Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюутолгой 2020 онд 1.1 тэрбум долларын орлоготой ажиллажээ

Оюутолгойн 66%-ийг эзэмшдэг "Туркойз Хилл Ресурс" компани 2020 оны үйл ажиллагааны санхүүгийн тайлангаа мэдээллээ.

Цар тахлын хүнд хэцүү жилд уурхайн үйл ажиллагааны бас нэгэн амжилттай жилийг бүтээж чадсаныг тус компанийн ТУЗ-ийн тэргүүн Peter Gillin онцоллоо. Өнгөрсөн онд ерөнхийдөө Оюутолгой уурхайн хувьд зэсийн үйлдвэрлэл төлөвлөгөөний хүрээнд байсан бол алтных төлөвлөгөөг давж биелжээ.

2020 онд Оюутолгой уурхайн борлуулалт 1.08 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн байна. Энэ нь 2019 оныхтой харьцуулахад 7.5%-иар буурсан дүн юм. Үүнд ил уурхайн хүдрийн алтны агуулга буурсан нь голлон нөлөөлжээ. Нийт орлогын 797.3 сая ам.долларыг зэс, 265.7 сая ам.долларыг алт, 15.2 сая долларыг мөнгөнөөс бүрдүүлжээ.

Өнгөрсөн онд тус компани ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 63 сая ам.доллар төлсөн нь 2019 оныхоос 0.9%-иар буурсан байна. Мөн бүтээгдэхүүн борлуулалтын нийт зардал 669.4 сая ам.доллартай тэнцсэн нь 2019 оныхтой харьцуулахад 9.9%-иар буурчээ.

Харин өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд Оюутолгойн ил уурхайн баялаг агуулгатай хэсэгт олборлолт шилжсэн бөгөөд уг хэсэгт олзворлолт 2021 он дуустал үргэлжлэхээр төлөвлөсөн байна.

Өнгөрсөн онд үйл ажиллагааны зардал 747.9 сая ам.доллараар хэмжигдсэн нь 2019 оныхоос 3.4%-иар буурчээ. Үүнд олборлолт, боловсруулалтын зардал буурсан болоод цар тахлын үеийн хэмнэлтийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь нөлөөлсөн байна. 

Тэгвэл 2020 онд далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.02 тэрбум ам.доллар  буюу төлөвлөсөн хэмжээнд байв. Ингэснээр 2016 оны нэгдүгээр сараас хойших хугацаанд далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулсан мөнгөн дүн нийтдээ 4.5 тэрбум ам.долларт хүрчээ. 2020 оны эцэст, тус компани нийт 1.1 тэрбум ам.долларын бэлэн мөнгөний нөөцтэй байсан нь уурхайн үйл ажиллагааг 2022 оны гуравдугаар улирал хүртэл хэвийн авч явахад хангалттай ажээ. Цаашид төслийн бүтээн байгуулалтад нэмж 2.3 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тооцоолжээ. Гэхдээ шаардлагатай нэмэлт хөрөнгийн хэмжээ нь өрийн бүтцийг шинэчлэх, шинэ зээл авах, бонд босгох зэрэг ажлууд хэрэгжих эсэхээс шалтгаалж буурах юм.

Далд уурхайн олборлолтыг явуулахад хамгийн чухал үүрэгтэй байгууламж болох “Босоо ам 2-ыг (Үйлдвэрлэлийн ам) ашиглалтад оруулснаас хойш газрын гүнээс нийт 1 сая тонн гаруй материал тээвэрлэсэн байна. Далд уурхайн хөндлөн нэвтрэлтийн хэмжээ үндсэндээ 53 мянган эквивалент метрт хүрчээ.

Далд уурхайн нэгдүгээр давхрын Панел 0 хэсгийн олборлолтыг эхлүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн ажлуудыг бүрэн хийж дууссаныг тайланд онцолсон байна.

Оюутолгой уурхайн шинэчилсэн ТЭЗҮ-ийг Монгол тал батлах ажил үргэлжилж байгааг мэдээнд тэмдэглэжээ.

Өнгөрсөн оны хэмжээнд Оюутолгой уурхайн үйлдвэрлэсэн баяжмал дахь цэвэр металын агууламж 181.9 мянган унц алт, 149.6 мянган тонн зэс байв. 2020 онд нийт 40.2 сая тонн хүдрийг баяжуулах үйлдвэрт боловсруулжээ.

Нэн шаардлагатай гадаадын ажиллах хүчнийг өнгөрсөн дөрөвдүгээр улиралд уурхайн талбайд авчирснаар Босоо ам 4 буюу агааржуулалтын хойд амны дэд бүтцийн ажлыг гүйцэтгэж, тус амны нэвтрэлтийн ажлыг хоёрдугаар сард эхлүүлээд байна.

Оюутолгой уурхайгаас энэ онд 160-180 мянган тонн зэс, 500-550 мянган унц алт олборлохоор төлөвлөсөн байна. Алтны гарц мэдэгдэхүйц өсч буй нь ил уурхайн хүдрийн агуулга баялаг хэсэг буюу 4B үе шатны доод хэсэг рүү орсонтой холбоотой ажээ.

2021 онд үйл ажиллагааны зардал 800-850 сая ам.долларт хэлбэлзэх төлөвтэй байна. Ил уурхайн тоног төхөөрөмжид нийт 110-140 сая ам.доллар, далд уурхайн бүтээн байгуулалтад нийт 1.1-1.2 тэрбум ам.доллар тус тус зарцуулахаар тооцжээ.

Оюутолгойн далд уурхайн нэгдүгээр давхрын хамгийн эхний үед олборлох “Панел 0” хэсгийн зураг төсөл бүрэн дууссан бол дараагийн үе шатад олборлох “Панел 1, 2”-ын зураг төслийн ажлын судалгаа өрнөж байна.

2020 оны дүнгээр, “Оюутолгой” ХХК-ийн “Туркойз Хилл Ресурс”-д төлөх ёстой өр төлбөрийн хэмжээ 7.3 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнд 1.7 тэрбум ам.долларын хуримтлагдсан хүүгийн зардал багтсан. Уг зээлийн хүү нь жилийн LIBOR дээр нэмэх 6.5%-иар тооцогддог. Харин “Эрдэнэс Оюутолгой” компанид хамаарах өр төлбөрийн хэмжээ 1.4 тэрбум ам.доллар болон 0.8 тэрбум долларын хуримтлагдсан хүү байгаа тухай тайланд мэдээлжээ.

Сүүлд эцэслэн боловсруулсан судалгаагаар, далд уурхайн бүтээн байгуулалт 6.75 тэрбум ам.долларын нийт төсөвт өртөгтэй байх бөгөөд 2022 оны аравдугаар сард тогтвортой олборлолт эхлэхээр байна. Далд уурхайн агуйлах ажлыг (undercut) ирэх зургадугаар эхлүүлэхээр төлөвлөөд байгаа ч үүнээс өмнө холбогдох судалгаа, зөвшөөрлүүдийг батлуулах ажил үлдээд буй.

Туркойз Хилл-ын албан мэдээнд “Оюутолгой” ХХК-ийн 2016-2018 оны татвар төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын хийсэн хяналт шалгалтаар ногдуулсан 228 сая ам.долларын (649 тэрбум төгрөг) акт тавьсан тухай өгүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор тавьсан актын хүрээнд ногдуулсан төлбөрийг Татварын ерөнхий хуулийн 43.3 зүйлд заасны дагуу нэхэмжлэх хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан  “Оюутолгой” ХХК-иас барагдуулсан байна. Хэрэв маргаан шийдвэрлэх холбогдох байгууллагуудаас нааштай шийдвэр гарах аваас уг төлбөрийг буцаан авах боломжтойг тайлбарлажээ. Компанийн зүгээс төслийн гэрээнүүд болон Монгол Улсын холбогдох хууль, журмын дагуу шаардлагатай бүх татвар, хураамжаа төлсөн гэсэн байр суурьтай байгаагаа тэмдэглэжээ. Одоогоор татварын маргаантай холбоотой асуудлыг арбитрийн шүүх дээр хянаж байгаа юм.

Оюутолгой уурхайг цахилгаанаар хангах Тавантолгой цахилгаан станц байгуулах төслийг Засгийн газар хэрэгжүүлэх болсон билээ. Засгийн газар хоёрдугаар сарын 25-нд “Оюутолгой” ХХК болон “Рио Тинто”-д станцын төслийг хэрэгжүүлэхээ илэрхийлсэн ч, станц байгуулахтай холбогдох ажлуудын гэрээний хугацааг сунгах талаар мэдэгджээ. Учир нь Монголын тал эрчим хүч Хятадаас импортлох гэрээг гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд сунгах байсан ч уг ажил хараахан эцэслээгүй байгаа ажээ. Засгийн газрын мэдэгдэлд Монголын тал болон Оюутолгой ХХК-ийн шаардлагад нийцүүлэн эрчим хүч импортын гэрээг сунгах ажил үргэлжилж буйг дурдсан байна. Хуваарь ёсоор бол гуравдугаар сард багтаж талууд эрчим хүч худалдан авалтын гэрээг үзэглэж, долдугаар сараас өмнө станцын барилгын ажлыг эхлүүлэх ёстой юм. 

 

Б.Төгс