Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ERI: Баялгийн санд 2040 онд 24.4 их наяд төгрөг төвлөрнө

“Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага - 2020” хурал өнөөдөр боллоо. ERI буюу Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс (ЭЗСЭШХ) жил бүр зохион байгуулдаг хурал энэ удаад цар тахлын улмаас хойшилж есдүгээр сард зохион байгуулагдаж байна.

Хурлаар Баялгийн сангийн эдийн засагт үзүүлэх нөлөө, Уул уурхайн бирж байгуулах боломж, ГШХО-ын судалгааны тойм, Тогтвортой хөгжил ба уул уурхай, Японы уул уурхайн түүх зэрэг сэдвээр илтгэл сонсголоо. Энэ дундаас Баялгийн сангийн асуудал хамгийн их анхаарал татаж байна.Дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын ханшийн хэлбэлзэлтэй үед Монгол Улсад төсвийн тогтвортой байдлыг хангах “Төсвийн тогтворжуулалтын сан”, уул уурхайн салбарын орлогыг ирээдүй хойч үедээ тэгш хуваарилах “Ирээдүйн өв сан” зэрэг баялгийн сангуудыг байгуулсан билээ.

Эдийн засагч Г.Рагчаасүрэн “Монголын үндэсний баялгийн сангууд ба тэдгээрийн эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэлдээ 2075 он гэхэд “Ирээдүйн өв сан”-д нийт 231 их наяд төгрөг хуримтлагдана гэж үзэж байгааг тайлбарлалаа. Тодруулбал, энэ хугацаанд нийт 56 их наяд төгрөгийг уул уурхайн салбарын орлогоос, үлдсэн хэсгийг хөрөнгө оруулалтын өгөөжөөр бүрдүүлэхээр төсөөлжээ. Гурван жилийн өмнө байгуулсан “Ирээдүйн өв сан”-д 2030 он хүртэл Засгийн газар “гар хүрэлгүй” мөнгө хуримтлуулах ёстой бөгөөд түүнээс хойш нийт цэвэр ашгийн 10%-ийг төсөвт шилжүүлэх байдлаар зарцуулах хуулийн зохицуулалттай. Зэс, нүүрсний тэнцвэржүүлсэн үнийн урт хугацааны төлөвийг үндэслэн 2040 онд “Ирээдүйн өв сан”-д 24.4  их наяд төгрөг хуримтлагдах таамгийг эдийн засагч дэвшүүлжээ. Гэхдээ тухайн үед ДНБ-ийн хэмжээ 70 гаруй их наяд төгрөгөөр хэмжигдэх төлөвтэй. Монгол Улсын хүн ам 2022 он хүртэл 1.83%-иар, түүнээс хойших жилүүдэд 1.6%-иар өсөх, нийт хүчин зүйлийн бүтээмж жилд дунджаар 3.4%-иар өсөх суурь нөхцөлүүдийг авч үзэн энэхүү таамгийг дэвшүүлсэн байна. 2040 он хүртэлх хугацаанд зэсийн тэнцвэржүүлсэн үнэ дунджаар 6500 ам.доллар байх бол нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ 60 орчим ам.доллар байх төлөвтэй байна. Монгол Улсын Засгийн газраас баялгийн сангуудын үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж, ашигт малтмалын үнийн савлагаанаас үүдэлтэй эдийн засгийн мөчлөг сөрсөн бодлого баримтлах нь урт хугацааны тогтвортой өсөлтийг хадгалахад чухал үүрэгтэйг тэрбээр онцоллоо.

2019 оны байдлаар “Ирээдүйн өв сан”-гийн хөрөнгө ДНБ-ий 2.8%-ийг, харин “Төсвийн тогтворжуулалтын сан”-гийн  хуримтлал өнгөрсөн онд ДНБ-ний 0.3%-тай тэнцэж байна. Цаашид эдгээр сангийн хөрөнгийг гадаадад байршуулах нь чухал болохыг хурлын үеэр тэмдэглэлээ.

Олон улсын баялгийн сангийн туршлагаас, зэсийн томоохон үйлдвэрлэгч Чили улс төсвийн тогтвортой байдлыг хангах зорилготой “Эдийн засаг, нийгмийг тогтворжуулагч сан”-г 2006 онд , “Тэтгэврийн сан”-г 2007 онд тус тус байгуулсан юм. 2018 оны үзүүлэлтээр, тус улсын  “Эдийн засаг, нийгмийг тогтворжуулагч сан” ДНБ-ий 14.1%-ийг, “Тэтгэврийн сан” ДНБ-ий 9.7%-ийг тус тус эзэлсэн байна.

Л.Номинцэцэг