ГШХО татсан үзүүлэлтээр Хятад тэргүүллээ

2021-01-26 11:38

Гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан байдлаар анх удаа дэлхийд БНХАУ тэргүүлсэн байна. НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын (ЮНКТАД) тайлангаар, 2020 онд Хятадын эдийн засагт гадаадаас 163 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оржээ. Энэ нь өмнөх оноос 4%-иар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Хятад улс тэргүүлэхэд дэлхийн бусад орнууд, тэр дундаа АНУ-д хөрөнгө оруулалт буурсан нь нөлөөлжээ. Сүүлийн арав гаруй жил тэргүүлж ирсэн АНУ-ын эдийн засаг 2020 онд 134 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гадаадаас татсан байна. Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн 2019 онтой харьцуулахад хоёр дахин буурчээ. Тайланд тэмдэглэснээр, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын бүрэн эрхийн хугацаанд тус улс руу чиглэсэн ГШХО буурсан байна. 2016 онд тус улсын эдийн засагт орох гадаадын шууд хөрөнгө оруулалт 472 тэрбум ам.доллар хүрч дээд үзүүлэлтээр тооцогджээ. Тухайн үеэс жил бүр буурсан бол харин Хятадын эдийн засаг дахь ГШХО тогтмол өссөн байна. 

Гадаадаас татах шууд хөрөнгө оруулалтын үзүүлэлт нь тухайн улсад шинээр үйлдвэр барих, эсвэл үйлдвэрлэлээ өргөжүүлэх, дотоодын компаниудыг худалдан авах үйл явцыг харуулдаг. Тухайлбал, цар тахал дэгдсэн хэдий ч Хятадын зах зээлд Германы “Adidas”, Америкийн “Honeywell International” компаниуд үйлдвэрлэлээ тэлж байна. Мөн АНУ-ын жижиглэн худалдааны хамгийн том сүлжээ дэлгүүр “Walmart” ирэх таван жилд 460 сая ам.долларын (3 тэрбум юань) хөрөнгийг Ухан хотод оруулна. Цахилгаан машин үйлдвэрлэгч “Tesla” компани Шанхай дахь салбараа өргөтгөж буй. Тус хот дахь “Диснейленд”-ийн шинэ бүтээн байгуулалтаа “Walt Disney” компаниас үргэлжлүүлж байна. 

КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас 2020 онд дэлхийн хэмжээнд ГШХО 42%-иар буурч 859 тэрбум ам.доллар хүрсэн нь XXI зууны хамгийн доод үзүүлэлтэд тооцогдож байна. Жилийн өмнө буюу 2019 оны дүнгээр 1.5 их наяд ам.доллар байжээ. Дэлхийн нийт ГШХО-ын 1/3-ийг Зүүн Азийн бүс нутаг татсан нь 1980-аад оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт ажээ.  
Э.Од  
   

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 1 цаг 22 минутын өмнө
    Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” 2020 оны тайлангаа танилцууллаа. Тус компанийн мэдээлснээр өнгөрсөн онд нийт борлуулалтын нэгдсэн орлого 44.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Уг үзүүлэлт 2019 онд 43.2 тэрбум ам.доллартай байсан юм. Энэ дундаа төмрийн хүдрийн борлуулалт дийлэнхийг бүрдүүллээ. Тодруулбал Австралийн Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайнуудаас нийтдээ 333.4 сая тонн төмрийн хүдэр олборлож, борлуулалтын орлого нийтдээ 27.5 тэрбум ам.доллараар хэмжигдлээ. Өнгөрсөн онд зах зээлд төмрийн хүдрийн ханш нэмэгдсэнтэй холбоотойгоор тус компанийн суурь орлогын (underlying earnings) үзүүлэлт 12.5 орчим тэрбум ам.долларт хүрсэн нь 2019 оны дүнгээс даруй 2.1 тэрбум ам.доллараар өсөлттэй гарчээ.
  • 4 цаг 9 минутын өмнө
    Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-аас анхны үндэсний чуулганаа 2018 онд Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотод зохион байгуулсан нь  салбарын эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэсэн  томоохон үйл явдал болж байсан. Үүний дараа (2019.05.03) Улаанбаатар хотноо  II чуулган  “Хамтын хүч  хөгжлийн гарц” уриан дор (2021.03.16) болж байжээ. Тэгвэл энэ удаагийн чуулган мөн Улаанбаатар хотноо “Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь   уриан дор цахимаар хуралдах юм. Одоогоор эрдэс баялгийн  салбарт ажиллагсадын 15% эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд зарим компанид нийт ажиллагсдын 25% нь эмэгтэйчүүд байна.
  • Өчигдөр 14 цаг 36 минутад
    Быстринскийн зэсийн төслийн хувь эзэмшигчид Оросын “Норильский никель” компани, Хятадын “Highland Fund” консорциум нь опцион гэрээ байгуулжээ. Тус гэрээгээр, уг төслийн 13.3%-ийн эзэмшлээ Хятадын хөрөнгө оруулагчид худалдах эрхтэй болж байна. Оросын “Норильский никель” компанийн мэдээлснээр,  опцион гэрээ нь 2021 оныг дуустал хүчинтэй аж. Энэхүү төслийн 50.7%-ийг Оросын “Норильский никель”, 13.3%-ийг Хятадын “Highland Fund” консорциум, 36.6%-ийг Оросын “CIS NRF Holdings” компани тус тус эзэмшиж байгаа юм.
  • 2021-02-26 23:06
    Монгол Улсын татварын албаны нэхэмжлэхийн дагуу “Оюутолгой” ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг (2021.02.25) төсөвт төлсөн байна.  Засгийн газрын Ажлын хэсгээс Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээний хүрээнд “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг биелүүлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжийн нэгэн адил Монгол Улсад татвараа бүрэн төлөх шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг ийнхүү төлж эхэлжээ.  
  • 2021-02-25 16:47
    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  хүдрийн ил уурхайн дэргэдээ Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр байгуулж байна. Одоогоор тус үйлдвэрийн барилга, угсралтын ажил 60%, инженерийн шугам сүлжээний ажил 80 орчим хувь, төслийн  нийт гүйцэтгэлийн ажил 50 гаруй хувьд хүрснийг компани мэдээллээ. Үйлдвэрийг 2020 оны хөрөнгө оруулалтаар барьж байгаа аж.  Хэдийгээр “Эрдэнэт үйлдвэр” 1993 онд Монголд анх удаа 10 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай  Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг байгуулж өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа ч цаашид аюулгүй ажиллагааг хангаж, эрсдэлээс хамгаалах үүднээс  дахин шинэ үйлдвэр байгуулахаар болжээ.