Ашигт малтмалын нөөц, баялгийн  2015 оны ангилал шаардлага хангахгүй байна

2020-09-16 11:00

“МОНГОЛ УЛСАД АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ БОДОЖ, БҮРТГЭЖ, БАЛАНС ХИЙЖ ИРСЭН ТҮҮХ БА ОЛОН УЛСЫН НӨӨЦ, БАЯЛГИЙН АНГИЛЛЫН АНАЛИЗ”  номын нээлт өчигдөр Монголын Геологийн Холбооны байранд боллоо. Номын нээлтэд Монголын Уул Уурхайн Мэргэжлийн Холбоодын Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Цогбаатар, Геологи-минералогийн ухааны доктор (PhD) О.Чулуун, Монголын Уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооны Гүйцэтгэх захирал, Техникийн ухааны доктор (Ph.D) Б.Бат-Очир, Геологи-минералогийн шинжлэх ухааны дэд доктор, дэд профессор, зөвлөх инженер Д.Даваасамбуу, Геологийн шинжлэх ухааны магистр Б.Цацрал нарын эрдэмтэн судлаачид, геологийн салбарын тэргүүлэх төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм. Д.Даваасамбуу, Б.Бат-Очир, Б.Цацрал нар уг номын зохиогчид бөгөөд хэдхэн хоногийн өмнө Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлийн (МГХНЗ) даргын албан тушаалаа Монголын Геологийн Холбооны Ерөнхийлөгч Я.Бат-Ирээдүйд хүлээлгэн өгсөн О.Чулуун редактороор нь ажилласан байна.

Энэ номд Монгол Улсад ашигт малтмалын ордод хайгуул хийж, нөөцийг нь судалгааны түвшнээр нь ангилж, бүртгэж, баланс хийж ирсэн түүхийг он дарааллын дагуу товчоолж, анхдагч эх сурвалжийг хавсралтаар оруулахын зэрэгцээ  олон улсад ашигт малтмалын нөөцийн ангиллыг хэрхэн хийж байгааг толилуулан олон улсын нөөцийг ангиллууд нь Монгол Улсын 2015 оны есдүгээр сараас мөрдөгдөж байгаа ангилалтай хэрхэн дүйж байгаад анализ хийжээ. Түүнчлэн улс орны эрх ашгийн үүднээс 2019 онд УИХ-аас баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу уг ангилалд  ямар өөрчлөлт оруулах шаардлагатайг тодруулжээ.

Номын өмнөх үгэнд “2015 оны нөөц баялгийн ангилал нь хэрэглэгчдийн зүгээс их хэмжээний шүүмжлэлд өртөж байгаа ба Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлөөс уг ангилал нь “шаардлага хангаж буй  эсэх, үндэсний нөөцийн ангилал, зааврыг шинэчлэх бодит шаардлага буй эсэх талаар хөндлөнгийн экспертийн багийн шалгалт хийж, дүгнэлт гаргах” ажлыг зохион байгуулж байв. Тус баг 2015 оны ангилал зааврыг шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг 2017 онд гаргаж танилцуулах гэж оролдсон хэдий ч УУХҮЯ уг ажлыг сонсоогүй учир асуудал цааш хөдлөхгүй зогсонги байдалд ороод байна” хэмээн өгүүлжээ.  Мөн “Монгол Улсын нөөц, баялгийн ангилал хөгжиж ирсэн түүх, түүний олон улсын ангилалд хөрвөх, харьцах байдлыг энэхүү ажлаар задлан шинжилсэн бөгөөд тухайн ажлыг геологичид, уурхайчдаар шүүлгэхээр нийтэд нээлттэй хэвлэн нийтэлж байна” хэмээн бичиж. Уг номын талаар салбарын эрдэмтэн, судлаачид  санал сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Монголын Уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооны Гүйцэтгэх захирал, Техникийн ухааны доктор (Ph.D) Б.Бат-Очир "Монголын ашигт малтмалын нөөцийн ангилалд дүн шинжилгээ хийсэн салбарын яамны Ажлын хэсгийг О.Чулуун дарга удирдан, нарийн бичгийн даргаар нь Б.Цацрал ажилласан. Ажлын хэсэг мөн арав гаруй гишүүдтэй.

Монгол Улс 1957 оноос хойш ашигт малтмалын нөөц баялгийн баланс гаргаж, нөөцийг бүртгэж эхэлсэн. Үүнтэй уялдуулаад нэлээд олон үйл явц  түүхэн дарааллаар өрнөсөн бөгөөд тэр бүгдэд судалгаа хийсэн.  Ийм судалгааны ном цаашид ч гарах ёстой.

Нэгдүгээрт, бид энэ чиглэлийн ажлын  түүхэн ой санамжийг бичиглэн  тэмдэглэж үлдээх шаардлагатай. Хоёрдугаарт, ашигт малтмалын нөөцийн судалгааны ажил хэрхэн явагдаж байгааг анзаарч харах ёстой. ОХУ-ын ашигт малтмалын  нөөцийн ангилал Францаас  гаралтай. Одоо хэр нь энэ ангиллын зарчим алдагдаагүй. Монгол Улс 1998 онд олон улсын ангилалд  нийцүүлэн түр ангиллыг бий болгон 2012 оныг  хүртэл мөрдсөн. Өнөөдөр мөрдөгдөж байгаа 2015 оны нөөцийн  ангилал  шаардлага хангахгүй байна"

Геологи-минералогийн ухааны доктор (PhD)  О.Чулуун "Ашигт малтмалын нөөцийн ангиллыг манай зарим геологич өөр өөрийн өнцгөөр тайлбарладаг. Зарим нь бүр мушгидаг. Амьдралд тогтоогүй дүрэм, журам мөрдөгдөж байна. 1998 оны нөөцийн түр ангиллыг гаргахдаа олон улсын ангиллуудтай харьцуулж үзсэн. Хамгийн ойлгомжтой,  товчхоноор хийсэн нь энэ. Түүнээс хойш энэ ангилал олон жил мөрдөгдөж ирсэн. Гэвч үүнийг өнөөдөр өөр өнцгөөс тайлбарлаад байна.  2015 оны ангилал бол үнэхээр учир дутагдалтай, олон салаа утгатай"

Геологи-минералогийн шинжлэх ухааны дэд доктор, дэд профессор, зөвлөх инженер Д.Даваасамбуу "Ашигт малтмалын нөөц, баялгийн ангилал нь цаанаа ашигт малтмалын байгалийн төрөл болон хүдрийн биетийн хэлбэр хэмжээ, түүн дэх ашигт бүрдвэр ба хорт хольцын  тархалтын зүй тогтолд суурилан хайгуулын аргачлал, торыг сонгон хайгуул хийж, нөөц бодож ангилал хийсэн байдлыг өөртөө  агуулдаг.  Өөрөөр хэлбэл тухайн ордын нөөцийн ангиллыг үзээд ямар төрлийн ордыг ямар хайгуулын тороор хайгуулдаж, нөөцийг хэрхэн тогтоосныг мэдэх боломжтой юм.  Энэ утгаараа нөөц, баялгийн ангилал нь Ашигт малтмалын хуулийн  дараа орох маш чухал баримт бичиг юм. Уг баримт бичгийн дагуу Монгол Улсын геологи-уул уурхайн үйлдвэрлэлийн ажил явагддаг. Цаашид ч энэ нь  ач холбогдлоо алдахгүй. Нөгөө талаас Монгол Улс 1957 оноос хойш нөөцийн бүртгэл хийж,  балансыг тасралтгүй хөтөлж ирсэн. Энэ нь  тухайн үеийнхээ болон хэтийн ирээдүйд шаардлагатай ашигт малтмалын эрэл хайгуулын ажлыг төлөвлөх, эрдэс баялгийнхаа нөөцөд тулгуурлан улс орноо үйлдвэржүүлэх, хэтийн төлөвлөгөө зохиож хэрэгжүүлэхэд социализмын үед нам, төрөөс онцгой анхаарч байсан. Тухайн үедээ геологи-уул уурхайн бодлогыг системтэй хэрэгжүүлэх хамгийн зөв арга энэ байсан. Социалист төрийн энэ бодлогыг Монгол Улсын Засгийн газар тусгаар улсын Засгийн газрын хувьд зарим талаар уламжлан хэрэгжүүлэх шаардлагатай болоод байна"

Г.Идэр

 

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 19 цаг 10 минутад
    Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талбайд үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх ёслол (2021.01.15) болов.Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүнд цаг үед Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газрууд,  холбогдох төрийн байгууллага, орон нутгийн дэмжлэгтэйгээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) “Инженерс Индиа Лимитэд” компанийн инженерүүд хүчээ дайчлан, хамтран ажилласны үр дүнд өнөөдөр үйлдвэрийн технологийн бус байгууламжуудын барилга-угсралтын ажлыг эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон байна. Өнөөдрийн ёслолын арга хэмжээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх биечлэн оролцжээ.   
  • 2021-01-14 18:32
    Уул уурхайн ажилчдын ээлж солих зохион байгуулалттай арга хэмжээний хүрээнд ажилчдаас PCR шинжилгээ авах ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 01 дүгээр сарын 16-ны өдөр эхлүүлэх боллоо. Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээ авах цэгүүдэд аж ахуйн нэгжүүдийг хуваарилж байна. Шинжилгээ өгөх хуваарийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны вэб сайтын “Мэдээ мэдээлэл” цонхны “Шуурхай штаб мэдээлэл”  хэсэгт өнөөдөр, 01 дүгээр сарын 14-ний өдөр байршуулах тул аж ахуйн нэгжүүд орон нутгаас ирж шинжилгээнд хамрагдан ээлжинд гарах ажилчдаа Улаанбаатарт ирүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана уу. Үүний тулд аймгуудын Онцгой комиссын цахим хаягаар тухайн орон нутгаас ирэх ажилчдынхаа мэдээлэл бүхий аж ахуйн нэгжийн албан хүсэлтийг хүргүүлж өөрийн ажилчныг тодорхойлж өгөх шаардлагатай байна.  
  • 2021-01-14 18:17
    ОХУ-ын гадаад валютын нөөцийн бүтцэд анх удаа алтны хувь хэмжээ ам.долларыг давжээ. Тодруулбал, тус улсын Төв банкны тайлангаар, нийт нөөцийн 23%-ийг алт (128.5 тэрбум ам.доллартай тэнцэнэ) бүрдүүлж еврогийн дараа оржээ. Харин 124.6 тэрбум америк доллар нь нийт нөөцийн 22% болж буурсан байна. 2018 онд нийт нөөцийн 44%-ийг америк доллар бүрдүүлж байжээ. Энэхүү өөрчлөлт нь Оросын эдийн засгийг америк доллараас үл хамаарах, хоёр улсын харилцаа муудаж буй нөхцөлд АНУ-ын хориг арга хэмжээнд өртөмтгий байдлыг бууруулах гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бодлогын нэг хэсэг хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа юм. 2020 оны арванхоёрдугаар 25-ны байдлаар, тус улсын гадаад валютын нийт нөөц 592.4 тэрбум ам.доллартай тэнцэж байв.   
  • 2021-01-14 15:39
    Үнэт металын бүлэгт багтах родийн (Rh) ханш өссөөр байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард, дэлхийн зах зээл дээр унц родий 16.9 мянган ам.доллар хүрч түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдсон юм. Тэгвэл 2021 он гарснаас хойш тухайн металын ханш 19%-иар өсчээ. Лхагва гаригийн (2021.01.13) байдлаар, унц родий 20.19 мянган ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна.  Ердөө 615 ам.долларын үнэтэй байсан родийн үнэ сүүлийн таван жилийн хугацаанд 3000% өсчээ. Энэхүү метал нь автомашины үйлдвэрлэлийн ойролцоогоор 85%-д хамаардаг гол түүхий эд юм. Улс орнууд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтаас үүдэн аж үйлдвэрийн салбарт родийгийн хэрэгцээ нэмэгдсээр байна.
  • 2021-01-14 13:37
    2021 онд Хятад улс нь зам тээврийн дэд бүтцэд 2.4 их наяд юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Энэ тухай тус улсын Зам, тээврийн сайд Ли Сяопин мэдэгджээ. Ингэхдээ 3700 км төмөр зам шинээр барьж байгуулах төсөөлөлтэй байна. Гэхдээ дэд зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын талаарх тодорхой төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хэмжээг албан ёсоор мэдээлээгүй байгаа юм. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хэмжээтэй харьцуулахад 2021 онд мэдэгдэхүйц буурахаар байна. Тодруулбал, 2020 онд зам тээврийн дэд бүтцэд 3.42 их наяд юань (523.47 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулсан тухай Хятадын Үндэсний зам тээврийн хурлаар танилцуулжээ.