Цаг хугацааны шалгуурт шүүгдэх намуудын амлалт 

2020-07-03 11:09

The Mongolian Mining Journal /June 2020/

Г.Идэрхангай

Парламентын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт (2020.06.24)  амжилттай зохион байгуулагдаж, 73.64%-ийн ирцтэй  өндөрлөлөө. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойших анхных гэдгээрээ, түүхэнд  байгаагүй олон хүн (нийт 606) өрсөлдсөнөөрөө, шүүхэд яллагдагчаар татагдсан нэр дэвшигчдийг хоморголон баривчилснаараа энэ удаагийн сонгууль ихээхэн онцлогтой, үйл явдлын өрнөл ихтэй болов. Монгол Ардын Нам 62, Ардчилсан нам 11, Зөв хүн электорат эвслээс 1, бие даагч 1, “Та бидний эвсэл”-ээс 1 нэр дэвшигч тус тус  сонгогдлоо. Дөрвөн жил төр барьсан МАН үнэмлэхүй ялалтаараа дахин дөрвөн жил Засгийн эрх мэдлийг атгах хувь тохиож байна. 606 нэр дэвшигчээс 13 эмэгтэй ялалт байгуулж, 2020-2024 оны парламент 13 эмэгтэй гишүүнтэй байх бөгөөд Ардчилсан намаас нэг эмэгтэй гишүүнтэй боллоо.  

Онцлох бас нэг зүйл бол парламентын сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулах эрх зүйн орчныг УИХ  2019 онд бүрдүүлсэн. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг  нам, эвслүүд хоёр жил гаруй хугацаанд нэлээд хэл амтай шүүж тунгаасан бөгөөд томсгосон мажоритар тогтолцоотой  явуулахаар тогтсон юм. Олон мандаттай тойргоос УИХ-ын 76 гишүүнийг сонгох энэхүү тогтолцоо 1992 онд үйлчилж байсан. Дараа нь 2008 оны УИХ-ын сонгуулийг ч мөн энэ хэлбэрээр явуулсан. Томсгосон мажоритар тогтолцоог хоёр удаа туршаад үзчихсэн, гурав дахь дээрээ төдийлөн сандарч, будлиад байх явдалгүй гэж  Сонгуулийн Ерөнхий Хороо тодотгож байна. Гэхдээ энэ удаагийн сонгууль  дэлхий нийтийг түгшээж, Монголд хөл хорио тогтооход хүргэсэн COVID-19 цар тахлын үед (дотооддоо халдвар тархаагүй) болж буйгаараа бас онцлог. Хорио цээрийн улмаас тусгаарлах байрнаас  сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигч байсан  бол Ардчилсан намын  шоронд хоригдсон гурав, бие даан сонгуульд хүч үзсэн хоёр нэр дэвшигчийг гэр бүл, найз нөхөд, намын үзэл санаа нэгтнүүд нь  дэмжин сурталчиллаа. Тиймээс 2020 оны УИХ-ын сонгуулийг урьд байгаагүй “шоронжсон” сонгууль боллоо” гэж хатуухан нэрлэж яваа улстөрчид ч цөөнгүй. 
Хоригдсон нэр дэвшигчдээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат ялалт байгуулж, сэлэнгэчүүдийн итгэлийг дахин хүлээсэн нь сонгуулийн бас нэгэн шинэ, сонирхолтой өнцөг байлаа. 

Томсгосон тойрогт хуваагдан өрсөлдсөн нам, эвслүүдийг тоймлон харъя.

 

Сонгууль бол бодлогын өрсөлдөөн. Бодлого нь мөрийн хөтөлбөрөөр дамжиж илрэх учиртай.  “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын суурь бичиг баримтыг тулгуураа болгож мөрийн хөтөлбөрөө боловсруулсан МАН өмнөх дөрвөн жилд хийсэн ажлуудаа, үргэлжлүүлэн хийх бүтээн байгуулалтуудаа танилцуулсаар сурталчилгаагаа өндөрлөв. Мөрийн хөтөлбөрийнхөө суурь үнэт зүйлийг “Амьдралын чанар ба дундаж давхарга” хэмээн тодорхойлсон тус намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгуулийн сурталчилгааны 20 хоногт тойрог бүр дээрээ тулж ажиллан нэр дэвшигчдээ “зад реклам”-длаа. Муу нэртэй, луу  “данс”-тай ЖДҮ-чин гишүүдээ дахин нэр дэвшүүлсэн тэрээр уулзалт болгон дээрээ ард түмний хайртай баатар мэт хүндлэгдэн магтуулж байлаа. Харин  АН-ын хувьд бодлого ярихаасаа илүүтэй өрсөлдөгч намаа шүүмжлэн, харлуулах тактикийг барьж ажилласан нь сонгуулийн сурталчилгааны явцад тод ажиглагдсан. “Өрх бүрд өсөлт” гэдэг уриагаа ч АН-ын дарга тодорхой тайлбарлахгүй, тойрог бүрт очиж ажиллаагүйгээр үл барам өөрийн нэр дэвшсэн тойргоосоо ер илүү гарсангүй. АН-ын мөрийн хөтөлбөр  намынх нь албан ёсны сайт дээр ч байршсангүй. Тус намаас нэр дэвшиж байгаа хүмүүсийн мөрийн хөтөлбөрүүдийг тойрог бүр дээр хэсэгчлэн харахаас биш нэгдсэн цогц хөтөлбөр, түүнийг тайлбарласан тодорхой тайлбарууд  бас харагдсангүй. 
 

Сонгуулийн санал хураалт ойртсон хэдхэн хоногийн өмнө “АН ялбал дараагийн Ерөнхий сайдаар Р.Амаржаргалыг томилно” гэсэн гэнэтийн мэдэгдэл хийж, арга тактикаа өөрчилсөн. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Ерөнхий сайдаа ингэж зарладаг жишиг урьд өмнө байгаагүй билээ. Нэг бодлын ялна гэсэн итгэл   мэт боловч нөгөө талдаа эрх баригч намыг  сөрөх  сонголт үүнээс өөр байхгүй нь эндээс тодорхой харагдана. Үүнтэй зэрэгцэн бас нэг “Ерөнхий сайд” тодрон гарч ирсэн нь “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшсэн, Үндсэн хууль судлаач  П.Хишигбаяр. Үндсэн хууль судлаач тэрээр ялбал анхны эмэгтэй Ерөнхий сайд болно хэмээн шуугицгаав. Тус нам АН-аас ялгаатай нь Засгийн газрын бүтцээ зарлалаа. Бүтцийг нь харвал, Сангийн яамыг эдийн засагч, нийтлэлч, “Дефакто” нэвтрүүлгээрээ олон танигдсан Д.Жаргалсайхан, эрдэс баялгийн салбарын Уул уурхайн яамыг эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатараар удирдуулах юм болов. Ийнхүү амбицтай намууд “алаагүй баавгайн арьс”-ыг арав хувааж үзлээ. 
Шинээр сонгогдсон Ерөнхий сайд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу танхимаа өөрийн хүссэнээрээ  бүрдүүлж, парламентаас ердөө дөрвөн гишүүнийг засагтаа элсүүлж авах ёстой. Эрх баригч МАН-ын хувьд дараагийн Ерөнхий сайдаар хэн нэгнийг  ч зарласангүй. Намын дарга У.Хүрэлсүх ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа нь түүний үг, үйлдэл бүхнээс харагдаж байсан. Бусад намууд шиг танхимын бүтцээ ч танилцуулах шаардлага гарахгүй бололтой. “Шинэ эвсэл”-ийнхэн ялсан тохиолдолд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, МАХН ялбал тус намын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайдаар ажиллана гэж тооцоолж байлаа. Ийнхүү сонгуулийн санал болоогүй байхад Ерөнхий сайдууд тодорсон сонирхолтой, басхүү хийрхэлтэй сонгууль болж өндөрлөв.
УИХ-ын анхдугаар чуулган (2020.06.30) хуралдаж, парламентын даргаар Г.Занданшатарыг гишүүдийн 100%-ийн саналаар улираан сонголоо. Ялсан  намын дарга У.Хүрэлсүх мөн Ерөнхий сайдын суудалдаа дахин залрах нь  тодорхой болоод байна. Ийнхүү шинэ засаг ажилдаа орж байна. 

НАМУУД  МӨРИЙН ХӨТӨЛБӨРТӨӨ УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ТАЛААР ХЭРХЭН ТУСГАСАН БЭ?

Монгол Ардын Нам

Үндэсний аудитын газрын “шалгуур”-аар орж хянагдахаас өмнө улстөрийн намууд ёстой юу дуртайгаа амлаж, амьдралын хөрсөн дээр буугаагүй мэдэгдлүүд хийж байв. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүн бүрийг орон сууцтай болгох (МАН), цалинг 3 сая төгрөгт хүргэх (АН), 5 сая төгрөгийн цалинтай болгох (МАХН буюу “Та бидний эвсэл”) амлалтууд бүдэрч,  харин жижиг нам, эвслүүд болон бие даагчдын мөрийн хөтөлбөр тэнцсэн. Нэг жилийн хугацаанд 1500 гаруй эрдэмтэн судлаач оролцож боловсруулсан гэгдэх “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг МАН мөрийн хөтөлбөрийнхөө суурь болгосон. Мөрийн хөтөлбөр нь “Хүний хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Засаглалын бодлого”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Хариуцлагатай уул уурхай”, “Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого” гэсэн хэсэгтэй.  
 

Монгол Улсын төлөө Хүчээ нэгтгэе” уриатайгаар сонгуульд оролцсон МАН ирэх дөрвөн жилд хөгжилд хүргэх мега төслүүд хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулна гэжээ. Мөн Үндэсний баялгийн сан байгуулж, эдийн засгийн өсөлтийг хүн бүрд хүргэхээ амласан байна. Бүс нутгийн дэд бүтцийн сүлжээг сайжруулж хот, хөдөөгийн ялгааг багасгах аж. Үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж 150 мянган ажлын байр шинээр бий болгон, Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж бензин шатахууны үнийг 20-30% хямдруулах тухай ч тусгаж. 
 

Шинэ УИХ-ын анхдугаар чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Өнгөрсөн хугацаанд хэдий оройтсон ч Засгийн газартай ойлголцож, нягт хамтран ажилласны үр дүнд Гашуунсухайт-Тавантолгой, Тавантолгой- Зүүнбаян төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн. Цаашид Алтанширээт- Баруун-Урт, Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх үүрэг УИХ, Засгийн газарт ногдож байгаа юм“ хэмээн тодотгов. Энэ нь том төслүүдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл МАН-тай хамтран урагшлуулна гэсэн санаа. 

МАН-ын “Хөгжлийн гэрээ 2020-2024” мөрийн хөтөлбөрт уул уурхай, дэд бүтцийн салбарт хийгдэх ажлуудыг дурдвал:

2.1 ХӨГЖИЛД ХӨТЛӨХ МЕГА ТӨСЛҮҮД

2.1.1. Стратегийн чанартай уул уурхай, хүнд үйлдвэрийн дараах мега төслүүдийг хэрэгжүүлнэ.
Уул уурхайн дараах ордуудыг ашиглана. Үүнд:
•    Таван толгойн нүүрсний ордыг бүрэн ашиглалтад оруулна.
•    Оюу толгойн далд уурхайг ашиглана.
•    Цагаансуваргын ордыг ашиглалтад оруулна.
•    Хармагтайн ордыг ашиглалтад оруулна.
•    Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулна.
•    Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулна.
•    Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоогийн шинэтгэл, өргөтгөл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дараах цогцолборуудыг байгуулна. Үүнд:
•    Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулж, нефть-химийн үйлдвэрийн суурийг тавина.
•    Тавантолгойн нүүрс-хими, кокс-хими, метан хийн үйлдвэрлэл ашиглалтад оруулна.
•    Нүүрс угаах үйлдвэрүүд шинээр барьж, угаасан нүүрсний хэмжээг 30 сая тоннд хүргэнэ.
•    Үнэт металл, алт боловсруулах цэвэршүүлэх үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна.
•    Зэс болон бусад металл хайлах үйлдвэр ашиглалтад оруулна.
•    Өндөр технологийн үндсэн түүхий эд болох литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
•    Багануур дүүрэгт нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ.
•    Налайх дүүрэгт “Тавантолгойн сайжруулсан түлшний үйлдвэр –II” байгуулна
•    Дорноговь аймагт баригдаж буй Төмөр, ган ширэм боловсруулах үйлдвэр, Коксын үйлдвэрийн барилгын ажлыг дуусган ашиглалтад оруулна.
2.1.2. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг арвижуулан, нөөц нь тогтоогдсон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ.
2.3 Үндэсний дэд бүтцийн сүлжээ
2.3.9. Төмөр замын сүлжээг өргөтгөн 730 км-ээс багагүй урт төмөр зам шинээр барина. Үүнд:
•    Тавантолгой -Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг барьж дуусгана.
•    Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барьж дуусгана.
•    Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 45.3 км төмөр замыг барьж байгуулна.
•    Богдхан төмөр замын төсөл хэрэгжүүлнэ.
•    Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барих ажлыг эхлүүлнэ.
•    Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан Эрээн­цав чиглэлийн төмөр зам барих ажлыг эхлүүлнэ.
•    Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлнэ.

Авто зам

2.3.10.Авто замын сүлжээг өргөтгөн 2300 км-ээс багагүй урт авто зам шинээр барина. Үүнд:
2.3.11.Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ 205 км авто замыг барьж дуусгана.
•    Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн 113 км хатуу хучилттай авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчилнэ.
•    Улаанбаатар-Эрдэнэсант чиглэлийн 215 км хатуу хучилттай авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчилнэ.
•    Улаанбаатар-Баян чиглэлийн 58 км хатуу хучилттай авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчилнэ.
•    Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн битүү тойрог үүсгэх 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замыг барьж байгуулна.
•    Таван толгой-Ханги чиглэлийн 435 км авто замтөслийг хэрэгжүүлнэ.
•    Баруун Урт-Бичигт чиглэлийн 272 км авто зам барина.
2.3.13.Замын Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Боршоо, Бичигт зэрэг хилийн боомтуудын хүчин чадлыг 3-7 дахин нэмэгдүүлнэ.
2.3.14.Тээврийн салбарт инновац, дэвшилтэт техник технологи, дижитал шилжилтийг нэвтрүүлж, салбарын аюулгүй, найдвартай байдлыг хангана.
2.3.15.Монголын тээвэрчид бүс нутаг болон Монгол Европын хооронд дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх нөхцөлийг бүрдүүлнэ.


2.4 ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН

2.4.1. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, уул уурхайгаас олох үр шимийг баялгийн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх тогтолцоог бүрдүүлнэ.
2.4.2. Баялгийн сангийн тухай хууль гаргаж, сангийн засаглалын зохистой зарчмуудыг тодорхойлох дүрэм, журмыг батлуулна.
2.4.3. Уул уурхайгаас төвлөрүүлж буй орлогыг нэмэгдүүлж, баялгийн санд жилд нэг их наяд төгрөгөөс багагүй хуримтлал бий болгоно.
2.4.4. Бүтээлч аж үйлдвэрлэл, дижитал эдийн засгийг дэмжих, төрөлжилтийг хангах үндэсний хэмжээний томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
2.4.5. Баялгийн сангаас санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж, сангийн хөрөнгийг арвижуулна.

ДӨРӨВ. НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

4.2 Хариуцлагатай уул уурхай
4.2.1. Уул уурхайн лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно.
4.2.2. Уул уурхайн нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн орчны бохирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.
4.2.3. Нөхөн сэргээлт хийдэг, дэвшилтэт техник технологи нэвтрүүлдэг, усыг дахин ашигладаг, байгалийн нөөц ашигласан төлбөрөө хугацаандаа төлдөг хариуцлагатай уул уурхайг дэмжинэ.
4.2.4. Уул уурхайд үйлдвэрлэлийн технологид хэрэглэсэн усыг дахин ашиглах саарал ус нийлүүлэх төслийг дэмжинэ.
4.2.5. Говийн бүсийн уул уурхайд үйлдвэрлэлийн зориулалттай гүний ус ашиглахыг хязгаарлаж, уул уурхай, үйлдвэрлэлд ашиглах усны хангамжийн зохицуулалт хийнэ.
4.2.6. Уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгиийн эргэлтэд оруулахдаа олон улсын стандарт, хэм хэмжээг чандлан мөрдөнө.
4.2.7. Уурхайн хаалтын зардлыг дундын хяналтын дансанд төвлөрүүлж, нөхөн сэргээлтийн хариуцлагын даатгал нэвтрүүлэн, байгаль орчныг нөхөн сэргээлгэх хяналтыг сайжруулна.
4.2.8. Бичил уурхайтай холбоотой асуудлыг цэгцэлж, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно. 

Ардчилсан нам

Уул уурхайн салбарыг аж үйлдвэрлэлтэй холбож хөгжүүлэх зорилт тавин, төрийн хяналтыг хүчтэй болгох зорилт дэвшүүлж ирсэн АН нь Монгол Улсын хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засагт хийх гол шинэчлэлүүдээ таван чиглэлд тодорхойлж, мөрийн хөтөлбөртөө тусгасан. Сонгуулийн тухай хуулийг илэрхий зөрчсөн 3 сая төгрөгийн амлалт нь “цалин” гэдэг сайхан нэртэй болохоос биш бэлэн мөнгө тараахаас ялгаагүй үйлдэл бөгөөд цалин үүсгэх гол эх сурвалжаар Тавантолгой ордыг нэрлэж байлаа.  Монгол Улс жилд 5 тэрбум ам.долларын түүхий эд (коксжих нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр гэх мэт) зарж байгаа бөгөөд эдгээрийн боловсруулах  үнийг 6 дахин өсгөхөд 30 тэрбум ам.доллар болно гэсэн тооцоог Ардчилсан намынхан хийж байсан юм. Энэхүү амлалт, тооцоо нь Аудитын Ерөнхий газрын шалгуурт тэнцэлгүй, нэлээд хэсэг нь “тайрагдсан”. Харин сонгуулийн сурталчилгааны явцад тус нам дээр дурдсанчлан маневр хийж, МАН-ыг шүүмжлэхийн сацуу шинээр байгуулагдах  Засгийн газрын бодлогоо танилцуулсан юм. Тухайлбал, УИХ-ын сонгуульд оролцож байгаа намуудын мөрийн хөтөлбөрт цар тахлаас үүдэлтэй хямралыг хэрхэн давах талаар огт хөндөөгүй бөгөөд улиг болтол ярьж байгаа хэдэн том төслүүдээ дурдсаар байна гэж байв. АН эдийн засгийн хямралыг даван туулах эхний 100 хоногийн үйл ажиллагаагаа танилцуулж, ажлуудаа төлөвлөснөө ч дуулгасан. 
 

Нэгдүгээрт, төсвийн тодотгол хийж, төсвийн зардлыг ач холбогдлоор нь эрэмбэлжээ. Зардлаас хэмнэсэн мөнгөө аж ахуйн нэгж, байгууллагуудын орлогыг дэмжихэд зарцуулах гэнэ. Мөн шинээр нэмэгдсэн 9 төрлийн татварыг цуцалж, нэмэгдсэн өртгийн албан татварыг 10-5% болтол буулгахаа амласан. Одоо бүтээн байгуулалт нь өрнөж байгаа Зүүнбаянгийн төмөр зам, макет нь цаасан дээрээс бууж өгдөггүй Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, гурван улсын хамтарсан “Талын зам” төслийг үндэсний аж ахуйн нэгжүүдийн шууд оролцоотойгоор хэрэгжүүлнэ гэдгийг суудалдаа суугаагүй байгаа, АН-ын  шинэ “Ерөнхий сайд“ зарласан.  Энд нэг сонирхолтой зүйл гэвэл уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” зэрэг төрийн өмчит компаниудыг хувьцаат хэлбэрт оруулж монгол хүн бүрт хувьцааг нь эзэмшүүлэх амлалт. Сайхан сонсогдсон ч монголчууд одоог хүртэл Тавантолгой ордоос 1072 хувьцааныхаа ногдол ашгийг авч амжаагүй л байна. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд 3%-ийн хүүтэй барьцаагүй зээл олгож, энэ оны намар гэхэд “хар”, “саарал” жагсаалтуудаас гарна гэх зэргээр АН-ын төлөвлөгөө үргэлжлэв. Тус нам уул уурхайн салбарт эрс өөрчлөлт хийх талаараа мөрийн хөтөлбөртөө тусгасан. 
 

Тухайлбал, авто зам, төмөр зам, эрчим хүч, уул уурхай, боловсруулах үйлдвэр, Оюутолгойн гүний уурхай, Газрын тос боловсруулах үйлдвэрийн гэх мэт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимтэй үргэлжлүүлэхэд шаардлагатай шийдвэр, зөвшөөрөл, хөнгөлөлтүүдийг нэн даруй олгоно гэсэн юм. Мөн улсын төсвийн орлогод АМНАТ-ын орлогыг оруулж тооцохгүй бөгөөд зөвхөн 5%-ийг уул уурхайн бус салбарыг дэмжих зорилгоор төсөвт төвлөрүүлэхээр тусгасан билээ. 
Эрдэс баялгийн салбарт

•    Эрдэс баялгийн нөөцийг өсгөх бодлого баримтална. Ашигт малтмалын эрэл хайгуулын зөвшөөрлийг олон улсын стандартын дагуу олгож эхэлнэ.
•    Төр, хувийн хэвшлийн түншлэлд түшиглэн ашигт малтмалыг олборлож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох боломжтой үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх бодлого баримтална.
•    Төрийн нийтийн зориулалттай зарим өмч (газар, газрын хэвлий, ус, ой, тэдгээрийн доторх болон дагалдах баялаг)-ийг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно.
•    Геологи, уул уурхай, эрчим хүч, барилгын салбаруудад үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын том төслүүдийг хэрэгжүүлж, эдийн засгийн идэвхжлийг дэмжинэ. Оюутолгойн ордыг түшиглэн зэсийн баяжмал хайлуулах, Таван Толгойн ордыг түшиглэн Кокс-химийн үйлдвэр барих, Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн металлургийн цогцолбор, Вольфрамын баяжмал гүн боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах ажлыг дэмжинэ.
•    Хариуцлагатай уул уурхайн олон улсын стандарт, шалгуур үзүүлэлтүүдийг шинэчилж, нийтлэг стандартуудыг тогтооно. Иргэн, аж ахуйн нэгж бүр үйл ажиллагаандаа хатуу мөрдөж, ашигласан болон ашиглаж байгаа талбайг хамгаалах, нөхөн сэргээлтийг заавал хийж байх ажлыг хэвшил болгох, аюулгүй ажиллагааны хариуцлагыг чангатган “Уул уурхайн хайгуул болон  олборлолт, хаалтын аюулгүйн үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
•    Уул уурхайн салбарт нөхөн сэргээх шаардлагатай газруудад үйл ажиллагааг нь санхүүжүүлэх зорилго (нөхөн сэргээлтийн дэнчин, бонд) бүхий хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, иргэд, орон нутаг, олон нийтийн оролцоо, олон улсын байгууллагуудтай хамтран ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлж, байгаль орчныг нөхөн сэргээнэ.
•    Стратегийн ордуудын өгөөжийг өсгөх бодлогыг тууштай баримтална. 
•    Төрийн өмчит “Эрдэнэт УҮГ”-ын хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалах замаар иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлнэ.
•    “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын 3.1.2-т заасан иргэд бичил уурхайн салбарт хууль ёсны бүтцээр ажиллах нөхцөлийг журамлаж, бүртгэх, гарал үүслийн гэрчилгээ олгох замаар хоршиж ажиллах боломжийг бий болгоно. Ингэснээр дундын зуучлагч, ченжүүдийг албан ёсны бүртгэлд хамруулан алтны хууль бус наймааг таслан зогсооно.
•    Газрын тос, метан хий, уламжлалт бус газрын тосны эрэл хайгуул, ашиглалтыг эрчимжүүлнэ.
•    Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг дэмжинэ. Газрын тосны бүтээгдэхүүнд чанарын хяналт тавих олон улсын стандартад нийцсэн итгэмжлэгдсэн лабораторийг шинэчилж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангана.
•    Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн сан (агуулах) байгуулж, гадаад зэх зээлийн нөхцөл байдал, давагдашгүй нөхцөл үүсэхэд үнийн өсөлтөөс хамгаалах хеджингийн арга хэрэгслийг ашиглах, удирдах чадварыг хөгжүүлнэ.
•    Метан хийн дэд бүтцийн төлөвлөлтийг хийж, шинэ үйлдвэр, хот суурин газрын бүтээн байгуулалтад ашиглана.
•    Газрын ховор элементийн салбарт хөрөнгө оруулалтыг татах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
•    Уул уурхайн нөхөн сэргээлт хийлгүй орхисон аж ахуй нэгж, байгууллагын эрх бүхий албан тушаалтанд оногдуулах хариуцлага, ял шийтгэлийг эрүүгийн хуулиар чангатгана.
Тус намын мөрийн хөтөлбөрт тусгасан аж үйлдвэрийн цогцолбор барих төслүүд 2012-2016 онд АН олонх болж, Аж үйлдвэрийн яамтай байх үед тавьж байсан зорилтууд юм. Тус нам алдаагаа засч, хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчин бүрдүүлэхэд анхаарна гэжээ. Мөн уул уурхайн нөхөн сэргээлт хийлгүй орхисон аж ахуй нэгж, байгууллагын эрх бүхий албан тушаалтанд оногдуулах хариуцлага, ял шийтгэлийг эрүүгийн хуулиар чангатгана гэсэн шинэлэг зорилт тавьсан байна. 

БУСАД НАМ, ЭВСЛИЙН ТУХАЙД

Сонгуульд өрсөлдсөн бусад нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрөөс сонирхвол Эх орончдын нэгдсэн нам “Оюутолгой болон гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдийн экспортын орлогыг Монголын банкаар заавал дамжуулах үүргийг хуульчилна. Тавантолгой ордыг ард түмний мэдэлд 100% үлдээж, төслийг хэрэгжүүлэх эрхийг үндэсний хөрөнгө оруулагчдад давуу эрхээр олгоно” гэж тусгасан бол Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл “Нийтийн, төрийн өмчит стратегийн ордуудад хөрөнгө оруулалт татна. Хууль бус тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, цэгцэлнэ” хэмээн зорьж байлаа. Эдгээрээс  чих дэлдийлгэмээр амлалт нь “Шинэ эвсэл”-ийн иргэн бүрт эзэмшүүлэх Тавантолгойн хувьцаа. Тавдугаар сарын 1-нээс хувьцааны ногдол ашиг хүртээнэ гэсэн Засгийн газрын шийдвэрт одоо хүртэл итгэсээр яваа иргэдэд  “Шинэ эвсэл”-ийн амлалт тийм ч үнэмшилтэй сонсогдохгүй нь мэдээж. Тус эвслийн үзэж байгаагаар, “Эрдэнэс Тавантолгой”-г нийтийн өмчит компани болгож бүх хувьцааг нь 3.2 сая монголчуудад өмчлүүлэх замаар өрх бүрийг эдийн засаг санхүүгийн эрх чөлөөнд хүргэх хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Түүнийгээ Ж.Батзандан гишүүн тун ч уран гоёор тайлбарлав. Эзэмших эрхийн “амьгүй” хувьцааг өмчлөх эрхийн “Амьтай” хувьцаа болгохоор эвслийнхэн зорьжээ.  Тавантолгой ордын 5.1 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцийг тонн тутамд нь 70 ам.доллараар үржүүлэхэд 350 тэрбум ам.доллар болж байгаа юм байх. Тиймээс иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцаан дээр нэмж 3613 ширхэг хувьцааг өмчлүүлэх юм байна. Ингээд 4685 ширхэг хувьцаатай иргэн бүр 263 сая төгрөгтэй тэнцэх хувьцааг өмчлөх эрх эзэмших бололтой.  Энэ мэтээр дурдаад байвал Сонгуулийн тухай хуулийн 38.3-т буюу  Сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох”, “Уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээхийг хориглоно” гэсэн заалт илэрхий зөрчигдөж байгаа юм. Хэдий тийм ч   “Шинэ эвсэл”-ийхэн парламентад нэг ч суудал авч чадсангүй. 
 

2020 оны парламентын сонгуульд Монгол Ардын Хувьсгалт нам (МАХН), Иргэний зориг-Ногоон нам (ИЗНН),  Монголын Уламжлалын Нэгдсэн нам (МУНН) хамтран “Та бидний эвсэл” байгуулан сонгуульд оролцсон. Эвслээс ердөө 1 нэр дэвшигч УИХ-д суудал авлаа. Тэгэхээр нэг суудлаараа дамжуулж бодлогоо хэрэгжүүлэх гэж үзэхээс өөр гарцгүй болов.  
Монгол хүн бүрийг өрийн дарамтаас гаргаж, “Өргүй Монгол”, өрх гэр бүрийн орон сууцжуулах үндэсний хөтөлбөр, Монгол төрийг хариуцлагатай болгох шинэ Дээд хуулийн төсөл зэрэг бодлогын бичиг баримт боловсруулахаа амласан. Эдгээрийг бодлогын чанартай амлалтууд гэж үзэж болох ч ирэх дөрвөн жилд цалингийн дундаж хэмжээг 5 саяд хүргэх тухай популист шинжтэй амлалт Аудитын Ерөнхий газрын босгыг даваагүй. Ерөнхийдөө “Та бидний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрт “авилгаас цэвэрлэнэ”, “өрийн сүлжээний гав дөнгөнөөс чөлөөлнө”,  “ядуурлыг бүр мөсөн арилгана” гэх зэрэг хурц үгтэй, нэлээд шийдмэг агуулгатай амлалтуудыг суулгаж өгчээ. Хөтөлбөрөө “Монголын гурван баялаг” хэмээн нэрийдсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгаж хэрэгжүүлэхээр зорьсон “Байгалийн нөөц, баялаг нь Монголын ард түмний дундын өмч мөн” гэдгийг хөтөлбөртөө бас суулгаж өгсөн. 


Тус намын мөрийн хөтөлбөрт:

•    Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, лицензийн төлбөрийг дэлхийн болон Монгол Улсын түүхэн жишигтэй уялдуулан нэмэгдүүлэн тогтоох эрх зүйн үндсийг судалж боловсруулна.
•    Ашигт малтмал, байгалийн баялгийг түшиглэсэн боловсруулах үйлдвэр, нэмүү өртөг шингэсэн үйлдвэр байгуулахыг дэмжинэ.
•    Оюу толгойн гэрээг Монголын талд ашигтай байлгах нөхцөлөөр өөрчилж засна.
•    Таван толгойн ордыг Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу ард түмнийхээ мэдэлд байлгана.
•    Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсантай адил төрийн өмчийг хууль бусаар өмчилж эзэмшиж байгаа тохиолдлуудыг нарийвчлан шалган тогтоож төр засагт буцаан авах шийдвэрийг цаг алдалгүй гаргаж, шуурхай хэрэгжүүлнэ.
•    Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлахыг хатуу хориглоно. 

Тэгвэл Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ Нам, Зүй Ёсны намын хамтарсан “Зөв хүн Электорат” эвслийн мөрийн хөтөлбөрийг харахад хүний хөгжил рүү илүү анхаарч, эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийх чиг баримжааг илүүтэй гаргаж ирсэн байна. Бусад намуудаас ялгаатай нь тус эвслийн мөрийн хөтөлбөрөөс  блокчейн, хиймэл оюун ухаан, аж үйлдвэрийн IV хувьсгалын технологийн шийдлүүд, нанотехнологи, биотехнологи гэх зэргээр технологийн хэрэглээний түвшинд өндөрт гаргаж тавьсан нь гол онцлог. Уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр зорьж  буй ажлууд нь ч судалгаанд суурилж,   бусад намуудынх шиг улиг болтлоо яригдаж байгаа том төслүүдийг хөдөлгөх тухай гэхээсээ  төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрүүл, зөв хандлагуудыг дэвшүүлсэн нь ажиглагдаж байна.  Тус эвсэл УИХ-д нэг суудалтай болсон билээ.


1.6    Уул уурхай, хүнд аж үйлдвэр, дэд бүтэц

•    Уул уухайн салбарын хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангана.
•    Уул уурхайн төрийн өмчит томоохон компаниудыг улс төрчид ба намын нөлөөллөөс ангижруулж, иргэдийн хяналттай нээлттэй хувьцаат компани болгож, Монгол Улсын иргэд, төр, бусад хувьцаа эзэмшигчдийн тэнцвэрт харилцааг тогтооно.
•     Оюутолгой үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах цахилгаан станц байгуулах бодлого баримтална.
•    Нийт эрчим хүчинд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлж, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглах бэлтгэлийг хангах бодлого баримтална.
•    Устөрөгчийн эх үүсвэр эрчим хүч, тээврийг дэмжих үйлдвэрлэл, нүүрснээс хий гаргах, биомассын эрчим хүч үйлдвэрлэх, цахилгаан эрчим хүчийг зай хураагуур болон бусад хэлбэрээр хадгалдаг технологийг хөгжүүлнэ. 
•    Нүүрсний экспортод зориулсан төмөр зам барьж байгуулна. Нүүрсний тээврийн авто зам, жолооч нарын амрах буудал, хил гаалийн байгууламжийг сайжруулна. 
•    Дотоодын коксын үйлд­вэр, ган хайлуулах үйлд­вэр, нүүрснээс химийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр байгуулбал бүтээн байгуулалтын шатанд ашиглах материал, тоног төхөөрөмжийг гааль НӨАТ-аас чөлөөлж, үйл ажиллагааны эхний 5 жилд ААНОАТ-аас 50% хөнгөлнө. 
•    Улсынхаа харьцангуй давуу тал, экспортын зах зээлийн хандлага, хөгжлийн тэргүүлэх чиглэлд тулгуурлан Аж үйлдвэрийг дэвшилтэд техник, технологи, инновацид суурилан хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлнэ. 
•    Тэргүүний технологид суурилсан экспортын  чиглэ­лийн боловсруулах үйлдвэр­лэлийн кластерыг хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, арьс шир, ноос ноолуур зэрэг зэрэг түүхий эдийн бүрэн боловсруулалтын түвшинг нэмэгдүүлнэ. 
•    Улс орны дэд бүтцийн бүтээн байгуулалтад гол орц болох ган, цемент, шилний үйлдвэрт тэргүүлэх ач холбогдол өгч хөгжүүлнэ. Уул уурхай, барилга, дэд бүтцийн байгууламжийн үндсэн нэр төрлийн төмөр, ган, цемент, шилэн хийцийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангана. 
•    Химийн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, гол нэр,  төрлийн шатахууны хэрэгцээг олон улсын стандартад нийцсэн дотоодын үйлдвэрлэлийн бүтээг­дэхүүнээр бүрэн хангах бодлого баримтална. 
•    Монголын компаниудыг дэлхийн зах зээлд гарахын төрөөс дэмжинэ. Монголын өндөр технологийн компаниу­дыг олон улсын зах зээлд гарахын төрөөс дэмжих бодлого баримтална.     
Ийнхүү сонгуулийн санал хураалтын үр дүнгээс хамаарч эдгээр мөрийн хөтөлбөр амьдрал дээр хэр бодитой хэрэгжих нь тодорхой болно. 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-07-20 13:13
    Катодын зэс үйлдвэрлэлийн технологийг анх удаа Монгол орны уур амьсгалын эрс тэс нөхцөлд амжилттай нутагшуулж, зэсийн исэлдсэн эрдэс бүхий хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулан, цэвэр зэс үйлдвэрлэж буй “Эрдмин” ХХК дотоодын төдийгүй гадаадын уул уурхайн зах зээлд хэдийнэ танил болжээ.  Тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдал, балансын бус хүдрийн овоолгуудыг 40 жилийн турш ашиглах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.The Mongolian Mining Journal сэтгүүлээс зохион байгуулсан уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулах Mining Journal Awards-2013 ёслолын ажиллагааны “Шилдэг технологи” шагналыг “Эрдмин” компани хүртсэн түүхтэй. Жилд 2500 орчим тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэж экспортод гаргаж, 41 нэр төрлийн 3 сая гаруй метр зэс утас үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа зэрэг үзүүлэлтүүдээрээ тус компани энэхүү нэр хүндтэй номинацийн эзэн болж байсан юм. 
  • 2020-07-20 13:09
    УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна.
  • 2020-07-17 11:48
    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын эхний 50 км зам бэлэн болж өнгөрсөн зургадугаар  сард нээлтээ хийсэн юм. 2019 оноос эхлэн жил гаруйн хугацаанд эрчимтэй өрнөж 416.1 км-ийн 200 км-т доод бүтэц, газар шорооны ажил мөн л дуусчээ. Уг бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тус компани 2019 оны зургадугаар  сарын 19-нд  “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллах гэрээгээ байгуулсан бөгөөд  энэ оны долдугаар  сард гэрээний хугацаа дууссан ч талууд гэрээгээ дахин сунгаж,   захиалагчийн хяналтын үүргийг  үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ.
  • 2020-07-17 11:05
    Монгол Улсын Засгийн газар  өчигдрийн /07.16/ хуралдаанаар  нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосны дагуу танхимын гишүүдийн 100%-ийн саналаар яамдын дэд сайд нарыг томилсон юм. 2020-2024  онд бүрэх эрхийн хүрээнд ажиллах Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Отгоншарын Батнайрамдлыг томилсон шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. О.Батнайрамдал нь 1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төржээ. 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль, 2004 онд Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж, 2008 онд АНУ-ын Макалестер коллеж, 2015 онд АНУ-ын Харвард их сургуулийг тус тус төгссөн байна.
  • 2020-07-10 16:41
    Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 8.65 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 52%-иар буурсан байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд манай улс нийт 18 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ оны эхний хагас жилтэй харьцуулахад 9.4 орчим сая тонноор илүү их нүүрс гадагш нь худалдаалжээ. Ингэснээр нүүрсний экспортын орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 690 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 850 сая ам.доллараар буурсан байна.