Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

“Оюутолгой”-н хэлэлцээ эхэллээ

Оюутолгой төсөлтэй холбоотой хоёр талын хэлэлцээр өнөөдөр (2021.04.12)Төрийн ордонд эхэлж байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг болон хөрөнгө оруулагч тал “Рио Тинто” компанийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчид уулзалт хийлээ.

Уулзалтаар Оюутолгой төслийн үр өгөөж, хэрэгжилтийг сайжруулах асуудлыг хэлэлцсэн талаар Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цахимаар мэдээлэв.

Тэрээр УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы (2021.04.01) нэгдсэн хуралдаанаар, Ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаар танилцуулсан бөгөөд “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг дараах үе шаттайгаар хэрэгжүүлэх талаар мэдэгдсэн юм. 

1.     2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох.

2.     “Оюутолгой” ХХК-ийн татварын хяналт шалгалтын хүрээнд ногдуулсан нөхөн татвар, алданги, торгуулийг нэг мөр төлүүлж, татварын актуудыг хүлээн зөвшөөрүүлэх, татварын актад тусгагдсан асуудлаар дахин маргаан үүсгэхгүй, аливаа маргаангүй нөхцөлд яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагыг тавих.

3.     Хөрөнгө оруулалтын гэрээ, Дахин тодотгож нэмэлт, өөрчлөлт оруулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ зэрэг Оюутолгой төсөлтэй холбогдуулж байгуулсан гэрээ, хэлцлийн хэрэгжилтийг дүгнэж, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн сайжруулахаар хэлэлцээ хийх. 

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар захирамжаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан бөгөөд ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, холбогдох Засгийн газрын гишүүд, албан тушаалтнууд оролцож ажиллаж байгаа юм байна.