Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөлд санал авч эхэлжээ 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас анх удаа боловсруулсан “Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар (2019.05.29) баталсан юм. Хөтөлбөрийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн нөхцөл байдлын дагуу судалгаа хийж, үндсэндээ хоёр жилийн хугацаанд хоёр төрлийн судалгааг мэргэжлийн баг гүйцэтгэсэн юм.  Өөрөөр хэлбэл, 2018 онд хийсэн судалгаагаар, яамны судалгааны баг хүнд аж үйлдвэр бүхий 70 гаруй үйлдвэрүүдтэй биечлэн танилцаж  63 үйлдвэрийг судалгааны  бүртгэлдээ хамруулсан байдаг. 2019-2023 он хүртэл буюу 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх уг хөтөлбөрт Нүүрс гүн боловсруулах химийн үйлдвэр, Металлургийн цогцолбор, Машин механизмын үйлдвэрлэл, Газрын  тос боловсруулах үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр зэрэг уул уурхайн салбарт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэд хэдэн төслийг багтаасан юм. 

Уг хөтөлбөр болон Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг зэрэгтэй уялдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг боловсруулан  салбарын мэргэжилтнүүдээс санал, зөвлөмж авч эхэлжээ. 

Энэхүү хуулийн зорилт нь хүнд үйлдвэрийн эрх зүйн үндсийг тодорхойлж, хүнд үйлдвэрийг дэмжин хөгжүүлэхтэй холбоотой  харилцааг зохицуулахад чиглэж байгаа аж. Гэхдээ газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбоотой асуудлыг Газрын тосны бүтээгдэхүүний тухай  хуулиар зохицуулахыг төсөлд мөн онцгойлон  тусгажээ. Хуулийн төслийн 4.1.3-т “Хүнд үйлдвэр” гэж байгалийн эрдэс баялгийн гаралтай түүхий эд, материал, хаягдлыг боловсруулж бүтээгдэхүүн,  эд анги,  хөдөлмөрийн зэмсэг эсвэл дараагийн шатны үйлдвэрлэлийн материалд хувиргадаг шинжлэх ухаан, технологийн багтаамж бүхий үйлдвэрийг хэлнэ” гэж тодорхойлсон байна.   Мөн хуулийн төсөлд “Хүнд үйлдвэрийн тухай” нийтлэл үндэслэл,  “Хүнд үйлдвэр, түүнийг хөгжүүлэх зорилго, зарчим, хүнд үйлдвэрлэл эрхлэх”, “Хүнд үйлдвэрийг дэмжих төрийн бодлого”, “Хүнд үйлдвэрийн талаарх төрийн байгууллагын бүрэн эрх, хүнд үйлдвэр эрхлэгчдийн эрх үүрэг” “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа”, “Бусад” гэсэн таван бүлэгт хуваасан байна. 

Хүнд үйлдвэрийн тухай хуультай болсноор уул уурхайн салбарт хэрэгжих томоохон төслүүдийн эрх зүйн харилцааг  зохицуулахад нэг шат ахиж, олон асуудлыг шийдвэрлэнэ хэмээн хуулийн төслийг боловсруулагчид үзэж байна. 

Г.Идэр