Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Энэтхэг төмрийн хүдрийн экспортоо Хятад руу хязгаарлана

Энэтхэгийн Худалдааны танхимаас дотоодын ган үйлдвэрлэгчдийн түүхий эдийн хомсдлыг бууруулахын тулд төмрийн хүдэр Хятад руу экспортлохыг хориглох асуудлаар тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид хүсэлт тавьжээ.

Худалдааны танхимын мэдээлснээр, 2020 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэл цар тахлын хорио цээрийн дэглэмийн үеэр зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсож, олон ордын тусгай зөвшөөрлийг цуцласнаас Энэтхэгийн төмрийн хүдрийн үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин буурч 47 сая тонн болжээ. Харин энэ хугацаанд эсрэгээрээ төмрийн хүдрийн экспорт 63% -иар өсч 22 сая тоннд хүрсэн байна.

Дотоодын төмрийн хүдрийн хомсдол нь жижиг компаниудын үйл ажиллагаанд илүү нөлөөлж буй аж. Өөрөөр хэлбэл Энэтхэгийн гангийн үйлдвэрлэлийн 50 орчим хувийг бүрдүүлдэг компаниуд бөгөөд жилд 90-100 сая тонн төмрийн хүдэр шаардагддаг байна.


Энэтхэгийн Худалдааны танхимын Ерөнхий захирал Ражив Сингхийн мэдэгдсэнээр, тус улсын Одиша, Чхаттисгарх мужид жилд 24 сая тонн ган үйлдвэрлэдэг ч энэ жил 13-14 сая тонн болж буурчээ. Түүхий эдийн хомсдлын улмаас тус мужуудын гангийн үйлдвэрлэл 6-7 сая тоннд хүрч буурах эрсдэлтэй болсон байна. 

2019 онд Энэтхэг улс нь 33 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь өмнөх оныхоос 2.3 дахин их юм. Төмрийн хүдрийн нийт экспортын 82%-ийг Хятад руу нийлүүлдэг байна. Дэлхийн түүхий эдийн зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ өсч буйтай холбоотойгоор Хятад руу Энэтхэгийн төмрийн хүдрийн экспорт өсчээ.

Э.Од