Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Ашигт малтмал экспортлогч компаниудыг халдвар хамгааллын онцгой дэглэмд шилжүүлнэ

- Хилийн боомтуудыг халдвар хамгааллын онцгой дэглэмд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна-

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргалаа. Үүнд:

-Хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн үйлчилгээг түргэн шуурхай, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр олгох. Хүүхдийн мөнгийг 2021 оны долдугаар сарын 01 хүртэл үргэлжлүүлэн олгох

-2021 оны долдугаар сарын 01 хүртэлх хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээ хуульд заасан хугацаанд төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагыг алданги, торгуулиас чөлөөлөх

-2021 оны долдугаар сарын 01 хүртэлх хугацаанд албан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол алданги, торгуулиас чөлөөлөх

-2021 оны долдугаар сарын 01 хүртэлх хугацаанд худалдааны төв, худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь нотлогдсон бол татварын хөнгөлөлт үзүүлэх

-2021 оны долдугаар сарын 01 хүртэлх хугацаанд бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, өвс, мал, амьтны тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, дотооддоо боловсруулан борлуулсан ургамлын тос, өвс, мал, амьтны бүх төрлийн тэжээл, хүнсний будааг НӨАТ-аас чөлөөлөх

-Хүнсний бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, савлалт, хүргэлт, тараалт, борлуулалтыг хэвийн явуулах

-Ипотекийн зээлийн 2021 оны долдугаар сарын 01 хүртэлх хугацааны үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтээр хойшлуулах, үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр гэрээний хугацааг сунгах

-Банк, банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооноос олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулан хүүг нэгтгэж тооцох зэргээр нэмэлт дарамт үүсгэхгүйгээр гэрээг өөрчилж хугацааг сунгах

-Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн экспортлодог аж ахуйн нэгжүүдийг халдвар хамгааллын онцгой дэглэмд шилжүүлж, халдвар, хамгааллын аюулгүй нөхцөл бүрдүүлэх

-Хилийн боомтуудыг халдвар хамгааллын онцгой дэглэмд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, тээврийн жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулах, боомтуудыг “Ногоон бүс” гэж зарлах, тээвэрлэлтийг дараалал үүсгэхгүй зохион байгуулах

-Бүх төрлийн шуудан, илгээмжийг ариутгаж халдваргүйжүүлэх

-Оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг импортын Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх

-Татвар, гаалийн байгууллага тайлан гаргах, татвар төлөх, гаалийн бүрдүүлэлт хийх зэргийг цахимжуулах

-Татварын өртэй татвар төлөгч төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн авлага, бусад татварын илүү төлөлттэй бол хүсэлтийг нь харгалзан татварын өрийг тухай бүр нь суутгаж тооцох

-Зээлийн батлан даалтын сан бизнесийг сэргээхэд ажлаа чиглүүлэх, идэвхжүүлэх

-Төсвийн болон төрийн байгууллага, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд ажил, үйлчилгээ үзүүлсэн, бараа нийлүүлсэн бол төлбөрийг шуурхай барагдуулах

-Дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байх

-Бүх төрлийн сонгон шалгаруулалтын хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгах

-Төсвийн захирагч нар хэмнэлтийн горимоо үргэлжлүүлэх

-Үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлээр эдийн засаг, төсөв, санхүүгийн талаар авах арга хэмжээний саналаа танилцуулж шийдвэрлүүлэх

-Халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах, хоорондын зай барих, амны хаалт зүүх, биеийн халууныг үзэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх тухай байнга зөвлөх, иргэдийг соён гэгээрүүлсэн, үндэсний өв соёлыг харуулсан нэвтрүүлэг, контент нэвтрүүлэх 

-Татвар төлөгч 2020 оны татварын жилийн тайлангаар гарсан алдагдлыг татварын дараалсан дөрвөн жилийн хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын татварын тухай хуульд заасан журмын дагуу хасч тооцох хуулийг нийтэд сурталчлах  шийдвэр гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төр, засаг, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж байгаа иргэд, үүрэг гүйцэтгэж байгаа бүх байгууллагын ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ. Хүнд үеийг эв нэгдэлтэй байж, халдварын тархалтыг зогсоож, хяналтдаа авна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. 

 Товч мэдээ 

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2021 оны III улиралд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийнхийг 2022 оны III улиралд дуусгаж, Зүүнбаян-Ханги чиглэлийн барилгын ажлын зураг төслийг ирэх онд боловсруулж, 2024 онд барьж дуусгана.

-Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн 58 км автозамын засвар, шинэчлэлт, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км замыг дуусгаж, Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126.7 км замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган Улсын комисст хүлээлгэж өгөхийг даалгав.

-Баруун гар талдаа жолооны хүрдтэй, долоо ба түүнээс дээш жилийн насжилттай, өмнө нь осолд орж байсан, эвдрэлтэй тээврийн хэрэгслийг импортоор оруулахыг үе шаттай хориглох талаар хэлэлцүүлэхийг үүрэг болгов.

-Туул голын сав газраас түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохыг зогсоох, нөхөн сэргээлт хийх зэрэг үе шаттай арга хэмжээ авах санал боловсруулж хэлэлцүүлэхийг даалгав.

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгож байгаа тусгай зөвшөөрлүүдээс эхний ээлжинд зургаан төрлийн зөвшөөрлийг энэ онд багтаан цахимаар олгож эхэлнэ.

-Хөвсгөл нуурт живсэн машин техникийг олон улсын байгууллагуудтай хамтран татаж гаргахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болов.

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувь бууруулж, бусад томоохон хот, суурин газрын бохирдлыг үе шаттай бууруулах чиглэлээр иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана.

-Агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн инноваци, дэвшилтэт техник, технологийг үе шаттай туршин нэвтрүүлэхийг холбогдох сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээллээ.