“Хос эргэлт”-д тулгуурласан Хятадын  стратеги

2021-01-27 12:06

 

Б.Төгсбилэгт

Урд хөрш хөгжлийн чиглэлээ шинэчлэн тогтоож байна. Өнгөрсөн тавдугаар сард Хятадын дарга Си Жинпин “хос эргэлт” бүхий эдийн засгийн хөгжлийн стратегийг танилцуулсан юм. Энэхүү стратеги нь Хятадын XIV таван жилийн төлөвлөгөөний гол хэсэг байх нь одоо нэгэнт тодорхой боллоо. 

Монголын эрдэс түүхий эдийг, тэр дундаа нүүрс, зэс, төмрийн хүдэр, цайр, газрын тосыг бараг бүхэлд нь худалдаж авдаг, худалдааны гол түнш орон нь урд хөрш. Иймд тус улсын XIV таван жил буюу 2021-2025 оны нийгэм, эдийн засгийн зорилтуудыг багтаасан төлөвлөгөө  нь  монголчууд бидний хувьд ихээхэн чухал. Эндээс улбаалан бид цаашид юуг анхаарах шаардлагатай вэ гэсэн асуулт тавигдах нь зүй. 

Хятадын XIV таван жилийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө болон 2035 оныг хүртэлх хэтийн зорилтыг  Хятадын Коммунист намын V бүгд хурлаар хэлэлцэн (2020.10.26-29) баталлаа.   
2020 онд дэлхий нийтэд цар тахал дэгдсэнээр Хятадын эсрэг хандлага хөгжингүй улс орнуудын дунд улам бүр нэмэгджээ. Гэсэн ч цар тахалд Хятадын эдийн засаг хамгийн өндөр дархлаатай байна. Энэ  нь  дэлхийн эдийн засаг, геополитикийн тавцанд Хятад улам бүр хүчирхэг болсоны илрэл юм.

Тодруулбал  Хятад улс нь 2020 оныг эдийн засгийн сэргэлтээр өндөрлүүлж буй цорын ганц улсаар нэрлэгдэх нь   тодорхой байна. Энэ онд тус улсын эдийн засаг 2%-иар өсөх дүр зурагтай байгаа юм.   1976 оноос хойших хамгийн доогуур өсөлт тохионо гэсэн үг. Цар тахлын эсрэг вакцинжуулалтын ачаар  2021 онд дэлхийн эдийн засгийн сэргэлт биеллээ олсноор Хятадын эдийн засаг  8.4%  өсөх   таамгийг Ройтерс дэвшүүлжээ. Цаашид урт хугацаанд Хятадын эдийн засгийн өсөлт жилд дунджаар 5%, 2031-2035 онд жилийн өсөлт 4%-иас доош орох төлөвтэй байна. Энэ маягаараа 2035 он гэхэд тус улсын эдийн засаг одоогийнхоос хоёр дахин тэлэх төсөөлөлтэй байгаа юм. Тус улсын дарга Си Жинпин эдийн засгаа хоёр дахин тэлэх зорилт биелэх бүрэн боломжтойг тодотгожээ. 

Цар тахлын нөлөө, аль эсвэл Америктай худалдааны дайн өрнүүлэх үү ялгаагүй  аль ч нөхцөлд Хятад тогтвортой байдлаа хадгалахаар бодлогоо шинэ зүгт хандуулав. Хос эргэлтэт (dual circulation) эдийн засгийн бодлого гэж тус улс тайлбарлаж буй. Дотоод болон гадаад зах зээлийн эргэлт бүхий эдийн засгийн хөгжлийн бодлого гэж хэлж болно. Тодруулбал  цаашид Хятад улс   дотоодын хэрэглээнд шүтсэн өсөлтөд голлохын хамт  гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй,  экспортыг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ гэж тайлбарлаж болно. Одоогийн байдлаар тус улсын хэрэглээний зах зээл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 38.8%-ийг бүрдүүлж байна. Уг үзүүлэлт нь АНУ-ын 66%-тай   харьцуулахад  маш бага дүн юм. Иймд Хятад улсын дотоодын хэрэглээнд дулдуйдсан өсөлт бодит биеллээ олоход харьцангуй хол байна. Гэхдээ ирэх арван жилийн хугацаанд  дотоодын хэрэглээ  ойролцоогоор 8-9 их наяд ам.доллараар өсч  2030 он гэхэд 17 их наяд ам.доллартай тэнцэх тооцооллыг UBS банк дэвшүүлжээ. Энэ нь Хятадын дотоод хэрэглээ одоогийнхоос бараг хоёр дахин өснө гэсэн үг. Хятадын Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард экспортлогч компаниудаа дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах зааварчилгааг гаргасан. Гэвч экспортын бүтээгдэхүүнийг дотоод зах зээлд нэвтрүүлэхэд нэлээд амаргүй байгаа ажээ. 

Хос эргэлт бүхий эдийн засгийн хөгжлийн бодлого хэрхэн хэрэгжих нь XIV таван жилийн төлөвлөгөө эцэслэн танилцуулах үед  ирэх гуравдугаар сард тодорхой болно. Тус улс цаашид технологийн салбарт түлхүү хөрөнгө оруулж, инновациар дэлхийд тэргүүлэх хүсэл зорилгоо илэрхийлж байна. Дэлхийд инновациар АНУ, Сингапур, Япон зэрэг орон  тэргүүлдэг. 

 
Хятадын   судалгаа, хөгжүүлэлтийн зардал ДНБ-д эзлэх хувиар OECD/ЭЗХАХБ-ын орнуудын дундаж үзүүлэлтээс бага  хэдий ч энэ чиглэлд хийж буй нийт хөрөнгө оруулалт нь асар их дүнгээр илэрхийлэгдэнэ. Хятадын инновацийн түвшин одоохондоо тэргүүлэх байр сууринд очиход хол хэдий ч   судалгаа, хөгжүүлэлтэд жилд 440 тэрбум ам.долларыг зарцуулж буй нь гагцхүү АНУ-ын ард орох үзүүлэлт юм. Энэ хөрөнгө оруулалтаас үзэхэд Хятад улсын инновацийн түвшин хурдацтай ахих дүр зураг харагдана. 
Гэхдээ үүнд нэг томоохон эрсдэл байгаа нь Хятадын технологийн салбарын хөрөнгө оруулалт   Засгийн газраас нь ихээхэн хамааралтай.  Тиймээс үр ашиггүй, үр дүнгүй байх магадлал өндөр гэж шүүмжлэх шинжээчид бий. 

Хятадын “эзэнгүй” шахуу шинэ хотуудын тухай та дуулсан байх. Энэ нь үр ашиггүй хөрөнгө оруулалтын бодит жишээ. Гэхдээ тус улсын хөрөнгө оруулалт заримдаа цагаа олсон байх нь бий. Жишээ дурдахад тус улсын цахилгаан машин үйлдвэрлэлийн NIO компани (NYSE: NIO) дэлхийд   дөрөвдүгээрт орох зах зээлийн үнэлгээтэй компани болон өргөжжээ. Ердөө жилийн өмнө тус компани дампуурлын ирмэг дээр байв. Төрийн өмчийн хөрөнгө оруулагчдаас     683 сая ам.долларын хөрөнгө оруулсан нь компани хөл дээрээ зогсох дэмжлэг болсон хэрэг. Одоо тус компанийн урд Тесла, Тоёота, Волксваген зэрэг цөөн компани л эгнэх ажээ. NIO компанийн цахилгаан машин нь Тесла-гийн томоохон өрсөлдөгч болох нь дамжиггүй. 2021  оноос Европ, улмаар АНУ-ын зах зээлд нэвтрэхээр төлөвлөжээ. 

Тодорхой зүйл гэвэл бид бүгд хүнд аж үйлдвэр бүхий Хятадыг мэдэхээс биш, дижиталчлал, инновациар тэргүүлэх Хятадын талаар төсөөлөөгүй явсан нь саяхных. Тэгвэл тус улсын дүр төрх өөрчлөгдөн хувьсаж байна. Дижиталчлагдах үйл явц Хятадын XIII таван жилийн төлөвлөгөөний хугацаанд эх сууриа тавьж,   XIV таван жилийн төлөвлөгөөнд улам бүр батжих нь гарцаагүй. 
Тухайлбал Хятад улс нь цахимжилт өндөр түвшинд хүрснээ арваннэгдүгээр сард дуулгасан. Энэ нь ганцхан цахим арилжааг нэмэгдүүлэхээр хязгаарлагдахгүй 5G, хиймэл оюун ухаан болон бусад салбарыг хамарч байгаа юм. 2019 онд  Хятадын цахим эдийн засгийн хэмжээ 36 их наяд юаниар (~5.5 их наяд ам.доллар) хэмжигдсэн нь нийт эдийн засгийн 36%-тай тэнцжээ. Ийнхүү цахимжилт тус улсад улам бүр хурдацтай явагдаж байна. McKinsey-ийн тооцооллоор Хятадын  цахим арилжааны дүн нь АНУ, Франц, Герман, Япон, Их Британи зэрэг орныхыг нийлүүлснээс ч өндөр гэж тайлбарлажээ. 

Цаашид тус улс хиймэл оюун ухаан, квантын мэдээлэл, интеграл схем, чип, эрүүл мэндийн салбар, мэдрэл судлал, биотехнологи, шинэ түлшээр ажилладаг машин, сансрын технологи зэрэгт чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр байна. 

Хятад  дан ганц дижиталчлал, технологийн салбарт хөрөнгө оруулаад зогсохгүй байгаль орчныг хамгаалах чиглэлд хүчтэй бодлого барьж ажиллах нь ирэх таван жилийн төлөвлөгөөний онцлог тал юм. 
Уур амьсгалын өөрчлөлттэй  тэмцэх   асуудал анх удаа XIX таван жилийн төлөвлөгөөнд  багтжээ. Тус улсын хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ 2030 он гэхэд оргилдоо хүрэх төлөвтэй байна. Үүнээс хойш аажмаар буурч улмаар 2060 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралгүй орон болох зорилт дэвшүүлсэн. 

Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаар хамгийн томд тооцогдох Хятадын зоримог мэдэгдэл нь хэрхэн ажил хэрэг болохыг улс орнууд анхааралтай ажиглаж байна. Гэхдээ тус улс  нүүрсний эрчим хүчнээс үлэмж хэмжээгээр хараат байдлаа цаашид хэрхэн бууруулах талаар нарийн төлөвлөгөө олны хүртээл болоогүй байгаа юм. 
Зарим шинжээчийн тайлбарласнаар   Хятад улс  өнгөрсөн онд  нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 58% нь нүүрснээс эх үүсвэртэй байсан. Уг үзүүлэлт 2025 он гэхэд 50%-иас доош хэмжээнд очих шаардлагатай. Үүн дээр нэмээд нүүрсхүчлийн хийг ангилан хадгалах CCS технологийг нүүрсний станцуудад нэмж байгуулахаас өөр аргагүй ажээ. Цаашид Хятад улсын   хүлэмжийн ялгарал багатай хувилбарууд болох цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, байгалийн хий, устөрөгчийн түлшний эрэлт нэмэгдэх хандлагатай байна. 

BNEF байгууллагын тооцооллоор тус улс 2060 он хүртэл нүүрсхүчлийн хийн ялгаралгүй болох “ногоон” шилжилтийг хийхэд үндсэндээ 3.3-7.9 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ажээ. 
Хятад нь нүүрсний станцын хүчин чадлыг 1100ГВт-аас хэтрүүлэхгүй байх зорилтыг XIII таван жилийн төлөвлөгөөндөө дэвшүүлсэн нь ирэх таван жилд хэвээр хадгалагдах уу, аль эсвэл нэмэгдэх үү гэдэг нь сонирхол татна. 

Тус улсын бодлогын өөрчлөлт, ялангуяа дижиталчлал, ногоон шилжилтийн нөлөөгөөр ирэх таван жилд Хятадын түүхий эдийн эрэлтэд өөрчлөлт гарах нь дамжиггүй. Үүнд байгалийн хий хамгийн том давуу талыг хүртэнэ гэдгийг шинжээчид баталж байна. Тус улсын эрчим хүчний томоохон тоглогчид байгалийн хий рүү аль хэдийнэ гол анхаарлаа хандуулжээ. Петрохимийн салбар руу  асар их хөрөнгө оруулалт урсаж байна. Улмаар    Хятадын  байгалийн хийн нийт эрэлт 2025 он гэхэд одоогийнхоос 41%-иар, хийн импортын эрэлт 26%-иар тус тус өснө гэж Platts байгууллага таамаглажээ. Ногоон шилжилтийг хийх гүүрийг Хятад улс байгалийн хий гэж харж байна. Иймд дотоодын байгалийн хийн төслүүдэд ихээхэн анхаарал хандуулах дүр зураг тодорно.
Хятад  одоогоор түүхий эдийн хувьд гадаадаас ихээхэн хамааралтай. Тухайлбал зэсийн баяжмал  77%, боксит 51%, цайрын баяжмал 27%, хар тугалга 29%, никелийн хүдэр 88%  болохыг StoneX Group-ийн судалгаанд дурджээ. 

Ирэх таван жилийн хугацаанд Хятад гагцхүү эдийн засгийн хөгжлийн хурдны хэмжүүрт төвлөрөлгүйгээр “ногоон” бөгөөд чанартай өсөлтийг дэмжих тухай онцлон заажээ. Өөрөөр хэлбэл цаашид Хятад улс ДНБ-ийн өсөлтийн тооны араас хөөцөлдөлгүй  хүлэмжийн хийн ялгаруулалтаа хэр   бууруулах, мөн өсөлтийн чанарт   ахиц дэвшил гаргахад   илүү их анхаарах ажээ. 

XIII таван жилийн төлөвлөгөөний хугацаанд тус улс    хот орчимд 60 сая шинэ ажлын байр бий болгосон байна. Мөн 75 сая хүнийг ядуурлаас гаргажээ. Улмаар   2035 онд нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээг хөгжингүй орнуудын жишигт хүргэхээ тус улсын 2035 он хүртэлх хэтийн зорилтод тусгасан байна. Ингэхдээ Хятад улс ДНБ-ийн тухай тодорхой тоон үзүүлэлт дурдаагүй юм.

Шинжээчдийн тооцоолсноор 2035 он гэхэд Хятадын нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээг хөгжингүй орнуудын түвшинд хүрнэ гэвэл ойролцоогоор нэг хүнд 20-40 мянган ам.доллар оногдох шаардлагатай.   2019 онд Хятадын нэг хүнд оногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрсэн. Тэгэхээр үнэхээр   зорилтоо биелүүлэхийн тулд тус улс цаашид ДНБ-ий хэмжээгээ жил бүр 3.6-5.4%-иар өсгөхөөс өөр аргагүй гэсэн тооцооллыг шинжээчид өгчээ. Асуудлын гол нь энэ их хэмжээгээр ДНБ-ээ өсгөхөд илүү их эрчим хүч, илүү их материал зарцуулалт шаардана. Энэ нь цаагуураа хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах зорилттой нь эсрэгцэж таарна.  

Хятад цаашид илүү зах зээлийн зарчмаар хөгжих замнал ирэх таван жилийн төлөвлөгөөнд тусчээ. Энэ зарчим хос эргэлт буюу дотоод, гадаад зах зээлд аль алинд нь хамаарна.
Дотоод эргэлт гэдэгт хувийн хэрэглээг өсгөх бодлого барьж ажиллах, тэр дундаа нийгмийн халамжийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэх, хотжилтыг дэмжихээр   байна. Байгаль орчныг хамгаалах хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарыг нэмэгдүүлэх, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг ажлууд багтаж байна. Бүтээмж  инноваци, шинэчлэлийг нэмэгдүүлэх ажлууд өрнөнө. Технологийн салбар руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт, судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих юм. 

Гадаад эргэлтэд хөрөнгийн урсгалын орох, гарах гүйлгээг чөлөөлөх (capital account liberalization), юанийн олон улс дахь үүрэг оролцоог нэмэгдүүлэх, экспортын зах зээлийн эзлэх хувийг хадгалах зэрэг багтсан байна. Мөн тодорхой гадаад улс орон, салбар руу чиглэсэн  хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ажээ. Хос эргэлтийн бодлогыг Хятад дотогшоогоо хандах боллоо гэж зарим хэвлэлээр тайлбарлаж байна. Харин үүнийг огтоос тийм зүйл байхгүйг тус улсын удирдлагууд удаа дараа мэдэгдэж буй. 
Бас нэг зүйл  Хятад  ирэх таван жилд “Бүс ба Зам” санаачлагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ бол Хятадын   гадаад ертөнцөд нөлөөгөө нэмэгдүүлэх улс төрийн зорилготой хөтөлбөр болохыг барууны судлаачид тайлбарладаг. 
Хятад  “хос эргэлт” гэсэн үг хэллэгийг нэвтрүүлсэн нь эдийн засгийн хөгжлийн агуулга талаасаа төдийлөн шинэ зүйл биш юм. 

Учир нь 2008-2009 оны санхүүгийн хямралаас хойш тус улс  хөрөнгө оруулалтад хэт шүтсэн, экспортод суурилсан өсөлт нь эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл өндөртэйг ойлгосон. Тиймээс дотоодын хэрэглээнд шүтсэн эдийн засгийг түлхүү нэвтрүүлэх бодлого барихаар нүүдэллэж байна. Сүүлийн арван жилийн хугацаанд Хятадын экспортын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 35-24% болтлоо буурчээ. Тэгвэл импорт   ДНБ-ийн 22-25%-ийг эзэлсэн хэвээр   ажээ. Харин одоо Хятад улс гадаад улс орнуудаас технологийн хувьд хараат бус болохоор эрмэлзэж буй нь худалдааны дайнаас хойш улам бүр илэрхий боллоо. 

Гэхдээ энэ бодлого нь аль 2015 онд “Хятадад үйлдвэрлэв 2025” хөтөлбөр эхэлснээс хойш ажил хэрэг болж байгаа  юм. Импортын хараат байдлыг арилгах нь эцэстээ томоохон худалдааны түнш орнуудад багагүй хэмжээний хохирлыг авчирч мэднэ. 
Тэдгээр улс орнуудын хамгийн эхэнд Тайвань, Малайз, Сингапур, Тайланд, Чили  нэрлэгдэж байна. Хятадын дотоодын үйлдвэрлэл гаднаас хараат бус болохын хэрээр дунд хугацаандаа дээрх орнууд хамгийн их хохирол амсахаар байна. Гэхдээ Хятадын гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдсэн нь гадаад улс орнуудад ихээхэн ашигтай байх боломжтой. Цаашид Хятад улс Индонез, Энэтхэг, Тайланд, Мексик, Чили рүү хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх магадлалтай гэж “Euler Hermes” зээлийн даатгалын байгууллага үзжээ. 

Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөгөө  нь төлөвлөсөн хугацаандаа бүрэн хэрэгжих магадлал маш өндөр. Учир нь тус улс зорилт бүрийн хэрэгжих боломжийг судалж тооцоолж байж дэвшүүлдэг болсныг шинжээчид тэмдэглэж байна. Мэдээж гадаад сорилт өндөр байгааг   тус улсын удирдлагууд хүлээн зөвшөөрч буй юм. Тухайлбал барууны орнуудын Хятадын эсрэг бодлогын нөлөөгөөр экспорт хумигдвал хэрхэх тухай чиглэл ирэх таван жилийн төлөвлөгөөнд дурдагдаагүй юм. 

Хятад улс хэдийгээр социалист чиг баримжаатай боловч зах зээлийн зарчимд нийцүүлж, тогтвортой хөгжлийн зарчмаар эдийн засгаа хөгжүүлэх бодлого барьж байна. Зах зээлийн зарчмаар компаниудад өрсөлдөх боломж олгосноор тус улс шинэ технологи, инновацийн чиглэлээр ажиллах өндөр ур чадвартай, нарийн мэргэжлийн ажиллах хүчнийг татах, тэднийг гадагш алдахгүй байх нөхцөл болно гэж үзэж байна. Мөн төрийн өмчийн компаниудын үр ашгийг дээшлүүлэх, хувийн хэвшлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг ижил тэгш боломжоор хангахад анхаарах ажээ. Зах зээлийн зарчимд шилжсэнээр чухамдаа Хятадын дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх, дотоод зах зээлийн боломжийг тултал ашиглах нөхцөл бүрдэх юм. Тус улсын “ногоон” шилжилтийн дүнд ирэх жилүүдэд гагцхүү технологийн шинэчлэлээс гадна, хүлэмжийн хийн ялгаруулалтын шинэ стандарт мөрдөж эхэлнэ. 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 1 цаг 9 минутын өмнө
    Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” 2020 оны тайлангаа танилцууллаа. Тус компанийн мэдээлснээр өнгөрсөн онд нийт борлуулалтын нэгдсэн орлого 44.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Уг үзүүлэлт 2019 онд 43.2 тэрбум ам.доллартай байсан юм. Энэ дундаа төмрийн хүдрийн борлуулалт дийлэнхийг бүрдүүллээ. Тодруулбал Австралийн Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайнуудаас нийтдээ 333.4 сая тонн төмрийн хүдэр олборлож, борлуулалтын орлого нийтдээ 27.5 тэрбум ам.доллараар хэмжигдлээ. Өнгөрсөн онд зах зээлд төмрийн хүдрийн ханш нэмэгдсэнтэй холбоотойгоор тус компанийн суурь орлогын (underlying earnings) үзүүлэлт 12.5 орчим тэрбум ам.долларт хүрсэн нь 2019 оны дүнгээс даруй 2.1 тэрбум ам.доллараар өсөлттэй гарчээ.
  • 3 цаг 56 минутын өмнө
    Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-аас анхны үндэсний чуулганаа 2018 онд Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотод зохион байгуулсан нь  салбарын эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэсэн  томоохон үйл явдал болж байсан. Үүний дараа (2019.05.03) Улаанбаатар хотноо  II чуулган  “Хамтын хүч  хөгжлийн гарц” уриан дор (2021.03.16) болж байжээ. Тэгвэл энэ удаагийн чуулган мөн Улаанбаатар хотноо “Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь   уриан дор цахимаар хуралдах юм. Одоогоор эрдэс баялгийн  салбарт ажиллагсадын 15% эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд зарим компанид нийт ажиллагсдын 25% нь эмэгтэйчүүд байна.
  • 23 цаг 58 минутын өмнө
    Быстринскийн зэсийн төслийн хувь эзэмшигчид Оросын “Норильский никель” компани, Хятадын “Highland Fund” консорциум нь опцион гэрээ байгуулжээ. Тус гэрээгээр, уг төслийн 13.3%-ийн эзэмшлээ Хятадын хөрөнгө оруулагчид худалдах эрхтэй болж байна. Оросын “Норильский никель” компанийн мэдээлснээр,  опцион гэрээ нь 2021 оныг дуустал хүчинтэй аж. Энэхүү төслийн 50.7%-ийг Оросын “Норильский никель”, 13.3%-ийг Хятадын “Highland Fund” консорциум, 36.6%-ийг Оросын “CIS NRF Holdings” компани тус тус эзэмшиж байгаа юм.
  • 2021-02-26 23:06
    Монгол Улсын татварын албаны нэхэмжлэхийн дагуу “Оюутолгой” ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг (2021.02.25) төсөвт төлсөн байна.  Засгийн газрын Ажлын хэсгээс Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээний хүрээнд “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг биелүүлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжийн нэгэн адил Монгол Улсад татвараа бүрэн төлөх шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг ийнхүү төлж эхэлжээ.  
  • 2021-02-25 16:47
    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  хүдрийн ил уурхайн дэргэдээ Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр байгуулж байна. Одоогоор тус үйлдвэрийн барилга, угсралтын ажил 60%, инженерийн шугам сүлжээний ажил 80 орчим хувь, төслийн  нийт гүйцэтгэлийн ажил 50 гаруй хувьд хүрснийг компани мэдээллээ. Үйлдвэрийг 2020 оны хөрөнгө оруулалтаар барьж байгаа аж.  Хэдийгээр “Эрдэнэт үйлдвэр” 1993 онд Монголд анх удаа 10 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай  Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг байгуулж өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа ч цаашид аюулгүй ажиллагааг хангаж, эрсдэлээс хамгаалах үүднээс  дахин шинэ үйлдвэр байгуулахаар болжээ.