Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Австралид сүүлийн 50 жилд шинээр төмрийн хүдрийн уурхай нээж байна

Австралийн уул уурхайн BHP компани нь Баруун Австралийн нутагт орших “South Flank”  ордоос төмрийн хүдэр олборлож эхэлжээ. Нийт 3.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай энэхүү төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил 2018 онд эхэлсэн аж. Төлөвлөсөн хугацаандаа уурхайн олборлолт эхэлж байгааг компани мэдэгдсэн байна. Энэ нь Австрали улсад сүүлийн 50 жилд шинээр нээж байгаа төмрийн хүдрийн томоохон уурхай юм. 

“South Flank” ордын уурхайгаас 61-62%-ийн агууламжтай төмрийн хүдрийг жилд 80 сая тонн олборлоно. Уурхай нь 25 жил ашиглах нөөцтэй, 2046 он хүртэл үйлдвэрлэл явуулна. 

Уг төслийн 85%-ийг BHP компани, үлдсэн 15%-ийг Японы “Itochu” болон “Mitsui“ корпораци эзэмшиж байна. BHP-ийн хувьд, энэ онд 276-286 сая тонн төмрийн хүдэр үйлдвэрлэх төлөвлгөөтэй. 

“South Flank”-ийн үйлдвэр нь 2023-2028 онд хаагдах, нөөц нь дуусч буй төмрийн хүдрийн “Yandi” үйлдвэрлэлийг нөхнө гэж Австралийн уул уурхайн мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм. 

Нөгөөтэйгүүр, томоохон үйлдвэрлэлийн нийлүүлэлт нь Хятадын зах зээл дээрх төмрийн хүдрийн ханшийн “халуурлыг” бууруулахад нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна. Өнөөгийн байдлаар, Далианы түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ 200 ам.долларт хэлбэлзэж буй. Сүүлийн долоо хоногт Хятадын төр засгаас дотоодын зах зээл дэх түүхий эдийн ханшийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авч байгаа ч аж үйлдвэрлэлийн идэвхжил, далайн тээврийн нийлүүлэлт хомсдож буйтай холбоотой төмрийн хүдрийн ханш өндөр хэвээр байна.  

Э.Од