Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Засгийн газраас төмөр зам, эрчим хүчний төслүүдтэй холбоотой шийдвэрүүд гаргав 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2020.09.09) Тавантолгойн нүүрсний орд, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам, Сайншанд-Баруун-Урт чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам, Газрын тос боловсруулах үйлдвэр, Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станц, Өмнийн говийн бүтээн байгуулалтад гадаргын болон гүний усыг байгаль, экологийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр зохистой ашиглах, Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөнгө оруулсан, санхүүжүүлсэн зэрэг төслүүдтэй холбоотой дараах шийдвэр гаргажээ.

-    Тавантолгойн нүүрсний ордын гадаргын ерөнхий төлөвлөгөөг ордод түшиглэсэн аж үйлдвэр, дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн  төлөвлөгөөтэй уялдуулан гаргах 

-    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар танилцуулах, тусгай зориулалтын компани байгуулах, хувь эзэмшлийг нь тогтоох, шаардлагатай үлдэгдэл хөрөнгийг санхүүжүүлэх тухай хэлэлцүүлэх

-    Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станц барих талаар холбогдох арга хэмжээ авах, шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргуулах

-    Өмнийн говийн бүтээн байгуулалтад гадаргын болон гүний усыг байгаль, экологийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр зохистой ашиглах нөхцөл, боломжийн талаарх эдийн засаг болон эрх зүйн үндэслэл, танилцуулга хийх

-    “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөнгө оруулсан, санхүүжүүлсэн төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, зарцуулалтад хяналт шалгалт хийх зэргийг холбогдох сайд, агентлаг болон аймгуудын Засаг дарга нарт даалгав.

Сайншанд-Баруун-Урт чиглэлийн төмөр зам
Сайншанд-Баруун-Урт, Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт” чиглэлийн 846 км төмөр зам барихад 1.1 тэрбум ам. доллар шаардлагатай. ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон зүүн бүсийн босоо тэнхлэгийн энэ төмөр замыг барих бэлтгэл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.  

Газрын тос боловсруулах үйлдвэр
Талбайн тэгшлэгээний ажлыг аравдугаар сарын дундуур дуусгахаар төлөвлөсөн. Хүхэр, устөрөгч ялгах байгууламжийг барихаар Франц, Итали, Шведийн дэлхийд нефть-химийн салбарт тэргүүлдэг компаниуд материалаа ирүүлсэн байна. Эдгээр лицензтэй технологийн байгууламжуудыг 2022 оноос, лицензгүйг ирэх оноос барьж эхлэх юм. 549 айлын орон сууц, оффис үйлчилгээ, үйлчилгээний төв, ажилчдын хооллох газар, сургууль, цэцэрлэг бүхий хотхоныг 2019 оноос барьж байгаа ба заримыг нь арваннэгдүгээр сард, үлдсэнийг нь 2024 оны зун бүрэн ашиглалтад хүлээн авахаар төлөвлөөд байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам

Бүтээн байгуулалтад дотоодын 94 аж ахуйн нэгж, 6000 гаруй инженер, техникийн ажилчин, 2900 техник оролцож байна. Доод бүтцийн газар шорооны ажил 99 хувь, хоолойн ажил 97, зөрлөгийн барилга 73, өртөөний барилга 41 хувийн явцтай. Дээд бүтцийн 54 км-ын ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН, 15.8 км-ыг Зэвсэгт хүчний жанжин штаб гүйцэтгээд байна. Төмөр замын 27 байршилд тавих 2500 орчим метр урт гүүрийн ажлын явц 73, эрчим хүчний шугамын ажил 60 хувь хүрчээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН арваннэгдүгээр сарын 30-ны дотор дээд бүтцийн барилга, угсралтаа дуусгахаар төлөвлөсөн.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам

Төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн нүүрс тээвэрлэх бөгөөд энэ нь автомашинаар тээвэрлэснээс дөрөв дахин бага зардал гаргана гэсэн үг юм. Замын доод бүтцийн газар шорооны ажил 95, хоолой 98.5, гүүр 37, дээд бүтцийн ажил 32%-тай байгаа бөгөөд одоогоор 73 км зам тавиад байна.

Тээвэрчдийн хотхон

Тавантолгойн нүүрсний уурхайн аман дээр үүсдэг тээврийн хэрэгслийн урт дараалал, эмх замбараагүй байдал, жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 2018 оны долоодугаар сараас барьж эхэлсэн. 1000 автомашины зогсоолтой, 500 хүнд нэг зэрэг үйлчлэх хүчин чадалтай, иж бүрэн цогцолборын “Ачилт хүлээлгийн талбай”, шатахуун түгээх гурван станцын ажил үндсэндээ дууссан. Жолооч нарын амрах байр, халуун ус, эмнэлэг, зоогийн газар, худалдаа, ахуйн үйлчилгээний төв зэрэг барилгын ажил 67, захиргаа, зочид буудал, авто оношлогоо, авто засварын газрын ажил 70%-тай байна. 

“Тайван зогсоол” цогцолбор

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэдэг 14 мянга гаруй жолооч эрүүл, аюулгүй орчинд амрах, хооллох, төрийн үйлчилгээг нэг дороос авах, амралт, чөлөөт цагаа зөв өнгөрөөх зорилгоор 2018 оны есдүгээр сараас цогцолборыг барьж эхэлсэн. Цогцолбор ашиглалтад орсноор том оврын 2500 тээврийн хэрэгсэл /60 км урт дарааллыг хүлээн авах боломжтой, камерын хяналтын систем, харуул хамгаалалттай, бүрэн гэрэлтүүлэгтэй/  байрлах авто зогсоолтой болно. Зам талбай, гэрэлтүүлэг, гэрэлт цамхаг, уурын зуух, цахилгаан дамжуулах шугам, цэвэр усны шугам, өндөр хурдны шилэн кабель зэргийг ашиглалтад оруулсан. Мэс засал, сэхээн амьдруулах, үзлэгийн өрөө, эмийн сан, ЭХО, хэвтэн эмчлүүлэх тасаг зэргээс бүрдсэн 34 өрөөтэй эмнэлэг, 418 ортой зочид буудал, нэг зэрэг 40 хүнд үйлчлэх халуун ус, саун, угаалгын газар, хоногт 5000 хүнд үйлчлэх зоогийн газар, төрийн нэг цэгийн үйлчилгээ, ахуйн үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех зэрэг барилгын ажлыг энэ онд дуусгаж цогцолборыг ашиглалтад хүлээн авах тухай тухай Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.