Хөрөнгийн захын  шинэ бүтээгдэхүүн “банкны IPO” 

2021-04-27 13:03

Л.Номинцэцэг

УИХ-ын чуулганы (2021.01.28) нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан юм. Ийнхүү салбарын малгай хуулийн өөрчлөлтөөр олон жил яригдсан банкны шинэчлэл эхэлж байна. Монголын санхүүгийн зах зээлийн 90%-ийг арилжааны 12 банк бүрдүүлдэг.  2020 оны жилийн эцсийн байдлаар банкуудын нийт активын хэмжээ 36.5 их наяд төгрөгт хүрчээ. Активын 90% нь бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө бүрдүүлдэг учир банкны үйл ажиллагааг ил тод, нийтэд нээлттэй болгох. Банкны хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлийг задалж өмчлөл, удирдлагыг зааглах. Ингэж банкуудын “хөшигний цаадах” эздийн эрх ашгаа хамгаалсан засаглалыг өөрчлөх томоохон шинэчлэл энэ салбарт өрнөнө.  
Нэмэлт, өөрчлөлт оруулсан Банкны тухай хуульд анхаарал татахуйц онцлог заалтууд бий. 

•    Системд нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргана. 

Энэ үүргийг Хаан банк, “Голомт” банк, “Хас” банк, Худалдаа Хөгжлийн банк, Төрийн банк нэг жилийн хугацаанд (2022.06.30) биелүүлэх юм. Хаан болон “Хас” банкны зүгээс   Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах зохицуулалтыг хүлээн авч буйгаа илэрхийлээд байна. Гэхдээ тухайн банкууд хөрөнгийнхөө хэдэн хувийг арилжаалах нь одоогоор тодорхойгүй. Тэгвэл системд нөлөө бүхий банкуудад тооцогддоггүй “Богд” банк мөн л дотоодын хөрөнгийн бирж дээр шинээр хувьцаа гарган (2021.02.03) олон нийтээс хөрөнгө оруулалт татахаа мэдэгдcэн. Ингэхдээ тус банк нь нийт  хөрөнгийн 20% буюу 44 тэрбум төгрөгийн хувьцааг нийтэд санал болгох ажээ. 

Санхүүч  Г.Батжаргал: 


 Санхүүч  Г.Батжаргал: 

“Өдгөө үйл ажиллагаа явуулж буй арилжааны 12 банкнаас (өөрийн хөрөнгө буюу эздийн өмч 3.7 их наяд төгрөг, 2020.12.31 байдлаар) системийн нөлөө бүхий гэж үздэг 5 банк (өөрийн хөрөнгө буюу эздийн өмч 3.5 их наяд төгрөг) ирэх оны эхний хагас гэхэд нээлттэй хувьцаат компани болох шаардлагатай. Эдгээр банкны нийт хувьцааг нэг хүн дангаараа эзэмшдэггүй тул дунджаар 70% буюу 2.4 их наяд төгрөгийн хувьцааг арилжаалах хэрэгтэй болно. IPO хийхэд андеррайтер болон хуулийн фирмийн зардал 5%, хувьцаа худалдахад 10%-ийн татвар  нэмж хамгийн багаар тооцоход 2.8 их наяд төгрөгийн үнэлгээ гарна”.

 

Д.Ачит-Эрдэнэ:


Монголын Олон улсын хөрөнгө оруулалтын корпорацийн (MICC) Ерөнхийлөгч 
Д.Ачит-Эрдэнэ:

“Банкны өөрийн хөрөн­гийг 1-2 дахин үржүүлж зах зээлийн үнэлгээ хийдэг. Өнөөгийн нөхцөл байдлыг харгалзаж үзвэл Монголын банкуудын хувьцаа  өөрийн хөрөнгийн үнэлгээгээр л зарагдах бо­ломж­той. Хувьцааны худал­дах үнэ хамгийн чухал. Хувьцааны үнэ нь хэд байхаас хөрөнгө оруулагчид шууд хамааралтай. Монго­лын эдийн засгийн нөхцөл, мөн банкуудын ил тод бус байдлаас шалтгаалж хувьцаа нь өөрийн хөрөнгөөс илүү өндөр үнэ хүрч чадахгүй”.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн томоохон төслүүдийн санхүүжилт, хэрэгжилттэй холбоотой асуудлуудад зарим арилжааны банк  нэр холбогдож ирсэн юм. Жишээ нь, системд нөлөө бүхий Худалдаа хөгжлийн банкнаас 400 сая ам.долларын зээлийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын талын 49%-ийг худалдан авахад “Монголын зэс корпораци”-д олгосон бол Голомт банкны толгой компани (хамаарал бүхий) “Бодь интернэшнл” нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тэгвэл банкны аливаа хөрөнгө оруулалт харилцагчдад нээлттэй байх зохицуулалт Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр туссан. Оны нэгдүгээр сарын үзүүлэлтээр, уул уурхай, олборлох салбарын 1.7 их наяд төгрөгийн зээлийн 417 тэрбум төгрөгийг чанаргүй зээл эзэлжээ. Мөн банк, банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд 167 мянган га бүхий 225 тусгай зөвшөөрөл байна. 

Банк, банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, талбайн хэмжээ (2020.11.30) 


Банкны тухай хуулийн дараах заалтууд анхаарал татахуйц юм. 
•    “Нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийнхээ хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20%-иас хэтрэхгүй, хэмжээний хувийг эзэмшихээр тусгасан шаардлагыг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хангах үүрэгтэй”.

•    Хувьцаа эзэмшигч нь хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасыг барьцаалах, Монголбанкны зөвшөөрөлгүйгээр банканд буцаан худалдахыг хориглоно. 

•    Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байх, төрийн албан тушаалтан биш байх. 


Өнөөгийн дүр зургаар, арилжааны банкуудын хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл хэт өндөр. Тодруулбал, 3 хүртэлх тооны хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 90-ээс дээш хувийг эзэмшдэг. Товчхондоо банкны салбар цөөн   хүний гарт төвлөрч байна. Энэ төвлөрлийг бууруулснаар банкны хувьцаа эзэмшил, мэдээллийн хүртээмжээр дамжуулан олон нийтийн хяналт бий болно гэж хууль санаачлагчдын зүгээс үзсэн. Энэ заалтын гол ач холбогдол нь хөрөнгө оруулагчид банкны эзэд болох боломжгүй болсонд байгаа юм. Мөн дээрх өөрчлөлтөөр УИХ-ын бүрэн эрхт гишүүн Л.Болд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар арилжааны банкны хувь эзэмшлээсээ татгалзах шаардлага үүсч байна. 

Дэлхийн банкны 2019 онд хийсэн судалгаанаас үзэхэд Канад, БНСУ, Австрали, Филиппин, Киргиз, Малайз, Индонез, Бангладеш зэрэг 34 оронд банкуудыг хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг шаардахаас гадна нэг этгээдийн банкны хувьцааг эзэмших дээд хэмжээг тогтоож, хязгаарласан сайн туршлага бий. Тухайлбал, Австрали  15%, БНСУ  10% хувьцаа эзэмших боломжтой байдаг байна. Манай улсын хувьд хуулийн өөрчлөлт нь банкуудыг олон эзэнтэй, нээлттэй, сайн засаглалтай болгоод зогсохгүй дотоодын хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх шинэ бүтээгдэхүүн  “банкны IPO” бий болох юм. Сүүлийн жилүүдэд манай хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ийнхүү өссөн байна. 

Б.Өлзийбаяр 

МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр 

“Хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг банкны үйл ажиллагаа нээлттэй байх ёстой. Банкууд IPO  гаргах үед мэргэжлийн хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалтын сангууд хэрэгтэй байна. Худалдан авагч буюу хөрөнгө оруулагч тал хэн байх нь чухал. Иргэд бол банкны хувьцааны цөөхөн хувийг л авна. Хуулийн хэрэгжилтийн хугацаанд мэргэжлийн хөрөнгө оруулагчаа бэлдэх нь зүйтэй. Хамгийн том төлөөлөл нь хувийн тэтгэврийн сангууд юм. Улсын нийгмийн даатгалын сан руу бус тухайн иргэний хувийн хуримтлалд зориулсан дансанд хуримтлал үүсгэдэг. Түүнийг мэргэжлийн хүмүүс хөрөнгө оруулалт хийх замаар өсгөх ёстой. Хувийн тэтгэврийн санг мэргэжлийн хүмүүс удирдаж байгаа учраас үр ашиггүй зүйлд хөрөнгө оруулахгүй. Эрсдэлийг тооцоолж найдвартай банкинд хугацаатай хадгалах, эсвэл дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд эргэлдүүлнэ”.

Хуулийн хэрэгжилтийг Ерөнхий­лөг­чийн сонгуулийн жилд багтаах гэж “яарсан” хэмээн төс­лийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын зарим гишүүн шүүмжилсэн билээ. Тухайлбал, банкуудын хувьцаа эзэмшигч нар 20%-иас илүү хувьцаанаасаа бүрэн салж дуусах хугацааг Монголбанкны Ажлын хэсгээс анх 2026 он гэж тооцсон ч наашлуулан 2023.12.31 болгож баталсан. Тиймээс хуулийн өөрчлөлт хэрэгжих эсэх нь дотоодын хөрөнгийн зах зээлийн чадамж болоод хувьцаа худалдан авагч хөрөнгө оруулагчдын сонирхлоос ихээхэн хамаарна.  Хэрэв том банкууд IPO гаргаад худалдан авагч олдохгүй бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг сунгаж болзошгүй юм. 

Санхүүч Г.Батжаргал: 

“Банкны хувьцааг худалдан авах бэлэн зах зээл байгаа нь эргэлзээтэй. Учир нь Монголын хөрөнгийн биржийн нийт үнэлгээ буюу эргэлдэж байгаа  хөрөнгийн хэмжээ 3 их наяд төгрөг байна. Банкуудын IPO-ийг хамгийн бага үнэлгээгээр 2.8 их наяд төгрөгөөр тооцож амжилттай гаргах боломж одоогоор манай санхүүгийн системд байхгүй. Үнэ­хээр санхүүгийн том системийг шинэчлэх гэж байгаа бол улс төрөөс ангид болгож, шат дараалсан 20%, 40%, 60% байдлаар нээлттэй компани болох хугацааг хойш сунгаж эдийн засгийн эрх чөлөөтэй уялдуулах хэрэгтэй”.  

Төрийн банк хувьцаат компани болох ч IPO гаргахгүй

Хуулийн шинэчлэлээр, системийн нөлөө бүхий банкуудын нэг Төрийн банкны нээлттэй хувьцаат компани болгож хувьчлах асуудал ч мөн хөндөгдөж байна. УИХ-ын чуулганы (2020.01.14) нэгдсэн хуралдаанаар Хуулийн төслийг хэлэлцэх үед  УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Нэг хувьцаа эзэмшигч 20-аас илүүгүй хувь эзэмших зохицуулалтын дагуу Төрийн банк ч гэсэн шаардлага хангах хэрэгтэй. Тэгвэл Төрийн банкны 80%-ийг хувьчлах асуудлыг хөндөх эрх зүйн үндэслэл үүснэ гэж ойлгож байна” гэсэн юм. Системийн нөлөө бүхий банк гэх томьёололд багтдаг ч Төрийн банкийг заавал олон нийтийн болох хугацаатай шаардлага тавьсан. Хувьчлах   асуудлыг Засгийн газар  шийдэх ёстой гэсэн зарчмын зөрүүтэй саналаар томьёолж оруулж байгааг УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ж.Ганбаатар тайлбарласан юм. Төрийн банкны хувьчлал хийх эсэх нь тодорхойгүй ч хувьцаат компани болох үүд хаалга нээгдэж байна.  Гэхдээ тус банк  IPO гаргахгүй байх магадлалтай. 

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээг улсын ДНБ-ий 80%-тай тэнцэх хэмжээнд хүрэх боломжтой гэж олон улсад үздэг. Манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ДНБ-ий 10%-д ч хүрээгүй байна. Дотоодын хөрөнгийн зах зээл тэлэх орон зай байгаа юм. Гадны хөрөнгө оруулагчдыг татахуйц шинэ бүтээгдэхүүн олширч, компаниуд хувьцаа гаргах нь нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Түүнчлэн хугацаагүй хадгаламж хүүгүй болж,  хугацаатай хадгаламжийн хүү буурснаар банкуудын хүүнээс ашиг олох бус “хувьцаа, бондод хөрөнгө оруулах сонирхлыг өдөөх” таатай орчин бүрдлээ. Сүүлийн 30 жилд байгаагүй “цонх үе” гэдгийг хөрөнгө, санхүүгийн мэргэжилтнүүд онцолж байна.  

Банкны шинэчлэл зөвхөн эхлэл бөгөөд үргэлжлүүлэн тэтгэврийн шинэчлэлийг хийх нь хөрөнгийн зах зээл хөгжих хөшүүрэг болох юм. Цаашлаад Монголын хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг төрийн өмчит компаниудыг хувьчилж, олон нийтэд нээлттэй компани болгох, “Эрдэнэт үйлдвэр”-ийг хөрөнгийн бирж дээр гаргах, Тавантолгойн 1072 ширхэг хувьцааны арилжааг эхлүүлэх хэрэгтэй гэж хөрөнгийн зах зээлийн шинжээчид үзэж байна. 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 11 цаг 31 минутын өмнө
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна.
  • Өчигдөр 17 цаг 21 минутад
    Брэнт маркийн газрын тосны ханш 86.04 ам.доллар/баррель болж 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрлээ. Дэлхийн зах зээлд байгалийн хий, нүүрсний үнэ нэмэгдсэнээс үүдэлтэйгээр дизель генераторуудын эрчим хүч үйлдвэрлэл нэмэгдэх болсон байна. Үүнээс үүдэн энэ оны дөрөвдүгээр улиралд газрын тосны эрэлтг 450 мянган баррель/өдөр-өөр нэмэгдэж болзошгүй байна. 
  • Өчигдөр 14 цаг 43 минутад
    Монголын тал түүнчлэн аж ахуйн нэгжүүд нүүрсний худалдааны урт хугацааны гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор чингэлгээр нүүрс тээвэрлэхийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт, Бичигт, Ханги, Шивээхүрэн чиглэлээр хоёр улсын хооронд төмөр замаар харилцан холбогдох ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолцлын цэгийг хоёр улсын холбогдох аж ахуйн нэгжүүд тохиролцсонд баяртай байгаагаа талууд илэрхийлж, уг тохиролцоог ГХЯ-дын шугамаар шуурхай баталгаажуулж, төмөр замыг холбох дэд бүтцийн байгууламжийг барихад идэвхтэй хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ. 
  • Өчигдөр 14 цаг 25 минутад
    Элчин сайд Т.Бадрал, Шивээхүрэн-Сэхээ боомт нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй боомт гэдгийг онцолж, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж, нэг өдөрт хил нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог 400 хүргэх зорилт дэвшүүлэхийг санал болгов. Альшаа аймгийн дэд дарга Цэцэн, Монгол Улстай хийж буй худалдааны эргэлт, барааны төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа илэрхийлж, тус аймгаас Монгол Улсын Баянхонгор аймагт 728 мянган юанийн буцалтгүй тусламж үзүүлж буйгаа мэдэгдэв.
  • Өчигдөр 13 цаг 01 минутад
    Жил бүрийн намар Монгол банк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулдаг. Энэ дагуу Төрөөс  мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг тус банк УИХ-д өргөн барьсан билээ. Энэ талаар Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ковид 19 цар тахлын нөлөөгөөр 2020 онд  дэлхийн эдийн засаг огцом уналтад орсон. Гэхдээ 2020 оны сүүлээс эхлэн хөгжингүй орнуудын эдийн засаг, санхүүгийн зах зээл идэвхжиж, зах зээлд оролцогчдын хүлээлт сайжирч, сэргэлт гарч байна.