Дэлхийн алт үйлдвэрлэлийн ТОП-10 уурхай

2021-04-07 15:17

Канадын судалгааны “Kitco” байгууллагаас 2020 онд дэлхийд алт үйлдвэрлэлээр тэргүүлэх 10 уурхайг тодорхойлжээ. Энэхүү ТОП-10 уурхайгаас тавд нь Канадын “Barrick Gold” компани хувь эзэмшиж байна. КОВИД-19 цар тахал дэгдсэн сүүлийн жилд ихэнх уурхайн алтны олборлолт буурчээ. Өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан АНУ-ын Геологийн албаны судалгаанд, дэлхийн хэмжээнд олборлох боломжтой алтны 50 мянган тонн нөөц буйг дурдсан байна. Хэрэв 2018, 2019 оны үзүүлэлтээр жилийн алтны олборлолтын хэмжээ 3000 тонн байх бол боломжит нөөц 15 жилийн дараа дуусч болзошгүйг судалгаанд онцолжээ.

 Эх сурвалж: Kitco 

1.    Мурунтау

Узбекистаны төрийн “Навои” компани Мурунтау ордыг ил уурхайн аргаар олборлож байна. Уурхайгаас 2 сая унц (ойролцоогоор 57 тонн) алт олборлосон хэмжээгээр 2020 онд дэлхийн алтны үйлдвэрлэлийг тэргүүлжээ. Ордыг анх 1958 онд нээснээс хойш 11 жилийн дараа олзворлож эхэлсэн аж. Өнөөгийн байдлаар уурхай 3.3 км урт, 2.5 км өргөн болоод 600м гүнд хүрсэн байна. Мурунтау орд нь 61.7 сая унц алтны нөөцтэй.  

2.    Карлин

2019 оны зургадугаар сард Канадын “Barrick Gold”, АНУ-ын “Newmont” компаниуд Goldstrike болон Carlin ордын хувь эзэмшлээ нэгтгэн Карлин уурхайн цогцолборын үйл ажиллагааг явуулж байна. Тухайн цогцолбор бүхий ил, далд уурхай нь нийт 53 сая унц алтны нөөцтэй. Энэ нь Невада мужид 1965 он нээсэн Carlin Trend алтны бүсэд багтдаг.             

3.    Олимпиада

Красноярын хязгаар нутаг дахь Олимпиада ордоос 1996 онд “Полюс” компани алт олборлож эхэлжээ. Ордын уурхайн 3 үйлдвэрт жилд 13 сая тонн хүдэр боловсруулж байна. Хамгийн хүнд уул техникийн нөхцөлтэйд тооцогддог тус ордыг 1975 онд нээсэн. Нийт 34.9 сая унц алтны нөөцтэй. 

4.    Пуэбло-Вьехо

Нийслэл Санто-Доминго хотоос 100 км зайд орших алтны энэ ордыг 1975 оноос эхэлж ашигласан ч байгаль орчны асуудалтай холбоотойгоор Доминиканы Засгийн газраас үйл ажиллагааг 13 жил царцааж байжээ. Одоо Канадын “Barrick Gold” (60%), АНУ-ын “Newmont” (40%)-ийн хамтарсан “Pueblo Viejo Dominicana” компани нь төслийг хэрэгжүүлдэг. Эдгээр компани “Pueblo Viejo” төсөлд 3.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байгальд ээлтэй технологийг уурхайд нэвтрүүлэхэд 4 жил зарцуулан ордын ашиглалтыг сэргээсэн юм. Уг орд нь 27 сая унц алтны нөөцтэй.         

5.    Грасберг

Далайн түвшнээс дээш 4100 метрт орших Грасберг ордод АНУ-ын “Freeport-McMoRan” компани олборлолт явуулж байна. Төслийн хяналтын багцыг Индонезийн Засгийн газар эзэмшдэг. 2010 онд 3.5 сая унц алт олборлосон нь уурхайн түүхэн дээд амжилтаар тооцогддог. Энэ жилээс 75%-ийг далд уурхайгаар олборлож байгаа бөгөөд 2022 он гэхэд далд уурхай руу бүрэн шилжинэ гэдгийг компани мэдэгджээ. Ордыг ашиглах гэрээний хугацаа 2021 онд дуусч байгаа учир үргэлжлүүлэх асуудлаар тус компани Индонезийн Засгийн газартай хэлэлцэж байна. Грасбергийн бүлэг орд нь 25 сая унц алтнаас гадна зэс, мөнгөний нөөцтэй.        

6.    Кадиа-Ийст

Австралийн алтны хамгийн том энэ ордыг одоо “Newcrest” компани (100%-ийн эзэмшдэг) далд уурхайгаар олборлож байна. Ордын Кадиа-Ийст уурхайгаас өнгөрсөн онд 823 мянган унц алт олборлосон үзүүлэлтээр энэхүү жагсаалтын зургадугаарт эрэмбэлэгджээ. Уурхайн үйлдвэр жилд 20 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. 1994 оноос ил уурхайгаар олборлож эхэлсэн Кадиа орд 36 сая унц алт болон 7.4 сая тонн зэсийн нөөцтэй. Кадиа-Ийст уурхайн тухайд 15.5 сая унц алт, 2.24 сая тонн зэс олборлохоор ТЭЗҮ-д төлөвлөжээ.            

7.    Кибали

Эл ордын уурхайн төслийг Өмнөд Африкийн “AngloGold Ashanti” (45%), Канадын “Barrick Gold”(45%) болон Конго улсын төрийн SOKIMO (10%) эзэмшдэг. 2013 оны есдүгээр сараас  ашиглаж эхэлсэн бөгөөд ил, далд уурхайгаар алт олборлож байна. Уурхайг ашиглах хугацаа 18 жил ажээ. Кибали орд 8.2 сая унц алтны нөөцтэй. 

8.    Кортес

Невада мужийн нутагт орших Кортес (Pipeline, South Pipeline, Cortez Hills) бүлэг ордыг 2019 оны долдугаар сард “Nevada Gold Mines”( “Barrick Gold”,“Newmont” хамтарсан) компани эзэмших болсон юм. 2008 он хүртэл “Кортес” ордыг ашиглах төслийн 60%-ийг Канадын “Barrick Gold”, 40%-ийг Австралийн “Rio Tinto” групп эзэмшиж байжээ. Тухайн ордыг 1969 оноос ашиглаж, олборлолтын явцад бүлэг ордод багтах бусад алтны хүдрийг нээн илрүүлсэн аж. Одоо гол олборлолт 7.8 сая унц алтны нөөцтэй “Pipeline” хэсэгт төвлөрч байна.  

9.    Лихир

Нийслэл Порт Моресби хотоос 700 км зайд орших Лихир алтны орд нь Австралийн “Newcrest” компанийн хоёр дахь том төсөл юм. Тус компани арван нэгэн жилийн өмнөөс уурхайг эзэмших болжээ. 2005 он хүртэл уг төслийг Австралийн “Rio Tinto” группын охин компани эзэмшиж, дараагаар нь “Lihir Gold” компанид шилжсэн байна. 1983 онд нээсэн Лихир ордод 11 сая унц алтны нөөц тогтоожээ.    

10.    Луло-Гункото

Далд уурхай “Loulo” болон ил уурхай “Gounkoto” гэсэн хоёр ордоос бүрддэг байна. Тухайн ордуудын тус бүр 80%-ийг “Barrick Gold” компани эзэмшдэг бол үлдсэн 20% нь Мали улсын Засгийн газрын мэдэлд буй. Ил уурхайн олборлолт 2011 оны нэгдүгээр сард эхэлжээ.      

Э.Од

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • саяхан
    Сүүлийн нэг жилийн хугацаанд КОВИД-19-ийн улмаас нөхцөл байдал амаргүй байсан хэдий ч Австралийн хөрөнгийн бирж дээр уул уурхайн 42 компани IPO хийсэн үзүүлэлтээр бусад биржүүдийг тэргүүлжээ. Тухайлбал, мөн хугацаанд уул уурхайн компаниуд Торонтогийн хөрөнгийн бирж дээр 28, Лондоны бирж дээр 2 удаагийн анхдагч хувьцааны арилжаа хийсэн байна. Тухайн бирж дээр бүртгэлтэй уул уухайн компаниудын 1% нь зэс, 17% нь алтны чиглэлийнх аж. Австрали, Монгол Улсад зэс-алтны төсөл хэрэгжүүлдэг “Kincora Copper” компани IPO-оор босгох зорилтот хөрөнгийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлсэн байна. 
  • 1 цаг 19 минутын өмнө
    Монгол Улсын ашигт малтмалын худалдаанаас алт нь 1-2 тэрбум ам.долларын эргэлттэй салбар болно гэж бодлого тодорхойлогчид олонтаа мэдэгдэх болов. Энэ нь өөдрөг төсөөлөл бус бодит болохыг өнгөрсөн оны алтны худалдааны орлого тод харуулж бараг 2 тэрбум ам.долларт дөхлөө. Гэхдээ амжилтаа хадгалж, цаашдаа энэ хэмжээнд тогтвортой явах эсэх нь улсын алтны сан хөмрөг хэр байхаас шалтгаална. Өөрөөр хэлбэл, шинээр алтны орд нээх, нөөц илрүүлэх, бүрдүүлэх мэтчилэн геологийн судалгаа болоод хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг эрчимжүүлэхээс шууд хамаарна гэсэн үг. Манай улсын нийт алтны нөөц 2000 тонн бөгөөд үүний 1000 нь Оюутолгойн буюу зэсийг дагалдсан алт гэсэн албан бус мэдээлэл байдаг. Тэгвэл УУХҮЯ-ны мэдээлснээр, Оюутолгойн ордыг тооцохгүй нийт бүртгэгдсэн 489.5 тонн алтны нөөцийн 90 орчим хувь нь үндсэн орд, үлдсэн хувьд шороон ордынх аж.
  • 2 цаг 40 минутын өмнө
    Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх тухай "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Ахлах мэргэжилтэн Э.Удвал мэдээлэл өгчээ. Тус хуулийн төслийг Зам тээвэр хөгжлийн яамнаас өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн газарт өргөн барьсан байна. Нийт 11 бүлэг бүхий энэхүү хуулийн төсөл батлагдснаар төмөр замын тээврийн сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүн чингэлэгтэй холбоотой харилцаа болон бусад олон асуудал хуульчлагдах аж. 
  • 3 цаг 2 минутын өмнө
    “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс “Төмөр замын тээврийн аюулгүй-асуудал, шийдэл” онол практикийн бага хурлыг тавдугаар сарын эхээр цахимаар зохион байгуулахаар болжээ. Энэхүү хурлаар төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлууд, үр дүнтэй санал, санаачлагыг дэмжих, сурталчлах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон хууль тогтоомж, төмөр замын тээврийн аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэж байгаа аж. 
  • 22 цаг 42 минутын өмнө
    Энэ сарын 16-17-ны өдрийн байдлаар, Гашуунсухайт боомтоор нийт 201 тээврийн хэрэгсэл  нэвтэрч байгааг УУХҮЯ-наас мэдээлжээ. Ашигт малтмалын экспортын тухайд, нүүрсний 114, зэсийн баяжмалын 64 машин тус тус боомтоор нэвтэрсэн байна. Тээвэр хийж буй жолооч нар өдөрт 5 автобусаар Хятад руу гарч PCR шинжилгээнд хамрагдаж буй аж. КОВИД-19-ийн халдвар Монгол Улсад нэмэгдсэнтэй холбоотойгоор Хятадын талаас ариутгал халдваргүйжилтийг өндөр түвшинд хийх шинэ журам мөрдөгдөж байгаа юм. Шинэ журмаар, тээврийн жолооч нар өдөртөө шинжилгээ өгч, сөрөг гарсан тохиолдолд улсын хилийг давж ачаагаа авч орно.