Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оросын нүүрсний хамгийн том олборлогч “А Проперти” компани болов

Коксжих нүүрсний 2.2 тэрбум тоннын нөөцтэй Элга ордыг эзэмшдэг “А Проперти” компани 1 тэрбум ам.доллараар “Сибантрацит” компанийг худалдан авчээ. Ингэснээр “А Проперти” нь Оросын нүүрс олборлогч хамгийн том компани боллоо.

“Сибантрацит”-ийн тухайд, өндөр чанарын (UHG марк) антрацит нүүрсний олборлолт, экспортын үйл ажиллагаа явуулдаг. 2019 оны үзүүлэлтээр тус компани 23.7 сая тонн нүүрс олборложээ. Өнгөрсөн оны тавдугаар сард компанийн эзэн Дмитрий Босов амиа хорлосон бөгөөд ийнхүү компанийг худалдах асуудал яригдах болсон юм.

“А Проперти” нь 2020 онд Элга ордын 51%, мөн Огоджины нүүрсний орд болон Приморийн хязгаар дахь Вера боомтын 50%-ийг тус тус худалдан авсан. Огоджины нүүрсний ордыг ашиглах төслийг Оросын төрийн “Ростех”, Хятадын “Шенхуа” групп хамтран хэрэгжүүлдэг. Орос, Хятадын хилд ойр орших энэхүү орд нь 1.6 тэрбум тонн эрчим хүчний нүүрсний нөөцтэй.    

Тус компанийн бүтэц бүрэлдэхүүнд багтах “Эльгауголь” нь Элга ордын төслийг хэрэгжүүлж байгаа юм. 2023 он гэхэд тухайн ордын коксжих нүүрсний олборлолтыг 45 сая тоннд хүргэх, Баяжуулах үйлдвэр шинээр байгуулах, Улак өртөөтэй холбосон төмөр замын хүчин чадлыг 30 сая тонн хүртэл нэмэгдүүлэх, Ванино боомт дахь нүүрсний терминалыг өргөтгөх ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр ажилд нийт 130 тэрбум рублийн хөрөнгө оруулахаар тооцжээ.

Э.Од