмын уур амьсгал ид өрнөдөг долдугаар сард, харин гурав дахь иж бүрдэл нь 2011 оны сүүлийн хагаст ашиглалтад орох юм байна. Энэ нь Ухаахудаг уурхайн үйлдвэрлэлийн эрчим хүчний нийт хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй үе үехэн лаа барьж хонодог Цэцийчүүдийн амьдралд  нэгэн томоохон үсрэлт  болох юм. Одоогоор Цахилгаан станцын туршилт тохируулгын ажил 50 хувьтай явагдаж байгаа гэж төслийн удирдагч танилцуулав.   


Нов ногоон  төгөл Наймантын хөндийг чимнэ

Наймантын хөндийд хэдхэн жилийн дараа нов ногоон моддын төгөл буй болно гээд төсөөлөөд үз дээ. Ангасан зэлүүд говийн хөрсөнд суулгасан нялх суулгацууд говийн  ширүүн уур амьсгалтай “тэмцэлдэн”  өдөр өдрөөр “бойжиж” байна.  “Байгаль орчны менежментийн албан ёсны тогтолцоо” гэх үгийг цаасан дээр байдаг ойлголт гэж бодож явсан  маань эндүүрэл ажээ.  2.5 га талбайд нөхөн сэргээлтийн туршилт хийгдэж, уурхайн өнгөн хөрсний овоолго дээр олон наст ургамал тариалах ажил амжилттай явж байгааг нүдээр үзэж л итгэв.  

Наймантын хөндийд 6000 гаруй мод бут суулгасан ба энэ ажлын хүрээнд нийт 15 га талбайг моджуулахаар төлөвлөж. Нүүрс олборлож эхэлсэн даруйдаа хаалтын дараахь нөхөн сэргээлтийг давхар хийж эхэлсэн гэж Ш.Байгальмаа захирал хэлэв. Нөхөн сэргээлтийн туршилтын талбай байгуулахад олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 12 цаг 38 минутын өмнө
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна.
  • Өчигдөр 17 цаг 21 минутад
    Брэнт маркийн газрын тосны ханш 86.04 ам.доллар/баррель болж 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрлээ. Дэлхийн зах зээлд байгалийн хий, нүүрсний үнэ нэмэгдсэнээс үүдэлтэйгээр дизель генераторуудын эрчим хүч үйлдвэрлэл нэмэгдэх болсон байна. Үүнээс үүдэн энэ оны дөрөвдүгээр улиралд газрын тосны эрэлтг 450 мянган баррель/өдөр-өөр нэмэгдэж болзошгүй байна. 
  • Өчигдөр 14 цаг 43 минутад
    Монголын тал түүнчлэн аж ахуйн нэгжүүд нүүрсний худалдааны урт хугацааны гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор чингэлгээр нүүрс тээвэрлэхийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт, Бичигт, Ханги, Шивээхүрэн чиглэлээр хоёр улсын хооронд төмөр замаар харилцан холбогдох ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолцлын цэгийг хоёр улсын холбогдох аж ахуйн нэгжүүд тохиролцсонд баяртай байгаагаа талууд илэрхийлж, уг тохиролцоог ГХЯ-дын шугамаар шуурхай баталгаажуулж, төмөр замыг холбох дэд бүтцийн байгууламжийг барихад идэвхтэй хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ. 
  • Өчигдөр 14 цаг 25 минутад
    Элчин сайд Т.Бадрал, Шивээхүрэн-Сэхээ боомт нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй боомт гэдгийг онцолж, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж, нэг өдөрт хил нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог 400 хүргэх зорилт дэвшүүлэхийг санал болгов. Альшаа аймгийн дэд дарга Цэцэн, Монгол Улстай хийж буй худалдааны эргэлт, барааны төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа илэрхийлж, тус аймгаас Монгол Улсын Баянхонгор аймагт 728 мянган юанийн буцалтгүй тусламж үзүүлж буйгаа мэдэгдэв.
  • Өчигдөр 13 цаг 01 минутад
    Жил бүрийн намар Монгол банк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулдаг. Энэ дагуу Төрөөс  мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг тус банк УИХ-д өргөн барьсан билээ. Энэ талаар Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ковид 19 цар тахлын нөлөөгөөр 2020 онд  дэлхийн эдийн засаг огцом уналтад орсон. Гэхдээ 2020 оны сүүлээс эхлэн хөгжингүй орнуудын эдийн засаг, санхүүгийн зах зээл идэвхжиж, зах зээлд оролцогчдын хүлээлт сайжирч, сэргэлт гарч байна.