Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Рио Тинто”-ийн зэсийн асуудлыг Б.Болд захирал хариуцна

Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн гэрээг хэлэлцэж, өөрчлөхөөр ажиллаж буй энэ үед тус компани захирлуудын шинэ бүтцээ танилцууллаа. Тодруулбал, “Рио Тинто”-ийн Эрчим хүч, эрдсийн асуудал хариуцсан захирал Б.Болд Зэсийн группын Гүйцэтгэх захирлаар томилогджээ. Өмнө нь уг албан тушаалд Арнауд Суарат ажиллаж байсан бол ийнхүү Монгол хүн уг ажлыг хариуцахаар болж байна. Харин Арнауд Суарат нь “Рио Тинто” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлын албанд очихоор болжээ.  

Оюутолгойг хэлэлцэж буй эгзэгтэй үед “Рио Тинто”-ийн өмнөх Гүйцэтгэх захирал төдийгүй зэсийн салбар, Оюутолгойг сайтар ойлгодог Жан Себастьян Жак асуудлыг талуудад ашигтайгаар шийдвэрлэх тохиромжтой ажилтан байсан. Гэвч Австралийн Пилбара дахь нутгийн уугуул иргэдийн Жуукан Горжийн агуйг уурхайн өргөтгөлийн үеэр дэлбэлснээс болж тэрбээр огцрохоос өөр аргагүйд хүрсэн. Улмаар түүний оронд Якоб Стаусхолмыг томилоод байсан юм. Тэрбээр Австралийн уугуул иргэд болон компани хоорондын харилцааг сайжруулах том даалгавартай. Үүний зэрэгцээ Оюутолгойн хэлэлцээрийг амжилттай хийх үүрэг хүлээж байна. Харин шинэ Гүйцэтгэх захиралд “бараа болгох” үүднээс Б.Болд захирлыг томилсон байж болох юм. Учир нь Засгийн газартай яриа хэлэлцээрт ороход Б.Болд захирлын мэдлэг, чадвар маш сайн дэмжлэг болж чадна.

Б.Болд захирал 2013 оны тавдугаар сараас “Рио Тинто” компанид Зэс, олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд 2016 оноос Эрчим хүч, эрдсийн асуудлыг хариуцсан захирлаар ажиллаж ирсэн  юм. Тэрбээр “Рио Тинто” компанид ажиллахаасаа өмнө олон улсын “JP Morgan” банк, Монгол дахь алтны компани “Алтан Дорнод Монгол”-ын захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай билээ.

“Рио Тинто” компанийн хувьд дөрвөн эрдсийн группээ хадгалж үлдэхээр болж байна. Үүнд Хөнгөн цагаан, Төмрийн хүдэр, Зэс, Эрдсийн групп зэрэг багтана. Харин очир эрдэнийн асуудлыг Эрдсийн группт харьяалуулахаар болжээ. Өмнө нь очир эрдэнийн үйл ажиллагаа Зэс, очир эрдэнийн группт хамаарч байсан юм.

Үүнээс гадна тус компанийн гол орлого бүрдүүлэгч Төмрийн хүдрийн группийн Гүйцэтгэх захирлаар Саймон Тротт, Хөнгөн цагааны группийн Гүйцэтгэх захирлаар Айвен Велла, Эрдсийн группийн захирлаар Синайд Кауфман нарыг тус тус томилжээ. Эдгээрээс гадна “Рио Тинто”-ийн бусад чиглэлд шинэ захирлуудыг томилж буй бөгөөд шинэ захирлууд гуравдугаар сарын 1-нээс албан тушаалдаа орж ажиллана.

-Петер Каннингэм, Санхүү эрхэлсэн захирлын үүрэг гүйцэтгэгч

-Марк Дэвис, Аюулгүй ажиллагаа, техник, төслүүд хариуцсан захирал

-Барбара Лэви, Хууль, гадаад харилцааны асуудал хариуцсан захирал

-Жэймс Мартин, Хүний нөөцийн асуудал хариуцсан захирал

-Кэлли Паркер, Австрали дахь үйл ажиллагаа хариуцсан захирал

-Арнауд Суарат, Группийн үйл ажиллагаа хариуцсан захирал

-Петер тот, Стратеги, хөгжлийн асуудал хариуцсан захирал

“Рио Тинто” компанийн шинэ захирлуудын томилгоо нь компанийн үр ашигтай ажиллагааг нэмэгдүүлээд зогсохгүй итгэлцлийг бэхжүүлэх, байгаль орчин, нийгэм эдийн засгийн хариуцлагатай ажиллагааг сайжруулахад түлхэц болох зорилготойг тус компани онцолжээ.

 

Б.Төгс