Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Элгагийн коксжих нүүрсний экспортыг Орос, Хятадын хамтарсан компани хариуцна

Оросын Элга ордын төслийг хэрэгжүүлэгч “Эльгауголь” компани нь Хятадын “GH-Shipping”-тай хамтарсан компани байгуулна. Ингэснээр нүүрсний экспортын тээвэрлэлтийн найдвартай сүлжээг бий болгоно гэж талууд үзэж байна. Урьдчилан төлөвлөснөөр, Элга ордын коксжих нүүрсийг Хятад руу нийлүүлэх хэмжээг 2021 онд 15-18 сая тонн, 2022 онд 20-24 сая тонн, 2023 онд 30 сая тонн болж, түүнээс цааш 45 сая тоннд хүргэх аж.

Хамтарсан компани нь Элга ордын коксжих нүүрсийг угааж, баяжуулахад анхаарах бөгөөд ирээдүйд Хятадын зах зээл дээр Австрали, АНУ-ын коксжих нүүрсийг орлуулахаар зорьж байна. Хамтарсан компани Шанхайд байрлах юм.

“Эльгауголь”-ийн толгой компани “А-Проперти”-ийн танилцуулснаар, 2023 он хүртэлх ордын коксжих нүүрсний олборлолтыг 45 сая тоннд хүргэх, Баяжуулах үйлдвэр шинээр байгуулах, Улак өртөөтэй холбосон төмөр замын хүчин чадлыг 30 сая тонн хүртэл нэмэгдүүлэх, Ванино боомт дахь нүүрсний терминалыг өргөтгөх ажлуудыг хэрэгжүүлэх юм. Эдгээр ажилд нийт 130 тэрбум рублийн хөрөнгө оруулахаар тооцжээ.

ОХУ-ын Якутын нутаг дахь Элга ордын 51%-ийг “А-Проперти” компани 89 тэрбум рублиэр “Мечел”-ээс (2020.04) худалдан авахдаа 107 сая ам.долларын өрийг нь давхар барагдуулсан. Өөрөөр хэлбэл, “А-Проперти” нь нийт 142 тэрбум рублиэр ордын гол хувь эзэмшигч болсон юм. Түүнчлэн, ордын үлдсэн 49%-ийн эзэмшлийг 45 тэрбум рублиэр Газпромбанкнаас худалдаж авах опцион гэрээг байгуулсан билээ. Тэгэхээр “А-Проперти” компани Элга ордын төслийг 100% эзэмшинэ гэсэн үг. Элга орд нь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй.

Ордын 51%-ийг эзэмшиж байсан “Мечел” компанийн хувьд төслийг сүүлийн 10 жил хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хугацаанд нийт 2 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.

Э.Од