Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Уул уурхайн бодлого хаашаа чиглэх вэ?

Г.Идэрхангай

31 дэх Ерөнхий сайдаар улиран сонгогдсон У.Хүрэлсүх Засгийн газраа эмхлэн байгууллаа. Үндсэн хуулийн өөрчлөлт ёсоор танхимаа өөрийн хүслээр, УИХ-ын ямар нэгэн лобби, шахалтгүйгээр засгаа байгуулсан анхны Ерөнхий сайд гэдгээрээ  түүхэнд үлдэж байна. Түүний засгийн дөрөв нь “давхар дээлтэй”. Бусад нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдын итгэлийг ямар нэг хэмжээгээр хүлээсэн, цаашид баг болж ажиллах шалгуур босгыг нь давсан хүмүүс гэж хэлж болно.   Ерөнхийлөгч шинэ танхимын бүрэлдэхүүнд ямар нэгэн оролцоо, нөлөөлөлгүй болсон нь Үндсэн хуулийн бас нэгэн шинэ зарчим   энэ. Засгийн хямрал төрийн гурван өндөрлөгөөс эхлээд доошоо урсаж сунжирдаг бичигдээгүй зовлонг Үндсэн хууль хааж өгсөн нь дэвшил юм. 
Ерөнхий сайд Засгийн бүрэлдэхүүнээ Төрийн тэргүүнд танилцуулсан үг үйлдэл багшдаа даалгавараа шалгуулж байгаа сурагч нар шиг харагдаж байлаа. Ерөнхийлөгчийн бэлдсэн асуултууд ихэнхдээ өөрийнх нь удирдсан Мега төслүүдийн талаар  шинэ сайд нар хэр ойлголттой байгаа, цаашид гар нийлж ажиллах уу гэсэн чигтэй, танин мэдэхүйн шинжтэй. Монголчууд  түүхэндээ анх удаа 800 км  тавьж, далайд гарцгүй орны хувьд төмөр зам барих нь маш шаардлагатай ажил гэдгийг эдийн засаг талаас нь мэдэж байгаа гэдэгт итгэж байна хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт хандан хэлэв. Араас нь “Л.Халтар бол салбартаа олон жил ажилласан давуу талтай” гэсэн магтаалын үгээ бас дагуулав.  “Үндэсний” тодотголтой төмөр замын бүтээн байгуулалтад тэд зөрчилдөхгүй урагшлах бололтой. 

 

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн шинэ сайд Г.Ёндонгоос уул уурхайн салбар, төмөр замын уялдааг ойлгож байгаа юу, үүнийг ойлгож ажиллана гэдэгт итгэж байгаа шүү хэмээн анхааруулсан аястай үгийг Төрийн тэргүүн амнаасаа унагалаа. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, түүнтэй холбогдож бирж дээр гарах Эрдэнэс Тавантолгойн IPO-гийн бэлтгэл ажилд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн жилүүдэд үргэлж толхилцож ирсэн. IPO сүүлдээ улстөрийн фракцуудын тулаан, коронавирусын нөлөөгөөр хэрхэн нуран унасныг уншигчид мэдэж байгаа байх.   
 

Шинэ Засгийн газар ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яам, 17 сайдтайгаар үйл ажиллагаа явуулахаар бүтэц, бүрэлдэхүүнээ баталсан. Ашиг, сонирхол багатай, мэргэжлийн тодотголтой, залуу сайд нараар багаа бүрдүүлсэн Ерөнхий сайд  хийж гүйцээгүй ажлуудаа ирэх дөрвөн жил амжуулж, эдийн засгийн бодит хямралыг даван туулж, бондын том том өрүүдийг дарах үүрэгтэй.  Монгол банкны БНХАУ-ын Ардын банктай хийсэн СВОП хэлцлийн дүн нийт 2 тэрбум ам.доллар. Үүнийг дахиад гурван жилээр сунгахаар болж байгаа нь Засагт бага ч гэсэн амьсгаа авах боломж өгч байна. Одоо Засгийн газрын зүгээс “Мазайлай”, “Чингис”, “Гэрэгэ”, “Хуралдай” бондын төлөлт нийтдээ 2.9 тэрбум ам.долларын төлөлт 2021-2024 онд  хийнэ. Хөгжлийн банкны “Самурай”,  ДБМ  бондын эргэн төлөлт 780 сая ам.доллар бас нэмэгдэнэ. Шинэ засгийн хувьд  сорилттой он жилүүд ирж байна. 2020 оны эхний улирлын сүүлээр Монгол Улсын гадаад өр нийт 30.5 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь 2016 оны гуравдугаар сарынхтай харьцуулахад 7 тэрбум ам.доллараар нэмэгдсэн бөгөөд нэг хүн тутамд ногдох өр 2300 ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсныг эдийн засагчид хэлж байна. Үүнээс Засгийн газрын өр, Монгол банкны өр гээд харвал 2020 оны эхний улирлын байдлаар Засгийн газар 7.2 тэрбум, Монгол банк 2 тэрбум буюу 9.2 тэрбум ам.долларын гадаад өртэй байх жишээтэй.  Бодит үнэн нь эдгээр өр   иргэдийн татварын мөнгөөр дамжиж төлөгдөнө. Нийт гадаад өрөөр тооцвол нэг хүний 28 сая төгрөг болжээ. Ийм эмзэг цаг үед МАН  Засгийн эрхийг удирдаж байна.  
 

2016 оны сонгуульд МАН 65 суудал авч  Засгийн газраа дангаар бүрдүүлсэн. Гэвч төдөлгүй дотроо хоёр хуваагдан үзэлцэн Ерөнхий сайдаа огцруулж, бодлого мөрийн хөтөлбөрийнхөө  эсрэг ажиллаж эхэлсэн байдаг. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого байсаар атал үүнийг ном ёсоор нь дагаж мөрдөн ажил хэрэг болгох тал дээр МАН-ын хоёр Засаг аль нь ч өгөөжтэй зүйл хийгээгүй. Гадаадын хөрөнгө оруулалт замхарч алга болсон, хувийн хэвшлийн өмч хөрөнгө рүү төрийн эрх мэдлээр далайлган халдсан, орд газруудыг хурааж авсан түүх үргэлжилж байна. Хуулийн төслийг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлэг жишиг сүүлийн хэдэн жилд мөн л суларсан. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл үүний нэг жишээ. Үндсэн хуульд байгалийн баялгийг “төрийн, нийтийн” зарчмаар зохицуулах заалт тусгагдсан бөгөөд Үндэсний баялгийн сангийн тухай хууль энэ зарчмаар хэрэгжих ёстой. Гэтэл саяхан салбарын экс сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “нийтийн” гэсэн заалт манай яамны хүсэл зорилго байгаагүй гэж хэллээ. Салбарын яам одоо ч Үндсэн хуулийн энэ заалтдаа сэтгэл дундуур байна. Шинэ сайд Г.Ёндон үүн дээр ямар суурьтай ажиллах бол?   
 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г олон улсын бирж дээр гаргах хүсэл мөрөөдөл үе үеийн Засагт байсан төдийгүй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын хамгийн амбицтай төлөвлөгөө нь байлаа. Шинэ Засгийн газар үүнийг үргэлжлүүлж, ирэх дөрвөн жилдээ багтаан IPO хийж чадахгүй бол  хэлэх үг  ч олдохоо болих байх. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд Сайдаар өмнө нь “Эрдэнэс Тавантолгой”-д IPO хариуцаж байсан О.Батнайрамдалыг томилсон нь бага ч болов итгэл төрүүлж байгаа. 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авна гэсэн итгэл өвөртөлсөөр иргэд сонгуульдаа оролцсон. Харамсалтай нь нэг ч төгрөг иргэдийн гар дээр очоогүй. Энэ мэтээр дурдаад байвал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны өмнө чамгүй олон ажил хүлээгдэж байна. Зэс хайлуулах үйлдвэрийн төслийн ажлаа урагшлуулах, Оюутолгой компанитай Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах талаар хэлцэлээ ахиулах, Ерөнхийлөгчийн хэлснээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай ажлаа нягт уялдуулах, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, эх орондоо урин дуудах гээд олон ажлууд бий. Үндэсний геологийн алба байгуулж, бэхжүүлэх ажил бас байна.   
2016 оны сонгуульд МАН гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, уул уурхайн  компаниуд  дахь төрийн оролцоог зохистой байлгана хэмээн тунхагласан. Уул уурхай дахь төрийн оролцооны одоо байгаа /2016 он/ хэмжээг нэмэгдүүлэлгүй харин ч багасгах бодлого баримтлана гэсэн ойлголтыг  олон нийтэд төрүүлж байлаа. Уул уурхайн салбар эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоороо, зарчмаараа хөгжөөсэй гэж олон нийт хүсч байна. Түүнээс биш Гацууртын ордыг ашиглах нь “стратегийн” чухал алхам гэж намын нэг фракц нь тунхаглаж хөрөнгө оруулагчдаа дуудаж байхад нөгөө фракц нь  “тийм юм байхгүй” гээд нам цохиод байвал энэ улсын уул уурхайн салбар хөгжихгүй, урагшлахгүй. 

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон Г.Ёндон бол салбарын жинхэнэ мэргэжилтэн. Уулын инженер, маркшейдер, Монгол Улсын зөвлөх инженер, докторын зэрэгтэй. Салбарын яамны сайдаар цэвэр мэргэжлийн хүн сонгогдон ажиллаж байгаа нь тун ч олзуурхууштай. Ажлын туршлагыг нь харахад алт, жоншны салбарт түлхүү ажиллаж иржээ. Төрийн өмчит үйлдвэрийн  газруудыг олон жил удирдсан намтар түүхтэй. Салбарынхан дундаа нэр хүнд сайтай боловсон хүчнүүдийн нэг. Гэхдээ нүүрсний салбарт ажилласан туршлага төдийлөн байхгүй. 2010 оноос хойш Монгол Улсын экспортын тэргүүлэх бүтээгдэхүүний байр сууриа хадгалж яваа том салбар бол нүүрс. Энэ салбарт хийж хэрэгжүүлэх ажил дэндүү их байна. Заримыг нь товчхон дурдая. u

Нүүрсний үлэмж нөөцөө түшиглэн цахилгаан станц барьж ашиглахын оронд дотоодын нийт хэрэглээний 20 орчим хувийг гаднаас импортолж байна. Багануур, Тавантолгой, Тэвшийн говь, Бөөрөлжүүт, ТЭЦ-5 зэрэг томоохон хүчин чадалтай цахилгаан станц байгуулах төслүүд зогсонги байна.  Нүүрснээс хий, шингэн түлш гаргах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр төр, хувийн хэвшлийн олон компани сүүлийн арав гаруй жил судалгааны ажил хийсэн боловч төрийн бодлогын дэмжлэггүйн улмаас бүгд зогсонги байдалд орсон. Бас нэгэн жишээ хэлэхэд,  Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг Монголын төр баталсан ч  нүүрсний салбарт сайн  зохицуулалт үгүйлэгдсээр байгаа. “Нүүрс” хөтөлбөрөө боловсруулж батлах хэрэгтэй. Хамгийн том жишээ гэвэл, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоос хойш 10 жилийн хугацаанд шинээр төмөр зам ашиглалтад ороогүй. Зах  зээлдээ хамгийн дөт буюу 267 км бүхий Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эхлүүлэхэд 200 сая ам.доллар зарцуулсан далан шорооны ажил тааруу гүйцэтгэлтэй, хоёр улсын хилийн зурвас арав гаруй км-ээр зөрсөн байдалтай таван жил царцаж байна. Хэдийгээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам байгуулагдаж байгаа ч нүүрсний эцсийн өртөг үр ашигтай хамгийн ашигтай байх талаар бодитой тооцоо хийж, үнэлгээг нь гаргасан ухаалаг дүгнэлт хараахан алга.  
 

Эдүгээ нүүрсний салбар ямар нэгэн хөтөлбөргүй, зөнгөөрөө урагшилж байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг Монголын төр баталсан ч яг үнэндээ нүүрсний салбараа цогцоор нь хөгжүүлэх “Нүүрс” хөтөлбөргүй “тууж” явна. Олон жил хэлэлцсэн хөтөлбөрийг хэзээ батлан гаргаж, хэрэгжүүлэх нь тодорхойгүй. Өнөөдөр нүүрсний салбарт тулгарч байгаа хүндхэн асуудал бол татварын бодлого. Татварын бодлого тодорхой, тогтвортой бус байгаагаас Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-тай холбоотой асуудал үүсч, татвар, хураамжийн энэхүү алдаатай бодлогын улмаас нүүрсний салбарт хүндрэл учирсаар байна. Уул уурхайн салбар өнөөдөр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний   25%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72%, экспортын 90%-ийг  бүрдүүлж байна. Нэгдсэн төсвийн 11.9 их наяд төгрөгийн орлогын 2.62 их наядыг эрдэс баялгийн салбараас төвлөрүүлж байна. Энэ том салбарыг жинхэнэ маркшейдерийн, салбараа мэддэг, ойлгодог,  зөв бодлогоор хөгжүүлдэг ухаан Г.Ендон сайдаас л гарах учиртай. Уул уурхайн салбарт ажиллаж үзээгүй, улс төрийн фракцын хандлагаар ханддаг, хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг хааж боож, ад үздэг механизмаар ажиллавал мэргэжлийн сайд байгаад ч яг үнэндээ нэмэргүй. Гэхдээ өнөөдөр мэргэжлийн сайдаас мэргэжлийн үйл ажиллагааг салбарынхан хүлээж байна.