Оросын Засгийн газраас “Элегест-Кызыл-Курагино”  төмөр замын төслийг 5 жилээр царцаалаа 

2021-04-02 19:29

ОХУ-ын Засгийн газраас “Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн 410 км төмөр замын төслийг 5 жилээр царцаахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, уг төмөр замын төслийн Концессын гэрээг 2026 он хүртэл хойшлуулж байна. Тус улсын Тувагийн нутаг дахь Элегестийн нүүрсний сав газраас Транссибирийн төмөр замтай холбох зорилттой энэхүү төслийг хэрэгжүүлэх асуудал бараг 20 жил яригдаж буй.

Уг төмөр замыг барьж байгуулах хэлэлцээрийг Холбооны төмөр замын тээврийн агентлаг (Росжелдор), “Тувагийн эрчим хүчний корпораци” (2018.04 сар) байгуулсан байдаг. Тодруулбал, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлөн Холбооны төмөр замын тээврийн агентлаг нь тус компанитай төмөр замыг барьж байгуулах 30 жилийн концессын гэрээг үзэглэсэн юм. Үүнээс жилийн дараа (2019.05 сар) талууд төрийн РЖД компанитай гэрээ байгуулснаар төмөр замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр РЖД тодорсон. Ингээд концессын гэрээнд зааснаар, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж захиалагчаар “Росжелдор” болон төслийг хэрэгжүүлэгчээр “Лидер” групп  (47.5%), “Тувагийн эрчим хүчний корпораци” (47.5%), РЖД (5%)-ийн оролцоотой хамтарсан компани байх юм.

“Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн төмөр зам нь Кызыл хотоос Краснояр мужийн Курагино сууринтай холбох, Элегестийн нүүрсний экспортын тээврийг хангах зорилготой. Элегестийн нүүрсний сав газар нь 855.2 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй.

Энэхүү ордыг 20 жилийн хугацаанд ашиглах тусгай зөвшөөрлийг 2013 онд “Тувагийн эрчим хүчний корпораци” авсан байдаг. Тус корпорацийн Ерөнхий захирал Руслан Байсаровын мэдэгдсэнээр, Элегестийн коксжих нүүрсний төслийг хэрэгжүүлэх нийт өртөг ойролцоогоор 360 тэрбум рубль аж. Үүнд ордыг ашиглалтад оруулах, Ванино боомт дахь нүүрсний терминал барих болон “Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн 410 км төмөр зам байгуулах зардал багтсан байна. Зөвхөн төмөр зам барихад 126.6 тэрбум рубль зарцуулахаар 2017 онд тооцож байжээ.

“Тувагийн эрчим хүчний корпораци”-ийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд  “Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн төмөр замыг 5-6 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулж, 2023 он гэхэд Элегестийн ордоос жилд 6 сая тонн коксжих нүүрс олборлох зорилтыг тусгажээ.

Төмөр замын төслийн нийт хөрөнгө оруулалтын 15%-ийг концесс хэрэгжүүлэгчид өөрсдийн хөрөнгөөс, үлдсэн 85%-ийг хамтарсан компани зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөж байсан. Төмөр зам нь жилд 15 сая тонн ачаа тээх хүчин чадалтай.

Эргэн сануулахад, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины захирамжаар энэ төмөр замын төслийг 2011 онд эхлүүлсэн ч санхүүжилтийн асуудлаас үүдэн царцаад байсан ч 2018 оноос дахин сэргээсэн.

Энэхүү төмөр замыг шугамыг үргэлжлүүлэн Монголын нутагт шинээр барихаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д 2018 онд нэмсэн Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замтай холбох асуудал яригддаг.

“Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тянжин” чиглэл нь Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт багтсан төслүүдийн нэг юм.

Э.Од
 

 
 
   
   
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 39 минутын өмнө
    Монгол Улсын ашигт малтмалын худалдаанаас алт нь 1-2 тэрбум ам.долларын эргэлттэй салбар болно гэж бодлого тодорхойлогчид олонтаа мэдэгдэх болов. Энэ нь өөдрөг төсөөлөл бус бодит болохыг өнгөрсөн оны алтны худалдааны орлого тод харуулж бараг 2 тэрбум ам.долларт дөхлөө. Гэхдээ амжилтаа хадгалж, цаашдаа энэ хэмжээнд тогтвортой явах эсэх нь улсын алтны сан хөмрөг хэр байхаас шалтгаална. Өөрөөр хэлбэл, шинээр алтны орд нээх, нөөц илрүүлэх, бүрдүүлэх мэтчилэн геологийн судалгаа болоод хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг эрчимжүүлэхээс шууд хамаарна гэсэн үг. Манай улсын нийт алтны нөөц 2000 тонн бөгөөд үүний 1000 нь Оюутолгойн буюу зэсийг дагалдсан алт гэсэн албан бус мэдээлэл байдаг. Тэгвэл УУХҮЯ-ны мэдээлснээр, Оюутолгойн ордыг тооцохгүй нийт бүртгэгдсэн 489.5 тонн алтны нөөцийн 90 орчим хувь нь үндсэн орд, үлдсэн хувьд шороон ордынх аж.
  • 2 цаг 0 минутын өмнө
    Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх тухай "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Ахлах мэргэжилтэн Э.Удвал мэдээлэл өгчээ. Тус хуулийн төслийг Зам тээвэр хөгжлийн яамнаас өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн газарт өргөн барьсан байна. Нийт 11 бүлэг бүхий энэхүү хуулийн төсөл батлагдснаар төмөр замын тээврийн сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүн чингэлэгтэй холбоотой харилцаа болон бусад олон асуудал хуульчлагдах аж. 
  • 2 цаг 22 минутын өмнө
    “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс “Төмөр замын тээврийн аюулгүй-асуудал, шийдэл” онол практикийн бага хурлыг тавдугаар сарын эхээр цахимаар зохион байгуулахаар болжээ. Энэхүү хурлаар төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлууд, үр дүнтэй санал, санаачлагыг дэмжих, сурталчлах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон хууль тогтоомж, төмөр замын тээврийн аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэж байгаа аж. 
  • 22 цаг 3 минутын өмнө
    Энэ сарын 16-17-ны өдрийн байдлаар, Гашуунсухайт боомтоор нийт 201 тээврийн хэрэгсэл  нэвтэрч байгааг УУХҮЯ-наас мэдээлжээ. Ашигт малтмалын экспортын тухайд, нүүрсний 114, зэсийн баяжмалын 64 машин тус тус боомтоор нэвтэрсэн байна. Тээвэр хийж буй жолооч нар өдөрт 5 автобусаар Хятад руу гарч PCR шинжилгээнд хамрагдаж буй аж. КОВИД-19-ийн халдвар Монгол Улсад нэмэгдсэнтэй холбоотойгоор Хятадын талаас ариутгал халдваргүйжилтийг өндөр түвшинд хийх шинэ журам мөрдөгдөж байгаа юм. Шинэ журмаар, тээврийн жолооч нар өдөртөө шинжилгээ өгч, сөрөг гарсан тохиолдолд улсын хилийг давж ачаагаа авч орно.
  • 22 цаг 57 минутын өмнө
    Хятад улсын “Anshan Iron” болон “Benxi Iron” компаниуд нэгдсэнээр гангийн бас нэгэн томоохон групп бий болж байна. Шинэ групп нь ган үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох магадлалтай. Энэхүү нэгдлийн яриа хэлэлцээр 2000 оноос эхэлжээ. Эдгээр компаниуд нэгдсэн тохиолдолд жилийн гангийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ 52 сая тоннд хүрч Японы “Nippon Steel” компанийнхаас давах аж.