“Рио Тинто” төмрийн хүдрийн бизнесээ “аврахаар” Жан Себастьян Жакийг огцруулна

2020-09-11 15:49

Австралийн Пилбарад орших 46 мянган жилийн настай Juukan Gorge-ийн агуйг өнгөрсөн тавдугаар сарын 23-нд “Рио Тинто” компани сүйтгэснийхээ хариуд захирлуудаа огцруулахаар болсноо өнөөдөр мэдэгдлээ. Энэ дунд компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак багтаж байна.

“Рио Тинто” компани нь өөрийн эзэмшлийн “Brockman 4” төмрийн хүдрийн ордын өргөтгөл төслийн хүрээнд хийсэн тэсэлгээний үеэр уг соёлын дурсгалт хоёр агуй бүрэн сүйдсэн юм. Энэхүү агуйнууд нь тус нутагт аж төрдөг Puutu Kunti Kurrama болон Pinikura нутгийн уугуул иргэдийн асар нандин өв төдийгүй өвөг дээдэстэйгээ холбогдох онгон дагшин газарт тооцогддог байна.

Хэрэг явдал болохоос өмнө буюу тавдугаар сарын 21-нийг хүртэл Рио-ийн удирдлагууд тэсэлгээ хийх газрын соёлын өвийн ач холбогдлын талаар төдийлөн мэдээлэлгүй байсан тухай хэвлэлүүдэд онцолжээ.

“Рио Тинто” компанийн нийт үйл ажиллагааны орлогын 90 гаруй хувийг Австралийн Пилбара дахь төмрийн хүдрийн олборлолтоос бүрдүүлдэг тул энэ хэрэг нь компанид маш ноцтой зүйл гэдэг нь ойлгомжтой юм. 

Уг хэсэгт анх 2013 онд “Рио Тинто” компани тэсэлгээ хийх зөвшөөрлийг холбогдох төрийн байгууллагаас авсан ч түүнээс хойш жилийн дараа соёлын өвийн дурсгалт зүйлс олдсон байна. Улмаар соёлын дурсгал талаасаа хавьгүй илүү ач холбогдолтой эртний дурсгалт газар болох нь тогтоогджээ. Иймээс соёлын өвийн тухайд “Рио Тинто” компани эртнээс мэдэж байжээ. Нөгөө талаас өнгөрсөн тавдугаар сард тэсэлгээ хийхээс өмнө нутгийн уугуул иргэд тэсэлгээ хийхгүй байх хүсэлтийг удаа дараа өгч байсан гэсэн мэдээллийг Австралийн хэвлэлүүдэд онцолж байна. 

Гэсэн ч тэсэлгээ хийсэн бөгөөд нутгийн уугуул иргэдийн зөвшөөрлийг авсан гэж бодсон хэмээн “Рио Тинто” компанийн зүгээс тайлбарлажээ. Улмаар тэсэлгээг зогсоохоор оролдсон ч хэтэрхий оройтсон байсан гэдгээ учирласан байна.

Тэсэлгээ болсны дараа нутгийн уугуул иргэдийн эсэргүүцэл ихээхэн эрчимжсэн билээ. Зургадугаар сарын 17-нд төмрийн хүдрийн бизнес хариуцсан захирал компанийнхаа өмнөөс уучлал хүсчээ. Улмаар компанийн ТУЗ хуралдаж компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак, төмрийн хүдрийн группийн захирал Крис Солсбери, компанийн Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Симон Нивен зэрэг захирлуудын урамшууллыг 7 сая ам.доллараар танахаар болсноо наймдугаар сарын 24-нд мэдэгдсэн юм. Гэвч энэ хэргийг зөвхөн урамшуулал танах байдлаар шийдвэрлэх нь хэтэрхий хангалтгүй гэж компанийн хувьцаа эзэмшигчид болон уугуул иргэдийн төлөөлөл шаардсанаар ийнхүү гурван захирлыг ирэх зургаан сарын дотор албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсноо өнөөдөр мэдэгдлээ.

Компанийн Гүйцэтгэх захирлын суудалд дараагийн хүнийг шинээр томилох хүртэл буюу 2021 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл одоогийн захирал Жан Себастьян Жак нь ажлаа үргэлжлүүлэн хийх юм байна. 

Juukan Gorge-ийн агуйн хэрэг шиг археологи, соёлын чухал өвийг устгасан зүйл “Рио Тинто”-ийн үйл ажиллагаанд дахин давтагдахгүй байх бүхий л арга хэмжээг тууштай хэрэгжүүлж ажиллах болно гэдгээ компанийн ТУЗ-ийн дарга Simon Thompson мэдэгджээ.

Гэхдээ компанийн удирдах албан тушаалтнуудыг ажлаас нь халснаар уг асуудлыг бүрэн шийдвэрлэхгүй гэдгийг Австралийн томоохон сан болох HESTA сануулж байна. Өөрөөр хэлбэл асуудлыг уурхайн компани болон уугуул иргэд (газар эзэмшигчид)-ийн хооронд байгуулсан гэрээний зарим заалтыг өөрчлөх замаар шийдвэрлэх шаардлагатайг анхааруулжээ. Учир нь тэдгээр гэрээ нутгийн уугуул иргэдийн эрхийг зөрчиж, уул уурхайн компанийн эрх ашгийг хангах талд үйлчлэх байдал түгээмэл байдаг байна.

Түүх соёл, археологийн дурсгалт агуйг сүйтгэсэн энэхүү явдал нь Баруун Австрали мужийн Засгийн газарт соёлын өвийг хамгаалахтай холбоотой хуулийг яаралтай сайжруулж, өөрчлөх шаардлагатайг харуулж буйг Австралийн Археологийн холбоо анхааруулсан байна. Учир нь соёлын өвийг хамгаалах тухай холбогдох хуулийн 18 дахь хэсгийн зүйл заалтаар, “Рио Тинто” -ийн хийсэн тэсэлгээ нь хуулийн дагуу үйлдэл болон хувирч байгаа аж. Тэгэхээр тус компани ийнхүү олон нийтээс уучлалт хүсч, захирлуудаа халж буй алхам нь зөвхөн нийгмийн лиценз олж авах, алдагдсан нэр хүндээ сэргээх оролдлого гэж ойлгож болохоор байгаа юм.

Захирлуудыг огцруулахтай холбоотой мэдээлэл цацагдсанаар “Рио Тинто”-ийн хувьцааны ханш Австрали, Лондон, Нью-Йоркийн хөрөнгийн биржүүд дээр бага зэрэг буурах хандлагатай байна.

Жан Себастьян Жак төмрийн хүдэр гэхээс илүүтэй зэсийн салбарт мэргэшсэн гэж хэлж болно. “Рио Тинто”-ийн зэсийн группийн захирлаар ажиллаж байхдаа тэрээр Оюутолгойн өргөтгөл төслийн гэрээг 2015 онд Монголын талтай байгуулсан билээ. Дараа жил нь 2016 оны долдугаар сард “Рио Тинто”-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд түүний ажилласан хугацаанд компанийн зах зээлийн үнэлгээ хоёр дахин нэмэгджээ. Тэрбээр “Рио Тинто”-ийн хувьцаа эзэмшигчдэд очих үр өгөөжийг нэмэгдүүлэхэд ихээхэн үр дүнтэй ажиллаж чадсан бол төмрийн хүдрийн “Brockman 4” ордын өргөтгөлийн төслийн явцад гарсан томоохон алдаа түүнийг суудлаасаа буухад хүргэлээ.

Төмрийн хүдрийн “Brockman 4” ордыг өргөтгөснөөр “Рио Тинто”-ийн Пилбара дахь хоёр дахь томоохон төсөл болох юм.

Хэрэг явдал болсны дараа Австралийн бусад томоохон компаниуд нутгийн уугуул иргэдийн соёлын дурсгалт газруудыг устгахаас сэргийлж, харин ч илүү хадгалж хамгаалах чиглэлд уугуул иргэдтэй хамтран ажиллах нь нэмэгдсэн байна. Үүний хамгийн том жишээ нь “BHP” компани боллоо.

Б.Төгс

 

 

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 15 цаг 48 минутын өмнө
    Хурлын эхний хэлэлцүүлэг “Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах нь: Хуулийн томоохон өөрчлөлтүүд ба ил тод байдал” сэдвээр өрнөлөө. Хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлж, ашигт малтмалын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдэд уул уурхайн боловсрол олгох чиглэлд идэвхтэй ажиллах болно. Мөн УИХ-ын намрын чуулганаар Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль болон бусад холбогдох хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барина” гэдгээ илэрхийллээ. Эдгээр хуулийн өөрчлөлтөөр салбарын хуулиудын уялдаа холбоог сайжруулж, давхардал, хийдлийг нэг мөр шийдвэрлэж, эргээд хөрөнгө оруулагч нарт таатай орчин бүрдэнэ гэж сайд үзэж байна.
  • Уржигдар 10 цаг 44 минутад
    Монгол Улсын төсвийн жилийн орлогын 20 гаруй хувийг дангаар  бүрдүүлдэг уул уурхайн салбарын үйл ажиллагааны үр дүн нь улсын үйлдвэрлэл, эдийн засаг, нийгэмд бодитой, жинтэй, тогтвортой байдлаар эерэг нөлөөлөл үзүүлдэг. Тэр нь үйлдвэрлэлийн бүтэц, гадаад худалдааны тэнцэл, улсын нэгдсэн төсөв,  санхүү,  хэрэглээний үнэ, төгрөгийн ханш, хүн амын амьжиргаа, нутагшилт суурьшилд шууд хамааралтай боллоо.  2019 оны эцсийн байдлаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ 36897.6 тэрбум төгрөгт хүрсний дотор уул уурхайн олборлох салбарын бүтээгдэхүүний хэмжээ 8779.2 тэрбум төгрөг буюу 23.8%, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний (АҮБ) 73%, экспортын 90 орчим хувийг эзэлж байна.
  • 2020-10-28 11:30
    Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын нөлөөгөөр сүүлийн 100 жилд байгаагүй эдийн засгийн хямрал тохиож байна. Нийт улс орны 90%-д эдийн засаг удааширч, 70%-д нь эдийн засаг агшжээ. Мөн адил Монгол Улсын ДНБ 9.7%-иар буурсан нь эхний хагас жилийн үзүүлэлт юм. Эдийн засгийн идэвхжлийг дагаад эрэлтийн инфляци нам доор түвшин байгаа бөгөөд 2020 оны наймдугаар сарын байдлаар 1.7% болж буурсан байна. Энэ нь иргэдийн орлого, худалдан авах чадвараас шууд хамааралтай. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурснаар дотоодын шатахууны үнэ 300 орчим төгрөгөөр хямдарсан нь нийлүүлэлтээс хамаарах инфляцад чухал нөлөөтэй. Жилийн хоёрдугаар хагаст хөл хорио аажим суларч, экспорт нэмэгдэж, эрэлт алгуур өсөх хандлагатай болжээ. Тиймээс 2020 оны гүйцэтгэлээр инфляци 3.2% хүрэх төсөөллийг Монголбанк гаргасан байна.
  • 2020-10-26 10:30
    Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт ид дундаа хэрэгжиж байгаа энэ үед тус компани 2020 оны шинэчилсэн ТЭЗҮ-ээ боловсруулж дууссан тухай долдугаар сард зарласан. Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компанийн цахим хуудсанд (2020.08.28) Оюутолгойн 2020 оны техникийн тайланг нийтэлсэн байна. Уг тайланг “AMC Consultants” болон “Туркойз Хилл Ресурс” компани хамтран боловсруулжээ. Уг тайланг бэлтгэхэд Оюутолгойн 2020 оны шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон бусад холбогдох судалгаа тайланг ашиглажээ. Нэг үгээр техникийн тайлангаас Оюутолгой төслийн үйл ажиллагааны зураглалыг хамгийн сүүлийн үеийн байдлаар харж болно гэсэн үг. Гэхдээ энэ тайланд цар тахлын нөлөөллийг оруулаагүй болохыг Туркойз Хилл онцолсон. 
  • 2020-10-24 12:30
    Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан чуулганаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас гаргах талаар хэлэлцлээ. Уг чуулганд 130 гаруй улс орон болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер удирдаж явуулав. Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах асуудлыг хуралд оролцсон төлөөлөгчид санал нэгтэйгээр дэмжлээ.