Х.Наранхүү: Засгийн газар IPO хийж чадаагүй ч бэлтгэл ажлыг нь гүйцээх хэрэгтэй

2020-06-15 12:28

The Mongolian Mining Journal /May 2020/

Монгол Улсын ХХ зууны бүтээн байгуулалт хэмээгддэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын албан тушаалыг 2000-2007 онд хашсан, УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүгийн үзэл бодол, байр суурь, уул уурхайн салбарт жинтэйд тооцогддог. Тэрээр өдгөө төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани “Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд Тавантолгой ордын төрийн мэдлийн хувьцааг олон улсын бирж дээр анх удаа гаргах ажлыг гардан удирдаж байгаа юм. Сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой майнинг” компани дээр үүсээд буй асуудлаар Х.Наранхүү захиралтай The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.  


Туршлагатай, мэдлэгтэй, чадварлаг  залуус IPO-гийн бэлтгэл ажлыг хийж  байна

Олон улсын хөрөнгийн бирж дээр гаргахаар зорьж байгаа  “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г Засгийн газар гэнэтхэн зогсоочихлоо. Коронавирус, дотоодын улстөржилт гээд олон хүчин зүйл үүнд нөлөөлсөн байх л даа. Засгийн газрын 296 дугаар тогтоол зарим улстөрчдийн ярьж байгаагаар уурхайгаа зарахад чиглэсэн хэрэг үү?
Эхлээд тодорхой тайлбар хэлэх нь зүйтэй байх. Улсын Их Хурал (УИХ) 2018 оны зургадугаар сарын 29-нд “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 73 дугаар тогтоолыг баталсан. Үүнээс хойш удалгүй  долдугаар сарын 9-нд Засгийн газрын  296 дугаар тогтоол батлагдсан. Энэ тогтоолын хоёр дахь заалтыг хүчингүй болгож “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани “Эрдэнэс Тавантолгой майнинг” татан буулгахаар боллоо. 296 дугаар тогтоол бол ганц нэг орд газрын тухай биш, манай уул уурхайн салбарын ойрын 10-20 жилийн үндсэн чиглэлийг бүхэлд нь тодорхойлсон, ач холбогдолтой тогтоол байгаа юм. Тодруулж хэлэх юм бол уул уурхайн орд газраас гадна дэд бүтэц, эрчим хүч, авто болон төмөр замын бүтээн байгуулалтаа эрчимжүүлэх, усан хангамжийн асуудлаа шийдэх гээд салбарын үндсэн чиглэлийг багтаасан  чухал тогтоол. Манайх шиг буурай хөгжилтэй, хөрөнгө санхүүгийн байнгын гачигдалтай улсын хувьд мөрөөдлөө биелүүлэхийн тулд гаднын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллахаас аргагүй. Хорвоо дэлхийд үүнээс өөрөөр бодож олсон арга зам байхгүй. Хүнээс л гуйна. Гуйдаг арга нь мэдээж олон. Тэр тусмаа манай төрийн байгууллагуудын хувьд урьд өмнө үзэж туршаагүй ажил бол IPO. Хувийн компани гадаадын хөрөнгийн бирж дээр гарсан туршлага бол бий. Жижиг сажиг компаниуд оролдлого хийж үзсэн. Гэхдээ бүтээж чадсан нь “Энержи Ресурс”. Тийм учраас төрийн өмчит компанийг олон улсын бирж дээр гаргаж, хөрөнгө татахын тулд бэлтгэл ажлыг хангах чиг үүрэгтэй тийм л тогтоол. Ер нь бол 296 дугаар тогтоол нэлээд удаж байж Засгийн газраар батлагдсан юм шүү дээ. 


“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа­ны 30%-ийг Хонгконгийн хөрөнгийн бирж дээр гаргах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой майнинг” охин компанийг байгуулаад ердөө 5 сар л болж байна. Монголд ийм богино настай төрийн өмчит компани байгаагүй санагдах юм?
“Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийг байгуулах шийдвэр 2019 оны наймдугаар сард гарсан. Тусгай зөвшөөрөлтэй болж байж  уул уурхайн компани болдог. Манай компанийн  улсын бүртгэлд анх бүртгэгдсэн  үйл ажиллагаа нь худалдаа эрхлэх гэх мэтчилэн байсан. Тиймээс бид толгой компаниас манай дээр шилжиж ирсэн  тусгай зөвшөөрлийг улсын бүртгэлд үзүүлж байгаад уул уурхай эрхлэх зөвшөөрлөө албан ёсоор авсан. 

Нэлээд удаж байж 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд бүртгүүлсэн л дээ. Түүнээс хойш үндсэндээ таван сар үйл ажиллагаа явуулж байна. 

Таван сарын хугацаанд ямар ажлууд амжуулав?
Бидний гол ажил IPO-гийн бэлтгэлийг хангахад төвлөрсөн. Ийм л үүрэгтэй. Бэлтгэл дор хаяж нэг жил үргэлжлэх ёстой. Саудын Арабын “Арамко” компани бүх материалаа бэлдэн хөрөнгийн бирждээ өгөөд тэндээсээ “за болжээ” гэсэн шийд гарсны дараа хоёр гурван жил болж  байж энэ хавар л IPO хийсэн. Өнөөдөр эдийн засгийн дараагийн том хямрал эхэлж байгаа энэ үед Засгийн газар олон хувилбар бүхий сонголттой байх нь чухал. Коронавирусын цар тахлын хүнд хэцүү, юу ч хийж чадахгүй ийм нөхцөлд дор хаяж хоёр жилийн бэлтгэл шаардлагатай. Өнгөрсөн таван сарын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой майнинг” компани  бирж дээр гарахад шаардагдах бичиг цаас, баримт материалтай холбоотой ажлын 70 гаруй хувийг хийчихсэн. IPO гэхээр цаасан дээр баахан юм бичээд зохиол шиг гоё  болгодог гэвэл эндүүрэл. Хаанаас нь ч харсан компани шиг компани үүнийг хийх ёстой. Уул уурхайн үйл ажиллагаанд нь уурхайн төлөвлөлт, нөөц, тооцоолол бүх юм багтах учиртай. Бидний ганц дутагдал бол өөрсдөө олборлолт хийдэггүй.  Цаг хэмнэх, мөнгө хожих үүднээс олборлогч компани ажиллуулдаг туршлага олон улсад бий. Ийм зарчим байж болно гэж бизнесийнхэн үздэг. Гэхдээ манай нөхцөлд бол өөрсдөө тодорхой хэмжээний олборлолт хийх нь зүйтэй. Энэ утгаараа менежмент нь олон улсын түвшний, хөдөлмөрийн  аюулгүй ажиллагаа, байгаль орчны хамгаалал гээд бүхий л талаасаа уул уурхайн мэргэжлийн компани байх ёстой юм. 

Бид компаниа бүр тэгээс байгуулсан. Намайг томилогдож ирэхэд ширээ сандалгүй, нэг ч компьютергүй байлаа. Ингээд толгой компаниасаа энэ болгоныгоо түр авч хэрэглэхээс авахуулаад маш удаан процесс явагдсан. Эхний ээлжиндээ 80 гаруй хүнийг батлуулж, нэгдүгээр сард гүйцээж авсан. Маш сайн боловсон хүчин, сайн баг бүрдүүлж чадсан. Компани шиг компани ийм л боловсон хүчинтэй байх ёстой.

Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахад тухайн компанийн стратеги их чухал. Энэ тал руу хандсан ажлууд нэлээд хийгдсэн байх. Онцолж хэлэхээр зүйлүүд юу байна вэ?  
Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалаад тэр мөнгөөрөө юу хийх вэ гэдэг нэг том багц асуудал. Ирээдүйдээ ямар стратегитэй ажиллах юм, арван жилийн дараа яг ямар компани болох юм гэдэгтэй ихээхэн холбогдоно. Тавантолгой ордыг сорчилж ашиглаж байна, муу ашиглаж байна, ирээдүй нь тодорхойгүй байна, нүүрсээ түүхийгээр зараад байна, хэзээ нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах юм бэ гэх зэрэг асуудал нийгэмд их яригддаг. Түүхийгээр нь зараад суугаад байвал технологи, зах зээл талаасаа Тавантолгой орд 20 жилээс илүү наслахгүй. Насжилтыг нь уртасгая гэвэл олборлож байгаа нүүрсээ бүгдийг нь угааж баяжуулах хэрэгтэй. Энэ бол дэлхий нийтийн шаардлага бөгөөд технологийн асуудал. Нүүрс ганцхан зах зээлээс хамаарахгүй. Хүндийн жин ихтэй учраас хол газар тээвэрлэж болдоггүй. 50 километрээс цааш бол түүхий эд өртгөө даадаггүй гэсэн тооцоо судалгаа бий. Тээврийн зардал, өөрийн өртөг хоёр тэнцчихдэг юм. Тиймээс кокс болгох шаардлагатай. Нэг тонныг нь 60-70 ам.доллараар зарж байгаа нүүрсийг кокс болговол 200-250 ам.доллар хүрнэ. Хол зөөж болно. Гурав дахь орны зах зээл рүү гарах боломж бүрдэнэ. Энэ хоёр үйлдвэрийг IPO-гоос босгосон хөрөнгөөрөө байгуулах ёстой. Үүнийг маш амархан ажил, ядах юмгүй өөрсдөө барьчихна гэж хэвлэлээр ярьдаг хүмүүс байна. Тийм амархан юм бол өдийд байгуулахаар л боллоо. Эрдэнэт үйлдвэрт 40 жилийн хугацаанд улсаас нэг ч хөрөнгө оруулалт хийгдэж байгаагүйг би туршлагаараа мэднэ. Тийм болохоор Тавантолгойд улсаас хөрөнгө оруулалт хийнэ гэдэгт хувьдаа итгэхгүй байна. Манай улсын бусад салбар сул дорой. Гэтэл бидний хэрэглээний түвшин, зорилт их өндөр. Маш богино хугацаанд ядуу буурай орноос барууны өндөр хөгжилд хүрнэ гэсэн хэтэрхий гэмээр амбицтай. Үүнийгээ олон нийтэд итгүүлчихсэн. Тэр хэрэгцээндээ маш их хөрөнгө мөнгө зарцуулж байгаа. Гэтэл дотооддоо эдгээр үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг улсаас хийж чадахгүй учраас компани өөрөө л шийдэх ёстой. 

Нэг бичиг шийдүүлэхийн тулд хэдэн дамжлага, өч төчнөөн юм болж байж шийдүүлнэ. Энэ их зовлонтой

Эрдэнэс Тавантолгойн баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээс гадна дэд бүтцийн шийдэл компанийн стратегийн хамгийн чухал хэсэг нь. Энэ ажлын явц ямар байна вэ? 
Дэд бүтэц мэдээж онц чухал. Нүүрсээ гаднын зах зээлд гаргахын тулд хэдэн арван мянган машинаар тээвэрлэж байна. Байгаль орчноо сүйтгэхээс гадна тэр олон жолоочийн ажил мэргэжилтэй холбоотой асуудал үүсч байна. Үүнийгээ шийдэхгүй арван жил боллоо. Төмөр замаа байгуулбал наанадаж тэр их тоос шороо дэгдэхээ болино. Тээвэрлэлтийн өртөг зардал ч хямдарна. Энэ мэт гурван том асуудлыг шийдэхийн тулд IPO хийх гээд л зорьж байгаа хэрэг. Гоё нэр зүүх гээд байгаа юм биш. Олон улсын компани болсноор цаана нь  өөр олон чухал зүйл шийдэгдэнэ. Энэ бол тусдаа өргөн хүрээнд ярих сэдэв. Энэ гурван том төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) хөндлөнгийн буюу барууны мэргэжлийн компаниар хийлгээд өөрийн компанийн материалтай хамт Хөрөнгийн биржид өгөх ёстой. Дээр дурдсан хоёр гол багц асуудлаар таван сар ажиллалаа. Хоёр үйлдвэрийн ТЭЗҮ зургадугаар сард бэлэн болно. Төмөр замын ТЭЗҮ бас нэхэгдэж байна. Төмөр зам тусдаа өөр компани дээр хэрэгжиж байгаа учраас бид тэднээс мэдээ материал авч боловсруулж байна. Энэ бүхэн маш чимхлүүр ажил. Бүх материалаа монгол хэлээр бэлтгээд англи руу хөрвүүлж Хонгконгийн биржид өгөхийн тулд хятадаар орчуулж байгаа. Манай газар хэлтсүүд өдөр болгон биржтэйгээ харилцаж байна. Энэ болгоныг хийхийн тулд гаднын байгууллагуудын зөвлөх үйлчилгээг авч байна. Манай компани байгуулагдаад хэдхэн сар болж байгаа учраас түүх гэхээр зүйлгүй. Гаднын хөрөнгийн бирж дор хаяж гурван жилийн түүхтэй байхыг шаарддаг. “Эрдэнэс Тавантолгой майнинг” компани мэдээж хоосон газар дээр байгуулагдаагүй. Арван жил ажиллаж байгаа компанийн охин компани гэдэг утгаараа толгой компанийнхаа гурван жилийн түүхийг биржид хамтад нь өгч болно. Тийм учраас толгой компанийн сүүлийн хоёр гурван жилийн аудит болон өөрийн компанийн аудитыг хийлгэн балансаа салган санхүүгийн үйлчилгээ авч байна. Хуулийн үйлчилгээ бас хийгдэж байгаа. Зөвхөн гаднын  бус дотоодын компаниудаас ч үйлчилгээ авах ёстой. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахад шаардагдах бүх ажлыг ном ёсоор нь гүйцэтгэж байна. Манай компанийн залуус их сайн ажилласан. Би үйлдвэрээс хөндийрөөд арваад жил болчихож. Эргээд ороод ирэхэд хоёр зүйл надад тод ажиглагдлаа. Боловсон хүчин нэг үеэ бодвол шат ахиж. Гадна, дотны сургууль төгсөж хувийн секторуудад том жижиг төслүүдэд ажилласан, туршлагатай залуус олон байна. Манай төслийн удирдлагын хэлтсийн дарга гэхэд нүүрс угаах үйлдвэрийн төсөл дээр  эхнээс нь дуустал нь ажилласан туршлагатай. Австралид боловсрол эзэмшсэн, хэл устай гээд бахархмаар. Сайн тал нь энэ. Муу нь гэвэл хүнд суртал. Хууль тогтоомжууд нэг үеэ бодвол олон болж. Нэг хэсэг ажил цэгцэрсэн тал бий. Гэвч нөгөө талдаа маш их хүнд суртлыг бий болгосон байна. Нэг бичиг шийдүүлэхийн тулд хэдэн дамжлага, өч төчнөөн юм болж байж шийдүүлнэ. Энэ их зовлонтой. 

Та бүхэн Хөрөнгийн биржийн зохих жур­мын дагуу 12 төрлийн зөвлөх үйл­чил­гээгээ бүгдийг нь авсан байсан уу?
Бид ном ёсны бүх үйлчилгээгээ авсан. Засгийн газрын шийдвэр гарахаас өмнө толгой компани  манай төсвийг баталсан. “Эрдэнэс Тавантолгой майнинг” байгуулагдангуут  тэр төсвийг манайх руу шилжүүлсэн юм. Түүгээрээ бид туслах үйлчилгээний гэрээний ажлуудаа хийгээд явсан л даа.   

Дэлхийн нэр хүндтэй хөрөнгө оруулалтын банкууд олон улсын хөрөнгийн биржид гарахад нь “хөтөч”-ийн үүрэг гүйцэтгэж байгаа. IPO-д тэд нэлээд чухал нөлөөтэй. 


Яриа хэлцэл өндөр түвшинд явагдсан гэж ойлгодог, тийм үү?   
Олон улсдаа эхний аравт багтдаг хөрөнгө оруулалтын томоохон банкуудыг бид “хөтөч”-өө болгон авсан. Энэ бол төлбөртэй үйлчилгээ биш. Та нар биднийг аваад яваач ээ гэж бид хүсэлт тавиад  ажиллаж байна. Том компаниуд энэ ажлыг авч явахаар огт өөр түвшний, нэр хүндийн асуудал болдог. Тэдэнтэй яриа хэлцэлд ороод ажил урагштай явж ирсэн. Зах зээл тийм байна, ингэж өөрчлөгдөж байна гэх зэргээр тэд  бидэнд маш чухал, үнэтэй мэдээлэл өгдөг.       

Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийг татан буулгалаа гэсэн мэдээлэл тэдэнд мэдээж хүнд туссан байх л даа?
Энэ бол маш хүнд хэцүү мэдээ. Бидэнтэй адилхан өөдрөг сэтгэгдэлтэй байсан хүмүүс Засгийн газрын шийдвэр гарсны дараа санаа сэтгэлээр унасан нь уулзахад л мэдрэгдэж байсан. Хүүе, юу болов оо гээд гайхсан байдлаар асуугаад л.  Ер нь дэлхийд коксжих нүүрсний  шинэ, сайн ордууд төдийлөн элбэг биш. Ихэнхийг нь нээгээд ашиглачихсан, одоо ашиглаж байгаа нь ч бий. Харин алслагдсан, цөөхөн хүн амтай манай улс нэлээд хожуу үүцээ задалж байгаа нь энэ. 1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй ордууд ховордоо ордог. Гэтэл манай улс 7 тэрбум тонн коксжих нүүрснийхээ зөвхөн 1 тэрбум тонныг бирж дээр арилжаалах гэж байна гэхээр огт өөр сонсогддог юм байна. Тэр талаасаа хөрөнгө оруулалтын банкууд IPO-г дуртайяа хүлээж авч байна. 

Энэ нүсэр ажлыг хариуцаж байгаа таны  болон танай баг хамт олны хувьд гаднын хөрөнгө оруулагчдад ойлгуулах мэдээж амаргүй даваа. Яаж ойлгуулав?
Ёстой нүүрээ хааш нь хийх үү гэдэг шиг л  юм  болсон. Том том юм яриад байсан улс ийм юм хэлээд зогсож байхаар аргагүй шүү дээ. Гэхдээ том юм ярьж байгаа  ч бид хамгийн гол нь бодитой, үр дүнтэй ажилласан л даа. Коронавирус цар тахлаас  болоод төслийн явц тийм боллоо гэж ярихаас биш өөр хэлээд байх юм хэцүү. Уг нь логикоор  бол ийм хямралын үед харин ч гаднаас хөрөнгө оруулалт татах ажлаа эрчимжүүлэх ёстой биз дээ. IPO-г энэ Засгийн газар хийж чадаагүйг  ойлгож байна, гэхдээ бид бэлтгэл ажлыг гүйцээж хийж өгөх ёстой. Засгийн газрын зүгээс бэлтгэл ажлаа гүйцээгээрэй гэдгийг илэрхийлсэн. Энэ нь дараа дараагийн Засгийн газарт ч хэрэгтэй.    

Засгийн газрын тогтоолоор бол “Эрдэнэс Тавантолгой майнинг” компани татан буугдсан ч IPO хийх ажил үргэлжлээд явах нь ээ?
“Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийг “Эрдэнэс Тавантолгой” компанид буцаагаад нийлүүлнэ. Толгой компаниасаа салгаж авсан ажлуудаа шилжүүлнэ. Тусгай зөвшөөрлөө шилжүүлж өгөөд Зүүн Цанхийн уурхай толгой компанидаа очно гэж ойлгож болно. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийг татан буулгаж байна гэхээс илүүтэй толгой компанидаа ажлуудаа нэгтгэж нийлүүлж байгаа хэрэг.  Толгой компани дээрээ бүх ажил буцаад төвлөрөхөөр ганцхан тусгай зөвшөөрөлтэй талбай дээр IPO хийх үү, Баруун, Зүүн Цанхи дээр хоёулан дээр нь хийх үү, эсвэл наймууланг нь нэгтгээд гарах уу гэдэг хувилбарууд бий болж байна гэсэн үг. Тэгэхийн тулд нэмэлт ажлууд хийх шаардлагатай. Энэ бол толгой компанийн шийдэх асуудал. 


“Эрдэнэс Тавантолгой” ХК-д  танай компанийн 80 гаруй ажилтныг буцаагаад шилжүүлэх үү? Та бирж дээр гарах ажлыг үргэлжлүүлээд удирдах уу?
Миний хувьд тэгнэ ингэнэ гэж хэлж ярих юм алга. Би угаасаа тэтгэврийн хүн. Харин нэгэнт хийж гүйцэтгэсэн ажлаа үргэлжлүүлээд аваад явах сайн баг бүрдүүлсэн гэж бодож байна. IPO-гийн бэлтгэл ажлыг хариуцсан нэгжүүд толгой компани дээрээ ажиллах хэрэгтэй.  

Олон улсын бирж дээр гарна гэж манай засаг төр сүүлийн арван жил ярилаа. Бүтэлтэй болсон нь одоогоор алга. Гол шалтгаан нь яг юу вэ?
Ер нь IPO гаргахыг аль ч Засгийн газар үгүйсгэж байгаагүй. 2011 онд “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын бирж дээр хувьцаагаа гарган гээд яриа хэлцэл хийж, гаднын байгууллагуудын үйлчилгээ аваад явж л байсан. Улс төрийн шалтгаанаар энэ ажил зогссон. IPO зогссон бүх ажлын ард  улстөржилт байдаг. 

“Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажилласан. Нүүрсний үнэ ч зах зээл дээр тогтвортой байлаа. Бирж дээр гарах хамгийн таатай үе тохиосон ч  ашиглаж чадсангүй?
Монголын төр энэ тал дээр цаг их алдсан. Нүүрсний үнэ ханш өндөр үеийг ашиглаж болох байсан гэж боддог. Өнөө л дотоодын улс төр, хүнд суртал нөлөөлсөн. Манай сонгуулийн тогтолцоо аливаа Засгийн газрыг дээд тал нь гурван жил л ажиллуулдаг юм байна. Нэг жил нь сонгуулийн өмнө, дараа гээд хуваагдчихдаг. Улстөржсөөр байгаад нэг жилээ бардаг. Олдсон тэр гурван жилдээ юмаа шийдэж болдог, шийдэхгүй бол балардаг тийм л дүр зураг ажиглагдаж байна. 


Толгой компанийн гурван жилийн түүхээр IPO хийж болно гэсэн шаардлагыг Хонконгийн хөрөнгийн бирж бидэнд тавьсан

“Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн эзэмшиж байгаа Зүүн цанхийн уурхайн тусгай зөвшөөрөл толгой компани дээр буцаж ирснээр “Эрдэнэс Тавантолгой” компани эргээд 8 тусгай зөвшөөрөлтэй болж байна. Ер нь цаашдаа 8 тусгай зөвшөөрөлтэй том компанийг нэр амиар IPO хийнэ гэдэг амаргүй биз дээ?
Амаргүй л дээ. Бэлтгэл ажил ч хэцүү. Эдгээр найман талбай харилцан адилгүй судлагдсан. Үйлдвэрлэлийн хувьд ч харилцан адилгүй бэлтгэгдсэн. Нэг хэсэг нь бүр огт эхлээ ч үгүй байна. Ийм нөхцөлд ордыг бүхэлд нь олон улсын бирж дээр гаргах боломж муутай. Монголд төрийн өмчийн компанийн IPO хийсэн туршлага байхгүй гэдгийг би дээр хэлсэн. Олон улсын хөрөнгө оруулалт орж ирснээр ямар асуудал гарахыг бид одоо хэлж мэдэхгүй ч ерөнхийдөө эерэг талтай. Гэхдээ мэдээж саар талыг нь үгүйсгэж болохгүй. Оюутолгойг бүгд л сайн сайхнаар ярьдаг байсан. Одоо шүүмжлэх тал нь давамгайлаад байна. Бид хэт том юм хүсээд тэр хүсэл нь биелэхгүй болохоор сэтгэл дундуур байна уу, эсвэл бидний хүлээлт бүр хэтрээд байна уу. Эсвэл бид гадаадын хөрөнгө оруулагчдыг ойлгохгүй, мэдэхгүй, хуучин Зөвлөлт Холбоот Улс шиг тусламж үзүүлдэг шиг бодоод хүлээгээд байна уу. Тэгж бодоод байвал хэзээ ч бүтэхгүй.

Гаднын хөрөнгө оруулалтыг сайнтай, муутай нь л бодох хэрэгтэй. Тийм  учраас эрсдэлээ багасгаж, зөвхөн нэг тусгай зөвшөөрлийг салгаж аваад охин компани байгуулах замаар IPO хийх ажлыг зорьсон. Манай компани дээр байгаа Зүүн Цанхийн ордын тусгай зөвшөөрөлд Тавантолгойн нийт 7.4 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцийн 1 тэрбум нь хамаардаг. Долооны нэг нь ч гэж хэлж болно. Энэ хэсэг дээр 30%-ийг гаднын зах зээл дээр гаргая, тэгэхдээ үе шаттай ажиллая гэсэн зорилт бидний өмнө бий. Аль аль талаа бодсон хамгийн эрүүл саруул зорилт. Тавантолгойг 5-10  жилээр биш, тавь жаран жилээр ажиллуулна гэж ядахдаа бодох хэрэгтэй. Тэр хооронд монголчууд сайнтай, муутай суралцана, туршлагажна. Гаднынхан ч монголчуудыг таньдаг болно. Дуртай нь үлдээд, дургүй нь гараад л явна. Гаднынханд бүр таалагдахгүй бол бүх хувьцаагаа зарахад л бүгд Монголынх  болно. Биржийн зарчмаар энэ бүхэн өөрөө зохицуулагдаад явна. 

Хөрөнгийн биржээс анх тооцоолсон 6 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах тооцоолол өөрчлөгдөж, зөвхөн “Эрдэнэс Тавантолгой Майнинг”-ийн 30% дээр 1.5 тэрбум ам.доллар  босгох болсныг зарим хүмүүс шүүмжлээд байгаа. 6 тэрбум ам.доллар байх ёстой гэж тэд та бүхнээс нэхээд байгаа шүү дээ?
Эрдэс түүхий эдийн зах зээл циклтэй. Савлагаа нь дор хаяж 5-6 жил, заримдаа 10 жил  үргэлжилдэг. Намайг Эрдэнэт үйлдвэрт байхад  дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 6000-7000 ам.доллар руу орж ирэхэд манайхан үнэ дандаа ийм байна, хэзээ ч буухгүй юм шиг л ярьцгаадаг байсан. УИХ дээр жил бүр улсын төсөв батлуулах үед зэсийн үнийг хэдээр бодох уу гээд л маргана. Эцэст нь хэтрүүлж тавьдаг. Зэсийн үнэ 8000 ам.доллар хүрч байхад УИХ-ын зарим гишүүн энэ үнийг бүр 13 мянгад хүрнэ гээд сууж байсныг би санаж байна. Тэгэхэд ихэнх нь нээрээ ч тийм юм уу, өсөөд л байна шүү дээ гэдэг байлаа. Мэргэжлийн бус, гэнэн сэтгэлгээгээр асуудалд ингэж ханддаг нь монголчуудын зан юм шиг байгаа юм. Харамсалтай өнөөх өндөр үнэ нь жил болоод л уначихдаг. Тийм учраас зэсийн үнэ дээр олон жилийн дундажаар баримталбал хэзээ ч алддаггүй. 5-6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын тухайд хоёр жил сайхан байна, 200 жил уурхай ингэж л явах ёстой гэж яриад байгаа нь хийсвэрлэл юм даа.  Үнэхээр тооцоолол хийх юм бол янз бүрийн л арга байна. “Энержи Ресурс” компани 2010 онд олон улсын хөрөнгийн зах зээлээс ойролцоогоор 620 сая ам.долларыг босгосон. 

Энэ бол төслийн сайных гэхээсээ  Монгол Улс анх удаа олон улсын бирж дээр гарсан нэр хүндийн асуудал байсан. Тэгэхээр бүдүүн тоймоор хэлбэл Ухаахудагийн нөөцөд хийсэн тооцоогоор 1 сая тонн коксжих нүүрс 1 сая ам.долларт хүрсэн байгаа биз. Ингээд бодохоор бодит үнэ 400-500 сая ам.долларт л хүрсэн. Зүүн Цанхийн уурхай 1 тэрбум орчим  коксжих нүүрсний нөөцтэй. Үүнийг сайн гаргаж чадвал 1 тэрбум ам.долларын  IPO хийх боломжтой. Баримжаалахад ийм л бодитой тооцоо хийж болно. Түүнээс биш тоо бодоод төд дээр тэрийг нэмээд, өдийг хасчихвал тийм болно гэсэн тооцоо хаана  ч байхгүй. Зүүн Цанхиас уурхайгаас 6-7 тэрбум ам.долларын IPO босгох ёстой гэсэн мэргэжлийн бус, буруу ташаа мэдээллийг олон нийт ойлгодоггүй. Ойлгохгүй учраас хардалт сэрдэлт үүсдэг. Тэр хардалт дээр нь улс төрийн тоглолт хийдэг, үүндээ хэвлэл мэдээллийг ашиглаж асар их мөнгө цацдаг байдал сонгуулийн үеэр бүр их харагдаж  байна.  IPO-гийн бэлтгэл ажлыг л хийж байгаа болохоос тийм дүнгээр аваачаад зарчихсан асуудал огт биш.

Монгол дэлхийн уул уурхайн зах зээл дээр гарч ирсэн шинэ тоглогч боллоо гэсэн тэр эффект том байдаг юм байна

 

Хонконгийн хөрөнгийн бирж дээр уул уурхайн компанид, тэр дундаа нүүрс олборлогч компаниуд IPO гаргах тохиолдол тийм ч олон биш. Тиймдээ ч уул уурхайн компаниудад шалгуур өндөр тавьдаг. Энэ биржийг сонгосон гол шалтгаан нь юу вэ?
Хөрөнгийн бирж дээр хувьцаа эзэмшиж байгаа мөнгө ихтэй хүмүүсийн анхаарлыг нүүрс татдаг байсан тэр сайхан үе өнгөрч байгаа. Бүр ч өнгөрөөд алга болчихоогүй. Дэлхийн дулааралтай холбоотойгоор улс орнууд нүүрсний хэрэглээгээ аль болох цөөлөх,  сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх хандлага илүү болсон. Мэдээж тэр нь өртөг зардал ихтэй. Нүүрс улс бүрт их бага хэмжээгээр бий. Хялбархнаар нь нүүрсийг ухаад л түлчихдэг. Коронавирус гарахаас өмнө дэлхийн хэмжээнд маш их яригдаж байсан сэдэв бол байгаль орчин, дулаарал. Дэлхийн  түүхэнд сүүлийн таван жил хамгийн дулаан таван жил болж байна. Дулаарлын үйл явц хорин жилийн дотор Парисын болон Киотогийн протоколд дурдсан тооцооноосоо гурваас тав дахин  хурдтай түргэссэн байна. Энэ нь биднийг хүссэн хүсээгүй нүүрсээ багасгахад хүргэнэ. Чадалтай улс болгон нүүрсээ багасгаж байгаа. Хажуугаар нь, газрын тосны үнэ их унаж байна. Газрын тосны үнэ унахаар нүүрсний өрсөлдөх чадвар унадаг зүй тогтолтой.  Энэ талаасаа бид сайхан үеэ алдаж байна. Гэхдээ Хонконгийн хөрөнгийн биржийн бидэнд тавьж байгаа шаардлага Лондон, Нью-Йоркийн хөрөнгийн бирж  харьцангуй гайгүй. Толгой компанийхаа гурван жилийн түүхээр IPO хийж болно гэсэн шаардлагыг Хонгконгийн хөрөнгийн бирж бидэнд тавьсан. “Энержи Ресурс” компани Хонконгийн хөрөнгийн биржид амжилттай гарсан учраас монголчууд энэ биржид танил болчихож.

“Энержи Ресурс” Хонконгийн хөрөнгийн биржид гарсан туршлага, үндсэн зарчмуудыг нь танай компанийн баг нэлээд сайн судалсан уу?
Судлалгүй яах вэ. Монголыг эдийн засаг,  уул уурхай талаас нь мэддэг орон тухайн үед бараг байгаагүй. Бид нүүрсээ нэг их хол газар зөөдөг ч биш дээ.  Хятад руу жаахан зэс, сүүлийн хэдэн жилд нүүрс л зөөж байна. Монгол дэлхийн уул уурхайн зах зээл дээр гарч ирсэн шинэ тоглогч боллоо гэсэн тэр эффект том байдаг юм байна. Монголыг хэн ч мэдэхгүй байхад  ийм их нүүрстэй улс шүү дээ манайх гэхэд бүгд нүд нь том болцгоогоод “хөөх, тийм үү” гэдэг байсан. Одоо бидний хувьд IPО хийхэд Монголын нэр хүнд ямар нэг хэмжээгээр байх болно, гэхдээ сайн гэхээсээ муу тал руугаа байж магадгүй. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд Монгол Улс гаднын ертөнцөд нэр хүндээ маш их унагалаа. Дотоодын хөрөнгө оруулагчдынхаа өмнө ч ялгаагүй нэр хүнд сайн биш. Жишээ нь, Оюутолгойн төсөл дээр явагдаж байгаа үйл явц олон нийтэд голдуу сөрөг талдаа мэдээлэл өгөөд байна. 

Мега төслийн ажил  шил мэт ил тод, тунгалаг байх ёстой гэж Ерөнхий сайд асан М.Энхсайхан хэлж байсан. Тэрээр Тавантолгой төслийг удирдаж байхдаа аль болох ил тод байлгахыг хичээж байсан л даа. Гэтэл та бүхний удирдсан төслийн бэлтгэл ажил хаалттай байна гэсэн шүүмжлэл гарч байсан шүү дээ?  
УИХ, Засгийн газрын гаргасан тогтоол, шийдвэр бүгд ил байгаа. Нөгөө талаас IPO хийх нь зөв, буруу гэж олон нийтэд сурталчлаад байх шаардлагагүй. Өмнө нь зөндөө ярьсан сэдэв. Аль ч нам үгүйсгэж байгаагүй тийм л төсөл шүү дээ. Манай төслийн баг Хөрөнгийн биржээс тавьсан шаардлагын дагуу IPO гэж ярихаас аль болох татгалзаж байгаа. Хөрөнгийн бирж дээр том тоглогч нар байдаг. Том мөнгө эргэлддэг. Тэдэнд буруу зөрүү, батлагдаагүй мэдээлэл очих нь утгагүй.  Хувьцааны үнэлгээг  бирж дээр гарсан өдөр л тогтоодог болохоос биш өмнө нь үнэлгээг дээш доош буулгах нь биржийн процесст албаар нөлөөлж байна гэж үздэг талтай. Бичгээр өгсөн зузаан материалдаа ямар нэгэн мэдэгдэл, мэдээлэл хийх бол Хөрөнгийн биржээс асуух ёстойг оруулсан байгаа. Төрийн өмчийн компани учраас зөвхөн бид ч биш  УИХ, Засгийн газрын гишүүд нийтэд IPO гэдэг үгийг хэлэх ёсгүй. 

 Бидний хувьд тэртээ тэргүй ойлгомжтой байсан зүйлийг нууцлаад байх ч шаардлага байгаагүй. Монгол хүн хийж байгаа ажлаа бүтэхээс нь наана зарлаад тунхаглаад байдаггүй амны билигтэй улс. 

УИХ-ын 2018 оны 296 дугаар тогтоолд “Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн хувьцааг 100% эзэмших “Эрдэнэс Тавантолгой интернэшл” компанийг оффшор бүсэд байгуулах тухай тусгасан байдаг. Оффшор бүсэд  гарах нь зайлшгүй юу? “Энержи Ресурс” компани оффшор бүсэд бүртгүүлээд IPO хийсэн туршлага бий шүү дээ?
Хувьцаа гаргасан компани тодорхой хэмжээний татвар төлөх асуудал аяндаа гарна. Аль болох бага татвар төлөх, эсвэл бүр татваргүй байхын тулд оффшор бүсийн компаниудыг сонгох хэрэгтэй болдог. Том компани учраас хувь нь бага ч гэсэн төлдөг татвар нь их болно. Түүнээс биш Хонконгт бүртгүүлбэл их бага хэмжээний татвар үүсч л таарна. Олон нийт оффшорын талаар буруу ташаа ойлголттой. Монголоос нэг хэсэг нь тийшээ мөнгөө аваачиж хийсэн, зарим нь татвараас зайлсхийх арга замаа болгосон учраас ийм буруу ойлголт түгсэн. Түүнээс биш энэ бол тухайн нутаг дэвсгэрт хуулийн хүрээнд явагддаг л ажил. Барууны ихэнх том компаниуд оффшорт бүртгүүлсэн.  Оффшорт бүртгүүлэх нь тийм ашигтай байдаг юм бол улсын компани ч тэр ашгийг эдлэх ёстой биз дээ. Бид олон улсын зах зээлийн давуу талуудыг ашиглах хэрэгтэй.  

2019 оны есдүгээр сараас “Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэл мэдэгдэл гаргаж, хөдөлмөрийн гэрээтэй ажилчдыг шилжүүлж авч байна гэсэн маргаан гарсан. Сүүлдээ энэ нь ажил хаялт болж бүр “Эрдэнэс Тавантолгой майнинг”  татан буулга гэдэг шаардлага тавьж үйл явдал хурцадсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байна вэ?
Энэ маргаан анхнаасаа шалтаг болжээ гэж би хардаг. “Эрдэнэс Тавантолгой” компани дээр Үйлдвэрчний эвлэл байгуулах нь зөв үү, буруу юу гэдэг асуудал анх яригдаж байсан. Уг нь хуулиараа нийт ажилчдын 70-аас доошгүй хувь нь хуралдаж, дийлэнх нь дэмжиж  байж Үйлдвэрчний эвлэлээ байгуулдаг. Гэтэл ингээгүйгээс захиргаа, ажилчдын хооронд маргаан үүссэн. Угтаа бол арван хүнтэй холбоотой л маргаан. Тэр арван хүн нь ажлаасаа халагдсан хэрэг л дээ.  “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө олборлолтоо хийхгүй бол  энэ мэтчилэн  туслан гүйцэтгэгч  “Ти Ти Жи Ви Си Өү” компани дээр хөдөлмөрийн маргаан, янз бүрийн асуудал гарсаар л байх болно. Энэ хэрээрээ менежмент хүндэрч, санхүү хэцүүдэж эрсдэл өндөр болохыг үгүйсгэхгүй. Өнөөдөр нэг хэсэг нь туслан гүйцэтгэгч компаниар ажлаа хийлгэ, олон улсын ийм туршлага байна гэж ярьцгаана, нөгөө хэсэг нь улсын компани ажиллуулахаар  авлига, тендер гээд янз бүрийн юм орж ирнэ гэцгээнэ. Ингээд бие биедээ итгэхгүй, хяналтаа зөв тавихгүй, ажлаа номоор нь хийхгүй байгаагаас болж тэрнээс ч чухал ажлуудаа хийж чадахгүй болоод байна. 

“Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө олборлолт хийе гэхээр ямар саад бэрхшээл байна. Үүнийг яаж шийдэх ёстой вэ?
Хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ядахдаа ухаж гаргаад тээврээ хийх хүнд даацын 20 машин, хүчин чадал сайтай, таван том экскаватор шаардлагатай. Дор хаяж 20-30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байж олборлолтоо өөрсдөө хийх боломжтой болно. Харамсалтай нь, 10 жил болоод байхад “Эрдэнэс Тавантолгой” компани энэ асуудлаа шийдэж чадаагүй явна. Мөнгөө хэмнээд байгаа хэрнээ ач холбогдолтой зүйлдээ зарцуулахгүй байна. 


Менежмент л хэрэгтэй юм байна даа?
Тэгж л таарах байх. Ер нь бол Эрдэнэт, Тавантолгойн уурхай уул уурхай технологи талаасаа нэг л дамжлагатай. Нэг нь хүдрээ баяжуулах хамгийн эхний дамжлагаар явагддаг. Үүний тулд 6000 хүн ажиллаж байна. Эрдэнэтийн үндсэн хөрөнгө асар их. Үйлдвэр, цех, тоног төхөөрөмж гээд яривал их зүйл дурдагдана. Тэгтэл бид Зүүн Цанхийн уурхайг шилжүүлж авахын тулд хоёрхон тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө шилжүүлж авах жишээтэй. Нэг сая ам.доллар ч хүрэхгүй мөнгөнд гэрлийн шон, уурхайг харуулдах талбай, тоо бүртгэгчдийн,  хөдөлмөр хамгааллын хүмүүсийн унаа тэрэг ч гэх шиг иймэрхүү зүйлүүд тэр хөрөнгөнд багтаж байна. Нэг ч хүнд даацын машин, экскаватор байхгүй. Олон улсын туслан гүйцэтгэгч компани ажиллуулдаг туршлага байж болно, гэхдээ энэ бол манайдаа арай хэтэрсэн асуудал. Аж үйлдвэржүүлэлт явагдаагүй манайх шиг улсад туслан гүйцэтгэгч авч ажиллуулах нь буруу гэдгийг дахиад хэлье.  Дотроо бид ажилгүйдэлтэй. Төмөр замаа байгуулж байгаа ажилчдыг уурхай дээрээ авч мэргэжлийн уурхайчин болгомоор санагддаг. 

Эрдэнэс Тавантолгойн 2018, 2019 оны орлогоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж байна.  Нэг хоёр жилийн орлогыг ингэж төмөр замд зарцуулах нь зөв шийдэл үү?
Зах зээл рүү гарахын тулд төмөр зам зайлшгүй хэрэгтэй. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Эрдэнэс Тавантолгойн сүүлийн хоёр жилийн ашиг орлогоор санхүүжүүлж  байгаа нь зөв шийдвэр. Монгол Улс анх удаа өөрийн дэд бүтцийн ажилдаа өөрийн хөрөнгөө зарцуулж байна.  Энэ Засгийн газрын  хувьд маш зоригтой ажил. Монголчууд анх удаа өөрөө өөртөө хөрөнгө оруулж байна. 

IPO БОЛ  ХУВЬЧЛАЛЫН ЭСРЭГ ПРОЦЕСС

Эрдэнэс Тавантолгойн IPO-г өмч хувьчлал мөн биш гэсэн маргаан их явлаа. Энэ ажлыг гардан удирдаж байгаа хүний хувьд Та  ямар тайлбар өгөх вэ?  
IPO-г мэргэжлийн хүмүүс илүү сайн тайлбарладаг. Харамсалтай нь үүнийг олон нийтэд буруу зөрүү, улстөржсөн хандлагаар ойлгуулсан хүмүүс байна. IPO-г өмч хувьчлал гэж их ярилаа. Угтаа бол хувьчлалаас огт өөр, эсрэг үйл ажиллагаа бол IPO. Барууны орнуудын зах зээлийн сонгодог утгаар авч үзвэл өмч хувьчлал гэдэг нь “privatization” гэсэн нэр томьёотой. Харин олон нийтэд санал болгож арилжаалдаг IPO гэдэг нь “Initial Public Offering” гэсэн үг. Хувийн компанийг нийтийн болгох үйл ажиллагаа ч гэж хэлдэг. Гэтэл Тавантолгойн баялгийг бирж дээр гаргаж худалдах нь гэсэн бүдүүн тоймын тайлбар их явж, улстөржиж байна. Олон нийтийн өмч нь төрийн өмчтэй нэг ангилалд багтдаг. Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт хийхдээ  “нийтийн өмч” гэсэн шинэ агуулгатай заалтыг оруулж баталсан шүү дээ. Энэ нь хувийн өмчөөсөө эсрэг олон нийтийн байхыг л хэлж байгаа хэрэг. Тиймээс IPO-г өмч хувьчлал гэж улстөржүүлсэн буруу хандлагыг мөн чанар талаас нь засах хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр, “Эрдэнэс Тавантолгой майнинг” компани хувь хүмүүст оччихлоо гэж буруу суртал ухуулга их явууллаа. “Эрдэнэс Тавантолгой” бол улсын компани. Түүн дотор төрийн, олон нийтийн хувьцааны эзэмшил аль аль нь бий. Энэ талаасаа 100% олон нийтийн өмчтэй компани.

Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой”-н 100%-ийн охин компани “Эрдэнэс Тавантолгой майнинг” ч мөн  олон нийтийн өмч гэж ойлгогдож байна, тийм үү?
Яг тийм. Тэрхүү 100%-ийн улсын компанийн 30%-ийг л олон улсын бирж дээр гаргах зорилтыг бид тавьж ажилласан. Манай захирлууд арга ядахдаа компанийн гэрчилгээгээ хүртэл телевизээр харууллаа. Хачирхалтай нь хар пиар  дийлддэггүй юм байна. Үзүүлээд, хэлж яриад ч үнэмшдэггүй. Үнэмшихийг ч хүсэхгүй байна. “Эрдэнэс Тавантолгой майнинг”-т хувь хүний эд хөрөнгө байхгүй. Байх ч  боломжгүй. Манай компанитай холбоотой Засгийн газрын шийдвэр нээлттэй, компанийн бүх бүртгэл ил тод. 

Үндсэн хуульд байгалийн баялгийг тэгш хуваарилах, зохицуулах “төрийн, нийтийн” зарчмыг суулгаж өгсөн. Гэтэл Ардчилсан намын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжих өдрөөс  өмнө (2020 оны тавдугаар сарын 25) “Эрдэнэс Тавантолгой”-г Үл хувьчлах компаниудын жагсаалтад оруулах УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар бэлтгэснээ мэдэгдсэн. 


Энэ хууль батлагдвал нөхцөл байдал хэрхэх вэ?
Үл хувьчлах компаниудын жагсаалтыг хуулиар бий болгосон ч IPO тэр хуульд хамрагдахгүй. Яагаад гэвэл хувьчлалын эсрэг процесс учраас хуулийн агуулга концепцод таарахгүй гэж хэлж болно. Яаж хамруулах гээд байгааг нь би хувьдаа ойлгохгүй л байна. 

 

Төрийн өмчийн эрх зүйн асуудлыг сууриар нь, иж бүрнээр нь шинэчлэхгүйгээр Монголд уул уурхайн нэг ч том төсөл урагшлахгүй,  IPO ч гарахгүй гэж  хуульчид үзэж байна. Төрийн өмчийн багц хуулийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна уу?
Төрийн өмчийн асуудал бол тусдаа ярих том сэдэв. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Америк загварын талаар их ярьцгаасан. Улсын өмч гэж байхгүй, бүгдийг нь хувийнхан хийчихнэ гэсэн ойлголттой. Барууны хувийн мундаг том компаниуд нэг өдөр өнөөдрийн түвшинд хүрээгүй, олон зуун жилийн бүтээгдэхүүнүүд. Мянган жилийн түүхтэй компаниуд ч бий.  Тийм компаниудын менежмент нь тогтвортой, баргийн юманд өртөж унахааргүй болчихдог юм билээ. Манайд болохоор хувийн гэдгээр гадна талын пайзыг нь өөрчлөхөөр л бүх юм нь гоё бол болчихно гэж бодоод байх шиг байна. Түүний цаана асар их ажил, олон үеийнхний зүтгэл байна. Барууны хуулиуд нь маш олон зуун жил өвлөгдөж, засагдаж байж чанартай болсон байх жишээтэй. Манай нөхцөлд дэд бүтэц, зам харгуй, эрчим хүч, уул уурхайн салбар хувийн секторт  байхад хэцүү. Яагаад гэвэл эдгээр салбар маш их хөрөнгө шаарддаг. 200кг алттай шороон ордыг эзэмшихийн тулд хайгуулаас нь авахуулаад маш их зардал хэрэгтэй. Тийм хөрөнгө мөнгө хувийн секторт байхгүй. Хятадын зах зээл гэхэд өөрийн дүрэмтэй, онцлогтой. Төрийн өмчид том компаниуд тэр бүхний цаана нь байж байдаг. Орон нутгийн томоохон эрх мэдэлтнүүд нь ч байна. Тэдэнтэй нэгдсэн бодлогоор явахгүй бол ганц нэгээрээ яваад, хоорондоо өрсөлдөөд төдийлөн урагшлахгүй л дээ. Ийм нөхцөлд төрийн оролцоо зайлшгүй чухал бөгөөд ялангуяа уул уурхайн салбарт зонхилохоос аргагүй. “Энержи Ресурс”, “Монголын алт” зэрэг компани яагаад ийм мундаг болов гэж хүмүүс ярьдаг. Яг нарийн харах юм бол алтны шороон ордын нөөц  хоёр гурван жил болоод дуусна. Технологи талаасаа хамгийн хялбар олборлолттой нь алт, нүүрс. Тэгээд богино настай. Өнөөдөр гайгүй явж байгаа компаниудын эзэмшиж байгаа орд газрууд нь социализмын үед Оросын зээл тусламжийн хүрээнд хайгуул нь бүрэн хийгдсэн. Тэр дундаа Тавантолгой ордын хайгуул, судалгаа бүрэн хийгдсэн төдийгүй 100 гаруй боть судалгаа байна. Энэ судалгаа одоо ч ач холбогдлоо алдаагүй. Эдгээр ордын тусгай зөвшөөрлийг гэнэт хувьчилсан. Тусгай зөвшөөрлийг талханд оочерлож байгаа юм шиг хэн түрүүлж очоод үнэгүй шахам авчихдаг хууль үйлчилж байсан. Тийм учраас компаниудын оролцоог нөөц бүрдүүлэх тал дээр харьцангуй бага, харин үйл ажиллагаагаа эхлүүлээд муугүй явж байгаа компаниуд бол бий. Уул уурхай бол бэлтгэл ажил асар их хугацаа, хөрөнгө мөнгө  шаарддаг. Тэр хүнд ажлуудыг улсын хөрөнгөөр хийсэн. Энэ утгаараа уул уурхай дээр нэг хэсэгтээ төрийн өмчөөр явах нь ээ. Тийм учраас төрийн өмчтэй компаниудын эрх зүйн асуудал маш чухал. Өнөөдөр төрийн өмчийн, төрийн өмчтэй хувьцаат компаниудын гэсэн хоёр хууль үйлчилж байгаа. Хүнд суртал ихтэй, дээр нь улсын бодлого дөрвөн жилд нэг хоёр удаа нааш цаашаа хөдлөөд байх юм бол төрийн компаниудын өрсөлдөх чадвар улам суларна. Хувийн компаниудын дэргэд муухай харагдана. 

Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл Тавантолгойн IPO-н талаар зөвлөмж гаргаж, дотроо байр нэг байна гэж харж байсан ч явцын дунд зөрчил гарч ирэв үү гэж харагдсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь IPO-г зогсоох гэж оролдсоор ирсэн шүү дээ?
Улстөрийн намууд сонгуульд өрсөлдөхдөө улс орны эрх ашигтай холбоотой зарчмын байр сууриа эхлээд нэгтгэх хэрэгтэй санагддаг. Улс орны ирээдүйн хөгжлийн асуудал дээр намууд хоорондоо тохирохгүй байна. Тохирох ажил хийхгүй байна. Нэг нам нь тийшээ төмөр замаа тавина гэсэн бол нөгөө нам нь ийшээ тавина гээд зүтгэчихдэг. Аль аль нь хэрэгтэй боловч тэрийг нь түрүүлж тавина гэх зэргээр маргацгаадаг. Энэ маргаанаа зогсоохгүй бол улсын орны эдийн засаг цаашдаа ч хүнд замаар явах нь гаргаж байгаа шийдвэрүүдээс харагддаг.

Бид чинь яасан сайхан байгаа вэ гэж бодоход хүрч магадгүй үе ирж байна

COVID-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал цаашид ч үргэлжлэх төлөвтэйг эдийн засагчид сануулж байна. Уул уурхайн салбар ч хүндрэх шинжтэй. Энэ талаар таны бодлыг сонсоё?
Бид одоог хүртэл   айсуй аюулыг мэдрэхгүй байна. Вируснээс болоод ч тэр үү эдийн засгийн цаад утга агуулга нь хүмүүст хүрэхгүй байх шиг. Ер нь баруунд вирустэй, вирусгүй арваас арван хоёр жилийн дотор нэг удаа болдог циклийн хямралыг Маркс нарын онол тайлбарласан байдаг. Энэ бол байнга явагддаг үйл явц.   Хөрөнгөтний нийгмийн  зах зээл 1990 оноос хойш буюу глобал нэгдсэн зах зээл болсноос хойш анхных 2008 оны Америкаас үүдэлтэй хямрал. Тэгэхээр хямралын хугацаа нь ойрын нэг хоёр жил юм.  Барууны эдийн засагчид АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа жинхэнэ хямрал болно гэж үзэж байгаа. Дэлхийн эдийн засагт Америк гол байр суурь эзэлдэг. Олон улсын худалдааны 60%-ийг ам.доллар эзэлдэг утгаараа ерөнхийдөө  америкчууд дэлхийн эдийн засгийг залуурдаж байна.

Америкийн одоогийн Ерөнхийлөгч сонгуулиас наана хямралыг тодорхой хэмжээнд барина, харин сонгуулийн дараа тэрхүү хямралыг хэн  ч тогтоож дийлэхгүй гэсэн тооцоололтой байсан. Гэтэл COVID-19 цар тахал гарч ирснээр бүх тооцоог эвдэж, зах зээл дээр бүрдэж байсан бүх үйл явцыг хурдасгалаа. Тооцоолж байсан хямрал жилийн өмнө эхэллээ гэж хэлж болно. Өнөөдөр хөрөнгийн биржүүд дээр хямрал идэвхжиж байна. 2008 онд АНУ үл хөдлөх хямралыг даван туулахын тулд 2-4 их наяд ам.долларыг хэвлэж банкуудаа аварч байсан. Тэгвэл энэ удаад 6 их наядыг хэвлээд байна. Дахиад ч хэвлэнэ гэж байна. Хямралын үр дагавар томорч байгааг энэ үйл явдал харуулна. Дэлхий нийтэд олон улсын агаарын тээврийн бизнес үндсэндээ зогслоо. Аялал жуулчлалын салбар ч бас зогсож байна. Үзвэр үйлчилгээ, тээвэр, хүнсний салбарууд ч хэцүү байдалд орлоо. Газрын тосны үнийн уналт 1973 оны эрчим хүчний хямралаас ч гүнзгий болж байна. Ийм ийм том хямралууд давхцаж байгаа  юм. Энэ хямрал  дараагийн Засгийн газрыг улам ч хүнд байдалд оруулна. Бид чинь яасан сайхан байгаа вэ гэж бодоход хүрч магадгүй. Манай Монгол шиг хуримтлалгүй, гадаад өр нь 20 тэрбум ам.доллар, валютын нөөц нь дөрөвхөн тэрбум ам.доллартай улсад бүр ч амаргүй. COVID-19 цар тахлын хямралаас болоод одоогоор Дэлхийн банк, Олон улсын валютын сан руу 100 гаруй улс зээл тусламж авах гээд дугаарлаж байна. Манай улсыг том газар нутагтай, ийм их баялагтай, хямралд гайгүй гэх л байх даа. 

Нүүрсний экспорт энэ жил төлөвлөсөн 42 сая тонндоо битгий хэл талд нь арай гэж хүрвэл их юм болох гээд байна.  Гашуунсухайтын боомтоор одоогоор өдөрт хэдэн машин нэвтрүүлж байна вэ?
Олборлолтын хувьд манай компанийн эхний дөрвөн сарын төлөвлөгөө хэвийн. Нүүрсний  ачилт хийгдэхгүй, хилээр гарахгүй байгаа учраас боомтын талбайнууд үндсэндээ дүүрсэн. Манай талбай ч дүүрэн. Одоогоор боомтоор өдөртөө нийтдээ нүүрсний 60-40 машин гарч байна. Өдөртөө 1000 гаруй машин  гарч байлаа шүү дээ. Жилийн хоёр дахь хагаст байдал хэвийн боллоо гэхэд боом­туу­дын ачаалал, хүчин чадал хязгаартай учраас экспорт өнгөрсөн жилийн талдаа хүрэх байх. Оросоос 1 тэрбум ам.доллараар авдаг бензин, шатахууны үнэ унасан нь бидний хувьд сайн мэдээ.        

Цаг гарган ярилцсан Танд баяр­лалаа. 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-07-10 16:41
    Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 8.65 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 52%-иар буурсан байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд манай улс нийт 18 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ оны эхний хагас жилтэй харьцуулахад 9.4 орчим сая тонноор илүү их нүүрс гадагш нь худалдаалжээ. Ингэснээр нүүрсний экспортын орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 690 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 850 сая ам.доллараар буурсан байна.
  • 2020-07-10 13:54
    Шинэ коронавирус эрдсийн зах зээлийг оны эхнээс авахуулаад орвонгоор нь өөрчилж байна. Энэ дунд хамгийн их ашигтай байр сууринд баталгаат хөрөнгө оруулалтад тооцогддог алтыг эс тооцвол бусад эрдсийн хувьд амаргүй байгаа билээ. Гэвч оны хоёрдугаар улиралд ханш харьцангуй өсөх дүр зурагтай болж ирсэн. Цаашид COVID-19-ийн тархалтыг даамжруулалгүй хумиж чадах аваас бодитой өсч мэдэхээр байна. Одоо эрдэс тус бүрээр нөхцөл байдлыг авч үзье.
  • 2020-07-09 14:17
    Манай компани нь газрын тос, хийн салбарт инженерийн иж бүрэн үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2000 онд байгуулагдан 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, түгээх, тээвэрлэх технологид байгаль орчин, галын аюулгүй байдал, цаг уурын онцлог, олон улсын стандарт, техник технологийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн орчин үеийн шилдэг технологиудыг нэвтрүүлэх, газрын тосны бизнес эрхлэгчид үр ашиг, бүтээмжээ дээшлүүлж зардлаа бууруулах, нөгөө талаас шатахуун хэрэглэгчид аюулгүй, тохилог орчинд үйлчлүүлэх бололцоог бий болгоход чиглэсэн судалгаа хөгжил, инженерийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж ирсэн. Мөн дэлхийн 10 гаруй улсын 60 гаруй тэ‎ргүүл‎эгч үйлдвэрлэгчээс тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлж засвар үйлчилгээг үзүүлдэг. 100 м3 хүртэлх багтаамжтай дан болон давхар ханатай савыг олон улсын стандарт, лицензийн дагуу олон улсын UL (Underwriters Laboratories) лабораторийн сертификаттай үйлдвэрлэж байна.
  • 2020-07-08 17:24
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр байгуулсан Засгийн газрын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Миний бие Засгийн газрын гишүүдийн анкет, ажилласан байдалтай танилцлаа. Цаашид Засгийн газартай хамтран ажиллахдаа сайд нартай нүүр тулан уулзаж, санал бодлоо илэрхийлж ажиллана” гээд зарим сайд нараас тухайлсан асуулт асууж, ярилцсан байна. Ерөнхийлөгч "Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уул уурхайн салбар, төмөр замынхаа уялдааг ойлгож байгаа юу. Төмөр зам барьж, ложистикийг нь улс шийдээд өгөхөөр олборлолтыг нь хийж, нэмүү өртөг шингээж, экспортод гаргах боломж бүрдэж байгаа. Үүнийг ойлгож ажиллана гэдэгт итгэж байна" гэдгээ илэрхийлжээ.  
  • 2020-07-08 16:45
    Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 3.1 “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт “амилж” Монгол Улс анх удаа Ерөнхий сайдаа шууд бусаар ард түмэн сонгож, Ерөнхий сайд багаа өөрөө бүрдүүлэн Засгийн газрын гишүүд сайд нар өнөөдөр тодорч байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлээр УИХ-ын томилгооны эрх, улсын нэгдсэн төсвийн эрх мэдэл хязгаарлагдана. Ингээд шинээр бүрдэж буй Засгийн газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон томилогдож тангараг өргөлөө. Монгол Улсын зөвлөх инженер тэрээр ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн сургуульд уулын инженер, маркшейдер мэргэжил эзэмшжээ. УИХ-ын нэгдсэн чуулганаар (2020.07.08) сайд нарт нэр дэвшигчдээс асуусан Парламентын гишүүдийн асуулгын уул уурхайн салбартай холбогдолтой асуудлыг тоймлон хүргэж байна.