Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Нөхөн сэргээлтийг эрчимжүүлнэ

Наймдугаар сарын байдлаар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 9 аж ахуй нэгж 369.96 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байна. Тухайн талбайн 22.14 га нь олборлолтын улмаас эвдэгджээ. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтаас, нэг аж ахуйн нэгжид зөрчил илрүүлж Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтын тухай хуулийн 25 зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлээгүйн улмаас Зөрчлийн тухай хуулийн 7.11.2.1 заасны дагуу 1 сая төгрөгийн торгууль, 500 мянган төгрөгийн нөхөн төлбөр болон хохирол тооцжээ.

Харин Сонгино хайрхан дүүрэгт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуй нэгж байна. Тэдгээр аж ахуй нэгж нийтдээ 1002.08 га газарт олборлолт хийх боломжтой юм. Үүнээс 46.60 га газарт ашигт малтмалын олборлолтоос үүдэн нөхөн сэргээх шаардлагатай болсон байна. Тухайн талбайд олборлолт хийж байгаа аж ахуй нэгжүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж есдүгээр сарын 20-ны дотор нөхөн сэргээх үүрэг даалгавар өгчээ. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Оюундэлгэр “Хан-Уул болон Налайх дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолт хийж байгаа аж ахуй нэгжүүдийн менежментийн төлөвлөгөөний  биелэлт, нөхөн сэргээлтийн ажлын явцыг шалгаж нөхөн сэргээлт хийх шаардлагатай талбайн тоо хэмжээг гаргахаар ажиллаж байна. Нөхөн сэргээлтийг хянах комиссоос жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн хяналт шалгалт явуулдаг. Цас орохоос урьтаж шалгалтын ажлыг явуулах нь нөхөн сэргээх талбайг эрт илрүүлэхэд чухал нөлөөтэй гэж үзэж байна” гэжээ. 

Л.Номинцэцэг