Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Fortescue Metals: 2030 онд хүлэмжийн хийн ялгаруулалтгүй болно

Австралийн төмрийн хүдрийн томоохон тоглогчдын нэг Fortescue Metals Group компани үйл ажиллагаагаа чулуужмал түлшнээс ангид буюу “ногоон горим”-д шилжүүлэх хугацааг 2030 он гэж товлосноо (2021.03.15) зарлалаа. Fortescue Metals” нь хүлэмжийн хийн ялгаруулалтгүй үйл ажиллагаатай болох 2040 оны зорилтоо ийнхүү арван жилээр наашлуулжээ. Харин уул уурхайн бусад томоохон компани болох Рио Тинто, BHP”-ийн тухайд ийм зорилтоо 2050 он, “Англо Американ” 2040 он гэдгээ зарласан юм. Ингэснээр “Fortescue Metals” хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлд салбартаа хамгийн зоримог амлалтыг өгч буй компани боллоо. 

Охин компани Fortescue Future Industries-ийн туршиж хөгжүүлж буй ногоон эрчим хүч, ногоон шийдлээр үйлдвэрлэсэн устөрөгч, аммонийн үйлдвэрлэлээр энэхүү томоохон амлалтыг бодитоор биелүүлэх юм байна.Fortescue Future Industries”-ийн тухайд автосамосволуудыг цахилгаан болгох, түүхий эд тээвэрлэгч хөлөг онгоцнуудыг ногоон аммонийн түлшээр ажилладаг хөдөлгүүртэй болгох, өрмийн машинуудыг ногоон устөрөгчөөр ажиллуулах, галт тэрэгний зүтгүүрүүдийг аммонийн түлшээр ажиллуулах зэрэг шийдлийг туршиж хөгжүүлж байгаа ажээ. Тус компанийн төлөвлөгөөнд мөн ногоон шийдлээр ган үйлдвэрлэх технологи ч багтаж байна. Төмрийн хүдрийн томоохон экспортлогчийн хувьд ган үйлдвэрлэлийг хүлэмжийн хийн ялгаруулалтгүй болгохоор ажиллах нь үндсэн чухал алхам юм. Энэ онд багтаж ногоон шийдлээр ган үйлдвэрлэх туршилтын үйлдвэрээ байгуулахаар төлөвлөжээ. Уг үйлдвэр нь нүүрс шаардахгүйгээр устөрөгч ашиглан ган үйлдвэрлэх технологид суурилах бөгөөд арилжаанд зориулсан технологийн хувилбарыг ойрын жилүүдэд гаргах төлөвтэйг “Fortescue онцоллоо.

Fortescue Metals нь ногоон шилжилт хийх явцдаа чулуужмал түлш хэрэглэгч бус харин ногоон эрчим хүчний экспортлогч болох төлөв харагдаж байна.

Хэрэв ямар нэг арга хэмжээ авахгүй тохиолдолд тус компанийн уурхайнууд жилд нэг сая тонноос илүү хэмжээний дизель түлш хэрэглэхээр байгаа ажээ. Одоогоор компанийн үйлдвэрлэл жилд 2 сая тонн гаруй хүлэмжийн хий ялгаруулдаг байна.

Fortescue Metals”-ын хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах шинэ зорилтын хэмжүүрт компанийн үйл ажиллагаатай холбоотой шууд болон шууд бус ялгаруулалтыг авч үзжээ. Харин компанийн үйлдвэрлэсэн түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авагч тал цаашид боловсруулж, түгээснээс үүдэх хүлэмжийн хийн ялгаруулалт хамаарахгүй гэнэ.  

Эдгээр санаачлагаас гадна тус компани нар, хийн станц, цахилгаан хураагуурын байгууламж бүхий цогц төслийн бүтээн байгуулалтыг “Alinta Energy компанитай хамтран эрхэлж буй юм. Уг төслөөр тус компани Австралийн Пилбара дахь зарим үйл ажиллагаагаа эрчим хүчээр хангахаар төлөвлөж байна.

Б.Төгс