Юанийн өсөлтийн дарамт

2021-02-17 11:13

Л.Номинцэцэг

2020 оны зургадугаар сараас эхлэн БНХАУ –ын эдийн засаг сэргэхтэй зэрэгцэн тус улсын валют бэхжсээр 1 ам.доллартай 6.5 юань тэнцэв. Энэ тухай Хятадын гадаад валют худалдааны газраас (2020.12.14) өдөр мэдээлсэн юм.

Юанийн ханш америк долларын эсрэг найман сар тасралтгүй өсч байна. Энэ нь 2014 оноос хойших хамгийн удаан хугацаанд юанийн ханш “чангарсан” тохиолдол боллоо.

Харин манай улсад 2020 оны эхний улиралд ам.долларын эсрэг төгрөг 4.2% суларсан юм. Улмаар ам.долларын ханш тогтворжиж, төгрөгийн өгөөж нэмэгдэж эхэлсэн. Гэтэл нөгөө талд 1 юань 440 төгрөгтэй тэнцэж өсчээ.

2008 оны арванхоёрдугаар  сард 172 төгрөг байсан юанийн ханш 5 сарын дараа 232 төгрөг болтлоо өссөн удаатай. Ийм хэмжээний өсөлт өнөөг хүртэл ажиглагдаж байсангүй. Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөг нь олон улсын зах зээл дээр чөлөөтэй арилжаалагддаггүй учир ам.доллараар юань худалдан авдаг. Тиймээс юанийн ханшид нэгт, ам.доллартай харьцах төгрөгийн ханш, хоёрт, ам.долларын юаньтай харьцах ханш нөлөөтэй. Ингэж юаньтай харьцах төгрөгийн ханш тогтдог.

Гэтэл ам.доллартай харьцах төгрөгийн ханш тогтвортой үед юаньтай харьцах төгрөгийн ханш өсч буйд валют арилжааны шинжээч дараах тайлбарыг өгч байна.

АМ .ДОЛЛАРЫН ЭСРЭГ ЮАНИЙН ХАНШ ЧАНГАРЧ БАЙГАА ТУЛ ЮАНИЙН ХАНШ ТӨГРӨГИЙН ЭСРЭГ ӨСЧ БАЙНА

“Голомт капитал” ҮЦК-ийн шинжээч Э.Мишээл

 “2020 оны тавдугаар сард нэг ам.доллар  7.2 юаньтай тэнцэж байсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл юань 10% орчим чангарч нэг ам.доллар 6.4 юаньтай тэнцэж байна. Энэхүү юанийн чангарлын нэг шалтгаан нь КОВИД -19-ийн нөлөөгөөр АНУ -ын Засгийн газар болон тус улсын Төв банкнаас эдийн засгаа сэргээх, иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор олгосон санхүүжилтийн дүн их өндөр байна. Жишээлбэл, 2.3 их наяд ам.долларын төсөв (2020.12.22) баталсан.

Үүнд иргэн бүрд 600 ам.доллар олгох, аж ахуйн нэгжүүдийг дэмжих санхүүжилт багтаж байгаа юм. Эдийн засагт ам.доллар их хэмжээгээр нийлүүлж, мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж буй. Нийлүүлэлтийн хуулиараа эрэлт ихэсч ам.долларын ханш суларч байна. Юанийн өсөлтийн дараагийн шалтгаан нь зургадугаар сараас Хятадад КОВИД -19-ийн нөлөө буурч эхэлсэн. 

Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд нь шинжээчдийн таамгаас сайн гарсан. Ингэснээр Хятадын Засгийн газрын бондуудад хөрөнгө оруулах сонирхол ихэсч байна. Уг бондууд нь юаниар хэмжигдэх тул хөрөнгө оруулагчдын дунд юанийн эрэлт нэмэгдэх болсон. Хятад ч мөн цар тахлын үед эдийн засгаа дэмжих ажлууд хийж байгаа. Банк санхүүгийн системээрээ дамжуулан эдийн засгаа сэргээх, ханшаа сулруулахгүй байх тал дээр анхаарсан. Нийлүүлж байгаа мөнгөний хэмжээ ч харьцангуй бага байна” гэв. 

Манай урд хөрш бол дэлхий  даяар импорт хийдэг, үйлдвэрлэгч орон. Юанийн ханшийн өсөлт нь экспортын хэмжээг бууруулдаг гэж Хятад улс үздэг. Тиймээс ам.долларын эсрэг юанийн ханшийг бууруулан экспортоо нэмэгдүүлж, импортын үнээ өсгөх замаар дотоодын хэрэглээгээ дэмждэг. 2020 оны нэгдүгээр сард БН ХАУ болон АНУ-ын хооронд “худалдааны дайн”-ы эхний шатны гэрээнд газрын үсэг зурсан.

Ингэснээр дотоодын мөнгөн тэмдэгтийн ханшид зориудаар нөлөөлөхгүй гэсэн амлалтыг БН ХАУ хүлээсэн билээ. Харин АНУ -ын Сангийн яам “валютын манипулятор” гэх жагсаалтаас Хятад улсыг хасах шийдвэр гаргасан юм. Уг хэлэлцээрийн үр дүнд Хятад улс 2022 он хүртэл 200 тэрбум ам.доллар бүхий америк бараа худалдан авахаар болсон.

Тэгэхээр ам.доллартай харьцах юанийн ханш чангарснаар ам.доллараар худалдан авах юанийн хэмжээ багасах юм. Сүүлийн жилүүдэд ам.доллартай харьцах юанийн ханш хэрхэн суларч, чангарсныг доорх графикаас харж болно. Манай улсын импортын хэрэглээний 40 гаруй хувь нь Хятадаас хамааралтай. Юанийн эсрэг төгрөгийн ханш суларч 2020 оны нэгдүгээр сард 392 төгрөг байсан бол өдгөө 440 төгрөг давсан тул иргэн бүрийн халаасанд нөлөөлөх нь дамжиггүй. Юань өссөнөөр БНХАУ-аас худалдах авах бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, тоног төхөөрөмж, сэлбэгийн үнэ, тээврийн зардалд ч нөлөөлнө. Урд хөршөөс өргөн хэрэглээний барааны урсгал татраад байгаа ч Монгол Улс хилээ нээх цаг тийм ч хол биш. Тэр үед ханшийн өсөлт бодитоор мэдрэгдэнэ.
Жишээлбэл, жилийн өмнө 50 юанийн үнэтэй жинсэн өмд 19.600 төгрөг байсан бол хил нээгдэх үед 22.000 төгрөгөөр худалдан авна.

Дэлхийн хамгийн түгээмэл валюттай харьцах юанийн ханш өсч байна. Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монголбанк, Хятадын Ардын банктай 15 тэрбум юань буюу 6 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ байгуулсан юм. Хэлцлийг шинэчлэхдээ (2020.07.31) дахин гурван жилийн хугацаатай сунгасан. Ингэснээр гэрээний хугацаа 2023 онд дуусах юм. 

Тухайн своп хэлцлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг юаниар төлөх учиртай. Тэр хэмжээний юанийн нөөц байхгүй тохиолдолд ам.доллараар юань худалдан авна. Тиймээс ам.долларын эсрэг юаний ханш чангарах нь өрийн хэмжээг нэмэгдүүлнэ. Юанийн ханш өсөхийн хэрээр өрийн төлбөрт зарцуулах ам.долларын хэмжээ ихэснэ гэсэн үг. “Goldman Sachs” банкны шинжээчид Хятадын эдийн засагт хийсэн хамгийн сүүлийн дүн шинжилгээндээ 2021 оны сүүл хүртэл “ам.долларын эсрэг юанийн ханш 6.3 болтлоо чангарна” гэж таамаглаж буйгаа тэмдэглэжээ.

Харин 2021 онд ам.доллартай харьцах төгрөгийн ханш өсөхгүй байх төсөөлөл байна. Валютын эрэлтийг хангаж чадахуйц нийлүүлэлтийг хийх боломж бүрдсэн гэдгийг “Голомт капитал” ҮЦК-ийн шинжээч Э.Мишээл онцолж байна. Тэрээр “Монголбанкны гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.доллар хүрсэн. Валютын нөөц нь үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлын гол суурь үзүүлэлт болдог. Ам.долларын ханш тогтвортой байх бас нэг үзүүлэлт нь эрэлт, нийлүүлэлт юм. Эрэлт талаас харахад цар тахлаас шалтгаалж хил хаасан учраас импортын хэмжээ буурсан. Ингэснээр ханшид үзүүлэх дарамт буурна. Мөн эрэлт нь 2021 онд огцом өсөхгүй. Нийлүүлэлт талаасаа экспортын голлох бүтээгдэхүүн болох алт, зэсийн үнэ таатай байгаа учраас энэ онд экспортын орлого сайн дүр зурагтай байна. Нийлүүлэлт нь эрэлтээ хангах бүрэн боломжтой гэж харж байна. 2021 онд төлөх ёстой байсан “Мазаалай” бондын 500 сая ам.долларыг “Номад” бондоор дахин санхүүжүүлсэн тул томоохон өр төлбөрийн дарамт байхгүй. Манай улс саарал жагсаалтаас гарснаар олон улсын зах зээлд нэр хүнд сайжирч байна. Энэ жил ам.доллар төгрөгийн эсрэг харьцах ханшийн гол суурь үзүүлэлтүүдийг авч үзвэл тогтвортой байх төсөөлөлтэй” гэлээ.

2020 он алтны үнэ өсч экспорт нэмэгдсэн  жил байв. Хөрөнгийнхөө үнэ цэнийг хадгалахыг эрэлхийлэгчид алт худалдан авах үзэгдэл нэмэгджээ. Зөвхөн хөрөнгө оруулагчид бус
улс орнууд ам.доллартай харьцах үндэсний мөнгөн тэмдэгтээ хамгаалахаар оролдож байна. Тухайлбал, ОХУ-ын гадаад валютын нөөцийн бүтцэд анх удаа алтны хувь хэмжээ ам.долларыг давсан байна. Тус улсын Төв банкны тайлангаар нийт нөөцийн 23%-ийг алт (128.5 тэрбум ам.доллартай тэнцэнэ) бүрдүүлж еврогийн дараа оржээ. Харин 124.6 тэрбум ам.доллар нь нийт нөөцийн 22% болж буурсан байна.

БН ХАУ -ын эдийн засаг 2020 онд хүлээлтээс илүү эерэг гарсан бөгөөд ам.доллартай харьцах юанийн ханшийг үргэлжлүүлэн өсгөх хандлагатай гэж шинжээчид үзэж байгаа. Энэ алхмыг хийх болсон гол шалтгаан нь ам.долларын ханшийн уналт юм. Тиймээс манай улс ч мөн төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлага үүсч байна.
 

Сэтгэгдэл (1)

  • ganzorig (2.68.71.2)
    USD CNH going down 2022
    2021 оны 06 сарын 14 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 15 цаг 25 минутын өмнө
    Амралт, аяллын улиралтай холбоотойгоор Оросын дотоодын хэрэглэгчдийн эрэлт нэмэгдэж буйн улмаас тус улсын зах зээл дээр шатахууны үнэ өсч дээд үзүүлэлтэд (2021.07.22)хүрсэн юм. Тухайлбал, АИ-95 шатахуун тонн тутамдаа 60029 рубль хүрч өнгөрсөн оны долдугаар сарын 20-ноос хойших хамгийн өндөр үнэ болжээ. Мөн АИ-92 шатахууны үнэ таван өдөр дараалан өсч 57597 рубльтэй тэнцсэн аж. Хэрэв долдугаар сарыг дуустал шатахууны үнэ өндөр хэвээр байх юм бол нефтийн бүтээгдэхүүний зарим төрлийн экспортыг тур хугацаагаар хязгаарлах арга хэмжээ авахаар ОХУ-ын Эрчим хүчний яамнаас төлөвлөжээ. 
  • Уржигдар 13 цаг 23 минутад
    Засгийн газрын ээлжит (2021.07.28) хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцжээ. Тухайлбал, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг нээж байнгын үйл ажиллагаанд оруулах тухай тогтоолыг баталсан байна. Тус боомтоор өдөрт 110 машин Хятад улсын хилээр нэвтэрч байгаагаас 10 машин нь нүүрс тээврийнх аж. Сангийн яамны мэдээллээр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наяд” цогц төлөвлөгөөний хэрэгжилт 32%-тай бөгөөд 10 мянган ажлын байрыг хадгалжээ.
  • Уржигдар 11 цаг 25 минутад
    БНХАУ-ад айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй (2021.07.28)Тяньжин хотноо албан ёсны хэлэлцээ хийлээ.Хэлэлцээрийн үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятад улсын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцов. Улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх нь бүх салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг хэмээн санал нэгдэж, Монгол, Хятад улсын Төрийн тэргүүн, парламентын удирдлага, Засгийн газрын тэргүүн нар утсаар ярьж хоёр улсын харилцааг хөгжүүлэх олон чухал тохиролцоонд хүрснийг тэмдэглэв. 
  • 2021-07-27 17:09
    Монгол Улсын Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 7-ны өдрийн 203 дугаар тогтоолоор  эрх олгосны дагуу өнөөдөр  Ашигт малтмал  газрын тосны газраас “Тэлмэн ресурс” ХК-тай  Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах “Гурвантэс XXXV” талбайн нүүрсний давхаргын метан хийн Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгууллаа.
  • 2021-07-27 14:38
    Энэ онд 42 сая тонн нүүрс экспортлох  зорилт нь 28 сая тонн болж буурахаар байгааг Сангийн сайд Б. Жавхлан учирлав. Нүүрсний экспортын биет хэмжээ буурснаар   төсөвт нүүрсний салбарын   орлого 368 тэрбум төгрөгөөр тасалдах тооцоог   ч Сангийн яам   гаргажээ. 2021 оны төсөвт нүүрсний салбараас нийтдээ 1.34 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тусгасан нь ийнхүү буурч болзошгүй боллоо.  Цар тахлын   тархалт манай улсад  нэмэгдэж байгаа тул Хятадын талаас хилийн хяналтаа чангатгах, цаашлаад хаах хүртэл арга хэмжээг хэд хэдэн удаа авч хэрэгжүүлээд байгаа юм. Хамгийн сүүлд нүүрсний гол гарц болсон Гашуунсухайт-Ганцмод боомтоор   (06.24-07.04) нүүрсний машины нэвтрэлтийг бүрэн зогсоолоо.