Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Оросын компани Монголд бүртгүүлэв

ОХУ-аас байгалийн хий БНХАУ руу нийлүүлэх “Сибирийн хүч 2” хоолойн байгууламжийг  Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах “Газопровод союз восток” компани албан ёсоор манай улсад бүртгүүлжээ. Энэ тухай Гадаад харилцааны яам болон Оросын “Газпром” компани мэдээлэв.  

"Газопровод союз восток” компани  Худалдаа хөгжлийн банкинд байнгын данс нээлгэнэ

Гадаад харилцааны яамны мэдээллээр, “Газопровод союз восток” компанийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа (2021.01.21) тус компанийн захирал Е.Н. Асеевтай цахим уулзалт хийсэн байна. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ болон Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн удирдлага, төлөөлөл оролцжээ. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын талаас баталгаажуулах шаардлагатай бичиг баримтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, “Газопровод союз восток” компани нь Монголын Худалдаа хөгжлийн банкинд байнгын данс нээлгэхэд бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалт зэрэг асуудлыг уулзалтаар хэлэлцсэн байна.

Төслийн ТЭЗҮ-ийг 2021 оны эхний улиралд бэлэн болгоно

Нэгдүгээр сарын 19-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Газпром” компанийн Гүйцэтгэх захирал А.Б.Миллертэй уулзахдаа “Сибирийн хүч 2” төслийн талаар санал солилцсон юм. Энэ үеэр А.Б.Миллер “Одоогийн урьдчилсан ТЭЗҮ-ээр техникийн хувьд боломжтой, зардал багатай төсөл гэдгийг баттай хэлж чадна" хэмээн мэдэгдэж төслийн ТЭЗҮ-ийг 2021 оны эхний улиралд бэлэн болно гэдгийг дурдсан байна. Уг төслийн ОХУ-ын нутаг дэвсгэр дэх зураг төсөл, судалгааны ажил эхэлжээ. Төсөлтэй холбоотойгоор Монгол Улс болон БНХАУ-ын төлөөлөгчидтэй цахимаар тогтмол уулзалт хийж буйг ““Газпром” компанийн тэргүүн тайлагнасан байна.

Энэхүү төсөл нь Оросоос жилд 50 тэрбум шоо метр байгалийн хийг Монголын нутгаар дамжуулан “Сибирийн хүч 2” хоолойгоор Хятад руу экспортлох төсөөлөлтэй.

Э.Од 

Сэтгэгдэл (1)

  • Amarsanaa (203.98.76.162)
    tatwariin orlogo ajiliin bair baih talaar medmeer baina
    2021 оны 01 сарын 31 | Хариулах