Засгийн газар уул уурхайн бодлогоо хэрэгжүүлье гэвэл...

2021-02-25 13:36

Г.Идэрхангай

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд уул уурхайн салбарт баримтлах бодлогоо  үйл ажиллагааны хөтөлбөртөө үндсэндээ тусгасан. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын  баримт бичигт нийцүүлж гаргасан уг хөтөлбөрийг ердөө зургаан сарын настай,  дээр нь КОВИД-19 цар тахлын  эсрэг бодитой ажиллаж чадаагүй гэсэн олон нийтийн эсэргүүцлийн улмаас огцорсон У.Хүрэлсүхийн танхимын ажлуудыг  дүгнэхэд мэдээж эрт байна. Гэхдээ  аль төсөл нь магад бодитой хэрэгжих  аль нь хэрэгжих  боломжгүйг одооноос хэлж ярьж, тооцоо судалгааг танилцуулж байхад буруудахгүй. 

2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулахдаа Засгийн газар цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулж,  зэрэгцүүлэн том төслүүдээ хөдөлгөх бодлогыг  хөтөлбөрийн  эхэнд суулгаж өгсөн. Газрын тос боловсруулах үйлдвэр, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, Тавантолгой-Зүүнбаян болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам гээд томоохон төслүүд цар тахлын хүнд үед зогсолтгүй урагшилсаар байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарын бодлого олборлон баяжуулахаас эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр рүү чиглэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ ирэх дөрвөн жилд бүрэн гүйцэд хэрэгжих боломжгүй төсөл бол шуудхандаа Зэс хайлуулах үйлдвэр юм. Тиймээс энэ төслийг модуль хэлбэрээр  эхний ээлжийг бага, дунд хүчин чадлаар байгуулан ашиглалтад оруулж, дараа  нь өргөтгөлөөр  хүчин чадлыг нэмэгдүүлж  байж л үр дүнд хүрнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Одоогоор цэвэр зэсийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийг бүрэн хийж, заримынх  нь зураг төсөл бэлэн болжээ. Гэтэл хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны зохицуулалт дутмаг байдлаас болоод “гацсан” байдалтай байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн Үйлдвэрлэл, технологийн парк байгуулна, бүрэлдэхүүнд нь Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор Катодын зэсийн үйлдвэр байгуулна гэж Засгийн мөрийн хөтөлбөрт бий. Энэ бол хэрэгжих боломжтой төсөл. Учир нь ийм төрлийн үйлдвэр байгуулсан туршлагатай “Эрдмин”, “Ачит Ихт” гээд олон жил ажиллаж байгаа үйлдвэрүүд хажууд нь байна. Засгийн газар эдгээр төслийг яаралтай хэрэгжүүлэхээр зорьж байгаа энэ тохиолдолд   “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.1., 7.1.2., 8.1.1.-ийн  заалтуудыг маш тодорхой анхаарч гүйцэд хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгж байж бодлого амьдралын хөрсөн дээр бодитой бууна.  
 
Хөтөлбөрт “Зүүн Цагаан дэлийн жоншны далд уурхайг ашиглалтад оруулна” гэжээ. “Монголросцветмет” ТӨҮГ-ын эзэмшилд байдаг энэ ордыг  ашиглах судалгааг геологи-уул уурхайн инженерүүд олон жил хийсэн. Хэрэгжүүлж болно гэж  судалж тогтоосон эрдэмтэд хэлдэг ч  олборлолтын технологийн сонголт, хөрөнгө оруулалт татах асуудал одоо хэр шийдэгдээгүй. Жоншны ашиглалттай холбоотой  зорилт, төлөвлөгөө хөтөлбөрт үүнээс өөр байхгүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр эхлүүлсэн Жоншны салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг ойрын хугацаанд баталж хэрэгжүүлэх юм бол  энэ салбарын тулгамдсан асуудал шийдэгдэнэ. Одоо ажиллаж байгаа жоншны үйлдвэрүүдийн хүчин чадлыг бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг бодлогоор нэмэгдүүлэх, жоншны хүдэр, баяжмалыг хадгалах, тээвэрлэх нэгдсэн терминал бий болгох, Жоншны бирж байгуулах гээд ажлуудаа яаравчилмаар байгаа юм. Өмнөх дөрвөн жилд Засгийн газар, холбогдох яам бужигнасаар    энэ салбарт юу ч хийж амжаагүй, урсгалаараа явсаар өнгөрсөн. Анхаарах ёстой өөр чухал асуудал бол коксжих болон экспортын эрчим хүчний нүүрсийг, өөрөөр хэлбэл өндөр чанарын нүүрсийг бага чанар, илчлэгтэй нүүрстэй хольж, экспортлох “Нэг цонх”-ны бодлого чухал. Учир нь, Тавантолгой болон бусад ордоос БНХАУ-ын стандартад нийцсэн нүүрс экспортолно гээд нойтон, хуурай баяжуулалт хэрэглэх, аль эсвэл сайн чанартай нүүрсний давхаргаас сорчилж ашигласаар  баахан чанаргүй нүүрсний овоолгууд үүсч, зарим хэсэг нь өгөршиж хаягдаж  байна. Ер нь бол коксжих нүүрсний ордуудад нэлээд хэмжээний бага коксждог нүүрсний овоолго, давхаргууд хаягдаж байгааг судалж ашиглах шаардлагатай. Энэ нь Ашигт малтмалын тухай болон Газрын хэвлийн тухай хуульд   “орд газрыг сорчилж ашиглаж болохгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчиж буй. Засгийн газар нүүрсний салбарт чиглэсэн бодлогоо дорвитой хэрэгжүүлье гэвэл үүнд онцгой анхаарах ёстой юм.

Мэргэжлийн тодотголтой У.Хүрэлсүхийн Засгийн газрын  уул уурхайн салбарт хийсэн ажлуудаас нүүрсний экспортыг тогтворжуулсан “Ногоон гарц”-ыг нэрлэх хэрэгтэй. Ерөнхийдөө КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэх бодлогын чиглэлээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бөгөөд нүүрсний экспортыг хэвийн болгосон нь эдийн засгийн гол тулгуур болж байна. Гэхдээ мэдээж ар араасаа анхаарах асуудлууд гарсаар байна. Өнгөрсөн оны эцсээр баталсан Хармагтайн ордын 54 тонн алт бол таамаг төдий нөөц. 

Өөрөөр хэлбэл  2014 оны  Ашигт малтмалын ангиллаар  эдийн засгийн үр ашигтай  нөөц бус геологийн нөөцөөр баталдаг болсон нь бодит үр ашиггүй, хийсвэр нөөц батлах үндэслэл болсон.   Хэрэв Засгийн газрын хөтөлбөрүүдийг сайн хэрэгжүүлье гэвэл уул уурхайн компаниудад дарамт шахалт болдог янз бүрийн үл ойлгогдох журам, дүрэм, хуулийн заалтуудыг цэгцлэх ёстой. Эрдэс баялгийн салбарын томоохон төслүүд хөрөнгө оруулалт их шаарддаг. Тэр хэрээрээ эрсдэл өндөртэй. Тэгвэл эрсдэлийг бууруулахын тулд урьдчилсан судалгаа, шинжилгээний ажлуудыг үе шаттай хийж байж хөтөлбөрүүд биелнэ. Уул уурхайн салбараа сайн мэддэггүй, мэргэжлийн бус удирдлага, хөрөнгө оруулалтын яаруу шийдлээс үүдэлтэй үр дагавар дан хохирлоор төгсдөг гэдгийг өнгөрсөн цаг хугацаа хангалттай батална. Үе шаттай туршилт, судалгааны ажлыг өндөр хариуцлагатай гүйцэтгэдэг, ядахдаа тухайн ордын шинж чанарт тохирсон технологийн систем боловсруулах, түүнд нь тохирсон тоног төхөөрөмжийн сонголт, тооцоо хийж чаддаг байх гээд цэвэр туршлага, мэдлэгтэй хүмүүс л Засгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадна. Тиймээс өндөр технологийн, эрэлт ихтэй газрын ховор элемент, үнэт металын эрэл хайгуулыг эрчимжүүлж, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг тэргүүн ээлжинд дэмжиж, хөрөнгө “хаях” шаардлагатай. Ийм үг өгүүлбэр хөтөлбөрт бий. Гэхдээ яаж хэрэгжүүлэх нь ойлгомжгүй байна.  
Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтыг эрчимжүүлж нөөцийг өсгөнө гэсэн зорилт хөтөлбөрт бас тусгасан. Энэ зорилтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлье гэвэл зөвхөн Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр (БХГ) хязгаарлалгүй  хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хөрөнгө оруулалт, концесс,  хамтарсан компани (joint venture), төрийн өмчит үндэсний компани (national oil company) байгуулж ажиллуулах гээд бүх боломжийг ашиглаж болно. Хамгийн гол нь үндэсний мэргэжилтнүүдийг газрын тосны хайгуул-олборлолтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох эрх зүйг  бүрдүүлэх хэрэгтэй. Газрын тосны үйлдвэрийн төслийн ажил төлөвлөсөн ёсоор  өрнөж байна. Гэхдээ үйлдвэрлэлийн барилга байгууламжийг Энэтхэг улсын  Засгийн газрын зээлийн хөрөнгөд багтаан байгуулах, газрын тос дамжуулах хоолойн  байгууламжийн хөрөнгө оруулалтыг технологийн сонголттой уялдуулан эцэслэн тогтоох, үйлдвэрийн технологийн сонголтыг үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрөлтэй нягт уялдуулах, үйлдвэрийг түүхий эдээр урт хугацаанд тогтвортой хангаж байж энэ том үйлдвэр урт настай ажиллана гэдгийг салбарын мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

Цаашид экспортын орлогоо нэмэгдүүлэх боломжууд бий. Нүүрсний чиглэлээр  “Нэг цонх”-ны бодлого  хэрэгжүүлж, биржээ цаг алдалгүй байгуулах хэрэгтэй. Уурхайнуудын олборлож байгаа нүүрсний чанар, агуулга янз бүр. Өндөр агуулга, чанартайг нь өндөр, бага агуулгатайг нь дундаж үнээр зарж борлуулах  тогтолцоог бий болговол үр дүнгээ өгнө. Төрийн өмчит компаниудын эрдсийн бүтээгдэхүүний борлуулалтыг ил тод, экспортын гэрээ хэлцлийг тендерийн зарчмаар хийдэг болсон цагт Засгийн дэвшүүлсэн хөтөлбөрүүд илүү “амьдрах” чадвартай болно. Нүүрсний экспортоос гадна “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой”-н үйлдвэрүүдийн   зэсийн баяжмалыг нээлттэй тендерээр зарлаж борлуулах олон улсын туршлага нэн чухал   гэдгийг тодотгоё. Учир нь эдгээр компанийн зэсийн баяжмалын худалдаа хаалттай явагддаг учраас экспортын орлого буурч, төрийн албан хаагчдын авлигыг өөгшүүлж байна.

Геологийн салбарт ахицтай зүйлүүд мэдээж бий. Олон улсын жишгийн дагуу Үндэсний геологийн алба, Үндэсний геомэдээллийн сан байгуулна гэсэн. Үндэсний геологийн албыг байгуулж удирдлагатай болгож амжлаа, геологичид ч үүнд ихээхэн баяртай байна. Гэхдээ хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа ойрын 2-3 жилд дуусах учраас мөдхөн энэ талаар ярих нь утгагүй болох вий гэсэн эмзэглэл салбарынханд бий. Ямартаа ч хайгуулын тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны зарчмаар олгоод үзье гэж салбарын яам зорьж байгаа нь сайн хэрэг. Монгол орны геологийн зураглал, ерөнхий эрэл, агаарын геофизик, геохими, гидрогеологи, геоэкологийн судалгааны ажлыг нэмэгдүүлэх замаар уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг дэмжээд үр дүнд хүрвэл “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын эхний шатны нэгдүгээр зорилт хангагдах нь тэр. Юутай ч Монголын нутаг дэвсгэр геологийн 1:200000 масштабын зураглалаар бүрэн хамрагдсан. 1:50000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг нийт нутаг дэвсгэрийн 40%-д хүргэжээ. Гэхдээ энэ бол ерөнхий судалгааны л мэдээлэл. Түүнээс биш үүгээр том орд газрыг тогтооно гэвэл мэдээж боломжгүй. Цаашид энэ чиглэлээр хайгуул судалгаа үргэлжлүүлье гэхэд улсаас санхүүжүүлдэг хөрөнгө дутагдалтай.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн уул уурхайн зохицуулалттай холбоотой хэсэгт Үндэсний баялгийн санг ирэх дөрвөн жилд багтаан байгуулахаар тусгажээ. Эрдэс баялгийн салбарын орлогыг иргэдэд тэгш хүртээх зориулалттай сангууд байгуулж, ажиллуулах нь тийм ч шинэ асуудал биш. Өмнөх Засгийн газрууд иймэрхүү олон төрлийн сан байгуулж үзсэн. Гол нь төрөөс хараат бус, төвлөрүүлсэн хөрөнгийг зөв зохистой зарцуулдаг, удирдлагын бүтэц, механизмыг бий болгох ажил дутагдсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайгаас олох үр шимийг Баялгийн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх тогтолцоог бүрдүүлнэ гэж бий. Хамгийн оновчтой алхам гэвэл Үндэсний баялгийн сангийн тухай шинэ хуулийн төсөл боловсруулж цагаа үрэхийн оронд одоогийн Ирээдүйн өв сангийн тухай хуулийг сайжруулан хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэдгийг The Mongolian  Mining Journal өмнөх дугаарууддаа тодорхой өгүүлсэн. Нөгөөтэйгүүр “Эрдэнэс Монгол” нэгдэлд төрийн өмчит компаниудын хувьцааг эзэмшүүлэн менежмент хийж байгаа одоогийн туршлага тийм ч үр дүнтэй болж чадахгүй байна. 

Үр дүнгүй байсаар байвал хөтөлбөрт туссан төслүүд яаж хэрэгжих билээ.


Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт  Үнэт метал цэвэршүүлэх үйлдвэрийг 2023 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар туссан байна. Гэхдээ өнөөдөр үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг шийдсэнээс хойш 12 сарын дотор бүрэн ашиглалтад орох ёстой боловч цар тахлын улмаас хөрөнгө оруулалтын асуудал тодорхойгүй хугацаагаар сунжрах хандлагатай болжээ. Жилдээ 75 тонн үнэт метал цэвэршүүлэх уг үйлдвэр Салхитын мөнгөний орд ашиглалтад орсноор 25-30 тонн мөнгө цэвэршүүлэх боломж бүрдэх юм. “Эрдэнэс Силвер Ресурс” компани юутай ч өөрийн менежментээр 100% санхүүжүүлэн шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулахаар зорьж байна. Шинэ үйлдвэр одоо ажиллаж байгаа үйлдвэрээсээ хоёр дахин илүү буюу жилд 600 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Ашиглалтад орсон тохиолдолд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт хэрэгжих боломжтой болно. Цагаансуваргын зэс, молибдений ордыг ашиглалтад оруулна гэж үйл ажиллагааны хөтөлбөрт мөн бий. Олон жил яригдаж байгаа энэ төсөл 2024 оноос наана амжиж үйлдвэрлэлээ явуулах уу? Коронавирусын улмаас бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж 50%-ийн гүйцэтгэлтэй явааг компанийн удирдлагууд хэлж байна. Хэрэв хөрөнгө оруулагч компаниуд орж ирвэл хоёр жилийн хугацаанд Цагаансуваргаас зэсийн баяжмал гаргаад эхлэх бололтой. Асгатын мөнгөний ордыг олон Засгийн газар ашиглах тухай яриа хэлэлцээ хийж, том  бодлого зорилтууддаа дэвшүүлж ирсэн ч “бардаггүй” байлаа. Одоогийн Засгийн газар ч  халшралгүй  “шүүрч” авсан ч ашиглалтад оруулна гэдэг  амаргүй ажил болохыг эрх мэдлээ тэлсэн энэ дөрвөн жилийн хугацаанд ойлгох байх. Хэдийгээр ордыг ашиглахаар бэлтгэж  байгаа ч аль орны ямар хөрөнгө оруулагчидтай ашиглалт явуулах талаар мэдээлэл бүрхэг байна. Юутай ч тус ордод 600 сая ам.долларын хөрөнгө оруулах санал АНУ-аас  ирсэн гэдэг.  Оны өмнөхөн УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороо Асгатын мөнгөний ордыг хэрхэн ашиглах талаар хэлэлцүүлэг хийсэн ч  олигтой мэдээлэл солилцож чадаагүй. Шинэчилсэн ТЭЗҮ-ээр  хөрөнгө оруулалт  123.8 сая ам.доллар, өгөөж  өгөх хугацаа 11 жил гэсэн тооцоо судалгаа гарчээ. Гэхдээ ТЭЗҮ шинэчлэх үйл явц үргэлжилж, өмнө нь хийсэн ТЭЗҮ-ийг өнөөгийн үнэ цэнд хөрвүүлсэн тоо учраас шууд баттай, ноттой гэж үзэх арай эрт байна. Гол нь баяжуулалтын технологийн асуудлаа нэн түрүүнд шийдэх учиртай. Уурхайн хам баяжмалыг Оросын төмөрлөгийн үйлдвэрүүдээс өөр худалдаж авах газар байхгүй. Энэ чиглэлээр Оросуудтай ярьж тохирсон зүйл одоогоор сонсогдохгүй байна.   

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Оюутолгойн төслийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж далд уурхайг ашиглалтад оруулна гэж туссан. Гэвч “Рио Тинто” компанитай хэлэлцээ хийж байсан Засгийн газар огцорлоо. Огцрохын өмнө уг хэлэлцээг удирдаж байсан Ажлын хэсгийн дэд дарга нь  Монгол Улс 2051 он хүртэл Оюутолгойгоос ногдол ашиг авахгүй, 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ гэж багагүй дуулиан тарьж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Оюутолгойтой холбоотой асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх шаардлагыг Засгийн газарт хүргүүллээ. Гэвч  шинэ Засгийн газар бүрдэж  уг асуудлыг хэлэлцэхээр болж байна. Дубайд зурагдсан  Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөг хүчингүй болгох эсэхээс уг асуудлын хувь заяа шийдэгдэхээр болж байна.

Хөтөлбөрт туссан бусад зорилтууд, тухайлбал  Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд өргөтгөл хийж, олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж, өртөг  зардлыг  нь  бууруулах, Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах  ажлууд бол толгой компани “Эрдэнэс Монгол”-ын менежментээс их хамаарна. Гэхдээ эдгээр зорилт 2024 ондоо бүрэн хэрэгжиж амжих эсэх нь одоогоор бүрэн тодорхой биш байна. 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 1 цаг 1 минутын өмнө
    Монгол Улсын ашигт малтмалын худалдаанаас алт нь 1-2 тэрбум ам.долларын эргэлттэй салбар болно гэж бодлого тодорхойлогчид олонтаа мэдэгдэх болов. Энэ нь өөдрөг төсөөлөл бус бодит болохыг өнгөрсөн оны алтны худалдааны орлого тод харуулж бараг 2 тэрбум ам.долларт дөхлөө. Гэхдээ амжилтаа хадгалж, цаашдаа энэ хэмжээнд тогтвортой явах эсэх нь улсын алтны сан хөмрөг хэр байхаас шалтгаална. Өөрөөр хэлбэл, шинээр алтны орд нээх, нөөц илрүүлэх, бүрдүүлэх мэтчилэн геологийн судалгаа болоод хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг эрчимжүүлэхээс шууд хамаарна гэсэн үг. Манай улсын нийт алтны нөөц 2000 тонн бөгөөд үүний 1000 нь Оюутолгойн буюу зэсийг дагалдсан алт гэсэн албан бус мэдээлэл байдаг. Тэгвэл УУХҮЯ-ны мэдээлснээр, Оюутолгойн ордыг тооцохгүй нийт бүртгэгдсэн 489.5 тонн алтны нөөцийн 90 орчим хувь нь үндсэн орд, үлдсэн хувьд шороон ордынх аж.
  • 2 цаг 22 минутын өмнө
    Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх тухай "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Ахлах мэргэжилтэн Э.Удвал мэдээлэл өгчээ. Тус хуулийн төслийг Зам тээвэр хөгжлийн яамнаас өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн газарт өргөн барьсан байна. Нийт 11 бүлэг бүхий энэхүү хуулийн төсөл батлагдснаар төмөр замын тээврийн сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүн чингэлэгтэй холбоотой харилцаа болон бусад олон асуудал хуульчлагдах аж. 
  • 2 цаг 44 минутын өмнө
    “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс “Төмөр замын тээврийн аюулгүй-асуудал, шийдэл” онол практикийн бага хурлыг тавдугаар сарын эхээр цахимаар зохион байгуулахаар болжээ. Энэхүү хурлаар төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлууд, үр дүнтэй санал, санаачлагыг дэмжих, сурталчлах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон хууль тогтоомж, төмөр замын тээврийн аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэж байгаа аж. 
  • 22 цаг 24 минутын өмнө
    Энэ сарын 16-17-ны өдрийн байдлаар, Гашуунсухайт боомтоор нийт 201 тээврийн хэрэгсэл  нэвтэрч байгааг УУХҮЯ-наас мэдээлжээ. Ашигт малтмалын экспортын тухайд, нүүрсний 114, зэсийн баяжмалын 64 машин тус тус боомтоор нэвтэрсэн байна. Тээвэр хийж буй жолооч нар өдөрт 5 автобусаар Хятад руу гарч PCR шинжилгээнд хамрагдаж буй аж. КОВИД-19-ийн халдвар Монгол Улсад нэмэгдсэнтэй холбоотойгоор Хятадын талаас ариутгал халдваргүйжилтийг өндөр түвшинд хийх шинэ журам мөрдөгдөж байгаа юм. Шинэ журмаар, тээврийн жолооч нар өдөртөө шинжилгээ өгч, сөрөг гарсан тохиолдолд улсын хилийг давж ачаагаа авч орно.
  • 23 цаг 19 минутын өмнө
    Хятад улсын “Anshan Iron” болон “Benxi Iron” компаниуд нэгдсэнээр гангийн бас нэгэн томоохон групп бий болж байна. Шинэ групп нь ган үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох магадлалтай. Энэхүү нэгдлийн яриа хэлэлцээр 2000 оноос эхэлжээ. Эдгээр компаниуд нэгдсэн тохиолдолд жилийн гангийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ 52 сая тоннд хүрч Японы “Nippon Steel” компанийнхаас давах аж.