Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюутолгой уурхайн цахилгааны зарим хэрэглээг дотоодоос хангаж эхэллээ

2013 онд Оюутолгой орд газрыг ашиглаж эхэлснээс хойш БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны эрчим хүчний системээс нэгж бүрийг 9 центийн үнэтэй импортын цахилгаан эрчим хүчийг  хэрэглэж ирсэн. “Оюутолгой” компани нь жилд дунджаар 100-150 орчим мегаватт (МВт) эрчим хүч ашигладаг. Монгол Улсын Засгийн газраас Өмнөд бүс, говийн стратегийн орд газруудын цахилгааны хэрэглээг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 220 кВ-ийн гурван дэд станц, 670 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусгажээ. Дотоодын эрчим хүчний системээс уурхайн цахилгааны зарим хэрэглээг хангах ажлын хүрээнд 13 мегавольт ампер (MBA) суурилсан хүчин чадалтай 4 дэд станцыг 35 кВ-ын хүчдэлээр хангаж эхэлсэн байна.

“Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК болон “Оюутолгой” ХХК-ийн хооронд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол 2020 оны есдүгээр сарын 03-нд  Эрчим хүчний яаманд боллоо.Уг гэрээнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес оролцсон юм.

Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулснаар гадагш урсаж буй валютын урсгал дотоодод үлдэж, эдийн засагт эерэг үр дүн гарах юм. Цаашид цахилгаан эрчим хүч нийлүүлэлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхийг  албаны хүмүүс  онцолж байлаа.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Оюутолгойн нийт цахилгаан эрчим хүчний 2-3%-ийг хангахаар болж байна

Говийн бүсийн цахилгаан эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах томоохон ажлуудын эхлэл гэж үзэж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд төрийн бодлого, хууль тогтоомжид нийцэж ажиллах ёстой. Тиймээс Оюутолгойн эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах ажил нэн чухал юм. Цаашид говийн бүсийн нийт цахилгаан эрчим хүчийг дотоодын үйлдвэрлэгчдээс хангах ажлуудыг хийж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт говийн бүсийн цахилгаан эрчим хүчний өнөөгийн  нийт хэрэглээг хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн 400 МВт хүчин чадалтай Тавантолгойн цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулахаар тусгагдсан. Одоогоор бэлтгэл ажлыг эрчимтэй явуулж байна. Тавантолгойн цахилгаан станцын  ТЭЗҮ хийгдсэн. Бид улсын хэмжээнд борлуулж байгаа нийт эрчим хүчний 20 орчим хувийг импортиийн эрчим хүчээр хангаж байна. Дундаж үнэ 9 орчим цент бөгөөд дотоодын эрчим хүчний үнээс 50 орчим хувиар үнэтэй байдаг юм.

“Оюутолгой” компанийн  гүйцэтгэх захирал Армандо Торрес: Эрчим хүчээ дотоодоос хангах амлалтын эхлэл гэж харж байна

"Оюутолгой" компанийн  менежмент болон техникийн багийн хамт олон Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанитай хамтран ажилласнаар эрчим хүчнийхээ зарим эх үүсвэрийг дотоодоос хангах боломжийг нээлээ. Эрчим хүчээ дотоодоос хангах амлалтын эхлэл гэж харж байна. “Оюутолгой” бол олон мянган хүн ажилладаг томоохон уурхай. Тиймээс найдвартай эрчим хүчээр хангагдана гэдэг бизнесийн үйл ажиллагаанд хамгийн чухал зүйл. Цаашдаа дотоодоос хангах эрчим хүчийг хэрхэн нэмэгдүүлэх  арга замуудыг судалж үзнэ.  

Л. Номинцэцэг