Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний "МОНВАЛ" хороо байгуулагдлаа

2021-04-02 10:44

Монгол Улсын урт ба дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан хөгжлийн тэргүүлэх салбарын нэг нь уул уурхай. Энэ утгаараа ашигт малтмалын орд, уул уурхайн ашиглалтыг олон улсын түвшинд хүргэх, түүхий эдийн борлуулалтын зах зээлийг өргөжүүлэх нь уул уурхайн салбарыг хөгжүүлэх тэргүүлэх зорилго, зорилт юм. Уг зорилтын хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар  ашигт малтмалын нөөцийг үнэлж тайлагнан  уул уурхайн хөрөнгийн үнэлгээг  хийхээр  ажиллаж байна.  

Өөрөөр хэлбэл, олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд уул уурхай, хайгуулын салбарт хөрөнгө оруулалтыг татах, уул уурхайн салбарын бүтээгдэхүүн, түүхий эдийн борлуулалтын үнэ ханшийг олон улсын зах зээлийн түвшинд ойртуулахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний үйл ажиллагаа, үнэлгээ хийх аргачлалыг бий болгох хэрэгцээ шаардлага  бий.  

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар ашигт малтмалын нөөц, уул уурхай, орд газрын үнэлгээг хийдэг болсноор  Монголын уул уурхайн компаниудад итгэх гадаадын хөрөнгө оруулагчдын  итгэл, үнэмшил нэмэгдэнэ. Уул уурхайн салбар дахь  гадаадын хөрөнгө оруулалт ч идэвхжих юм. Түүнчлэн дотоодын  компаниудад  олон улсын хөрөнгийн зах зээлд гарах  нөхцөл бүрдэж байна. Ингэснээр хөрөнгийн зах зээл хөгжих боломж нээгдэнэ.  

Монгол Улсын ашигт малтмалын нөө­цийн үнэлгээ, ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээнд тавигддаг нийтлэг шаардлагыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд шинэчлэх, боловсруулах ажлыг  2011 оноос хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжүүлж  эхэлсэн. 
Эхний үе шатанд, 2014 онд боловсруулсан Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн үнэлгээ, тайлагналын “MRC Code”-ыг Олон улсын нөөц, баялгийг тайлагнах стандартын хороо (CRIRSCO)-нд бүртгүүлэн  нөөцийн тайлагналын олон улсын хэм хэмжээнд нэгджээ. 

Ашигт малтмалын тайлагналын код, стандарт, зааврыг өөрийн улс орноороо дамжуулан дэлхий даяар хөгжүүлэх үүргийг CRIRSCO хороо хэрэгжүүлдэг. Гишүүнээр Австрали-Азийн (JORC), Бразилийн (CBRR), Чилийн (Үндэсний хороо), Канадын (CIM), Европын холбооны  (PERC), ОХУ-ын (NAEN), Өмнөд Африкийн (SAMREC), АНУ-ын (SME), Энэтхэгийн (NACRI), Колумбын (CCRR), Казакстаны  (KAZRC), Монголын (MPIGM), Туркийн (UMREK), Индонезийн (KOMBERS_KCMI) зэрэг байгууллага  нэгдээд  байна. (Эх сурвалж: http://www.crirsco.com/background.asp) 

Тэгвэл  Монгол Улсын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний МОНВАЛ Кодексийг боловсруулсан нь хоёрдугаар үе шатны ажилд багтана.  Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2019 оны 330 тоот тушаалаар МОНВАЛ Кодексыг боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг нь Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Татварын ерөнхий газар, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Монголын үнэт цаасны бирж” ХК, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт, Австрали–Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (AMEP)-ийн төлөөллийн бүрэлдэхүүнээс бүрджээ.

МОНВАЛ Кодекс: олон улсын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний стандартын загварт (IMVAL Загвар) заасан үндсэн зарчим, шаардлагуудад нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, олон улсын хэмжээнд түгээмэл ашиглаж байгаа Австрали-Азийн (the VALMIN Code), Канадын (the CIMVAL Code), Өмнөд Африкийн (the SAMVAL Code), АНУ-ын (the SME Valuation Guidelines) кодексуудын нэг адил IMVAL загвартай нийцтэй байдлаар боловсруулсан байна.

Тэмдэглэн хэлэхэд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллага, олон улсад зөвшөөрөгдсөн үнэлгээний, тайлагналд дараах зарчмын шаардлагыг тавьдаг. Үүнд: 

1. Мэргэжлийн бие даасан байх,
2. Мэргэжлийн хараат бус байх,
3. Мэргэжлийн өндөр ёс зүй, ур чадвартай гишүүдийг 
    эгнээндээ нэгтгэсэн байх,
4. Олон улсад тухайн орноо төлөөлөх чадвар бүхий 
    мэргэжлийн байгууллага байх

   
Монгол Улсын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний МОНВАЛ Кодекст дараах хоёр зарчмыг олон улсад тавигддаг шаардлагын дагуу тусгажээ. Үүнд: 

•    МОНВАЛ Кодексыг хараат бус, бие даасан, мэргэжлийн өндөр ёс зүй, ур чадварыг бий болгох зарчмыг ханган шинэчлэн сайжруулах, олон нийтэд таниулан сурталчлахад чиг үүргийг МОНВАЛ ХОРОО хэрэгжүүлнэ.
•    МОНВАЛ Кодексын хороо нь уул уурхайн болон хөрөнгийн үнэлгээний чиглэлийн мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэнэ. 

МОНВАЛ Кодексын 1.2-т заасны дагуу Олон улсын нөөц, баялгийг тайлагнах стандартын хороо (CRIRSCO)-ны албан ёсны гишүүн Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт (2014), Үнэлгээний олон улсын стандартын консул (IVSC)-ийн албан ёсны гишүүн Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт (1997) мэргэжлийн төрийн бус байгууллагууд хамтран ажиллах санамж бичгийг 2021 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр үзэглэн, Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний МОНВАЛ хороог байгуулсан юм. 
Хорооны анхны хурлаар хорооны бүтэц бүрэлдэхүүн, дүрэм журмыг олон улсын жишгээр боловсруулах, олон нийтэд кодексыг таниулан сурталчлах, олон улсын IMVAL хороонд МОНВАЛ Кодексыг хүлээн зөвшөөрүүлэн бүртгүүлэх ажлыг явуулахаар шийдвэрлэн, үйл ажиллагаагаа эхлээд байна. Тус хорооны даргаар уул уурхайн үнэлгээний чиглэлээр олон улсын эрх бүхий эрдэс баялгийн эдийн засагч, геологич П.Саранчимэгийг, дэд даргаар Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн Гүйцэтгэх захирал, тэргүүлэх үнэлгээчин Б.Энхболдыг тус тус сонгон ажиллаж байна.

МОНВАЛ хорооны үндсэн зорилго нь ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний суурь баримт бичиг болох МонВал Кодексыг баталж, олон улсын холбогдох мэргэжлийн байгууллага IMVAL хорооны гишүүнчлэлтэй болгох замаар МонВал Кодексын олон улсад хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангах явдал юм. Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, санхүүгийн болон хөрөнгийн зах зээл, геологи уул уурхайн салбар, бусад хамаарах салбарууд хоорондын хууль эрх зүйн хэрэгжилт, уялдаа хамаарлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, мөн тухайн салбарууд хоорондын ашигт малтмалын орд газар, хөрөнгийн үнэлгээний асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд тулгамдаж буй саад бэрхшээлийг арилгахад чиглэ­сэн арга хэмжээг авахад орших аж. Цаашид хуулийн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуу­лах хороо, энэ чиглэлийн төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөөд байна. 

Онцлон тэмдэглэхэд, IMVAL хороо нь олон улс орнуудын үндэсний кодуудын уялдаа холбоо, нийцтэй байдалд дэмжлэг үзүүлэн, кодтой холбоотой гарч буй асуудлаар олон улсын хэлэлцүүлэг зохион байгуулан боловсронгуй болгоход анхаарч ажилладаг олон улсын байгууллага юм. IMVAL хорооны гишүүн нь 2021 оны гуравдугаар  сарын байдлаар Австралийн (VALMIN), Канадын (CIMVAL), Өмнөд Африкийн (SAMVAL), АНУ-ын (SME and IIMA) зэрэг оронд багтаж байгаа бөгөөд тэдгээр орны  кодексууд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг юм. 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2021-09-24 14:39
    Хилээр нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна. Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор (2021.09.22) нүүрс тээврийн 345 машин, 23-ны өдөр дээрх боомтоор 315 машин тус тус хил нэвтэрчээ. Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ-аас нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг шуурхай хэрэгжүүлсний үр дүнд 2 сарын хугацаанд Гашуунсухайт дахь чингэлэгт тээврийн терминалыг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулж ашиглалтад оруулсан. 
  • 2021-09-24 12:33
    Дэлхий дахины анхаарлын төвд буй Хятадын үл хөдлөх хөрөнгийн “China Evergrande” групп нь хувьцаа эзэмшигчтэй тохиролцоонд хүрсэн талаар (2021.09.23) мэдэгдсэнээр төмрийн хүдрийн ханш ялимгүй өсөхөд нөлөөллөө. Өчигдрийн байдлаар, Даляны түүхий эдийн бирж дээр тонн тутамдаа төмрийн хүдрийн ханш 120 орчим ам.доллар байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь том компани дампуурах тухай мэдээлэлтэй холбоотой даваа гаригт (2021.09.20) төмрийн хүдрийн ханш 100 ам.доллараас доош орж буурсан юм. Өнгөрсөн тавдугаар сард 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 218.38 ам.доллар хүрч түүхэн дээд амжилт тогтоосон билээ.
  • 2021-09-24 11:55
    Монгол Улсын Үндсэн хууль, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, уул уурхайн салбараас орох орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах” асуудлыг тусгасан.
  • 2021-09-24 11:46
    “Worldsteel”-ийн мэдээллээр, оны эхний найман сард дэлхийн хэмжээнд нэг тэрбум 321 сая тонн ган үйлдвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй (нэг тэрбум 195 сая тонн) харьцуулахад 10.62%-иар нэмэгдсэн байна.  Мөн хугацаанд 733.02 сая тонн (5.28%-ийн өсөлт)ган үйлдвэрлэсэн хэмжээгээр БНХАУ тэргүүлж буй. Тус улс нь дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 55%-ийг бүрдүүлж байна. 
  • 2021-09-24 10:16
    Хятад улс наймдугаар сард 394 мянган тонн зэс импортолсныг тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Хятадын зэсийн импорт 41%-иар буурч, 2019 оноос хойших хамгийн бага үзүүлэлтээр тооцогдож байна. Энэ оны эхний найман сард нийт 3.6 сая тонн зэс хилийн чанадаас худалдан авсан нь 2020 оны мөн үеийнхээс 15.3%-ийн буурсан аж. 2020 оны аравдугаар сард Хятадын зэсийн импорт оргил хэмжээндээ хүрсэн бөгөөд тухайн үеэс тус улсын зэсийн импорт буурч иржээ. Хятад улсын дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж буй нь тодорхой хэмжээгээр зэсийн импорт буурахад нөлөөлж байгаа гэж олон улсын шинжээчид үзэж байна.