Энэ онд Монголын нүүрсний экспорт 30 сая тоннд хүрэх боломж бага

2020-12-03 17:51

Аравдугаар сараас Хятадын коксжих нүүрсний импортын бүтцэд томоохон өөрчлөлт гарч эхлэв. Тодруулбал, тухайн сард Хятад нийт 5.9 сая тонн коксжих нүүрс импортолсон бөгөөд 1.5 сая тонн коксжих нүүрс Австралиас худалдан авч өмнөх сарынхаас 12.4%-иар буурчээ. Энэ нь сүүлийн таван сарын хамгийн бага үзүүлэлт боллоо. Үүний гол хүчин зүйл нь хоёр улсын хоорондын худалдааны маргааны улмаас Хятад нь Австралиас коксжих нүүрсний импортоо мэдэгдэхүйц бууруулж байна. Одоо Хятадын зүүн хойд эргийн далайн боомтуудад Австралийн 4.1 сая тонн коксжих нүүрс тээвэрлэсэн 39 хөлөг онгоц саатсан тухай “Аргус Медиа” мэдээлэв.

Харин Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, аравдугаар сард Монгол Улсаас 3.3 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 14%-иар өсчээ. Манай улс аравдугаар сард нийт 4 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх есдүгээр сарын дүнгээс 600 мянган тонноор бага юм. Эхний арван сарын хугацаанд Монгол Улсын нүүрсний экспортын нийт хэмжээ 23.9 сая тонн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26%-иар буурсан үзүүлэлт юм.

КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс хоёрдугаар сараас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж хилээ хааснаар нүүрсний экспорт 40 гаруй хоног тэг зогсолт хийсэн билээ. Гуравдугаар сарын дунд үеэс нүүрсний экспортыг эхлүүлж үндсэндээ сүүлийн 4 сард сэргэж байна. Манай улсын нүүрсний экспорт саарсан тэр зурвас үед Хятадын коксжих нүүрсний зах зээл дэх Монголын орон зайг “нөхөж” Австрали, Орос нүүрсний экспортоо ахиулсан юм.

Энэ оны эхний хагаст, Хятадын коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч орнуудаас ганцаар Монгол Улс хасах үзүүлэлттэйгээр өнгөрсөн оны тэргүүлэх байр сууриа Австралид алдаж, харин Орос нүүрсний экспортоо 3%-иар нэмэгдүүлж чадсан. Хятадын нүүрсний зах зээл дээр асар их өрсөлдөөн явагдаж буй нь энэ. 

2020 оны эхний гурван улиралд Оросын нүүрсний экспорт тогтмол өсч, наймдугаар сараас буурч байгааг графикаас харж байна. КОВИД-19-оос сэргийлэн хилээ хаасан эхний улиралд Монголын нүүрсний экспорт тэг зогсолт хийх үед Оросын нүүрсний нийт экспорт тасралтгүй нэмэгджээ.

Коронавирусын нөхцөл байдлаас Хятадын зах зээлд Оросын нүүрсний эрэлт буурахгүй, харин ч нэмэгдэх боломж үүсч байна гэж ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд Анатолий Яновский мэдэгдсэн билээ. Хятадын нүүрсний томоохон нийлүүлэгчид Австралийн далайн тээвэр саатах, Монголын нүүрсний тээвэр зогссон нөхцөл байдал Оросын нүүрсний экспортод боломж гэж тэрээр үзэж байна. 

Өнгөрсөн онд Орос 190 гаруй сая тонн нүүрс экспортолсноос 27 сая тонн нь коксжих нүүрс юм. Тус улс коксжих нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн тулд төмөр замын дэд бүтцэдээ чамгүй хөрөнгө хаяж, далайн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Оросын коксжих нүүрс маш бага хүхэртэй, өндөр чанартай учир Хятадын худалдан авагчдын сонирхлын татдаг. Нүүрсний хамгийн том зах зээлтэй хил залган орших давуу тал Монгол, Орост аль алинд нь бий. Давуу талаа ашиглан оросууд зөвхөн Хятадад 55 сая тонн, Энэтхэг рүү 30 сая тонн нүүрс экспортлох, цаашлаад дэлхийн нүүрсний зах зээлийн 25%-ийг дангаар эзлэх зорилттой стратегийн баримт бичгийг 2020 онд баталсан. Одоо Орос далай болон эх газраар Хятадын зүүн хэсэгт нийлүүлэхээс гадна Манжуураар зүүн хойд бүс нутагт нүүрсээ хүргэж байгаа юм. Ойрын ирээдүйд төмөр замаар Казахстаны нутгаар дамжин Хятадын баруун хэсэгт нүүрс экспортлох хэлэлцээрийг хийж байна. Төмөр замаар оросууд харьцангуй бага нүүрс экспортолж байгаа ч хэтдээ нэмэгдүүлнэ гэж газрын боомтуудаа нарийн царигтай төмөр замаар Хятадтай холбож буйг онцлоё. Өнөөдөртөө Монголын нүүрсний экспортын бүс нутагт  өрсөлдөхүйц биш ч гэлээ аажмаар “өнөөх“ орон зайд Монголтой бус Австралитай эн зэрэгцэн өрсөлдөж байр сууриа тэлэх амбиц хойд хөршид бий.  

Монгол Улсын боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг 1-2 жилдээ нэмэгдүүлж чадахгүй аваас Оросын нүүрсэнд боломж олгоно гэдгийг “S&P Global Platts”-ын шинжээч анхааруулсан удаатай. Манай улс энэ жил 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байсан ч коронавирусын нөхцөл байдалтай холбоотой 36 сая тонн болгож 2020 оны төсвийг тодотгосон билээ.Тэгвэл энэ төлөвлөлт биелэх боломжгүй гэж УУХҮ-ийн сайд үзэж 30 сая тонн экспортлох төлөвийг хэлсэн юм.         

Хятадын нүүрсний импорт нэг онцлогтой. Тухайн жилийн төлөвлөгөөт хэмжээгээ барьж оны эцсээр нүүрсний импортоо хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэлээрээ зохицуулдаг. Энэ хандлага сүүлийн 2-3 жилд ажиглагдаж байгаа билээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадын коксжих нүүрсний импорт түүхэн доод хэмжээнд хүрч, нэг сарын дотор Монголоос татсан хэмжээ 43.1%-иар огцом буурч байв. Тухайн сард АНУ, Канад, Индонезиэс коксжих нүүрс импортлоогүй юм. 2018 онд арваннэгдүгээр сараас Хятад нүүрсний чанарын хатуу чанд журмыг боомтууддаа нэвтрүүлэх гэнэтийн шийдвэр хэрэгжиж экспорт гарц хумигдахад хүрсэн юм. 2017 онд мөн адил жилийн эцсээр Хятадын импорт буурсан байдаг. 2020 онд 72 сая тонн коксжих нүүрс импортлох таамгийг тус улсын нүүрсний мэдээллийн гол суваг “Fenwei Energy”-ээс дэвшүүлжээ. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, энэ оны эхний арван сард тус улс нийт 65.3 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Он дуустал үлдсэн нэг сар гаруй хугацаанд Хятад 6.7 сая гаруй тонн коксжих нүүрс импортлох төлөв харагдаж байна. Энэ хэмжээг дан ганц Монгол Улсаас импортлохгүйг санах нь зүй. Тиймээс манай нүүрсний нийт экспорт оны эцсээр 30 сая тонн хүрэхэд эргэлзээтэй байна. 

Хэдийгээр цар тахал дэгдсэн ч Хятадын эдийн засаг өсөлттэй байгаа нь хил залган орших Монгол Улсад давуу тал юм. Энэ том зах зээлд Монголын нүүрс чанараар өрсөлдөх боломж их, гарц ч бий. Өнөөгийн орон зайгаа хадгалахын тулд дэд бүтэц, нүүрсний чанар хоёрт онцгой анхаарах учиртай.    

Э.Од
     


   

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 8 цаг 12 минутын өмнө
    Монгол Улсын Засгийн газрын (2020.12.13) 211 дүгээр тогтоолтой холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, Дулааны цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээ өссөн тул “Шивээ-Овоо”-гийн уурхайн нүүрс олборлолтын хэмжээ 76 мянган тонн, хөрс хуулалт 330 мянган шоо метр тус тус өссөн байна. Нүүрс олборлолт, борлуулалт ба нийлүүлэлт нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн тул “Шивээ-Овоо”-гийн уурхайн нүүрс борлуулалтын төлөвлөгөө 2020 оны арваннэгдүгээр сард 111.6%, арванхоёрдугаар сард 113.5%, энэ сард (2021.01.25) 101%-ийн гүйцэтгэлтэй ажиллаж төвийн эрчим хүчний систем болон орон нутгийн дулааны станцуудын хэрэглээг хангаж байна.
  • 10 цаг 11 минутын өмнө
    Урд хөрш хөгжлийн чиглэлээ шинэчлэн тогтоож байна. Өнгөрсөн тавдугаар сард Хятадын дарга Си Жинпин “хос эргэлт” бүхий эдийн засгийн хөгжлийн стратегийг танилцуулсан юм. Энэхүү стратеги нь Хятадын XIV таван жилийн төлөвлөгөөний гол хэсэг байх нь одоо нэгэнт тодорхой боллоо.  Монголын эрдэс түүхий эдийг, тэр дундаа нүүрс, зэс, төмрийн хүдэр, цайр, газрын тосыг бараг бүхэлд нь худалдаж авдаг, худалдааны гол түнш орон нь урд хөрш.
  • Өчигдөр 12 цаг 30 минутад
    ОХУ-аас байгалийн хий БНХАУ руу нийлүүлэх “Сибирийн хүч 2” хоолойн байгууламжийг  Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах “Газопровод союз восток” компани албан ёсоор манай улсад бүртгүүлжээ. Энэ тухай Гадаад харилцааны яам болон Оросын “Газпром” компани мэдээлэв.  Гадаад харилцааны яамны мэдээллээр, “Газопровод союз восток” компанийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа (2021.01.21) тус компанийн захирал Е.Н. Асеевтай цахим уулзалт хийсэн байна. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ болон Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн удирдлага, төлөөлөл оролцжээ. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын талаас баталгаажуулах шаардлагатай бичиг баримтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, “Газопровод союз восток” компани нь Монголын Худалдаа хөгжлийн банканд байнгын данс нээлгэхэд бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалт зэрэг асуудлыг уулзалтаар хэлэлцсэн байна.
  • Өчигдөр 11 цаг 38 минутад
    Гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан байдлаар анх удаа дэлхийд БНХАУ тэргүүлсэн байна. НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын (ЮНКТАД) тайлангаар, 2020 онд Хятадын эдийн засагт гадаадаас 163 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оржээ. Энэ нь өмнөх оноос 4%-иар нэмэгдсэн үзүүлэлт аж. Хятад улс тэргүүлэхэд дэлхийн бусад орнууд, тэр дундаа АНУ-д хөрөнгө оруулалт буурсан нь нөлөөлжээ. Сүүлийн арав гаруй жил тэргүүлж ирсэн АНУ-ын эдийн засаг 2020 онд 134 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гадаадаас татсан байна. Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн 2019 онтой харьцуулахад хоёр дахин буурчээ. Тайланд тэмдэглэснээр, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын бүрэн эрхийн хугацаанд тус улс руу чиглэсэн ГШХО буурсан байна.
  • Уржигдар 16 цаг 29 минутад
    Хятад улс Австралиас зэсийн баяжмал импортлохоо бүрэн зогсоожээ. Энэ нь албан ёсны хориг биш ч хоёр улсын таагүй харилцааны улмаас Хятадын үйлдвэрлэгчид Австралиас түүхий эд худалдан авахаас зайлсхийж байна.  Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард Австралиас нэг ч тонн зэсийн баяжмал болон хүдэр Хятад улс импортлоогүйг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Тэгвэл өмнөх арваннэгдүгээр сард 26.71 мянган тонн, 2019 оны сүүлийн сард 110.93 мянган тонныг Австралиас худалдан авч байжээ. Австралийн зэсийн баяжмалын Хятадын импортын хэмжээ 0 болсон нь сүүлийн 16 жилийн хугацаанд буюу 2014 оны дөрөвдүгээр сараас хойших анхны тохиолдол болохыг International Copper Study Group (ICSG) мэдэгдсэн юм.