"Рио Тинто" Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн шинэ захирлаа зарлалаа

2021-03-29 17:13

Рио Тинто групп Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Х.Амаржаргалыг томилсноо (2021.03.29) зарлалаа. Х.Амаржаргал нь Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа, энэ дундаа Оюутолгойн бүтээн байгуулалтыг дэмжих чиглэлд хувь нийлүүлэгчидтэй хамтран ажиллах, Рио Тинто”-гийн Монгол дахь салбар оффисийг удирдах юм. Мөн Рио Тинто" группийн олон улсын үйл ажиллагаа болон мэдээллийн технологийн төслүүдэд дэмжлэг үзүүлэн ажилладаг Монгол дахь Мэдээлэл, технологийн төвийн үйл ажиллагааг хариуцна.

Сүүлийн 10 гаруй жил Х.Амаржаргал нь Рио Тинто”-гийн Монгол дахь төдийгүй, Лондон дахь төв оффист хайгуулаас эхлээд стратеги, худалдаа, арилжаа, хууль эрх зүйн чиглэлээр удирдах албан тушаал эрхэлж байсан.

Түүний томилгооны талаар “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд “Оюутолгойн дараагийн үе шат бүхий л хувь нийлүүлэгчдэд ашигтай байлгахад анхаарч ажиллах шинэчилсэн багийн нэг хэсэг Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар Х.Амаржаргал ажиллахаар болсонд би хувьдаа баяртай байна. Түүний арвин туршлага, худалдаа, арилжааны талаарх өргөн мэдлэг, манлайллын гойд чадвар нь биднийг урагшлахад чухал ач холбогдолтой” гэв.

Х.Амаржаргал “Манай улсын төдийгүй Рио Тинто”-гийн хувьд тун чухал цаг үед энэ хүндтэй үүрэг ногдож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Монгол хүний хувьд Оюутолгой төслийг нийт Монголчуудад, хувь нийлүүлэгчид, болон хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай байлгахад анхаарч ажилласаар байх болно. Мөн дэлхийн түвшний 100 орчим чадварлаг залуу Монгол мэргэжилтнүүдээс бүрдэх Рио Тинто”-гийн Монгол дахь Мэдээлэл, технологийн төвийг хариуцан ажиллах болсондоо баяртай байна. Энэхүү төв нь мэдээлэл технологийн энэ эринд хурдацтай өргөжиж, дэлхийн олон улсад үйлчилгээ үзүүлэн, Монгол хүн эх орондоо дэлхийн түвшинд үнэлэгдэн ажиллах боломжтой гэдгийг харуулсан хөдөлмөр эрхлэлт, цар тахлын дараах эдийн засаг болон бизнесийн салбарт түүчээлсэн гадаадын хөрөнгө оруулалтын сайн загвар юм” гэж онцоллоо.

Рио Тинто”-гийн Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх "Түүнтэй 10 гаруй жил хамт ажилласны хувьд хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгчид болон нийт монголчуудынхаа үгийг сонсож, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, Оюутолгойг урагшлуулах ажлыг удирдан зохион байгуулах хамгийн тохиромжтой хүн нь Х.Амаржаргал гэдэгт эргэлзэхгүй байна. Рио Тинто”-гийн Монгол дахь ашиг сонирхлыг төлөөлж, Засгийн газар, бизнес эрхлэгчид болон бусад хувь нийлүүлэгчтэй харилцахад Х.Амаржаргал маш чухал үүрэг гүйцэтгэнэ” гэв.

Х.Амаржаргал нь "Рио Тинто"-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ээс ажиллаж эхлэх юм.

Мэргэшсэн хуульч Х.Амаржаргал нь 2008 оноос хойш "Рио Тинто"-гийн Ази тивийг хариуцсан хайгуулын баг, Оюутолгой, Нүүрс болон очир эрдэнийн салбар нэгжүүдэд удирдах албан тушаал эрхэлж байсан. 2010 онд Оюутолгойн Стратеги Хөгжлийн Ерөнхий Зөвлөхөөр томилогдохоосоо өмнө Лондонд Рио Тинто”-гийн Хайгуулын группд Ази бүсийн Бизнес хөгжлийн зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн 2014 оноос Рио Тинто”-гийн Зэс, Очир эрдэнийн группийн Ажлын албаны даргаар томилогдсон. Үүний дараа 2019 оны дөрөвдүгээр сард "Рио Тинто Монгол" ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байгаад ийнхүү шинэ албан тушаалд томилогдож байна. Х.Амаржаргал нь бизнесийн эрх зүй, олон улсын хувийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчаар ажлын гараагаа эхлүүлж, 2002 -2006 онд Цэц хуулийн фирмд өмгөөлөгч, Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Тэрээр Их Британийн Дандигийн Их сургуульд Хуулийн Магистрын зэрэг эзэмшиж, байгалийн нөөцийн бодлого, менежментийн чиглэлээр мэргэшсэн.

Эх сурвалж: Рио Тинто Монгол

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 34 минутын өмнө
    Сүүлийн нэг жилийн хугацаанд КОВИД-19-ийн улмаас нөхцөл байдал амаргүй байсан хэдий ч Австралийн хөрөнгийн бирж дээр уул уурхайн 42 компани IPO хийсэн үзүүлэлтээр бусад биржүүдийг тэргүүлжээ. Тухайлбал, мөн хугацаанд уул уурхайн компаниуд Торонтогийн хөрөнгийн бирж дээр 28, Лондоны бирж дээр 2 удаагийн анхдагч хувьцааны арилжаа хийсэн байна. Тухайн бирж дээр бүртгэлтэй уул уухайн компаниудын 1% нь зэс, 17% нь алтны чиглэлийнх аж. Австрали, Монгол Улсад зэс-алтны төсөл хэрэгжүүлдэг “Kincora Copper” компани IPO-оор босгох зорилтот хөрөнгийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлсэн байна. 
  • 1 цаг 54 минутын өмнө
    Монгол Улсын ашигт малтмалын худалдаанаас алт нь 1-2 тэрбум ам.долларын эргэлттэй салбар болно гэж бодлого тодорхойлогчид олонтаа мэдэгдэх болов. Энэ нь өөдрөг төсөөлөл бус бодит болохыг өнгөрсөн онд алтны салбарын орлого тод харуулж бараг 2 тэрбум ам.долларт дөхлөө. Гэхдээ амжилтаа хадгалж, цаашдаа энэ хэмжээнд тогтвортой явах эсэх нь улсын алтны сан хөмрөг хэр байхаас шалтгаална. Өөрөөр хэлбэл, шинээр алтны орд нээх, нөөц илрүүлэх, бүрдүүлэх мэтчилэн геологийн судалгаа болоод хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг эрчимжүүлэхээс шууд хамаарна гэсэн үг. Манай улсын нийт алтны нөөц 2000 тонн бөгөөд үүний 1000 нь Оюутолгойн буюу зэсийг дагалдсан алт гэсэн албан бус мэдээлэл байдаг. Тэгвэл УУХҮЯ-ны мэдээлснээр, Оюутолгойн ордыг тооцохгүй нийт бүртгэгдсэн 489.5 тонн алтны нөөцийн 90 орчим хувь нь үндсэн орд, үлдсэн хувьд шороон ордынх аж.
  • 3 цаг 14 минутын өмнө
    Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх тухай "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Ахлах мэргэжилтэн Э.Удвал мэдээлэл өгчээ. Тус хуулийн төслийг Зам тээвэр хөгжлийн яамнаас өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн газарт өргөн барьсан байна. Нийт 11 бүлэг бүхий энэхүү хуулийн төсөл батлагдснаар төмөр замын тээврийн сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүн чингэлэгтэй холбоотой харилцаа болон бусад олон асуудал хуульчлагдах аж. 
  • 3 цаг 36 минутын өмнө
    “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс “Төмөр замын тээврийн аюулгүй-асуудал, шийдэл” онол практикийн бага хурлыг тавдугаар сарын эхээр цахимаар зохион байгуулахаар болжээ. Энэхүү хурлаар төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлууд, үр дүнтэй санал, санаачлагыг дэмжих, сурталчлах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон хууль тогтоомж, төмөр замын тээврийн аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэж байгаа аж. 
  • 23 цаг 16 минутын өмнө
    Энэ сарын 16-17-ны өдрийн байдлаар, Гашуунсухайт боомтоор нийт 201 тээврийн хэрэгсэл  нэвтэрч байгааг УУХҮЯ-наас мэдээлжээ. Ашигт малтмалын экспортын тухайд, нүүрсний 114, зэсийн баяжмалын 64 машин тус тус боомтоор нэвтэрсэн байна. Тээвэр хийж буй жолооч нар өдөрт 5 автобусаар Хятад руу гарч PCR шинжилгээнд хамрагдаж буй аж. КОВИД-19-ийн халдвар Монгол Улсад нэмэгдсэнтэй холбоотойгоор Хятадын талаас ариутгал халдваргүйжилтийг өндөр түвшинд хийх шинэ журам мөрдөгдөж байгаа юм. Шинэ журмаар, тээврийн жолооч нар өдөртөө шинжилгээ өгч, сөрөг гарсан тохиолдолд улсын хилийг давж ачаагаа авч орно.