Дэлхийн банк: Монголын инновацийн түвшин буурах болсон

2020-10-07 12:51

Дэлхийн банк  “Уул уурхай ба оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” (Mongolia Mines & Minds) тайлан боловсруулан гаргасан тухайгаа есдүгээр сарын 17-нд олон нийтэд танилцуулсан бол өчигдөр (2020.10.06) төр, иргэний нийгмийн байгууллага, судлаачдыг оролцуулсан хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Ц.Зоригтбат,  Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О. Амартүвшин, “Энержи Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П. Ганхүү, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь, МУИС-ийн профессор Б. Алтанцэцэг нар уригдан оролцож санал бодлоо хуваалцлаа.

“Уул уурхай ба оюун ухаан” тайлангийн гол агуулга нь уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн хажуугаар бусад үндсэн чухал салбараа Монгол Улс хэрхэн авч явах тухай юм. Өөрөөр хэлбэл,  энэхүү судалгааны гол зорилго нь манай улсын өсөлтийг том зургаар үнэлэх явдал байсныг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев онцоллоо.

Монгол Улсын хувьд уул уурхайн салбарын экспорт 2000 онд улсын нийт экспортын 42%-тай тэнцэж байсан бол уг үзүүлэлт 2019 онд 89% болж нэмэгдсэн байна. Дэлхийн банкны мэдээлснээр, манай улсын эдийн засгийн дөрөвний нэгийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа бол төсвийн орлогын мөн л дөрөвний нэгийг уул уурхайн орлого бүрдүүлж байгаа ажээ. Гэхдээ Монголын уул уурхайн орлого нэмэгдсэн ч одоогийн байдлаар баялгийн сангийн хуримтлалын хэмжээ ердөө 200 сая ам.доллараар илэрхийлэгдэж байна.

Энэ хугацаанд Монгол Улсын хэрэглээ өссөн ч  бүтээмж буурсаар ирсэн нь бодит дүр зураг болж байна.  Хэлэлцүүлгийн үеэр Дэлхийн банкны ахлах эдийн засагч Жийн Паскаль Нгану илтгэл тавилаа.

Тэрээр уул уурхай өнөөдөр Монголын эдийн засгийн гол хэсгийг бүрдүүлж байгаа ч ирээдүйд энэ нь оюун ухаанд түшиглэх хэрэгтэйг онцоллоо. Үүний тулд тогтвортой байдлыг эрэлхийлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хүний хөгжил (болон институцийн хөгжил) рүү чиглэх хэрэгтэйг сануулав.  Манай улсын хувьд хүний болон институцийн капиталын үзүүлэлтээр сүүлийн хорин жилд илүү дордсон дүнтэй байгааг тэрээр танилцууллаа. Түүнээс гадна эдгээр үзүүлэлтээр ижил төстэй эдийн засгийн бүтэцтэй орнуудтай харьцуулахад ч нэлээд хол зайтай хоцорч явааг Дэлхийн банк тооцоолж гаргажээ. Иймд манай улс цаашид эдийн засгийн мөчлөг сөрсөн бодлого явуулах нь чухал болж байна. Гэвч сонгуулийн жилүүдэд манай улс хэт үрэлгэн төсөв баталдаг болохыг Дэлхийн банк тэмдэглэлээ. Саар зүйлс хэтэрхий олон байгаа ч энэ дунд 2017 оноос эхлэн Засгийн газрын гадаад өрийн ДНБ-д эзлэх хэмжээ аажмаар буурах болсон. Мөн баялгийн санд мөнгө хуримтлагдах болсон зэргийг дурдаж болно. Гэсэн ч улсын өрийн түвшин өндөр хэвээр байгааг тэрээр санууллаа. Мөн валютын нөөцийн хэмжээ нэмэгдсэн ч цаашид үүнийг өсгөх чиглэлд ажиллах ёстойг тэмдэглэв. Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Монголбанк төрөөс бүрэн хараат бус байдлаар ажиллах нь чухлыг санууллаа.

Түүний илтгэлд дурдсан бас нэг чухал асуудал нь  Монголын аж ахуйн нэгжүүдийн шинийг санаачлах байдал буюу инновацийн түвшин сүүлийн арван жилийн хугацаанд буурсан тухай үр дүнг танилцууллаа. Компаниуд гадаад зах зээлд бус зөвхөн дотоодын зах зээлд төвлөрөх нь нэмэгдэж, шинэ үйлдвэрлэлийн арга ажиллагаа нэвтрүүлэх байгууллага, гадаадын шинэ технологийг нэвтрүүлэх компаниуд улам бүр цөөрсөн дүр зураг ажиглагджээ.

Эдгээр байдлыг засахын тулд хил орчмын худалдааны нөхцөлийг сайжруулах, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах чиглэлд ажиллах шаардлагатай байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ. Тэрбээр “Дэлхийн банкнаас гаргасан “Уул уурхайн ба оюун ухаан” тайлантай холбоотой энэхүү хэлэлцүүлэг нь УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу органик хуулиудын дагуу хэлэлцэн батлах Үндэсний Баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хэлэлцэхээр төлөвлөж буй хуулиудтай агуулга, үзэл санааны хувьд нийцэж байна. Эдгээр хуулийг хэлэлцэж батлахад энэхүү хэлэлцүүлгийн үеэр гарсан санал зөвлөмжүүд чухал болно...Уг тайланд Монголын эдийн засагт гурван асуудал байгааг анхааруулсан байна. Тухайлбал богино давтамжтай өндөр хэлбэлзэл, бүтээмжийн сул байдал, уул уурхайд хэт түшиглэж хүний болон институцийн хөгжлийг сайжруулах талд дутуу анхаарч байгаа зэргийг дурджээ... Энэ тайлангийн зөвлөмж, санаанууд нь Засгийн газрын бодлогын зорилттой нийцэж байна” гэлээ.

УИХ-ын дарга мөн эдийн засгийн талаарх эерэг өөрчлөлтүүдийн талаар хэлэлцүүлгийн үеэр мэдээллээ. Тэрбээр УИХ-ын баталсан эрх зүйн орчны хүрээнд Засгийн газар, Монголбанкны хэрэгжүүлсэн санхүү, эдийн засгийн менежментийн үр дүнд эдийн засаг сэргэж, улсын төсөв хоёр жил дараалан ашигтай гарч, Засгийн газрын өр ДНБ-тай харьцуулсан дүнгээр буурч байгааг тэмдэглэлээ. Мөн валютын нөөц 2016 онтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн. Төсвийн тусгай шаардлагуудыг хангах зорилгоор УИХ-аас Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулан ажиллаж байна. Саяхан амжилттай босгосон НОМАД бондын захиалга санал болгосон хэмжээнээс 2.5 дахин их байсан нь гадаад зах зээл Монголд итгэлтэй байгааг харуулж байна. Энэ нь 2017 оноос хойш явуулсан макро эдийн засгийн зөв бодлогын үр дүнг харуулна. Монгол төр цаашид хүчирхэг банкны тогтолцоог бүрдүүлэхийн тулд ажиллах болно. Иймд цаашид зээлийн хүүг бууруулах, банкны засаглалыг сайжруулах чиглэлд ажиллах тухай УИХ-ын дарга тэмдэглэлээ.

Үүний дараа хэлэлцүүлгийн гол хэсэг эхэлсэн юм. Хэлэлцүүлэгт оролцогчид эдийн засгийг тогтворжуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд өөрсдийн салбарыг төлөөлж санал бодлоо илэрхийллээ.

 

Б. Жавхлан: Банкуудын хөгжил эдийн засгийн хурдацтай өсөлтийг гүйцэхгүй байна

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б. Жавхлан: Уул уурхайн өгөөжийг эдийн засгийн тогтвортой өсөлт болгох, түүнийг иргэддээ тэгш хүртээмжтэй хуваарилах энэ бүх ажил нь эцсийн дүндээ төсөв, мөнгөний бодлогоор дамжин хэрэгжинэ. Банкны системийг бэхжүүлэх нь нэг удаа арга хэмжээ аваад бүрэн эдгэчихдэг зүйл биш. Энэ бол урт хугацаанд тууштай хэрэгжүүлэх ажил. Эдийн засаг хөгжихийн хэрээр цаг үеэ дагаад банкны салбарын хариуцлага улам бүр нарийсч, хөгжил нь ч дагаад явагдах учиртай. Гагцхүү манай тохиолдолд банкны салбарын асуудал нь илүү эмзэг тусдаг. Сүүлийн гучин жилийн туршид манай улсад санхүүгийн гаж тогтолцоо өрнөж ирсэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл банкны салбараас хэт хараат санхүүгийн системтэй явж ирсэн. Сүүлд 2017 оноос хэрэгжүүлсэн ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн сахилга батыг сайжруулах талд ихээхэн ахицтай ажилласан бол банкны реформ дээр хангалтгүй дүн авсан. Хувийн хэвшлийн банкууд эдийн засгийн хурдацтай өсөлттэйгөө хөл нийлүүлж хөгжиж дэвшиж чадахгүй байна. Үүний гол шалтгаан нь манай банкуудын өөрийн хөрөнгөө өсгөх байдал хангалтгүй, тодорхойгүй байна. Зарим тохиолдолд тодорхойгүй эх үүсвэрээр өөрийн хөрөнгийг нэмэгдүүлсэн гэсэн олон улсын аудитын байгууллагын дүгнэлт гарсан. Үүнийг хэрхэн зохицуулах нь манай банкны системийн өмнө тулгараад байгаа гол асуудал юм. Тэгэхээр сүүлийн хоёр жил ярьж буй банкны системийн бүтцийн өөрчлөлт гэдэг нь үүнийг л хэлээд  байгаа хэрэг. Түүнээс биш банкны салбартай холбоотой, арилжааны банк болон төв банкинд чиглэсэн хуулиудыг бид сүүлийн жилүүдэд хангалттай боловсруулж батлуулсан. Гагцхүү эдгээр хуулийн хэрэгжилт амьдрал дээр хангалтгүй байгаа юм.

Ц. Зоригтбат: “Ирээдүй өв сан”-д уул уурхайн орлогын 1/3-ийг төвлөрүүлдэг

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Ц.Зоригтбат: Сангийн яам хуулийн хугацаандаа сая төсөв барьсан. Сангийн яам Өрийг тогтмол түвшин рүү бууруулах, ирээдүйд хуримтлал үүсгэх бодлогоо 2017 оноос тууштай хэрэгжүүлж байна. Уул уурхайн орлого төсвийн орлогын дөрөвний нэгийг бүрдүүлдэг. 2017 оноос хойш үүний гуравны нэгийг “Ирээдүйн өв сан”-д хуримтлуулсан байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар хуримтлал үүсгэх бодлого барьж ажиллаж байна.

 

Д. Ган-Очир: Валютын ханшийн уян хатан байдал нь эдийн засагт тустай

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д. Ган-Очир: Төв банкны хараат бус байдлыг хангах нь гол ажил болоод байна. Хувийн хэвшлийн банкуудын тухайд цөөн тооны эздийн төвлөрлийг шат дараатайгаар сааруулах нь зүйтэй. Мөн тэдгээрт олон нийтийн хяналт байх ёстой. Тэгэхээр банкуудыг хувьцаат компани байдлаар ажиллах нөхцөл бүрдүүлэх чиглэл барьж ажиллана. Үүнтэй холбоотойгоор Банкны тухай хуулийн өөрчлөлтийг намрын чуулганаар хэлэлцүүлж, батлуулахаар төлөвлөж байна... Валютын ханшийн уян хатан байдлыг хангах нь одоо чухал болоод байна. Энэ нь эдийн засгийг тогтворжуулахад ач тусаа үзүүлнэ. Төв банк цаашид энэ чиглэлд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана.  

 

О. Амартүвшин: Инновацийг нэмэгдүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй

Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О. Амартүвшин: Гадаадын хөрөнгө оруулалтыг боомилсон хууль 2012 онд батлагдсан нь хөрөнгө оруулагчдад эерэг мэдээлэл өгөөгүй нь тодорхой. Гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахад одоо манайд маш хүнд болсон. Уул уурхайн салбарын цөөн төслийг эс тооцвол гадаадын хөрөнгө оруулалт бараг алга байна. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр инновац, технологи нутагшуулах тухай ярих бараг боломжгүй. Мөн гадаад зах зээл рүү гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр гарах нь илүү хүндрэлтэй. Иймд үүнтэй холбоотой хууль эрх зүйн орчныг зайлшгүй сайжруулах шаардлагатай. Бид эдийн засгаа тэлэх тухай ярьж байгаа бол экспорт, гадаадын хөрөнгө оруулалт гэсэн асуудлыг л авч үзэх болно. Гадаад зах зээл рүү Монгол компаниуд гарах гэж ажиллаж байгаа боловч дорвитой ахиц гараагүй байна. Уг нь манай улс Японтой Чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Сая Ази, Номхон далайн худалдааны гэрээнд нэгдлээ. Гэсэн ч бид боломжоо ашиглаж чадахгүй байна.

 

Г. Батцэнгэл: Уул уурхай бол манай улсын давуу тал

“Энержи Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г. Батцэнгэл: Уул уурхай бол муу зүйл биш юм. Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг 13 дахин тэлсэн. Уул уурхайн салбар байгаагүй бол ийм зүйл биелэх боломжгүй байсан. 2000 онд манай эдийн засаг ердөө 1 тэрбум ам.доллараар илэрхийлэгдэж байсныг бид мэднэ.

Уул уурхай  бидэнд байна гэдэг нь муу зүйл биш, харин бидний давуу тал юм. Тиймээс энэ давуу талаа хэрхэн ашиглах вэ гэдэг нь бидний гол хэлэлцэх асуудал. Бүтээмжийн талаар энэ хэлэлцүүлэгт ярьж байна. Уул уурхай болон бусад салбарт бүтээмж өсөхгүй байна гэж ярилаа. Тэгэхээр цаашид уул уурхайд технологи шингээх шаардлага бий. Бүтээгдэхүүнээ боловсруулж гаргавал бидний олох орлого төдий чинээ өснө. Хэдэн жилийн өмнө Хятад нүүрсний хэрэглээгээ хумьж байна гэж ярьж эхэлсэн. Үүнтэй холбоотой бидний хэлсэн гол санаа бол Хятадын нүүрсний худалдан авалт цаашид нэмэгдэхгүй байж магадгүй. Ерөнхийдөө 30-40 сая тонноор хязгаарлагдана. Эндээс харахад магадгүй бид экспортын хэмжээгээ нэмэгдүүлж чадахгүй ч баяжуулаад зарвал экспортын борлуулалтын орлого өснө. Өнгөц харахад борлуулсан бүтээгдэхүүний биет хэмжээ адил байх боловч олж байгаа орлого нь хоёр дахин нэмэгдэх боломжтой болно. Энэ бол уул уурхайн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх нэг арга юм. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарт ажиллаж байгаа төрийн болон хувийн хэвшлийн компаниудад оюуны хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг хэлэх нь зүйтэй. Ойрын хугацаанд энэ салбар эдийн засгийг авч явсан хэвээр байх болно. Үүнийгээ хэрхэн төгөлдөржүүлэх үү, экспортын өрсөлдөх чадвартай уул уурхайн компаниудыг хэрхэн төрүүлэх чиглэлд хууль тогтоогч нар анхаарч ажиллаж байгаа болов уу гэж найдаж байна.

 

П. Ганхүү: Баялгийн сан хөгжлийг түргэсгэнэ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү: Манай компани анх 2007 онд байгуулагдахдаа баялгийн нэгдсэн удирдлагыг бий болгож, байгалийн баялгаа ашиглаад амжилттай хөгжсөн туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр ажилласан. Энэ чиглэлээр хөрөнгө оруулалтын холдинг загвар буюу Сингапурын “Темасек”-ийн хэлбэрээр компаниа хөгжүүлье гээд судалсан юм билээ. Норвегийн баялгийн сангийн туршлагыг ч мөн олон жил судалсан. Гэхдээ энд нэг зүйлийг тодруулахад төрийн өмчийн компани хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх гээд байгаа хэрэг огт биш гэдгийг дуулгая. Сүүлийн үед хийн хоолойн төсөлд төрийн өмчийн компани байх ёстой гэсэн шаардлага байна. Бид мөн уран, газрын ховор элементийн чиглэлд хүрээгээ тэлж байна. Энэ чиглэлд хувийн хэвшил жижиг уурхай эрхэлдэг шиг ажиллах боломжгүй салбарууд юм. Дээр нь “Багануур”, “Шивээ-Овоо” гээд үнийн хязгаарлалттай төслүүд бий. “Эрдэнэс Монгол”-ын хувьд дан ганц санхүүгийн үр ашиг гэхээсээ илүү нийгэм, эдийн засгийн нөлөөг нь бодолцож ажиллаж байгаа юм. Тайланд Монгол Улс баялгаас олсон орлогын 99%-ийг зарцуулсан гэж ярьж байгаа ч “Эрдэнэс Монгол”-ын хувьд Хүний хөгжлийн сангаар дамжуулан 300 гаруй тэрбум төгрөгийг иргэдэд тараасан. Мөн сая 1.1 их наяд төгрөгийн бонд гаргаж тэтгэврийн зээлийг тэглэсэн нь баялгийн өгөөж хүртээх чиглэлийн арга хэмжээ юм.

Одоо бид бүгд хаа хаанаа баялгийн сан байгуулах нь хэрэгтэй юм гэдэгт нэгдсэн байр сууринд хүрсэн. “Эрдэнэс Монгол” компанийн хувьд найман эрдсийн төрөлд, 13 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хоёр сарын өмнө манай компанийн үнэлгээ 13 их наяд төгрөг гэж үнэлэгдсэн. Өнгөрсөн онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр баялгийн сан байгуулах тухай асуудал тусгагдсан. Гэхдээ баялгийн сангийн маш олон хэлбэрүүд бий. Төсвийг тогтворжуулах зориулалт бүхий эсвэл зөвхөн хуримтлуулах зориулалттай ирээдүй хойч үедээ үлдээх баялгийн сан бий. Одоо бидний яриад байгаа сан бол хөгжлийн хэлбэртэй буюу уул уурхайн орлогоос бүрдсэн сангаараа дамжуулан тодорхой нэмүү өртөг шингэсэн эдийн засгаа тэлсэн төсөл рүү хөрөнгө оруулъя гэсэн санаа юм. Өөрөөр хэлбэл тодорхой хуримтлагдсан орлогын багагүй хувийг дотооддоо зарцуулж, дэд бүтцэдээ хөрөнгө оруулах юм. Үүний хамгийн анхны жишээ бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн орлогын зарим хэсгээр төмөр замын төслүүдийг санхүүжүүлж байгаа явдал юм. Үүнийг янз бүрээр шүүмжилж байгаа боловч зохистой механизмыг бүрдүүлж чадвал хэлэлцүүлэгт гарч буй зөвлөмжүүд биелээд явах боломжтой юм. Өөрөөр хэлбэл баялгийн сангаа холдинг хэлбэрээр байгуулсан туршлагыг авч хэрэгжүүлье гэж ярьж байгаа юм.

 

Н. Дорждарь: Баялгийн сан байгуулахад улс төрийн хүсэл эрмэлзэл чухал

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н. Дорждарь: Бодлого, түүний хэрэгжилт, түүнийг нь ойлгодог, дэмждэг иргэдийн масс бүрдсэнээр засаглал гэдэг зүйл бий болдог. Манай улсад хууль, түүний хэрэгжилтийн хооронд маш том зөрүү байгааг сүүлийн хорин жилийн түүх харуулаад байх шиг байна. Жишээ нь бидний төсвийн тусгай шаардлагууд гэж нэрлээд байгаа (fiscal rules) төсвийн дүрмүүд гэж бий. Бид үндсэндээ дөрвөн дүрмийг тусгайлан Төсвийн тухай хуулиндаа оруулж өгсөн. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль ч гаргасан. Харамсалтай нь 2010 оноос хойш энэ хууль огт хэрэгжсэнгүй. Шуудхан хэлэхэд хуулинд тусгасан тэр дүрмүүдээ бүгдийг нь зөрчдөг. Ингэхдээ хууль зөрчихгүйн тулд хуулиа өөрчилдөг. Ийм замналаар бид арван жил явж ирлээ. Тэгэхээр цаашид яах вэ? Дэлхийн банк энэ тухайд төсвийн дүрмүүдийг хялбаршуулъя гэж яриад байгаа нь аргаа барсных болов уу. Хоёр жилийн өмнө Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулсан. Төсвийн зөвлөл бол хараат бус, иргэддээ чиглэж ажиллах учиртай болохоос биш төсвийн байнгын хорооны нэг ажлын алба шиг байх ёсгүй. Тиймээс төсвийн дүрмүүдийг хангуулах тал дээр олон нийтийн дэмжлэг авч чадахгүй байна. Ингэхээр төсвийн зарцуулалт нь цэвэр улс төрийн шинжтэй, эргээд төсвийн дүрмүүдийг хэрэгжүүлж чадахгүй байна.

Хуримтлал үүсгэх тухай маш тодорхой ярилаа. Бид бол Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан гээд мэднэ. Одоо бид шинэ баялгийн сан байгуулна гэж ярьж байна. Үүнд анхаарах нэг зүйл нь эргээд улс төрийн хүсэл эрмэлзэлтэй холбогдоно. Хэрэв бид хуулиа мөрдсөн бол Ирээдүйн өв сан өнөөдөр корпорациа байгуулчихсан, хуримтлалаараа олон улсад хөрөнгө оруулчихсан явж байх ёстой. Гэтэл одоо сая Төсвийн тухай хуулиа шинэчлэхдээ Ирээдүйн өв сангийн мөнгөний удирдлагыг 2025 он хүртэл Сангийн яаманд өгнө гэж заасан байсан. Эндээс 2025 он хүртэл корпораци байгуулагдахгүй, хуримтлал ч бүрдэхгүй юм байна гэж ойлгосон. Учир нь нэг хууль батлаад, Сангийн яам Ирээдүйн өв сангийн мөнгийг ямар нэг хөтөлбөрт зарцуулах бүрэн боломжтой гэсэн үг.

Хайгуул зогсонги байдалтай байгааг салбарынхан хэлээд байна. Энэ янзаараа таван жилийн дараа хайгуулын лицензгүй, эрэл хайгуул байхгүй болно. Энэ нь хайгуул, уул уурхайн чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэсэн үг. Тэгэхээр оюун ухааны чиглэлд анхаарахаас гадна уул уурхайн үйлдвэрлэлд ч боломжоо алдахгүй байх нь чухал юм.  

 

Б. Алтанцэцэг: Хууль зүйн тогтворгүй байдлыг арилгах нь эдийн засгийг тогтворжуулахад чухал

МУИС-ийн профессор Б.Алтанцэцэг: Судалгаанд суурилсан бодлого манай улсад, дэлхийд ч яригддаг чухал сэдэв. Институцийн чанар гэхээр өнөөдөр зохицуулалтын тогтвортой байдал чухлаар яригдаж байгаа юм. Зохицуулалтын тогтвортой байдал нь эргээд хууль зүйн тогтвортой байдлаас хамаарна. Үүнийг зохицуулах чиглэлээр манай улсад Хууль тогтоомжийн тухай хууль батлагдаж гарсан. Энэ хуулинд хуулийн үр нөлөөг урьдчилж судлах тодорхой шаардлагыг тусгасан байдаг. Маш олон тооны хууль батлагдсаар ирсэн. Энэ олон хуулийг энэ аргачлалын дагуу, нарийн судалгаанд суурилж боловсруулж байна уу үгүй юу гэдгийг хэлэлцүүлэгдэж буй хуулийн төслүүдээс харж болно. Миний хувьд хөндлөнгөөс ажиглахад судалгааны чанар маш хангалтгүй байгаа нь харагддаг. Судалгааны үндсэн асуулт нь тухайн хууль нь иргэдэд үнэхээр хэрэгтэй юу, иргэдээс үнэхээр ийм хуулийн хэрэгцээ шаардлага үүсээд байгаа юу, тухайн асуудлын шийдэлд ямар зохицуулалт үр нөлөөтэй байх вэ, тэр нь хэдий хэмжээний санхүүжилтээр хэрэгжих вэ гэх мэт асуудлууд багтдаг. Гэвч эдгээр судалгааны чанар хангалгүй байгаа юм.  

Саяхнаас бас Хууль тогтоомжийн тухай хууль хэтэрхий нүсэр шаардлага тавьж байгаа тухай ярих боллоо. Тэгэхээр одоо дахиад хуулиа өөрчлөх тухай асуудал ярьж байна гэсэн үг. Энэ нь өөрөө зохицуулалтын чанарыг нь муутгана. Монголбанкны бие даасан байдал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гээд ярьж байгаа нь ч үүнтэй холбоотой. Хууль тогтоомжоо эхлээд чанартай суурь судалгаа сайтай хийж гаргах хэрэгтэй. Хуулийн хэрэгжилтийн тогтворгүй байдал нь зээлийн хүүнд хүртэл нөлөөтэй. Яагаад компани шинэ санаачлага, бүтээгдэхүүн гаргахгүй байна вэ? Учир нь тэдний шийдвэр гаргах орчны дүрэм тодорхойгүй байна. Хэдийд юу өөрчлөгдөх вэ гэдгийг мэдэхгүйгээр яаж ирээдүйд хөрөнгө оруулах вэ? Энэ бүгдийн цаана хуулийн зохицуулалтын орчны тогтвортой байдал байгаа юм.

Б. Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 3 цаг 31 минутын өмнө
    Ковид-ийн  халдварыг Монгол Улс дотооддоо алдсан нь  эдийн засгийн засгийн гол  тулгуур  болсон  уул уурхайн салбарыг  ч  маш эмзэг байдалд оруулаад байна. Салбарыг хэвийн горимоор ажиллуулахын тулд  ашигт малтмалын экспортын гол бүс нутаг Өмнөговь аймагт  Засгийн газар бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм. Засгийн газрын 183 дугаар тогтоолоор “Ногоон бүс”, мөн Засгийн газрын 64 дүгээр тэмдэглэлээр “Аюулгүйн бүс”-ийг байгуулан цар тахлын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой орд газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  удирдаж, салбарын дэд сайд О.Батнайрамдалаар ахлуулсан Ажлын хэсэг  уул уурхайн бүсэд    томилолтоор ажиллалаа.
  • Уржигдар 16 цаг 43 минутад
    “Европын Холбооны хар жагсаалт” гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас Монгол Улсыг хассан тогтоолыг Европын Холбооны “Official Journal of the European Union” сэтгүүлд (2021.01.18) нийтэлжээ.  Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх аж.  Монгол Улсыг 2019 онд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад орсонтой холбогдуулан (2020.10.01) Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулсан юм.
  • Уржигдар 16 цаг 39 минутад
    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг (2021.01.20) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж буй асуудлуудыг ҮАБЗ-ийн (2020.07.17) хуралдаанаар хэлэлцэж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих бие даасан хуулийн төслийг боловсруулж батлуулахыг Засгийн газарт даалгасан юм. Энэ дагуу 7 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан байна. Хуульд заасан харилцааг “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих, төрөөс үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах горим”-ын тухай журмаар нарийвчлан зохицуулахаар тусгажээ.
  • 2021-01-19 14:27
    Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 80 жил, газрын тосны инженер бэлтгэж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Уг ойг угтан  салбарын яам Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхлээд байгаа бөгөөд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Хэдхэн хоногийн өмнө   салбарын яамны зүгээс газрын тосны ашиглалт, олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг шилдэг компаниудыг тодруулан өргөмжилсөн. Тэгвэл энэ сарын 21-нд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулиас “Газрын тос 2020” эрдэм шинжилгээ, онол практикийн XXVI хурлыг зохион байгуулахаар болжээ.
  • 2021-01-18 11:38
    Дэлхий дахины амьдралын хэмнэл орвонгоороо өөрчлөгдөж, хүн төрөлхтний хөгжил олон сорилттой тулгарсан  2020 он улирч байна. Ирээдүйд асар их үр дагавар дагуулах олон үйл явдлын эхлэл тавигдсан энэ оныг  халдварт вирусын хамт дэлхий нийт угтсан юм. Коронавирус  дэгдсэнээр  улс орнууд хорио цээрийн дэглэмд  шилжиж, эдийн засаг, худалдаа үйлдвэрлэл, аялал жуулчлал, ложистик, зар сурталчилгаа, спорт, соёл урлагийн гээд бүхий л салбар асар их алдагдал хүлээж байна.  Сорилт, бэрхшээл Монголыг ч тойроогүй. Цар тахлын бодит аюултай нүүр тулсан улс орнуудын иргэдээ хамгаалсан, эдийн засгаа идэвхжүүлсэн туршлага бүр Монгол Улсыг алдаа гаргахаас сэргийлж, оновчтой бодлого хэрэгжүүлэх зүг чиг болох учиртай.