Н.Дорждарь: Баялгийн сангийн хөгжилд улс төрийн зөвшилцөл чухал

2020-12-01 13:29

The Mongolian Mining Journal /Oct.2020/

Баялгийн сангийн хуулийн шинэ төслийг УИХ-аар хэлэлцэхээр бэлтгэж байна. Энэ цаг үед баялгийн сангийн эерэг, сөрөг талуудыг сайтар хэлэлцэх нь ихээхэн чухал болж байна.  Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарьтай MMJ-ийн сэтгүүлч Б.Төгсбилэгт  ярилцлаа. 

 

Баялгийн шинэ сан   ямар ач холбогдолтой вэ?  Өмнө нь байгуулсан хоёр сангаас  хангалттай туршлага хуримтлуулж чадсан уу?
Эхлээд бид хэдий хэмжээний мөнгөний тухай ярьж байгаагаа ойлгох учиртай. Манай улсын эдийн засаг 13 тэрбум ам.доллараар илэрхийлэгддэг. Эдийн засгийн 30-аад хувь нь уул уурхайн салбараас шууд хамааралтай.   Ирээдүйн өв санд 1 их наяд хүрэхгүй төгрөг байгаа гэж бодъё. 2021 оны төсөвт уг санд   нэмж 1.2 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тусгасан. Тэгэхээр ирэх оны эцсээр Ирээдүйн өв санд 2 их наяд төгрөгийн хуримтлал үүснэ. Жил бүр 1 их наяд төгрөг санд хуримтална гээд өөдрөгөөр тооцоход 2030 онд  10 их наяд төгрөг буюу 3.5 тэрбум ам.доллар Ирээдүйн өв санд цугларна гээд тоймлон зураглаж болох юм.

Нөгөө талд шинээр баялгийн сан байгуулаад стратегийн ордуудын орлогыг хуримтлуулна гэж Засгийн газар төлөвлөж байна. Баялгийн шинэ сан болон Ирээдүйн өв санд уул уурхайн орлогыг хоёр  салгана гэсэн үг. Уул уурхайгаас Ирээдүйн өв санд хийх байсан мөнгөний талыг баялгийн шинэ сан руу хуваарилна гээд бодъё. Тэгэхээр баялгийн шинэ сан руу 1.7 тэрбум, Ирээдүйн өв санд мөн 1.7 тэрбум ам.доллар орно гэж тооцоолж болно. Хэдэн жилийн өмнө манай байгууллагаас Монголд байгалийн баялагт тулгуурласан 55 санг олж тогтооход тэд 4 их наяд ам.долларын активтай байсан. Өөрөөр хэлбэл, дунджаар 70 орчим тэрбум ам.долларын хэмжээтэй. Тэгэхээр санд харьцангуй их хуримтлал бий болгож байж өгөөжөө өгдөг нь харагдаж байна. 
Өөр нэг зүйл нь улсын өрийн асуудал. Засгийн газрын гадаад өр одоогоор 7 тэрбум ам.доллартай тэнцэж байна. 

Гадаад зээлийн жилийн дундаж хүү нь 7%-тай байгаа юм. Харин Ирээдүйн өв сангийн хуримтлалын өгөөж нь жилд сайнаар бодвол 4%-тай байх болов уу. Өр зээлээ бодвол Ирээдүйн өв санд мөнгө хуримтлуулах нь хүүгийн зөрүү мэдэгдэхүйц их учраас одоохондоо тийм ч оновчтой биш. 
Монгол Улсад дотоод хөрөнгө оруулалтын хэрэгцээ их бий. Шинээр байгуулах баялгийн сан дотоодод чиглэх учир өгөөж  нь 10%-иас дээш байх боломжтой. Гэхдээ бас 0%, бүр хасах үзүүлэлттэй ч байж болно. Өөрөөр хэлбэл дотоод хөрөнгө оруулалт нь гадаад хөрөнгө оруулалтаас өгөөж илүү   байх боломжтой ч нөгөө талдаа илүү эрсдэлтэй байж мэднэ. 

Шинээр байгуулах сангийн өгөөж 10% байх таамаг дэвшүүлье. Харин Ирээдүйн өв сангийн өгөөж 4% гэдэг нь харьцангуй эрсдэл багатай, олон улсын жишгээр авч үзсэн тооцоолол. Баялгийн сангийн хуримтлал  нийтийн мөнгө учраас эрсдэл багатай ашиглах нь зүйтэй. Иймээс дотоодод чиглэсэн баялгийн шинэ сангаасаа гадагшаа чиглэсэн Ирээдүйн өв сан нь эрсдэл багатай харагдана. Гэхдээ  Ирээдүйн өв сан,  дотоодод хөрөнгө оруулах шинэ баялгийн сангийн аль алиныг нь гадаад өрийн хэмжээг бууруулах бодлоготой уялдуулахгүй бол болохгүй. Өөрөөр хэлбэл манай гадаад зээлийн жилийн дундаж хүү 7%-тай байгааг дор хаяж 4%-руу буулгахгүй бол хүүгийн зардал өндөр гарсаар байх болно. Хэзээ өр төлөх, хэзээ хуримтлал үүсэх тухайд харьцуулалтыг тооцох хэрэгтэй. 

Ирээдүйн өв сан бол хэдийгээр хууль нь батлагдаж гарсан ч хэрэгжиж эхлээгүй байна. Зүгээр л мөнгө хуримтлуулаад л байна гэсэн үг. Түүнээс биш баялгийн сан   хөрөнгө оруулаад өгөөжөө хүртээд явах учиртай.  Жилийн өгөөжөө 15%-д хүргэж чадсан Шинэ Зеландын баялгийн сан хамгийн өгөөжтэй   сангаар нэрлэгдэж байсан.  Гэхдээ энэ нь үргэлж тийм өндөр үзүүлэлттэй байна гэсэн үг биш бөгөөд дундаж нь 4% орчим байдаг. 

Ирээдүйн өв сан одоогоор Сангийн яамны мэдэлд бий. Саяхан төсвийг тодотгохдоо Ирээдүйн өв сангийн корпораци байгуулан ажиллаж эхлэх хугацааг нь   хойшлууллаа. 
Тэгэхээр төсвийн алдагдлыг нөхөхөд сангийн мөнгийг ашиглаад явах бүрэн боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ мөнгийг төсвийн алдагдлыг нөхөх, өр зээлд зарцуулах боломжтой бөгөөд хуримтлал үүсэж чадах эсэх нь эргэлзээтэй болж байна. 
Тэгэхээр   эхлээд хоёр санг санхүүжүүлэх хангалттай орлогыг уул уурхайгаас олж чадах уу? Хоёр сангийн аль нэгийг  авч үлдэх үү? Өр зээлийн бодлоготой хуримтлалын бодлого нь хэрхэн уялдах вэ зэрэг асуултад хариулт өгөх ёстой болов уу. 

Баялгийн шинэ сангийн орлогыг  дотоодод хэрэгжих төслүүдэд зарцуу­лна. Энэ нь дотоодын эдийн засагт халалт авчрах аюултай юу? Нөгөө талаас баялгийн шинэ сангийн мөнгөөр уул уурхайн мега төслүүдийг санхүүжүүлснээр өгөөж нь бага байх эрсдэл бий. Мега төсөл гэхээр хамгийн их өгөөжтэй байх албагүй. Жишээ нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам үнэхээр ашигтай  төсөл эсэх нь эргэлзээтэй гэгддэг. Гэтэл “Эрдэнэс Монгол” үүнийг дотоодын хөрөнгө оруулал­тын сайн жишиг гэж хэлдэг.
“Эрдэнэс Монгол” дээр сан байгууллаа гэхэд үүнийг амжилттай удирдаад явах бүтэц зохион байгуулалтыг хийж чадах уу гэсэн асуулт тулгарна. Дотоод асуудал, засаглалаа сайжруулж, баялгийн сангийн мөнгийг шамшигдуулахгүй байх нөхцөлийг компани эхлээд бүрдүүлэх хэрэгтэй. “Эрдэнэс Монгол”-ын удирдлага   өөрчлөгдөхөд сонгон шалгаруулалт явсангүй. Шинэ захирлаар улстөрч сонгогдлоо.  Удирдах зөвлөл нь улс төрөөс хараат бус  шийдвэр  гаргаж чадахгүй байна. 

Хоёрт, хөрөнгө оруулалт хийх дотоодын  төслүүд нь хэр өгөөжтэй, бас эрсдэлтэй байх вэ?   “Эрдэнэс Монгол”-ын өмнөх түүхээс харахад төслүүд нь   тэр бүр үр ашигтай байж чадаагүй. 

Ирээдүйн өв сан нь хуримтлалаараа зөвхөн гадагшаа хөрөнгө оруулаад ирэх өгөөжийг нь улсын эдийн засагтаа оруулах зориулалттай. Дотоодын эдийн засаг шингээх чадвар муу нөхцөлд их хэмжээний хөрөнгийг дотооддоо зарцуулах нь инфляци, үр ашиггүй төслүүд болоод дуусдаг. Харин гадагшаа чиглэсэн баялгийн сан байгуулах нь экспортоо нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлж байгаа нэг хэлбэр. Ирээдүйн өв сан  нь хойч үеийнхэндээ баялгийг тэгш хуваарилах зорилгоор байгуулсан бол баялгийн шинэ сан нь стратегийн хөрөнгө оруулалтынх гэдэг утгаараа чиглэл нь өөр. Тиймээс шинэ сан   дотоодод хэрэгжүүлэх төсөлд санхүүжилт хийнэ. Үүний хэрэгцээ шаардлага ч их гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө. Өгөөж нь ч өндөр байх магадлалтай. Гэвч хөрөнгө оруулалт уул уурхай, дэд бүтэц рүү чиглэвэл эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх  бус нэг салбараас улам бүр хамааралтай болж байгаа явдал юм. Зах зээлд эрдсийн  ханш унавал бүх зүйл дагаад савлана гэсэн үг. Мэдээж тэдгээр хөрөнгө оруулалтын дүнд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэх талаасаа боломж бий. Гол нь нийтийн хөрөнгийг эрсдэлгүй хуримтлуулж, арвижуулах талаас харах нь зөв гэж бодогддог. Түүнчлэн шинэ сангийн хуримтлал эхний үед төдийлөн өндөр биш байх учир  өгөөж нь ойрын үед орж ирэхгүй байх магадлалтайг санах хэрэгтэй. 

Дотооддоо хөрөнгө оруулах тухайд баялгийн сан байгуулах нь цорын ганц арга биш. Төсөв бол дотогшоо  хөрөнгө оруулах нэг хэлбэр. Нөгөө хэлбэр нь Хөгжлийн банкаар дамжуулж хөрөнгө оруулах. Гурав дахь хувилбар бол төрийн өмчийн компани нь өөрсдөө хөрөнгөө босгоод томоохон төсөл хэрэгжүүлж болохгүй гэж үү гэсэн асуултууд гарч ирдэг.

Дэлхийн улс орнуудын баялгийн санг ажиглахад газрын тос, байгалийн хий олборлогч орны сангууд нэлээд амжилттай, мөнгөтэй харагддаг л даа. Тэр дунд дэлхийн зэс олборлолтоор тэргүүлэгч Чили улсын баялгийн сан хүртэл газрын тос олборлогч орнуудынхтай харьцуулахад жижиг харагддаг. Магадгүй баялгийн сан нь нефть олборлогч орнуудад илүү сайн зохидог юм шиг?
Газрын тос экспортлогч орнуудад сангуудын орлого илүү байгаа нь үнэн. Гэхдээ баялгийн сан байгуулахын гол утга учир нь аль ч улсад ялгаагүй, газрын тос олборлолт эсвэл уул уурхай эрхэлдэг гэдгээсээ үл хамаараад адил байдаг. Баялгийн түрээсийн төлбөр (rent) газрын тос олборлолтод илүү өндөр,   уул уурхайд арай бага байдаг. Гэвч аль аль нь шавхагдах баялаг. Нөгөө талаас эдийн засгийн хэмжээтэй  харьцуулах хэрэгтэй. Өндөр хөгжилтэй оронд газрын тосны баялгийн сан нь их хэмжээний хуримтлалтай   ч гэсэн эдийн засагт төдийлөн голлох үүрэгтэй биш байж болох юм. Харин манайд бол жижиг эдийн засагтай оронд баялгийн сан нь томоохон түлхэц үзүүлэх боломжтой. Баялгийн сангаар дамжуулан эдийн засгаа “солонгоруулж” болно. Бид уул уурхайн бус бусад салбарт хөрөнгө оруулах талаар ярьдаг. Улс орон бүр эдийн засгаа төрөлжүүлэх зорилт тавьдаг ч зорилтдоо хүрсэн нь олон биш. Манай улсын тухайд, тэр нь аялал жуулчлал байх уу, эсвэл мэдээлэл технологи байх уу гээд асуултууд бий. Цар тахал гарлаа гэхэд аялал жуулчлал унах эрсдэлтэй нь харагдлаа. Мэдээлэл технологийн чиглэлд үнэхээр Энэтхэг, Хятад зэрэг оронтой өрсөлдөхүйц байж чадах уу зэрэг бодолцох зүйлс бий. Гэтэл бид бүхэн энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг дотооддоо хийж эрсдэл үүрэхийн оронд гадаад зах зээлд, тухайлбал энэ салбарын хувьцааг худалдан авах замаар хийх боломжтой.  

Энэ мэт хөгжлийн загвартай холбоотой асуудлууд бий. Гэхдээ энэ загвар  тогтвортой байх шаардлагатай. Эрх баригч улс төрийн хүчин солигдохоор өмнөх бодлогоо үгүйсгэх хандлага ажиглагдаж байна.  Жишээ нь Ирээдүйн өв сангийн тухай хуулийг Ардчилсан нам засаглах үед баталсан учир МАН  дэмжихгүй байгаа байж болох юм. Сайны жишээ болгож ярьдаг Норвегийн сан амжилттай сайн ажиллаж байгаа нь хууль гарсандаа ч биш улс төрийн голлох намууд нь зөвшилцөлд хүрч чадсаных юм. Тэд энэ чиглэлд хамтарч ажиллах санамж бичиг үзэглэсэн. Аль ч нам   сонгуульд ялсан  сангийн үйл ажиллагааны үндсэн зарчмууд хадгалагдах байдлаар улс төрийн нөлөөллийг хязгаарлаж өгсөн байдаг. 

Манай улсын хувьд баялгийн сангийн тухай ойлголт нь шинэ зүйл биш. Хүний хөгжлийн сан, Монгол Улсыг хөгжүүлэх сан гээд хуулиуд баталж байсан. Ингээд гадаад хөрөнгө оруулалт, дотоодын төслүүд, мөн нийгэмд чиглэсэн байдлаар сангаа ашиглая гэсэн зорилтууд тавьсан ч хамгийн популист чиглэл болох нийгэм рүү хандсан, бэлэн мөнгө тараах болон халамжийн хэлбэр нь л хэрэгжсэн. 


Темасекийн загвар яагаад  Монголд амжилттай хэрэгжинэ  гэж үзэж байна вэ? Манай зах зээл жижиг учир төрөөс санхүүжсэн төслүүд ихэнхдээ ашиггүй байдаг. Тэгэхээр баялгийн сан зөвхөн ашигтай байж гэмээнэ үр өгөөж нь нэмэгдэнэ. 
Авлигатай  тэмцэж чадсан улс бол Сингапур.  “Эрдэнэс Монгол” дээр тулгуурласан сан болон Ирээдүйн өв сангийн тухайд аль аль нь амжилттай сайн ажиллаж болно. Гол нь манай улсын тухайд Сингапурын түвшинд хүрч авлигатай  тэмцэх нь чухал. Сингапур улс 1965 онд Малайзаас тусгаарласан. Тэр үед тус улсын төв банкны үүргийг гүйцэтгэгч мөнгөний зөвлөл гэх нэгжид их хэмжээний валютын нөөц хуримтлагдсан байсан. Улмаар тэр мөнгөөр валютын зохицуулалт хийхэд цаана нь сул хуримтлал байсан тул төрийн өмчийн компаниуд руугаа оруулсан. Ингээд 1976 онд Темасек байгуулагдсан. Тус байгууллага төрийн өмчийн компаниуддаа  хөрөнгө оруулж үр ашгийг нь сайжруулах чиглэлд ажилласан. Төрийн өмчийн компаниуд сайн ажиллаж эхэлсэн ч   Сингапур долларын ханш чангарах болсон. Өөрөөр хэлбэл дотоод руу чиглэсэн хөрөнгө оруулалтаас улбаатай “Голланд өвчин”-ий шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн. Энэ үйл явцыг илааршуулах гол арга нь гадагшаа хөрөнгө оруулах явдал байсан. 

Ингээд 1981 онд GIC (Government of Singapore Investment Corporation) буюу Сингапурын хөрөнгө оруулалтын корпорацийг байгуулсан. Энэ нь гадаад зах зээлд хөрөнгө оруулахад чиглэсэн сан юм. 

Тэгэхээр Сингапурт  төв банк, Темасек, GIC гэсэн гурван бүтэц ажилладаг. 
Өөр нэг асуудал бол манай улс баялгийн санг ажиллуулах бүтэц, боловсон хүчнээ бэлтгэх шаардлагатай болж байна. Үүнд бид   анхаарч ирсэн үү? Нийтийн санг хөрөнгө оруулалт байдлаар удирдан зарцуулах тогтолцоог бүрдүүлж чадсан уу  зэрэг асуулт тавигдана. 

Ирээдүйн өв сангийн тухайд нэлээд баталгаатай хувилбар гэж харагдаж байна.  Гэхдээ баялгийн сангийн мөнгө гадаадад  байрших тохиолдолд аливаа глобал эдийн засгийн савлагаанд хүчтэй өртөх магадлалтай биш гэж үү? 
2009 оны хямралын үед  хэдхэн хоногийн дотор Норвегийн сан 100 тэрбум ам.доллар алдаж байсан гэдэг. Алдсан хохирлыг буцааж нөхөх нь хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдийн хийдэг ажил. Үүнд эрсдэлийг удирдах мэргэжилтнүүд чухал. Нөгөө талаас олон улсын түвшинд хөрөнгө оруулж байгаа сангуудын хувьд ч хөрөнгө шамшигдуулах, хулгай хийх боломжтой. Малайзад гадагшаа хөрөнгө оруулах  сан байгуулсан ч сангийн мөнгөнөөс хулгай хийсэн тохиолдол гарсан жишээ саяхных. 
Дотоодод, эсвэл гадаадад чиглэсэн эдгээр сангийн аль нь ч өндөр өгөөжтэй, ашигтай ажиллах боломжтой. Гагцхүү эрсдэлийн түвшин ялгаатай тул эрсдэл хүлээх сонирхлоо тодорхойлж байж шийдвэр гаргах ёстой болов уу. 

Баялгийн сантай байх нь эдийн засгийн тулгуур бүтэц талаасаа үр өгөөж нь ямар байх вэ? Жишээ нь тэргүүлэх зэс олборлогч Чили улс баялгийн сантай. Гэвч тус улсын ард иргэдийн амьжиргаа   тэгш бус байгаа нь өнгөрсөн оны үймээн самуунаас харагдсан. Гэтэл бид зөвхөн Норвеги, Сингапурын сайн туршлагыг түлхүү ярьж, мөрөөддөг. Тэгэхээр баялгийн сангаас хэтэрхий ихийг хүлээх хэрэггүй гэж ойлгож болох уу?

Баялгийн сан заавал байгуулах албагүй.  Үндсэн хуулийн өөрчлөлтөөр баялгийн сангийн тухай заалтыг тусгалаа. Иймээс баялгийн санг тодорхой зааж өгөх нь зүйтэй санагддаг. Жишээ нь  Ирээдүйн өв сангийн тухай хуульд энэ бол манай улсын баялгийн сан гэсэн нэг өгүүлбэр оруулж болно. Нөгөөтэйгүүр баялгийн тэгш хуваарилалт гэж чухам юуг ойлгох вэ гэдгийг ч тодруулмаар санагддаг. Энэ нь 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилдаг шиг байх юм уу эсвэл татвар төлбөр авч, түүнийгээ оновчтой зарцуулах хэлбэртэй байх юм уу? Эдгээр аргуудын хосолмол хэлбэр байх уу  гэдэг дээр нэгдсэн ойлголтод хүрмээр байна. Баялгийн сан байгуулахын гол санаа нь шавхагддаг баялгийг хуримтлуулаад хөгжлийн тогтвортой эх үүсвэр болгоё гэж байгаа. Үүнд иргэдийн хяналт их чухал. Уул уурхай бол манай улсын санхүүгийн гол эх үүсвэр гэж төр засаг үздэг. Гэхдээ энэ нь нөхөн сэргэхгүй баялаг. Мэдээж уул уурхайгүй болох цагт баялгийн сан болон бусад дэд бүтэц нь тус салбарын орлогыг орлож ирэх ёстой. Гэхдээ баялгийн сан байгуулж  ажиллуулахад  сайн засаглал байх ёстой. Төсөв, баялгийн сангаа иргэд нь ойлгодог. Төр засагтаа хяналт тавьж, хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Иймд сайн засаглал хөгжүүлж чадах уу  гэдэг нэн чухал. Нэг үгээр хууль тогтоомж нь оновчтой    хэрэгждэг, иргэд нь асуудлаа ойлгодог, төр засагтаа шахалт үзүүлж, дэмжиж чаддаг болсон цагт баялгийн сан бодит  үр өгөөжөө  өгч, эдийн засаг  маань хөгжинө.  

Ярилцсанд баярлалаа! 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 1 цаг 46 минутын өмнө
    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  хүдрийн ил уурхайн дэргэдээ Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр байгуулж байна. Одоогоор тус үйлдвэрийн барилга, угсралтын ажил 60%, инженерийн шугам сүлжээний ажил 80 орчим хувь, төслийн  нийт гүйцэтгэлийн ажил 50 гаруй хувьд хүрснийг компани мэдээллээ. Үйлдвэрийг 2020 оны хөрөнгө оруулалтаар барьж байгаа аж.  Хэдийгээр “Эрдэнэт үйлдвэр” 1993 онд Монголд анх удаа 10 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай  Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг байгуулж өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа ч цаашид аюулгүй ажиллагааг хангаж, эрсдэлээс хамгаалах үүднээс  дахин шинэ үйлдвэр байгуулахаар болжээ.
  • 4 цаг 58 минутын өмнө
    Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд уул уурхайн салбарт баримтлах бодлогоо  үйл ажиллагааны хөтөлбөртөө үндсэндээ тусгасан. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын  баримт бичигт нийцүүлж гаргасан уг хөтөлбөрийг ердөө зургаан сарын настай,  дээр нь КОВИД-19 цар тахлын  эсрэг бодитой ажиллаж чадаагүй гэсэн олон нийтийн эсэргүүцлийн улмаас огцорсон У.Хүрэлсүхийн танхимын ажлуудыг  дүгнэхэд мэдээж эрт байна. Гэхдээ  аль төсөл нь магад бодитой хэрэгжих  аль нь хэрэгжих  боломжгүйг одооноос хэлж ярьж, тооцоо судалгааг танилцуулж байхад буруудахгүй. 
  • Өчигдөр 16 цаг 37 минутад
    “Рио Тинто” группийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлэн байгуулж буй 19 төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээс бүрдсэн PCR/ПГУ шинжилгээний гурав дахь цогц лабораторыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн (02.24) өглөө. “Монгол Улсын худалдаа, эдийн засгийн гол зангилаа, өмнөд хилийн алтан босго болсон Замын-Үүд боомт болон хил орчмын бүсэд гадаад худалдааны эргэлт тасралтгүй хэвийн явагдах нь цар тахлын энэ цаг үед туйлаас чухал байна” хэмээн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан онцолжээ.
  • Өчигдөр 12 цаг 20 минутад
    Байгалийн баялгийн салбарт засаглал, ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулахад мэдээллийн ил тод, нээлттэй байдал хөтлөн чиглүүлэх учиртай. Монгол Улсад энэ чиглэлд жилээс жилд ахиц дэвшил гарч, асар их мэдээлэл нээлттэй болсоор байна. Уул уурхайн салбарт ТӨК-иудын үүрэг, нөлөө онцгой их байгаа өнөөгийн нөхцөлд ил тод байдлыг хангаснаар тэдний засаглал, ашигт ажиллагаа нэмэгдэх суурь бүрдэх юм. Энэ чиглэлээрх тодорхой нэг алхам нь 2014 онд батлагдан, 2015 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн төсвийн байгууллага болон төрийн өмчит компаниудын санхүүгийн үйл ажиллагааг нийтэд ил болгон мэдээлэх эрх зүйн орчныг бий болгосон Шилэн дансны тухай хууль юм. Уг хуулиар /www.shilendans.gov.mn/ сайтад маш их тоон мэдээлэл нээлттэй болж байна.
  • Уржигдар 14 цаг 44 минутад
    Оны нэгдүгээр улиралд Мөнгөний бодлогын хорооноос 250 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгохоор шийдвэрлэсний дагуу (2021.02.22) Монголбанкнаас урт хугацаат репо арилжаагаар ирүүлсэн саналын дагуу Хаан, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хас, Тээвэр хөгжлийн банк, Богд, Капитрон болон Кредит банкуудад нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.  Урт хугацаат репо санхүүжилтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сайжруулах зорилгоор Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг хамрагдах боломжоор хангаж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох зээлийн дээд хэмжээг 3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.