Дэлхийн банк: Монголын хөгжил эсрэг чиглэлд явж байна

2020-09-17 15:43

Дэлхийн банкнаас есдүгээр сард боловсруулан гаргасан “Уул уурхай ба Оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” тайландаа Монголын хөгжлийн одоогийн загварыг задлан шинжилжээ. Уг тайланг өнөөдөр (2020.09.17) танилцуулсан бөгөөд Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбарт бус оюун ухаан, институцийн хөгжил рүү чиглэх ёстойг онцолсон байна.

Тайланд тооцсоноор, сүүлийн хорин жилийн хугацаанд манай улс эрдэс баялгийн орлогын 1 ам.доллар тутмаас ердөө нэг центийг үр хойчдоо хуримтлуулжээ. Монгол Улс 2008 оноос эхлэн төсвийн зарлагаа огцом нэмэгдүүлж, улмаар хуримтлалгүй өдий хүрсэн байна. Энэ бүхэн нь манай улс эрдсийн зах зээлийн мөчлөг дагасан бодлого явуулж ирсний тод илрэл юм. Гэхдээ 2017 оноос эхлэн Байгалийн баялгийн санд бага зэрэг хөрөнгө хуримтлуулах болсон нь сайшаалтайг тайланд тэмдэглэжээ.

Монгол Улсын уул уурхайд хэт түшиглэсэн одоогийн байдал нь цаашид “хана мөргөх” эрсдэлтэй тулгарч болзошгүй бас нэг эрсдэлийг тайланд сануулсан байна. Тодруулбал дэлхий дахинд хүчтэй явагдаж буй уур амьсгалын өөрчлөлт нь эрдэс баялаг, тэр дундаа нүүрсний хэрэглээг бууруулах хандлагатай. Энэ үзэгдэл Хятадад эрчимтэй өрнөснөөр Монголын экспортод шууд нөлөөлж болзошгүй. Нөгөөтэйгүүр, улс орнуудын хөрөнгө оруулалт ногоон хөгжлийн салбарууд руу төвлөрөх, КОВИД-19 цар тахлаас үүдэн эрдэс баялгийн хэрэглээ буурч мэдэхээр байгаа тул манай улс бүтцийн өөрчлөлтийг яаралтай хийх шаардлагатайг тайланд анхааруулжээ.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михиев “Уул уурхайн өгөөжийг илүү төрөлжсөн, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт болгон хувиргах бус, харин ч Монгол Улс эрдэс баялгаасаа улам хараат болж байна. Үүний зэрэгцээ чадварлаг, мэргэшсэн боловсон  хүчнээ дутуу ашиглаж, мөн институцийн чанар доройтсоор байна. Ингэснээр үйлдвэрлэл, экспортыг төрөлжүүлж чадахгүй, улмаар дэлхийн түүхий эдийн зах зээлийн өсөлт, бууралтад улам өртөмтгий болж байна. Энэ байдлаас гарахын тулд уул уурхайд хөрөнгө оруулдгийн адил оюун ухаан буюу хүнээ болон институцээ хөгжүүлэхэд дорвитой хөрөнгө оруулах хэрэгтэй” гэлээ.

Өөрөөр хэлбэл Монголын төр засгийн одоогийн авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр нь дээрх шаардлагатай өөрчлөлтийн эсрэг чиглэлд байгааг тайланд мөн онцолсон байна.

Гэхдээ бас уул уурхайд түшиглэсэн манай эдийн засаг дандаа муу байсан гэвэл үгүй. Тухайлбал эдийн засаг 2004 оноос хойш жилд дунджаар 7.2%-иар өсч, дэлхийн хурдтай өсөлттэй эдийн засгийн нэг болсон байна. Энэхүү өсөлт нь ядуурлыг бууруулж, амьжиргааны түвшинг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмрээ өгсөн. Гэвч макро эдийн засгийн хэлбэлзэл нэмэгдсэн. Эрдсийн мөчлөгөөс хамаарсан эдийн засгийн өсөлт бууралтын ойр ойрхон давтамж нь томоохон сорилт болсоор ирсэн. Эдийн засгийн өсөлт нь бүтээмжээр бус хөрөнгийн хуримтлал, байгалийн баялгийн ашиглалтаар голлон тэжээгдэж иржээ. Нөгөө талдаа, Монгол Улс уул уурхайн орлогын дийлэнхийг хэрэглээд зогсохгүй ирээдүйн орлогыг барьцаалсан зээл авч буй тул хойч үедээ өр өвлүүлэхээр байгааг тайланд онцолсон байна.

Иймд төрөлжсөн, тогтвортой эдийн засгийн суурийг бий болгохын тулд мөчлөг сөрсөн төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлэх, бизнесийн өрсөлдөөнийг дэмжих, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, засаглалын шинэчлэл хийх замаар ил тод, нээлттэй, улс төрөөс ангид байдлыг эдийн засагт бий болгох зэргийг зөвлөжээ.   

Тайлан танилцуулах арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А. Ариунзаяа, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михиев,  тус банкны ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нгану, Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир нар оролцлоо.

Б.Төгс

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 14 цаг 46 минутын өмнө
    Монголбанкны алт худалдан авалт 2019 онд 15.2 тонн болж буурсан ч  он гарсаар есдүгээр сарын 22-ны байдлаар 15 тоннд хүрээд байна. Энэ онд алт худалдан авалт 2018 оны хэмжээнд хүрэх эсвэл давах хүлээлттэй байгаа юм. Өнгөрсөн 2018 онд төв банкны алт худалдан авалт 22 тонн хүрч дээд амжилт тогтоосон. Харин нүүрсний экспорт долдугаар сараас эхлэн өсч цаашид тогтворжих хандлагатай байна. Монголын эдийн засаг оны эхний хагаст маш хүнд байдлыг даван туулсан бол долдугаар сараас эхлэн эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж эхэлсэн байна. Энэ тухай Монголбанк (2020.09.23) “Ханшийн тогтвортой байдал” сэдэвт уулзалтын үеэр мэдээллээ. Америк долларын ханш долдугаар сард 20.81 төгрөгөөр чангарсан нь сарын дүнгээр энэ оны хамгийн их өсөлт болсон ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш найм, есдүгээр сараас харьцангуй тогтворжиж эхэллээ. Монголбанкнаас зарласан ханшаар нэг ам.доллар (2020.09.22-нд) 2,854 төгрөгтэй тэнцэж байна.
  • 17 цаг 39 минутын өмнө
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгохоор шийдвэрлэв. Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэх юм. Дээрх хоёр чиглэлийг холбосноор төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдоно. Үүний зэрэгцээ Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордыг ашигласнаар экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
  • 22 цаг 43 минутын өмнө
    Монголын нутгаар дайруулан байгуулахаар “Сибирийн хүч 2” хоолойн төслийн яриа хэлэлцээр хоёр улсын Засгийн газрын түвшинд өрнөж байна. 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд Москвад хийсэн айлчлалаар Засгийн газар Оросын “Газпром” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэж байсан бол үүнээс хойш талуудын төлөөлөл багтсан Ажлын хэсэг гарч, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан компанийг байгуулав. Дараагийн шатанд “Эрдэнэс Монгол” болон “Газпром” компани хооронд нууцлалын гэрээ байгуулж, харилцан мэдээлэл солилцох, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ажиллана гэдгийг Монголын төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү (2020.09.02) мэдэгдлээ.
  • 2020-09-21 11:03
    Заамарын хөндийд үйл ажиллагаа явуулж байгаа Тосонгийн үйлдвэрийн нөхөн сэргээлт Монголдоо жишиг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Хүний гараар бүтээгдсэн анхны цэнгэг устай хиймэл нуурыг 16 га талбайд байгуулж, 5.5 км урттай дөрвөн тусдаа ойн төгөл энд бий болжээ. Тосон Заамар шороон Заамар боллоо хэмээн яригддаг байсан үе бий. Тэгвэл “Ногоон Заамар” болох цаг айсуй гэдгийг Тосонгийн уурхайн нөхөн сэргээлтээс бэлхнээ харж болно. Уурхайн үйлдвэрлэлийн хамгийн том үр дүн нь  нөхөн сэргээлт.  Тиймдээ ч “Монполимет” групп нөхөн сэргээлтийг  олон улсын жишиг стандартын дагуу бодит утгаар нь хийж буйг газар дээр нь очиж танилцсан хүмүүс  үнэлдэг.  Энэ удаагийн зочид нь “Вагнер Ази”-ийхан байлаа. Учир нь, “Монполимет”, “Вагнер Ази” компанийн хамтын ажиллагааны  20 жилийн ой тохиож байна.
  • 2020-09-18 17:13
    “Дэлхийн эдийн засгийн чуулган”-аас (World Economic Forum /WEF/) Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь кобальтын олборлолтод хөдөлмөрийн нөхцөл, хүний эрхийг сайжруулах шаардлагатай тухай “Уул уурхайг аюулгүй, шударга болгох нь: БНАКонго дахь гар аргаар кобальт олборлолт” тайлан гаргажээ. Кобальт нь цахилгаан машин болон ухаалаг гар утас, зөөврийн компьютерын зай хураагуурын үйлдвэрлэлд үндсэн чухал түүхий эд болдог. Энэхүү тайланд дурдсанаар дэлхийн кобальтын хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоос 4 дахин нэмэгдэх хандлагатай ажээ. Одоогийн байдлаар дэлхийн нийт кобальтийн нийлүүлэлтийн 70% нь БНАКонго улсад ногдож байна. Харин тус улсын нийт олборлолтын 30 хүртэлх хувь нь бичил уурхайгаас эх үүсвэртэй юм. Гэвч Конго дахь кобальтын бичил уурхайнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн шударга үнэлэмж орхигдох байдал түгээмэл байна. Ийм нөхцөлд дэлхийн кобальтийн нийлүүлэлтийн сүлжээнд олборлолтыг хариуцлагатай болгоход бэрхшээл учрах нь гарцаагүй юм.