Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад зам тээврийн дэд бүтцэд 2.4 их наяд юанийн хөрөнгө оруулна

2021 онд Хятад улс нь зам тээврийн дэд бүтцэд 2.4 их наяд юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Энэ тухай тус улсын Зам, тээврийн сайд Ли Сяопин мэдэгджээ. Ингэхдээ 3700 км төмөр зам шинээр барьж байгуулах төсөөлөлтэй байна. Гэхдээ дэд зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын талаарх тодорхой төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хэмжээг албан ёсоор мэдээлээгүй байгаа юм. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хэмжээтэй харьцуулахад 2021 онд мэдэгдэхүйц буурахаар байна.

Тодруулбал, 2020 онд зам тээврийн дэд бүтцэд 3.42 их наяд юань (523.47 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулсан тухай Хятадын Үндэсний зам тээврийн хурлаар танилцуулжээ. Энэхүү хөрөнгө оруулалтаас төмөр замыг хөгжүүлэхэд 778 тэрбум юань, иргэний агаарын тээврийн салбарт 105 тэрбум юань, авто болон усан замын барилгад 2.54 их наяд юанийг тус тус зарцуулсан байна. Зөвхөн оны эхний хагас жил гэхэд төмөр замд шинэ хөрөнгө оруулалт нь 10.85 сая тонн гангийн бүтээгдэхүүний (рельс төмөр, арматур болон бусад) эрэлтийг бий болгосныг “Mysteel” агентлаг тооцжээ. Тухайн тооцооллоор,төмөр замын салбар дахь тэрбум юань тутмын хөрөнгө оруулалт нь гангийн бүтээгдэхүүний эрэлтийг 33.3 мянган тонноор нэмэгдүүлсэн аж. 2020 онд Хятадын гангийн нийт үйлдвэрлэл 5-6%-иар нэмэгдэж 1.05 тэрбум тоннд хүрч түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдсон юм. Энэ онд тус улсын гангийн үйлдвэрлэл 2%-иар өсөх таамгийг “Mysteel” агентлаг дэвшүүлэв. 

Цар тахлын хүнд үед Хятадын эдийн засгийг сэргээж, тогтворжуулахад зам тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалт чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тус улсын эрх баригчид үзэж байна. Тодруулбал, оны гуравдугаар улиралд ДНБ-ийн өсөлтийг 4.9% хүргэхэд гол түлхэц болжээ.

Хятад улс нь XIII таван жилийн төлөвлөгөөний хүрээнд 2016-2020 онд зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд нийт 15 их наяд юанийн (2.18 их наяд ам.доллар) хөрөнгө оруулсан байна. Үүнээс төмөр замд 3.5 их наяд юань (508.6 тэрбум ам.доллар), авто замд 7.8 их наяд юань (1.13 их наяд ам.доллар) –ийн хөрөнгийг тус тус зарцуулжээ.

Э.Од