“Эрдэнэс Монгол” орлогоо төрөлжүүлэхээс нааш тогтвортой сан болохгүй

2021-05-20 13:16

“Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ)-өөс хэрэгжүүлсэн "Төрийн өмчит уул уурхайн компаниудын шилэн дансны мэдээлэлд дүн шинжилгээ хийх" төслийн хүрээнд www.gogo.mn /Р.Адъяасүрэн/, The Mongolian Mining Journal /Б.Төгсбилэгт/, www.itoim.mn /О.Мөнхбат/ сэтгүүлч нар гүйцэтгэв.

Монголын уул уурхайн салбарт томоохон тоглогч болох төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани нь хэтдээ нийт монголчуудад болон төрд ногдол ашиг түгээх зорилготойгоор ажиллаж буй юм. Энэ үүргээ сайтар гүйцэтгэхийн тулд тус компанид ил тод, үр ашигтай ажиллагаа нэн чухлаар тавигдах нь гарцаагүй. Компанийг төр 100% эзэмшдэгээс гадна иргэн бүрт компанийн давуу эрхийн хувьцааг эзэмшүүлсэн байдаг. Энэ ч үүднээс тус компани нь төр, иргэнд ногдол ашиг хуваарилахаар ажиллах үүрэгтэй юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сан байгуулах асуудал тусгалаа олсон. Уг Баялгийн сангийн гол хөрөнгийн эх үүсвэр нь төрийн мэдлийн уул уурхайд түшиглэсэн компаниуд, тэр дундаа “Эрдэнэс Монгол” компанитай салшгүй холбоотой байх нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Монгол” компани төрийн болон иргэдийн мэдлийн хувьцаанд ногдол ашиг тараахуйц хэмжээнд ажиллах нь чухамдаа Баялгийн сангийн үзэл санаа бодитоор хэрэгжих эсэхийг шийдэх юм. Гэхдээ энэ замналд компанийн ил тод, үр ашигтай ажиллагаа нэн чухал болохыг дахин тэмдэглэе.

Үндэсний аудитын газрын тайлбарласнаар тус компани 2015 оноос хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны тухай хуулийн 3.1.3 болон 6.8.1-ийн дагуу мэдээллээ Шилэн дансны цахим хуудаст оруулж байна. Үүнд концесс, гэрээ, худалдан авалтын төлөвлөгөө, санхүүгийн тайлан зэрэг чухал мэдээллүүд багтана.

Тус компани цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш дүнтэй орлого, зарлагын гүйлгээний мэдээллээ Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд оруулах болсон нь сайшаалтай. Энэхүү нийтлэлд 2017-2020 он буюу компанийн нийт дөрвөн жилийн гүйлгээний дүнг хамруулан, мэдээлэл боловсруулснаа хүргэж байна.

Гэхдээ компани гүйлгээний мэдээллийг 2020 оны сүүлээс эхлэн оруулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл өмнөх онуудыг нөхөж оруулсан гэсэн үг. Ингэхдээ таван сая төгрөгөөс дээш гүйлгээний мэдээллийг оруулсан бөгөөд санхүүгийн тайлан болон төсөвтэй холбоотой чухал мэдээллийг оруулаагүй хэвээр байна. Гэхдээ худалдан авалтын төлөвлөгөө, тендер, концессийн мэдээллийг тодорхой хэмжээгээр оруулдаг болно.

Иймд шилэн дансны нэгдсэн цахим хуудаснаас “Эрдэнэс Монгол”-ын оруулсан гүйлгээний мэдээллийг эмхтгэн боловсрууллаа. Эдгээр гүйлгээний мэдээлэл нь тухайн компанийн санхүүгийн тайланд хийсэн дүн шинжилгээ биш бөгөөд зөвхөн цалингаас бусад таван сая төгрөгийн гүйлгээг хамруулсан болно. Өөрөөр хэлбэл энэ нь компанийн ашигтай ажиллагааны үзүүлэлтийг харуулахгүй бөгөөд гагцхүү зарлагын гүйлгээ нь хаашаа чиглэж, орлого нь хаанаас эх үүсвэртэй байна вэ гэдгийг тойм байдлаар харах боломж олгох юм. Үүний зэрэгцээ компани гүйлгээний мэдээллээ дутуу оруулснаар зарим чухал тоо баримтууд энд орхигдсон болохыг тэмдэглэе. Тухайлбал “Эрдэнэс Тавантолгой” компаниас авсан “Эрдэнэс Монгол”-ын зээлийн мэдээлэл шилэн дансны нэгдсэн цахим хуудаст бүртгэгдээгүй байсныг дурдаж болно. “Эрдэнэс Монгол” компани мэдээлэл оруулахдаа хугацааны хувьд илүү өргөн хүрээг хамруулж, 2017-2020 оны буюу нийт дөрвөн жилийн гүйлгээг оруулсан нь төрийн өмчит компаниуд дундаа харьцангуй сайн үзүүлэлттэй байгаа юм. Гэхдээ цаашид тус компани хуулиа хэрэгжүүлж санхүүгийн тайлан, төсөв санхүүтэй холбоотой мэдээллийг дэлгэрэнгүйгээр оруулах шаардлагатай байна. Мөн тус компанийн охин/хараат компаниудын дийлэнхийнх нь хувьд шилэн данс хөтлөлт хангалтгүй байгаа юм. Тодруулбал, “Эрдэнэс Силвер Ресурс”, “Эрдэнэс Алт Ресурс”, “Мон-Атом”, “Багануур”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэс Оюутолгой” зэрэг нь шилэн данс тодорхой хэмжээгээр хөтөлсөн боловч бусад компани нь Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст огт мэдээлэл оруулаагүй байна (2020 оны арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар).

Харин охин компани “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд 2020 оны үйл ажиллагаанд холбогдох гүйлгээ, санхүүгийн мэдээллийг оруулахын зэрэгцээ төсөв, хандив, худалдан авалтын төлөвлөгөө, тендер, концесстой холбоотой мэдээллийг оруулснаараа ил тод байдлыг зохих түвшинд буюу сайн хангаж байна.

Өмнө нь “Эрдэнэс Монгол” компанийн санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар хяналт шалгалт хийж, орлого зарлагын бүтцийн талаар тайлан гаргасан байдаг. Энэхүү судалгааны гол ялгаа нь төрийн өмчийн компанийн санхүүгийн тайланд бус шилэн дансны нэгдсэн цахим хуудаст оруулсан гүйлгээний мэдээлэлд үндэслэн зарцуулалтын илүү дэлгэрэнгүй хувилбарыг гаргаж ирэхийг зорьсон болно. Өөрөөр хэлбэл Үндэсний аудитын газрын тайлангаас илүү бодитой тоон үзүүлэлтүүдийг харж болох ч зарим мэдээллийг хэтэрхий тоймлосон байдлаар харуулдаг. Тэгвэл уг дүн шинжилгээнд охин компаниудын зардал, замын хураамжийн орлогыг хаанаас бүрдүүлдэг, зээл/хүү, зөвлөх үйлчилгээ, аудит болон бусад зардлуудыг харьцангуй дэлгэрэнгүй танилцуулж буйгаараа онцлогтой.

Гүйлгээний мэдээллээс үзэхэд ирээдүйд төрийн мэдлийн ногдол ашиг хуваарилах зорилготой компани маань сүүлийн дөрвөн жилийн хугацаанд орлого, зарлага нь бараг тэнцэж ажиллаж иржээ. Энэ нь тус компани нь ногдол ашиг тараах боломжгүй ажилласныг харуулна. “Эрдэнэс Монгол”-ын цалингаас бусад таван сая төгрөгөөс дээш гүйлгээний нийт орлогын үзүүлэлтийг 2017-2020 оны хугацаан дахь дөрвөн жилээр нэгтгэн авч үзвэл 284 тэрбум төгрөг, харин зарлагын хувьд 272.3 тэрбум төгрөгтэй тэнцсэн байна (2021 оны нэгдүгээр сарын байдлаарх шилэн дансны мэдээлэлд үндэслэн тооцоолов).

Эх сурвалж: Шилэн дансны мэдээлэлд үндэслэсэн тооцоолол

Үнэхээр “Эрдэнэс Монгол” цаашид хэрхэн ногдол ашиг хуваарилж чадах эсэх нь сонирхол татна. Компани нэг бол илүү их орлого олох ёстой эсвэл зарлагаа хумих шаардлага үүсч мэдэх юм. “Эрдэнэс Монгол” компани анх удаагаа ногдол ашиг хуваарилах тухай хоёрдугаар сарын эхээр мэдээлсэн.

Компанийн албан мэдээнд “2007 онд байгуулагдсан цагаас хойш “Эрдэнэс Монгол” нэгдэл анх удаа 100 сая ширхэг хувьцаанд 2 тэрбум 37 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилуулахаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжүүллээ. Өнгөрсөн онд тус компани нийт 11.9 их наяд төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 265 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт 48.3 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байна. Нийгмийн үүргийн хүрээнд 2019 онд хэрэгжүүлсэн менежментийн үр ашгийн тооцоолол, аудитлагдсан санхүүгийн тайлангаар баталгаажсан цэвэр ашгаас ийнхүү ногдол ашиг хуваарилж байгаа аж гэж өгүүлжээ.

Компанийн албан мэдээллээс харахад ч 11.9 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө эзэмшдэг компани жилд 265 тэрбум төгрөгийн орлого олж, 2 тэрбум төгрөгийн ногдол ашиг, 48.3 төгрөгийн татвар хураамж төлөх нь хэр хангалттай хэмжээ вэ? Мэдээж чамлалттай. Учир нь “Эрдэнэс Тавантолгой” компани 2020 онд иргэдэд 2019 оны үйл ажиллагааны ашгаас 179.8 тэрбум төгрөгийг иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг болгон хуваарилсан.

Тэгэхээр компанийн шилэн дансны гүйлгээний мэдээлэлтэй үргэлжлүүлэн танилцъя. “Эрдэнэс Монгол” хаанаас орлого олдог, орлого нь хааш зарцуулагдаж байна вэ?

 

Нүүрсний замын хураамжаас “Эрдэнэс Монгол” дээрх хугацаанд гол орлогоо олжээ.

Тус компани чухамдаа замын хураамжийн төлбөр болон зээлээр санхүүжиж амьдарч байгаа юм. Учир нь замын төлбөрөөс тус компани нийт орлогынхоо 88% буюу 250 тэрбум төгрөгийг дээрх дөрвөн жилийн хугацаанд олжээ. Энэхүү замын хураамжийн төлбөрийг 2017-2020 онуудад нийт 259 тээврийн компани төвлөрүүлсэн байна.

 

 

*Эрдэнэс Монгол-ын баталгааны шимтгэлийн орлого

Эх сурвалж: Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны мэдээлэлд үндэслэсэн тооцоолол

Энэ хугацаанд охин компаниудаас тус компанид 24.1 тэрбум төгрөгийн орлого оруулсан болох нь харагдаж байна. Гэхдээ энд нэг зүйлийг онцлох нь зүйтэй. Тус компанийн охин компаниудын толгой компанид өгөх өгөөжийг нэмэгдүүлэх шаардлага харагдаж байгаа ч “Багануур”, “Шивээ-Овоо” уурхайн хувьд нүүрсний борлуулалтын үнийг төрөөс тогтоодог. Тиймээс станцуудад нүүрс нийлүүлдэг уурхайнуудын хувьд ашигтай ажиллах боломж харагдахгүй байгаа юм. Цаашид тус компани алт, мөнгөний ордуудыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа ч одоогийн байдлаар зөвхөн бонд босгох асуудлаар хязгаарлагдаж байгаа юм. “Эрдэнэс Силвер Ресурс” компани нь шилэн дансны өгөгдөл мэдээллээс үзэхэд, 2019-2020 онд нийтдээ толгой компанидаа 1 тэрбум төгрөгийн зарлага гаргасан бол 2.2 тэрбум төгрөгийн орлого оруулжээ. Асуудлын гол нь охин компаниудад зарцуулсан зарцуулалт нь ихэвчлэн “тооцоогоор”, “гэрээний дагуу” гэсэн тодотголтой байгаа юм. Энэ нь ил тод байдлыг алдагдуулж байна. Эдгээр тоо баримтууд нь зөвхөн шилэн дансны гүйлгээний мэдээлэл бөгөөд бодит санхүүгийн тайлан тооцоо биш болохыг энд дахин тэмдэглэе. Наад захын жишээ дурдахад, 2020 онд “Эрдэнэс Монгол” компани ахмадын зээлийг тэглэх зорилгоор “Эрдэнэс” бонд босгосныг бид мэднэ. Энэхүү бондтой холбоотой тоо баримтыг компанийн шилэн дансны мэдээлэлд огт тэмдэглээгүй байна.

Харин зээл, хүүгийн орлого 12.8 тэрбум төгрөгтэй тэнцсэнээр нийт орлогын 4.5%-ийг бүрдүүлсэн үр дүн гарчээ /зээл, хүүгийн орлогын 3.23 тэрбум төгрөг нь охин компаниудаас бүрдүүлсэн зээл, хүүгийн орлого болно. Өөрөөр хэлбэл охин компаниудаас олсон орлогод давхардуулж бичсэн болно/.

Үндсэндээ “Эрдэнэс Монгол”-ын орлогын тухайд нэг асуудал бий. Тус компанийн орлогын эх үүсвэр нь хэтэрхий цөөн байна. Энэ тухай Үндэсний аудитын газар ч шүүмжилсэн удаатай. Тодруулбал цаашид “Эрдэнэс Монгол” ХХК-ийн орлогын эх үүсвэрийг компанийн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.13, 15.24-т заасны дагуу зээл, хөрөнгө оруулалт, ногдол ашиг, хөрөнгийн өгөөж, хувьцаа борлуулсны орлого, менежментийн төлбөрөөр бүрдүүлж ажиллах шаардлагатай байна гэж Үндэсний аудитын газрын тайланд тэмдэглэжээ.  

Одоо харин зарцуулалтын тухай авч үзье. 2017-2020 оны гүйлгээний нэгтгэл мэдээллээс үзэхэд тус компанийн зардлын багагүй хэсэг нь охин компаниуд руу хийсэн зарцуулалт болон компанийн өөрийн Хөгжлийн банктай холбоотой зээлд зарцуулагдсан нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл охин компаниудтай холбоотой зардалд тус компани үндсэндээ нийт зарлагынхаа 41 орчим хувийг буюу 111.5 тэрбум төгрөгийг зарцуулсан /эдгээр зардалд “Тавантолгой түлш” компани, “Эрдэнэс Газ төсөл”, компанийн Хөгжлийн банкны зээл багтсан/ нь тодорхой болсон юм. Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус компани охин компаниудаасаа 24.1 тэрбум төгрөгийн орлого олсон. Энэ дундаа “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд 18.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийн орлогыг толгой компанидаа оруулсныг эс тооцвол “Эрдэнэс Монгол”-ын охин компаниудын толгой компани руугаа орлого оруулах үзүүлэлт хэтэрхий сул харагдана. Улмаар дараагийн орлого бүрдүүлэгч компаниудаар “Багануур”, “Эрдэнэс Силвер Ресурс”, “Гашуунсухайт авто зам”, “Шивээ-Овоо” зэрэг охин компаниуд тодорсон тухай дээр дурдсан. “Эрдэнэс Монгол” нь холдинг компани учир охин болон хараат компаниудаас олох орлогоороо зардлаа нөхөх учиртай.

*Охин компаниудын зардлын  36.8 тэрбум төгрөг нь нийт зээл, хүүгийн зардал буюу давхардуулж бичсэн болно.

Эх сурвалж: Шилэн дансны нэгдсэн цахим хуудас дахь Эрдэнэс Монгол компанийн 2017-2020 оны орлого, зарлагын цалингаас бусад таван сая төгрөгний гүйлгээний мэдээлэлд түшиглэсэн тооцоолол

Гэхдээ цаашид охин компаниудад зарцуулсан мөнгө нь эхнээсээ үр дүнгээ өгөх учиртай. Яг одоогийн байдлаар тус компанийн Багануур, Шивээ-Овоогийн уурхай бага зэргийн ашигтай ажиллаж байгаа юм.

*Хөгжлийн банктай холбоотой “Эрдэнэс Монгол”-ын зээл, хүүгийн зардал

Эх сурвалж: Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны мэдээлэлд үндэслэсэн тооцоолол

Зарцуулалтын дараагийн томоохон бүлгийг зээл, хүүгийн зардал эзэлж байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тус компанийн зээл, хүүгийн өглөгтэй холбоотой зардал 86.6 тэрбум төгрөгөөр илэрхийлэгдсэн байна. Эдгээр нь компанийн нийт зардлын 32%-ийг бүрдүүлсэн дүнтэй гарчээ. 

 

Тайлбар: Охин компаниудын нийт зардлын дүнд “Эрдэнэс Монгол” болон охин компаниуд руу чиглэсэн зээл, хүүгийн зардал багтсан болно. Тодруулбал охин компаниудын зардал дунд нийтдээ 36.5 тэрбум төгрөг нь зээл, хүүгийн зардалтай холбоотой зарцуулалт байсан болно.

Гэхдээ Үндэсний аудитын газрын мэдээллээр,  2019 оны байдлаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд 241.2 тэрбум төгрөгийн урт хугацаат өр төлбөр, богино хугацааны 25 орчим тэрбум төгрөгийн зээлтэй байжээ. Үүнээс урт хугацаат зээлд Хөгжлийн банкны 140 орчим тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банкны 24.5 орчим тэрбум төгрөг, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 76.8 тэрбум төгрөгийн зээл тус тус багтсан байна. Эндээс үзэхэд шилэн дансанд бүх зээл, хураамж тэмдэглэгдээгүй болох нь харагдаж байна.

Дараагийн зарцуулалтын том анги бол яах аргагүй зам засвар юм. “Эрдэнэс Монгол” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг “Гашуунсухайт авто зам” компаниар дамжуулан эзэмшдэг. Энэ тохиолдолд багагүй хэмжээний зардлыг зам засварт зарцуулах шаардлагатай байдаг. Тухайлбал өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд уг замын засварын ажилд хичнээн хэмжээний зарцуулалт хийснийг шилэн дансны гүйлгээнээс харж болно. 2017-2020 онд уг замын засварын ажилд нийтдээ 51.8 тэрбум төгрөг зарцуулсан нь “Эрдэнэс Монгол”-ын нийт зардлын 19 хувьтай тэнцэж байна. Гэхдээ зам засварын ажилд яг хичнээн хэмжээний хөрөнгө зарцуулсныг санхүүгийн тайлангаас илүү тодорхой харах боломжтой бөгөөд энэ нь зөвхөн тойм тооцоо болохыг тэмдэглэх нь зүйтэй. Тухайлбал Үндэсний аудитын тайлангаас харахад 2017 онд зам засварын ажилд нийтдээ 16.2 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн бол Шилэн дансны тооцооллоор уг ажилд нийтдээ 10.4 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн дүн гарч байна. Багагүй зөрүүтэй гарч байна. Гэхдээ 2017 онд “Гашуунсухайт авто зам” компанид 7.8 тэрбум төгрөгийн санхүүжилт “Эрдэнэс Монгол” компаниас олгосон болохыг шилэн дансны гүйлгээний мэдээллээс харж болно. “Гашуунсухайт авто зам” компанид олгосон санхүүжилт нь ихэвчлэн зам, дэд бүтэц, тэдгээртэй холбоотой зардалд зарцуулагдах магадлалтай. Иймд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын нийт зардлыг тооцохдоо шилэн дансанд бичигдсэн зам засварын зардлыг “Гашуунсухайт авто зам” компанид зарцуулсан хөрөнгөтэй нийлүүлж тооцох нь илүү оновчтой. Тэгэхээр өнгөрсөн дөрвөн жилд “Гашуунсухайт авто зам” компани руу “Эрдэнэс Монгол”-оос нийт 43.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Ингээд тооцвол замтай холбоотой 96 орчим тэрбум төгрөгийн зарцуулалт өнгөрсөн дөрвөн жил хийсэн гэж ойлгогдохоор байна.

Охин компаниуд, зээл/хүү, зам засвартай холбоотой эдгээр гурван зардал нь нийт зардлын дийлэнхийг буюу 78%-ийг  бүрдүүлжээ.

Харин зардлын үлдсэн бүрдэл хэсгийн тухайд, татвар, хураамж 2017-2020 оны хэмжээнд нийт зардлын 14%-ийг буюу 38.3 тэрбум төгрөгийг бүрдүүлж байна. Мөн судалгаа, аудит, зөвлөх үйлчилгээний зардал нийт зарцуулалтын  3.12%-ийг буюу 8.5 тэрбум төгрөгийг эзэлжээ.

Компани мөн суудлын автомашин худалдан авалт, оффис түрээс, томилолт/сургалт, бусад чиглэлээр хэдий хэмжээний зарлагын гүйлгээ хийснийг дээрх графикаас харж болно.

Эдгээр тооцоолол нь зарим тохиолдолд бүрэн нарийвчлалтай тоон баримтуудыг өгөөгүй эсвэл санхүүгийн тайлангаас зөрүүтэй байж болох юм. Гэхдээ энэ нь шилэн дансны ил болсон мэдээллээр тооцоход “Эрдэнэс Монгол” хэрхэн харагдаж буйг дэлгэж буйгаараа онцлогтой, гол ач холбогдол нь оршино. Түүнчлэн компанийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд ил тод байдлыг хангах нь чухал. Компанийн орлогын эх үүсвэр нь цөөн байгаагаас гадна нийт зарлагатайгаа харьцуулахад орлого нь төдийлөн их биш болохыг шилэн дансны мэдээллээс харж болж байна. Иймд цаашид компанид зээлийн хуримтлал үүсгэхгүй, үр ашигтай ажиллагааг нэвтрүүлэхэд анхаарах зайлшгүй шаардлага тулгарчээ.

“Эрдэнэс Монгол”-ыг 2007 онд Монгол Улсын стратегийн ашигт малтмалын орд газрыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулсан. Эдүгээ тус компани нь зэс, нүүрс, уран, байгалийн хий, үнэт метал, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.   2020 оны сүүлийн байдлаар “Эрдэнэс Монгол” компани  нийт 13 охин/хараат компани болон гурван төслийн нэгжтэйгээр ажиллаж байна. Компанийн мэдээлж буйгаар, (2020 оны сүүлийн байдлаар) Оюутолгой төслийг оролцуулаад нийт  4850 гаруй ажилтан “Эрдэнэс Монгол” нэгдэлд ажилладаг. Тус нэгдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компаниуд нь Монголын уул уурхайн экспорт, төвийн бүсийн эрчим хүчний хангамжид онцгой чухал үүрэг гүйцэтгэж байна. “Багануур”, “Шивээ-Овоо” зэрэг компани нь дотоодын эрчим хүчний хэрэгцээнд жилд 6-7 сая тонн эрчим хүчний нүүрс нийлүүлдэг. 81.5%-ийн төрийн эзэмшил бүхий “Эрдэнэс Тавантолгой” охин компани нь Монголын коксжих нүүрсний хамгийн том олборлогч, экспортлогч юм. “Эрдэнэс Оюутолгой” компанийн 34%-ийн эзэмшлийн Оюутолгой нь жилдээ 600-700 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, экспортолж байна. 

“Эрдэнэс Монгол” нь Багануур, Шивээ-Овоо, Асгат зэрэг стратегийн гурван орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Мөн охин болон хараат компаниудаар дамжуулан стратегийн таван ордод олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн стратегийн бус ордууд болох Салхитын мөнгөний ордоос гадна шинээр Довжоот хяр, Халзан, Хүрэн цав, Мухар хар толгой, Овоот хяр, Өлзийт овоо зэрэг алтны ордуудыг Засгийн газрын тогтоолоор 2020 онд “Эрдэнэс Монгол” нэгдэлд  эзэмшүүлжээ. Хамгийн ойрын хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах нь 54 тонн алтны нөөцтэй Овоот хяр, 34.5 тонн алтны нөөцтэй Хүрэн цавын ордууд байна.

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 11 цаг 17 минутын өмнө
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна.
  • Өчигдөр 17 цаг 21 минутад
    Брэнт маркийн газрын тосны ханш 86.04 ам.доллар/баррель болж 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрлээ. Дэлхийн зах зээлд байгалийн хий, нүүрсний үнэ нэмэгдсэнээс үүдэлтэйгээр дизель генераторуудын эрчим хүч үйлдвэрлэл нэмэгдэх болсон байна. Үүнээс үүдэн энэ оны дөрөвдүгээр улиралд газрын тосны эрэлтг 450 мянган баррель/өдөр-өөр нэмэгдэж болзошгүй байна. 
  • Өчигдөр 14 цаг 43 минутад
    Монголын тал түүнчлэн аж ахуйн нэгжүүд нүүрсний худалдааны урт хугацааны гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор чингэлгээр нүүрс тээвэрлэхийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт, Бичигт, Ханги, Шивээхүрэн чиглэлээр хоёр улсын хооронд төмөр замаар харилцан холбогдох ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолцлын цэгийг хоёр улсын холбогдох аж ахуйн нэгжүүд тохиролцсонд баяртай байгаагаа талууд илэрхийлж, уг тохиролцоог ГХЯ-дын шугамаар шуурхай баталгаажуулж, төмөр замыг холбох дэд бүтцийн байгууламжийг барихад идэвхтэй хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ. 
  • Өчигдөр 14 цаг 25 минутад
    Элчин сайд Т.Бадрал, Шивээхүрэн-Сэхээ боомт нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй боомт гэдгийг онцолж, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж, нэг өдөрт хил нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог 400 хүргэх зорилт дэвшүүлэхийг санал болгов. Альшаа аймгийн дэд дарга Цэцэн, Монгол Улстай хийж буй худалдааны эргэлт, барааны төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа илэрхийлж, тус аймгаас Монгол Улсын Баянхонгор аймагт 728 мянган юанийн буцалтгүй тусламж үзүүлж буйгаа мэдэгдэв.
  • Өчигдөр 13 цаг 01 минутад
    Жил бүрийн намар Монгол банк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулдаг. Энэ дагуу Төрөөс  мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг тус банк УИХ-д өргөн барьсан билээ. Энэ талаар Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ковид 19 цар тахлын нөлөөгөөр 2020 онд  дэлхийн эдийн засаг огцом уналтад орсон. Гэхдээ 2020 оны сүүлээс эхлэн хөгжингүй орнуудын эдийн засаг, санхүүгийн зах зээл идэвхжиж, зах зээлд оролцогчдын хүлээлт сайжирч, сэргэлт гарч байна.