16 төрлийн баримт бичигт уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар тусгажээ

2020-10-29 10:44

Н.Даваасамбуу /Монгол Улсын Зөвлөх инженер, Техникийн ухааны доктор (Ph.D)

Монгол Улсын төсвийн жилийн орлогын 20 гаруй хувийг дангаар  бүрдүүлдэг уул уурхайн салбарын үйл ажиллагааны үр дүн нь улсын үйлдвэрлэл, эдийн засаг, нийгэмд бодитой, жинтэй, тогтвортой байдлаар эерэг нөлөөлөл үзүүлдэг. Тэр нь үйлдвэрлэлийн бүтэц, гадаад худалдааны тэнцэл, улсын нэгдсэн төсөв,  санхүү,  хэрэглээний үнэ, төгрөгийн ханш, хүн амын амьжиргаа, нутагшилт суурьшилд шууд хамааралтай боллоо. 

2019 оны эцсийн байдлаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ 36897.6 тэрбум төгрөгт хүрсний дотор уул уурхайн олборлох салбарын бүтээгдэхүүний хэмжээ 8779.2 тэрбум төгрөг буюу 23.8%, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний (АҮБ) 73%, экспортын 90 орчим хувийг эзэлж байна. 2016-2019 оны гадаадын хөрөнгө оруулалт нь 6.7 тэрбум ам.доллар болж Монгол Улсад  орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75%-д хүрчээ.

Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний 40%-ийг нүүрс, 24%-ийг зэсийн баяжмал, 8%-ийг төмрийн хүдэр, төмрийн баяжмал, 5%-ийг газрын тос. Мөн 5%-ийг алт, 18%-ийг бусад ашигт малтмалын бүтээгдэхүүн бүрдүүлж байна.
Өнөөгийн байдлаар уул уурхайн салбарын 350 орчим уурхайд (нүүрсний 35, алтны 160, хайлуур жоншны жоншны 60, төмрийн 20, бусад 70 гаруй уурхай) 58 мянган хүн ажиллаж байна.

Улс орны цаашдын хөгжилд уул уурхайн салбарын хөгжил чухал нөлөө үзүүлсээр байх нь дамжиггүй. Тиймдээ тус салбарын хөгжлийн чиг хандлагын талаар энэхүү өгүүлэлд тоймлон  харуулахыг зорив. Бидний монголчууд хөгжил гэгчийг хүслээ болгож, түүнд зорин тэмүүлсээр ирсэн.  Цаг ямагт өсөн нэмэгдэж байдаг хүний нийгмийн хэрэглээ, шаардлагад  хүрэлцэхүйц материаллаг болон оюун санааны баялаг бий болгож, хүний ажил, амьдрал илүү  их тааламжтай орчин нөхцөлд, илүү их хөнгөн хялбараар үргэлжлэх нөхцөлийг бүрэлдүүлж, нийгмийн гишүүд нь боломжит өндөр зэрэглэлийн соёлт харилцаа, үйлчилгээг хүртэж, түүнд оролцож чадахуйц нийгмийн тогтолцоо цогцлоохыг хөгжил гэж ойлгоно. Улс, нийгмийн хөгжлийн хэмжүүр нь хүний хөгжил мөн бөгөөд улсын хөгжлийг ч тухайн орны хүний хөгжлийн түвшин гэж үзэж болно.

Улсыг хөгжүүлэхэд улс орныхоо нийгмийн ба эдийн засгийн салбаруудыг харилцан уялдаатайгаар жигд хөгжүүлэхгүйгээр улс орон хөгжинө гэж мэдээж байхгүй. Салбар тус бүрийн хөгжил нь, улсынхаа хөгжилд тус тусын хувь нэмрээ оруулж, хөгжлийн хэмжүүр болох  хүний хөгжлийн түвшинг тодорхойлно.  Энэ нь аль ч улс оронд адил.
Хөгжлийн зорилго, зорилтыг төр засгийн хөгжлийн бодлогоор тодорхойлж, хэрэгжүүлнэ. Салбарын хөгжил ч мөн ялгаагүй тухайн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, үе үеийн Засгийн газруудын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрүүдэд тусгалаа олсон байдал, хэмжээ, зүйл заалтыг баримтална.

Иймээс 2001 оноос хойш боловсруулж, мөрдсөн, мөрдөж байгаа төр, засгийн болон   салбарын хөгжлийн бодлогын 16 төрлийн баримт бичигт уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар тусгасан 270 орчим заалтыг шинжлэн судалж үзвэл тус салбарын хөгжлийн үзэл баримтлал, чиг хандлагыг дараах байдлаар багцалж   болохоор байна. Үүнд:

1.    Монгол Улсын хөгжлийн ерөнхий чиг хандлагатай уялдсан, орчин үеийн, олон улсын стандартад нийцсэн, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, экспортын чиг баримжаатай, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах шаардлагыг биелүүлсэн, ил тод, хариуцлагатай уул уурхайн олборлох болон боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
2.    Геологи, геохими, геофизикийн бүх төрлийн судалгааны ажлыг иж бүрнээр гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлж, улсын нутаг дэвсгэрийн 50%-ийг геологийн 1:50000-ны масштабтай зураглалд хамруулан, геологийн мэдээллийн санг хөгжүүлэх;
3.    Алт, зэс болон бусад өнгөт металл боловсруулах, хар төмөрлөгийн үйлдвэрлэл, нүүрс-хими, кокс-хими, нефть-химийн үйлдвэр, хайлуур жоншны эцсийн бүтээгдэхүүн, фосфоритын бордооны үйлдвэрүүдийг барьж байгуулах;
4.    Уул уурхай, хүнд үйлдвэрийн хөгжилд шаардлагатай дэд бүтцийг түрүүлүүлэн хөгжүүлэх, нүүрсний орд газар, уурхайг түшиглүүлэн дулааны цахилгаан станц барьж байгуулах;;
5.    Газрын тосны хайгуулыг эрчимжүүлэхийн зэрэгцээ, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж, дотоодын хэрэгцээг хангах, занар болон хүрэн нүүрснээс шингэрүүлсэн түлш, шатдаг хий гаргах технологийг нэвтрүүлэх;
6.    Төмрийн хайлш, ган бөмбөлөг, тээрмийн хуяг, туйван, барилга, төмөр замын хийц бэлтгэх чиглэлээр хар төмөрлөгийн цогцолборуудыг байгуулж, машин тоног төхөөрөмж үйлдвэрлэх;
7.    Гидрогеологийн судалгааг өргөжүүлэх, ус хангамжийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх замаар уул уурхай, хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй, хот суурин газруудын усны хангамжийн эх үүсвэрүүдийг найдваржуулах;
8.    Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхдээ байгаль орчин, экосистемийг  хамгаалах, экологийн тэнцвэрийг хадгалах, нөхөн сэргээлт, хаалтын ажиллагааг олон улсын түвшинд авч үзэж, гүйцэтгэх, гол мөрний урсацын эх, ойн сан бүхий газар нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарлах;
9.    Экосистем, геополитик, ашигт малтмалын нөөц, бусад үндсэн түүхий эдийн нөөцөд үндэслэн аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг тодорхойлж, нутагшилт суурьшлын асуудалтай уялдуулан хөгжүүлэх, уул уурхай, хүнд үйлдвэрийг дагасан жишиг хот, суурины төслийг боловсруулан хэрэгжүүлэх;
10.     Стратегийн ба стратегийн ордын жагсаалтад нэмж орох ордуудыг эдийн засгийн эргэлтэд эхний ээлжинд оруулах;
11.     Уул уурхайн олборлох, боловсруулах ба хүнд үйлдвэрийн үйл ажиллагаанд хаягдал, бохирдол багатай, байгаль-экологит ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологи хэрэглэх;
12.    Түгээмэл тархацтай ашигт малтмалын ордуудад түшиглэн барилгын шинэ материал, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг хөгжүүлэх;
13.     Газрын ховор элемент, цацраг идэвхит ашигт малтмалын геологийн судалгааг өргөжүүлэх, улмаар эдгээр ашигт малтмалын ордуудыг ашиглах, боловсруулах үйлдвэр байгуулж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх;
14.    Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгож гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого баримтлах;
15.     Уул уурхайн салбарт төрийн оролцоог зохистой түвшинд байлгах, орон нутаг, иргэдийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх, салбарын судалгааны нэгж байгуулан ажиллуулах;
16.    Дархан-Уул, Дорноговь, Налайх, Багануур, Багахангай зэрэг аймаг дүүргүүдэд үйлдвэрлэл технологийн парк байгуулах;
17.    Уул уурхай, хүнд үйлдвэрийн үйл ажиллагааг материал, тоног төхөөрөмжөөр хангах, бүтээгдэхүүнийг нь шилжүүлэх тээвэр-логистикийн сүлжээ хөгжүүлэх, салбарын уурхай, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэр, кластер бүтцийг бий болгох, импорт, экспортын бүтээгдэхүүн нэвтрэх боомтуудын хүчин чадал, тоог нэмэгдүүлэх, гадаад худалдааны нөхцөл, хэлэлцээрийг өргөтгөх, гадаад орнуудын далайн боомтыг ашиглах боломжуудыг судлах, хэрэгжүүлэх; 
18.     Уул уурхай, хүнд үйлдвэр хөгжүүлэхэд шаардлагатай олон улсын стандарт, хариуцлагын шаардлагуудыг нэвтрүүлэх, нутагшуулах;
19.     Бичил уурхайг зүй зохистой хөгжүүлэх, бичил уурхайн бүтээгдэхүүнийг худалдан авах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлж, сайжруулах;
20.    Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын үйл ажиллагааны орлого, ашгаас хуримтлалын сан байгуулж, бусад салбарт хөрөнгө оруулах, эдийн засгийн болзошгүй эрсдэлээс хамгаалахад хэрэглэх.

Монгол Улсад 2020 оны долоодугаар сарын  байдлаар ашигт малтмал ашиглалтын хүчин төгөлдөр 1674 тусгай зөвшөөрөл олгогдсон байгаагаас геологи-хайгуулын нарийвчилсан судалгаагаар ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон 1300 гаруй орд, үүнээс одоо ажиллаж байгаа болон ашиглалтын техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) нь боловсруулагдаж, эрх бүхий төрийн байгууллагаар зөвшөөрөгдсөн, эдийн засаг, нийгмийн үр өгөөж нь түлхүү байж болохоор харагдаж байгаа 21 төрлийн ашигт малтмалын 140 орчим  орд байгаа нь уул уурхайн салбарын ойрын ба дунд, урт хугацааны хөгжлийн гол бааз суурь болох юм. Эдгээрийн 60 гаруй нь одоо ашиглагдаж байна.
Хэтийн төлөв бүхий ордуудын тархалт, байршлыг авч үзвэл эдийн засгийн баруун бүсэд  15.8%, хангайн бүсэд мөн 15.8%, төвийн бүсэд 40.8%, зүүн бүсэд 26.2% нь байрлаж байгаа нь төвийн болон зүүн бүсэд уул уурхайн үйлдвэрүүд түрүүлж, түлхүү хөгжих хандлагатай болохыг харуулж байна.

Төр, засгийн бодлогын баримт бичгүүдээс хамгийн сүүлд батлагдан мөрдөгдөж эхлээд байгаа Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050” хэмээх бодлогын баримт бичигт хугацааны эхний шат (2021-2030 онд)-ны эцэс буюу 2030 онд уул уурхайн салбарын ДНБ-нд эзлэх хувь хэмжээг 31.4%-д хүргэх зорилт тавьсаны дээр Тавантолгойн нүүрс, Оюутолгойн далд уурхай, Дорноговийн цахиур, Цагаансуваргын зэс, Хармагтайн зэс, алт, литийн орд зэрэг ашигт малтмалын ордыг түшиглэн уурхай байгуулах, мөн зэсийн баяжмал боловсруулах, нефть-хими, кокс-хими, металлурги, нүүрс баяжуулах, нүүрс-хими, нүүрс-эрчим хүч, нүүрс-метан хий,  үйлдвэрлэл-технологийн парк, ган төмөрлөгийн үйлдвэр, жонш баяжуулах, алт цэвэршүүлэх чиглэлээр хүнд үйлдвэрүүдийг байгуулж ашиглалтад оруулахаар тус тус заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөгжил дараах байдлаар тусгалаа олжээ. Үүнд:

1. Стратегийн ач холбогдол бүхий ордуудын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлнэ.
•       Оюутолгойн төслийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, далд уурхайг ашиглалтад оруулна.
•  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын өмчлөлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж, ил уурхай, баяжуулах үйлдвэрт өргөтгөл, шинэчлэлт хийж, үйлдвэрлэлийн хүчин чадал, өгөөжийг нэмэгдүүлнэ.
·    Цагаансуваргын зэс, молибденийн ордыг ашиглалтад оруулна.
•       Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд өргөтгөл хийж, олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж өртөг, зардлыг бууруулна.
•   Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай туршилт, судалгаа хийж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ.
•  Тавантолгойн нүүрсний бүлэг ордын дэд бүтцийг бүрдүүлж, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулна.
 
2. Томоохон ордуудыг ашиглалтад оруулж, экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.
•   Салхитын мөнгөний ордыг төслийн хүчин чадалд хүргэж ашиглана.
•   Зүүн цагаан дэлийн жоншны далд уурхайг ашиглалтад оруулна.
•       Дорноговийн Сайхандулааны Цагаан толгойн цахиурын ордыг ашиглалтад оруулна.
3. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологи, судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ.
4.  Үндэсний геомэдээллийн нэгдсэн санг хөгжүүлж, цахим системийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлнэ.
5.    Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элемент, үнэт, өнгөт, хар, холимог металл, металл бус ашигт малтмал болон газрын тосны эрэл, хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрдэс баялгийн нөөцийг арвижуулна.
6.    Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно. 
7.    Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
•  Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
•  Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулна.
•  Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд исэлдсэн хүдрээс катодын зэс үйлдвэрлэж, экспортыг нэмэгдүүлнэ.
•       Үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулна.
•  Үнэт металлын сорьц тогтоох салбар лаборатори байгуулж, үнэт металлыг сорьцлох, эрдэнийн чулууг тодорхойлох үйл, ажиллагааг өргөжүүлж иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
 
8.  Дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна.
•    Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтыг эрчимжүүлж нөөцийг өсгөнө.
•   Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах, дамжуулах хоолой барих санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэнэ.
•       Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна.
 
9.    Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, уул уурхайгаас олох үр шимийг Баялгийн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх тогтолцоог бүрдүүлнэ.

 

Үүний зэрэгцээ Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, боловсруулсан бүтээгдэхүүний экспортын хэмжээг өсгөх, олон улсын чанартай тээвэр-логистикийн төвүүдийг байгуулах талаар тодорхой заалтууд тусгагдаж хэрэгжих шатандаа орлоо. 

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 15 цаг 51 минутын өмнө
    Дэлхийн зэсийн импортын зах зээлийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улс стратегийн нөөцөөсөө зарим түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээр болсон тухай зарлаж (2021.06.16) байна. Энэ нь зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлж, ханшийг бууруулах зорилготой. Үүнд зэс, цайр, хөнгөн цагаан багтана. 2010 оноос хойш Хятадын Засгийн газрын хийж буй анхны алхам гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр зэсийн ханш сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, нэг тонн нь 9427 ам.долларт хүрлээ. Тодруулбал зургадугаар сар гарсаар зэсийн ханш Лондоны металын бирж дээр 7.7%-иар буурчээ.
  • 20 цаг 28 минутын өмнө
    “Эрдэс баялгийн бирж ”  гэсэн нэршлийг “Уул уурхайн бүтээгдэхүүний  бирж”   нэрлэх  нь илүү оновчтой. Олон улсад Лондоны металын бирж, Лондоны алт,мөнгөний бирж, Шанхайн металын бирж, Беларусын барааны бирж, Тянжины уул уурхайн бүтээгдэхүүний  бирж зэрэг олон улсын, бүс нутгийн  болон орон нутгийн чанартай. Дэлхий дахинд 200 гаруй бирж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр бирж нь биет бүтээгдэхүүн болон ирээдүйд үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд тодорхой байршлаар нийлүүлэн арилжаалдаг. Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний  бирж байгуулах боломж, хууль эрх зүйн орчны судалгааг 2013 онд Монголын Экспортлогчдын холбоо хийсэн.
  • Уржигдар 12 цаг 27 минутад
    Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод хариуцлагатай болгоход чиглэсэн “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас  өнгөрсөн сард зохион байгуулахаар товлосон боловч хойшлогдсон билээ. Тэгвэл Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор тус цахим  хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулахаар болжээ.
  • Уржигдар 11 цаг 40 минутад
    ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 1.66 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх гуравдугаар сараас 48.82% -иар тус тус буурсан үзүүлэлт аж. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.53 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Мөн хугацаанд тус улсын  нүүрсний нийт экспортын хэмжээ 85.25 тоннд хүрсэн юм. Тэгвэл тавдугаар сард 19.27 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээгээр тооцогдож байна.
  • 2021-06-16 14:20
    Хятадын “China Aluminum Corporation” (Chinalco) компани нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаа 2025 оноос өмнө бууруулж эхлэн, 2035 он гэхэд 40%-иар багасгах зорилтоо мэдэгджээ. Тус компани өнгөрсөн онд 3.69 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэлийн 50%-д усан цахилгаан станцын эрчим хүч ашигласан тул “ногоон” үйлдвэрлэлд хамаарна гэж “Chinalco” үзэж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлдээ нар, салхи  зэрэг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ зургадугаар сард “Chinalco” нь анх удаа 400 сая юанийн (63 сая ам.доллар) дүнтэй бонд гаргажээ. Энэхүү хөрөнгийг “ногоон” зорилт буюу салхин паркийн бүтээн байгуулалтын өрийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.