Эдийн засаг КОВИД-19-ийн “гарт шилжив”

2020-12-14 11:26

The Mongolian Mining Journal /Nov.2020/

Б.Төгсбилэгт

Дэлхийн эдийн засаг КОВИД-19-ийн “гарт орсон”  2020 он  солигдох дөхжээ. Вакцин айсуй. Гагцхүү вакцин эдийн засгийг буцаагаад хүмүүсийн гарт аваачна гэж бид дор бүрнээ итгэж сууна.   Хэдийгээр вакцин хийлгэсэн ч хүн хоорондын зай барих, маск зүүх, эрүүл ахуйн дэглэм сахих зэргийг алдалгүй хэрэгжүүлснээр КОВИД-19-ийг ирэх онд ардаа орхих боломжтой тухай ДЭМБ мэдэгдэж байна. Тэгэхээр 2021 онд бид   хэвийн амьдралдаа орно гэж баярлах   эрт байгаа ажээ. Энэ онд манай улс УОК-ын  алба хаагчдын ачаар цар тахал гэж бараг байхгүй юм шиг “диваажин”-д аж төрж ирснээ одоо илүү ойлгож байна. Гэхдээ арваннэгдүгээр сард цар тахал дотоодод алдагдсанаар эдийн засагт учрах бодит аюулыг улс даяараа мэдэрч,   учраа олж ядан байна.

Монголбанк энэ онд улсын эдийн засаг -2.6%-иар буурна гэж есдүгээр сард тоо­цоолсон боловч дотоодод цар тахлын халдвар алдсантай холбоотой  өмнөх тооцооллоо  -5.4% болгож буурууллаа. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл цар тахал дотоодод алдагдаагүй  үед манай улсын ДНБ-ий бууралт   их наяд төгрөгөөр хэмжигдэх  байсан бол   дотоодын халдвар гарснаар уг үзүүлэлт даруй 2 их наяд төгрөгт хүрэхээр байгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл цар тахлыг дотооддоо алдсанаар бид дөрөвдүгээр улирлын эдийн засгийн сэргэлтийг хүчээр агшааж, даруй нэг их наяд төгрөгийн нэмэлт агшилтыг эдийн засагтаа учрууллаа гэж бүдүүн тоймоор харж болох юм. Гэхдээ эдийн засгийн хохирлыг шууд ингэж тооцоолох нь учир дутагдалтай. Далд нөлөөлөл давхар явагдана. Оны сүүлийн энэхүү гэнэтийн бууралтаас ирээдүйд эдийн засагт учрах хохирол, иргэдийн орлогын бууралтаас үүдсэн хүнсний гачигдал, эрүүл мэндийн эрсдэл зэргийг тооцоолох шаардлагатай. Шадар сайд одоохондоо эдийн засаг гэхээсээ илүү цар тахлыг дарж авахдаа анхаарал хандуулна гэдгээ мэдэгдсэн. 

Одоо эдийн засагтай холбоотой бүх хариуцлага Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчид ногдож байна. Сангийн сайд бизнес аж ахуйн нэгжүүдээ дэмжих талд нэг л дуугарах янзгүй байгаа бол Монголбанкны Ерөнхийлөгч зээлийн эргэн төлөлтийг ирэх оны эхний хагасыг дуустал хойшлуулахаа амлав. Энэ нь манай улсын эдийн засаг ирэх оны хоёрдугаар хагасаас эхлэн харьцангуй жигдэрнэ гэж төв банк харж буйн илрэл юм. 

Фитч агентлаг Монгол Улсын  эдийн засгийн өсөлтийг ирэх онд 8%-тай гарна гэж (2020.11.22) эерэгээр төсөөлжээ. Гэхдээ банкны салбарт чанаргүй зээл илүү ихээр нэмэгдэх эрсдэл байгааг сануулсан байна. Уг тооцоололд банкны зээлийн эргэн төлөлтийн хугацааг зөвхөн 2020 он дуустал сунгах нөхцөлийг хамруулж үзжээ. Харин зээл хойшлуулах хугацаа ирэх оны эхний хагасыг дуустал дахин сунгагдаад байгаа билээ. Тэгэхээр банкуудад эрсдэл улам нэмэгдэх нь гарцаагүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд ганцхан Монголбанк “хөлсөө дуслуулах” бус, Сангийн сайд ч өгөөмөр хандах шаардлагатай болжээ. 

Монголбанк зээл хойшлуулах далимдаа банкуудыг зээл олгох тал руу хандуулахыг чармайж байна. Тодруулбал төв банкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж бодлогын хүүг 2%-иар бууруулж 6%-д хүргэсэн нь түүхэн доод түвшин (2020.11.23) юм. Мөн банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг 2.5%-иар бууруулж 6% болгосноор нийтдээ 400 гаруй тэрбум төгрөг чөлөөлөгдөж байгааг төв банк мэдэгдлээ. Энэ бүгд нь эдийн засаг агшсан үед зээл олголтыг нэмэгдүүлэх, банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилготой. Гэхдээ банкууд цар тахлын үед зээл гаргах тухайд улам бүр хаширлах нь тодорхой. Бодлогын хүү 6% болж буурснаар банкуудыг зээл олгох тал руу шахаж буй хэрэг боловч банкууд цаашид тогтвортой байдлаа хадгалах үүднээс төв банкны хүслээр ажиллахгүй байж мэдэх юм. 

Монголын санхүүгийн зах зээлийн 90%-ийг бүрдүүлдэг банкны салбар тогтворгүйтэх нь өөрөө асар том эрсдэлийг авчирна. Нөгөөтэйгүүр ийм тодорхойгүй үед эдийн засгийн өндөр өгөөж, баталгаа амлан зээл авах аж ахуйн нэгж, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчид хэр олон байх вэ гэдэг нь эргэлзээ дагуулж байна. 
Төв банкны зүгээс жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулж 230 тэрбум төгрөгийн санхүүжилтийн багц хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ. 
Гэхдээ цаашид бизнесийн идэвхжил сайжрах эсэх нь худалдан авалтаас шууд шалтгаална. Иргэдийн гарт мөнгө байлаа ч цаашид ажлын байраа алдах, орлого тасалдах эрсдэлийг бодолцон худалдан авалтаа эрс бууруулж мэдэх хандлага цар тахлын үед түгээмэл байна.  Ийм үед Ерөнхийлөгч Засгийн газрыг ард иргэд, бизнес аж ахуйн нэгжүүддээ илүү өгөөмөр байх ёстойг 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавих байдлаар илэрхийлсэн. Сангийн яам бизнесийнхнийг нийгмийн даатгал, татвар төлбөрийн хугацааг хойшлуулах байдлаар дэмжиж буйгаа мэдэгдсэн. 

Хувийн хэвшлийнхний нийгмийн даатгал, татвар төлбөрийг ирэх оны эхний хагасыг дуустал хойшлуулж буй нь хангалтгүйг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) танилцуулсан.  
Үндсэндээ эдийн засагчид АНУ тэргүүтэй барууны орнуудын цар тахлын үед хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг Сангийн сайдаас шаардаж байна. Гэхдээ манай улс хөрөнгөтөн орнууд шиг дундаршгүй их мөнгөтэй улс биш болохыг тэрээр учирлаж буй.
Тэгвэл засаг бизнесийнхнийг үнэхээр чадлынхаа хэрээр дэмжиж байгаа юу гэвэл үгүй. Засгийн газар цар тахлын эсрэг эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний   23 заалт бүхий тогтоол баталсан. Үүнийгээ арваннэгдүгээр сарын 18-нд танилцуулсан. Чингэхдээ хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх оны эхний хагасыг дуустал олгоно гэдгээ ихээхэн тодотгож тайлбарласан. Энэхүү хөтөлбөр нь угаас есдүгээр сарын 30-нд өргөн барьсан ирэх оны төсвийн төсөлд хэдийнэ орчихсон. Ингэхээр   ард иргэд, бизнес аж ахуйн нэгж рүү чиглүүлсэн, шинээр санаачилсан санхүүгийн хөшүүрэг засагт байсангүй. Зөвхөн Нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлөлтийг хойшлуулах боломж олгов. Зэрэгцээд Монголбанк ипотекийн  болон хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг ирэх оны эхний хагасыг дуустал сунгах  болсон. Чухамдаа Сангийн яам төв банкаар “нүүр тахлаад” өнгөрлөө. 

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал буюу UNCTAD хөгжиж буй орнууд нь хөгжингүй орнуудтай харьцуулахад цар тахлын эсрэг санхүүжилт гаргах чадамж нь хязгаарлагдмал болохыг тайлбарлажээ. Үнэхээр манай улс Америк шиг иргэн бүртээ доллар тарааж, жижиг, дунд бизнесүүдэд түрээс, цалингийн төлбөрийн хөнгөлөлттэй зээл олгох боломжгүй байж болох юм. Америкт ч энэ байдлыг дүгнэж, бизнесийн байгууллагуудад хэтэрхий оновчгүй хавтгайруулсан, түр хугацааны өсөлтийг дэмжсэн шинжтэй санхүүжилт олгож буйг шүүмжилж эхлээд байна. Гэхдээ  төрөөс санхүүжилтийг оновчтой хийх нөхцөлд   цар тахлын дараа  эдийн засаг  сэргэх боломжтой гэдгийг UNCTAD анхааруулжээ. Тэгэхээр яг одоо манай улсын сангийн бодлогод ямар нэг иргэд, аж ахуйн нэгж рүү чиглэсэн санхүүжилт “тэг”-тэй тэнцүү байгаа юм. “Тэг зогсолт”-ын үед “тэг санхүүжилт” зарчим нь логикийн хувьд хамгийн өвөрмөц хувилбар. Тус байгууллагаас гаргадаг Дэлхийн хөрөнгө оруулалтын зургадугаар сарын тайланд дурдсанаар гадаадын хөрөнгө оруулалт дэлхийн хэмжээнд энэ онд 40 хүртэлх хувиар буурна. Ирэх онд нэмж 5-10%-иар буурах тухай тэмдэглэжээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) цар тахлын үед дэлхий нийтэд ажлын байр эрчимтэй цөөрөхөөс гадна жижиг, дунд бизнесийн салбарын хувьд үйл ажиллагаагаа хэвийн авч явахад маш хүнд байх болно гэж тайлбарлажээ. 

Сангийн сайд өгөөмөр загнахын тулд хамгийн багаар бодоход зорилтот бүлэгт чиглэсэн бэлэн мөнгөний тараалт хийх шаардлагатай болно. Ерөнхийлөгчийн санаачилсан өрх бүрт нэг сая төгрөг олгох 900 тэрбум төгрөгийн хөтөлбөрийг засаг хэрэгжүүлэхээс татгалзсан  ч энэ удаад иргэдийн дунд  урьд хожид байгаагүй орлогын тасалдал үүсээд байгаа юм. Энэ нь америк доллараар авч үзвэл 300 гаруй сая “ногоон” болно. Манай улсад ийм хэмжээний бэлэн мөнгийг тарааж байсан туршлага олон бий. Эргээд төлөхөд асар хүнд байдгийг бүгд мэднэ. Гэхдээ энэ удаад анх удаагаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, эдийн засгийн тэг зогсолт хийж байгаа үед иргэдийн орлогын тасалдлыг бууруулах нь цагаа олсон тусламж болж мэднэ.  
Цар тахлын үеийн эдийн засгийн хямралаас өмнө   2009 онд дэлхийн санхүүгийн хямрал тохиож байсан. Тухайн үед манай улсын эдийн засгийн өсөлт хасах дүнтэй гарсан. Тэгэхэд  манай улсад хөл хорио, тэг зогсолт гэж байсангүй. ОУВС-гийн тусламжийн хөтөл­бөр хэрэгжиж, залгуулаад Оюутолгойн хөрөнгө оруулал­тын гэрээг үзэглэсэн, мөн зэсийн ханшийн өсөлт нь эдийн засгийн сөрөг нөлөөллийг арилгаж өгчээ. 

Харин одоо бол ямар нэг том хөрөнгө оруулалтын төсөл ярих боломжгүй цаг үед эдийн засгийн идэвхжлийг алдуулахгүй, иргэдийн сэтгэл зүйг өөдрөгөөр хадгалж үлдэхэд гагцхүү Засгийн газрын шийдвэртэй алхам  чухал. 
Сангийн яам 2021 оны төсвийг тооцохдоо орлогыг нэлээд өөдрөгөөр, тэр хэрээр зарлагыг өндөр байхаар авч үзсэн. Өөрөөр хэлбэл уул уурхайн төсөвт оруулах орлогыг түүхэн дээд хэмжээгээр тооцсон. Ирэх онд уул уурхайн худалдаа экспорт түүхэн дээд үзүүлэлтэд хүрэхгүй гэсэн гутранги төлөвийн талаар ярихад одоохондоо эрт байна. Гагцхүү иргэдийн худалдан авалт буурах, түүнээс улбаалсан эдийн засгийн идэвхжлийн сааралт тохиох магадлал өндөр байна. Ямартай ч   одоогоор Сангийн сайд цар тахлын   тархалтыг илүү эрт  хумьж чадна, улмаар иргэд яаж ийгээд санхүүгээ өөрсдөө зохицуулна гэсэн итгэл хүлээлттэй байгаа бололтой. 

Хэрэв арванхоёрдугаар сард цар тахлыг хумиж чадахгүй улмаар үйлчилгээний салбарын тэг зогсолт  үргэлжлэх   аваас засагт нэмэлт арга хэмжээ батлахаас өөр аргагүйд хүрнэ. Энэ тохиолдолд нэг удаагийн мөнгө тараахаас хавьгүй илүү цогц хөтөлбөр боловсруулах шаардлага үүснэ.  
Болж буй өрнөлөөс харахад төсөв сангийн бодлогын хувьд цар тахлаас эдийн засгаа хамгаалах ямар ч бэлтгэл засагт байгаагүй нь илэрхий байна. Иймд Засгийн газар   бэлтгэлээ эрчимтэй базаах хэрэгтэй болжээ. Зөвхөн экспортын тогтвортой байдал бус иргэдийн худалдан авалтын тогтвортой байдалд ач холбогдолтой хандах хэрэгтэй байна. 


   
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 3 цаг 37 минутын өмнө
    Ковид-ийн  халдварыг Монгол Улс дотооддоо алдсан нь  эдийн засгийн засгийн гол  тулгуур  болсон  уул уурхайн салбарыг  ч  маш эмзэг байдалд оруулаад байна. Салбарыг хэвийн горимоор ажиллуулахын тулд  ашигт малтмалын экспортын гол бүс нутаг Өмнөговь аймагт  Засгийн газар бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм. Засгийн газрын 183 дугаар тогтоолоор “Ногоон бүс”, мөн Засгийн газрын 64 дүгээр тэмдэглэлээр “Аюулгүйн бүс”-ийг байгуулан цар тахлын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой орд газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  удирдаж, салбарын дэд сайд О.Батнайрамдалаар ахлуулсан Ажлын хэсэг  уул уурхайн бүсэд    томилолтоор ажиллалаа.
  • Уржигдар 16 цаг 43 минутад
    “Европын Холбооны хар жагсаалт” гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас Монгол Улсыг хассан тогтоолыг Европын Холбооны “Official Journal of the European Union” сэтгүүлд (2021.01.18) нийтэлжээ.  Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх аж.  Монгол Улсыг 2019 онд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад орсонтой холбогдуулан (2020.10.01) Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулсан юм.
  • Уржигдар 16 цаг 39 минутад
    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг (2021.01.20) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж буй асуудлуудыг ҮАБЗ-ийн (2020.07.17) хуралдаанаар хэлэлцэж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих бие даасан хуулийн төслийг боловсруулж батлуулахыг Засгийн газарт даалгасан юм. Энэ дагуу 7 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан байна. Хуульд заасан харилцааг “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих, төрөөс үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах горим”-ын тухай журмаар нарийвчлан зохицуулахаар тусгажээ.
  • 2021-01-19 14:27
    Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 80 жил, газрын тосны инженер бэлтгэж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Уг ойг угтан  салбарын яам Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхлээд байгаа бөгөөд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Хэдхэн хоногийн өмнө   салбарын яамны зүгээс газрын тосны ашиглалт, олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг шилдэг компаниудыг тодруулан өргөмжилсөн. Тэгвэл энэ сарын 21-нд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулиас “Газрын тос 2020” эрдэм шинжилгээ, онол практикийн XXVI хурлыг зохион байгуулахаар болжээ.
  • 2021-01-18 11:38
    Дэлхий дахины амьдралын хэмнэл орвонгоороо өөрчлөгдөж, хүн төрөлхтний хөгжил олон сорилттой тулгарсан  2020 он улирч байна. Ирээдүйд асар их үр дагавар дагуулах олон үйл явдлын эхлэл тавигдсан энэ оныг  халдварт вирусын хамт дэлхий нийт угтсан юм. Коронавирус  дэгдсэнээр  улс орнууд хорио цээрийн дэглэмд  шилжиж, эдийн засаг, худалдаа үйлдвэрлэл, аялал жуулчлал, ложистик, зар сурталчилгаа, спорт, соёл урлагийн гээд бүхий л салбар асар их алдагдал хүлээж байна.  Сорилт, бэрхшээл Монголыг ч тойроогүй. Цар тахлын бодит аюултай нүүр тулсан улс орнуудын иргэдээ хамгаалсан, эдийн засгаа идэвхжүүлсэн туршлага бүр Монгол Улсыг алдаа гаргахаас сэргийлж, оновчтой бодлого хэрэгжүүлэх зүг чиг болох учиртай.