Оюутолгой төслийг санхүүжүүлэх төлөвлөгөөгөө Туркойз Хилл танилцууллаа

2020-12-24 12:21

Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани далд уурхайн нэмэлт санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх тухай төлөвлөгөөгөө (2020.12.22)танилцууллаа. Тус компанийн уг төлөвлөгөөнд, төсөлд шаардагдах нэмэлт санхүүжилтийг алтны урьдчилгаа төлбөр бүхий худалдаа болон зах зээлээс дунд хугацааны бонд босгох байдлаар шийдвэрлэх саналаа дурджээ. Ингэснээр төслийн үнэ цэнийг өсгөөд зогсохгүй төслийн санхүүжилтэд зориулж нэмэлт хувьцааны арилжаа хийх шаардлагагүй болох юм. Туркойз Хилл-ийн суурь буюу дундаж тооцооллоор төсөлд 3 тэрбум хүртэлх ам.доллар нэмэлтээр шаардагдахаар байна. Гэхдээ алтны арилжааг урьдчилж хийх, бонд босгох тохиолдолд нэмэлт санхүүжилтийн хэмжээ буурах боломжтой. Одоо энэ саналуудыг Засгийн газар/”Эрдэнэс Оюутолгой”, “Рио Тинто”-оор батлуулах үлдэж байна.

Дээрх аргуудтай харьцуулахад нэмэлт хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох нь ашиггүй гэж компанийн хувьд үзжээ. Компанийн хувьцааны үнэ төдийлөн өндөр биш байгаа үед нэмэлт хувьцаа гаргах нь хэд хэдэн сөрөг талтай. Үүнд компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдөх, мөн хувьцааны ханш нэмж буурах зэрэг эрсдэл үүсч мэдэх юм. Гэхдээ сүүлийн үед компанийн хувьцааны ханш зэсийн ханшийн өсөлттэй зэрэгцэн дээшлэх хандлагатай байна.

 

Эх сурвалж: investing.com

Тус компани “Рио Тинто”-той Оюутолгой төслийн санхүүжилтийн талаар санамж бичиг (2020.09.09) үзэглэсэн. Энэ үеэр хийсэн мэдэгдэлдээ далд уурхайн санхүүжилтэд нийтдээ 3.6 тэрбум хүртэлх ам.долларыг босгох шаардлага тулгарч магадгүйг тэмдэглэсэн. Хэрэв одоо байгаа өрийн бүтцийг шинэчилж, “Рио Тинто”-той хамтран 500 сая ам.долларын зээл босгож чадвал, нэмэлт санхүүжилтийн хэмжээ 1.7 тэрбум ам.доллар болж буурах боломжтойг мэдээлсэн юм. Гэхдээ Туркойз Хилл-ийн байр суурь аль ч тохиолдолд нэмэлт хувьцаа гаргахын эсрэг байгаагаа гуравдугаар улирлын тайландаа (2020.11.13) тодотгож, улмаар алтны арилжааг урьдчилж хийх, бонд босгох зэргийг илүүд үзэж буйгаа илэрхийлэх болсон.

Мөн “Туркойз Хилл Ресурс” нь “Рио Тинто” компанитай төслийн санхүүжилтийн талаар стратегийн хувьд санал нийлэхгүй байгаагаас үүдэн зарим асуудлыг тодруулахаар арбитрийн маргаан эхлүүлэхээр болсноо  (2020.11.04) зарласан.

Алтны урьдчилгаа төлбөр бүхий худалдаа нь шууд худалдааны үнээр хийгдэх төдийгүй ил уурхайгаас олборлох алтанд хамаарахыг Туркойз Хилл тайлбарласан байна. Мөн бондын хувьд 10 жилээс багагүй хугацаатайгаар гаргах төлөвтэй бөгөөд үндсэн төлбөрийг хэсэгчлэн бус, бондын хугацаа дуусах үед бүтнээр нь төлөх нөхцөлтэй байхыг илүүд үзэх ажээ. Бондын хүүгийн хувьд одоогийн авсан зээлийн нөхцөлтэй өрсөлдөхүйц байна гэж үзсэн. Гэвч бүх зүйл ирэх онд түүхий эдийн болон бондын зах зээлийн нөхцөл байдлаас хамаарна.

2015 оны сүүлээр “Рио Тинто” компани далд уурхайн санхүүжилтэд зориулж нэр бүхий олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай нийт 4.4 тэрбум ам.долларыг зээлэхээр гэрээ байгуулсан юм. Уг синдикат зээлийн гэрээг байгуулахдаа зээлийн хэмжээг 6 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэх боломжит нөхцөлтэйгөөр хийсэн.

Туркойз Хилл-ийн мэдээлж буйгаар тус компанийн бэлэн мөнгөний нөөц есдүгээр сарын 30-ны байдлаар 1.3 тэрбум ам.доллар байсан нь 2022 оны хоёрдугаар улирал хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хангалттай хүрэлцэнэ гэж тэмдэглэсэн.

Сүүлд шинэчилсэн тооцооллоор далд уурхайн тогтвортой горим бүхий хүдэр олборлолт 2022 оны аравдугаар сард эхлэх бөгөөд гүний уурхайн төслийн нийт зардал 6.75 тэрбум ам.доллараар хэмжигдэхээр байна.

Түүнчлэн “Туркойз Хилл Ресурс” компани нь “Оюутолгой” компани Татварын ерөнхий газраас 228 сая ам.долларын татварын акт хүлээж авсан тухай (2020.12.23) мэдээллээ. Компанийн 2016-2018 оны үйл ажиллагааны татвар төлөлтөд аудит хийсний үндсэн дээр ийнхүү татварын акт тавьсан байна. Компанийн зүгээс хуулийн хугацаанд хариу илгээхээ мэдэгджээ. Өмнө нь 2018 оны нэгдүгээр сард “Оюутолгой” компани Татварын ерөнхий газраас 155 сая ам.долларын татварын акт хүлээж авч байсан юм. Тус акт нь 2013-2015 оны үйл ажиллагааг хамруулсан. “Оюутолгой” компани нь татварын асуудлаа шийдвэрлүүлэхээр олон улсын арбитрын шүүхэд хандаад байгаа юм.

Б.Төгс

 

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2 цаг 15 минутын өмнө
    Ковид-ийн  халдварыг Монгол Улс дотооддоо алдсан нь  эдийн засгийн засгийн гол  тулгуур  болсон  уул уурхайн салбарыг  ч  маш эмзэг байдалд оруулаад байна. Салбарыг хэвийн горимоор ажиллуулахын тулд  ашигт малтмалын экспортын гол бүс нутаг Өмнөговь аймагт  Засгийн газар бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм. Засгийн газрын 183 дугаар тогтоолоор “Ногоон бүс”, мөн Засгийн газрын 64 дүгээр тэмдэглэлээр “Аюулгүйн бүс”-ийг байгуулан цар тахлын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой орд газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  удирдаж, салбарын дэд сайд О.Батнайрамдалаар ахлуулсан Ажлын хэсэг  уул уурхайн бүсэд    томилолтоор ажиллалаа.
  • Уржигдар 16 цаг 43 минутад
    “Европын Холбооны хар жагсаалт” гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас Монгол Улсыг хассан тогтоолыг Европын Холбооны “Official Journal of the European Union” сэтгүүлд (2021.01.18) нийтэлжээ.  Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх аж.  Монгол Улсыг 2019 онд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад орсонтой холбогдуулан (2020.10.01) Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулсан юм.
  • Уржигдар 16 цаг 39 минутад
    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг (2021.01.20) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж буй асуудлуудыг ҮАБЗ-ийн (2020.07.17) хуралдаанаар хэлэлцэж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих бие даасан хуулийн төслийг боловсруулж батлуулахыг Засгийн газарт даалгасан юм. Энэ дагуу 7 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан байна. Хуульд заасан харилцааг “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих, төрөөс үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах горим”-ын тухай журмаар нарийвчлан зохицуулахаар тусгажээ.
  • 2021-01-19 14:27
    Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 80 жил, газрын тосны инженер бэлтгэж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Уг ойг угтан  салбарын яам Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхлээд байгаа бөгөөд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Хэдхэн хоногийн өмнө   салбарын яамны зүгээс газрын тосны ашиглалт, олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг шилдэг компаниудыг тодруулан өргөмжилсөн. Тэгвэл энэ сарын 21-нд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулиас “Газрын тос 2020” эрдэм шинжилгээ, онол практикийн XXVI хурлыг зохион байгуулахаар болжээ.
  • 2021-01-18 11:38
    Дэлхий дахины амьдралын хэмнэл орвонгоороо өөрчлөгдөж, хүн төрөлхтний хөгжил олон сорилттой тулгарсан  2020 он улирч байна. Ирээдүйд асар их үр дагавар дагуулах олон үйл явдлын эхлэл тавигдсан энэ оныг  халдварт вирусын хамт дэлхий нийт угтсан юм. Коронавирус  дэгдсэнээр  улс орнууд хорио цээрийн дэглэмд  шилжиж, эдийн засаг, худалдаа үйлдвэрлэл, аялал жуулчлал, ложистик, зар сурталчилгаа, спорт, соёл урлагийн гээд бүхий л салбар асар их алдагдал хүлээж байна.  Сорилт, бэрхшээл Монголыг ч тойроогүй. Цар тахлын бодит аюултай нүүр тулсан улс орнуудын иргэдээ хамгаалсан, эдийн засгаа идэвхжүүлсэн туршлага бүр Монгол Улсыг алдаа гаргахаас сэргийлж, оновчтой бодлого хэрэгжүүлэх зүг чиг болох учиртай.